ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/11/18-НД НИЙТЛЭГДСЭН

"Галзуу" залуус галзуу байлаа

М.Уянга, Өдрийн шуудан
2013 оны 11 сарын 18
Өдрийн шуудан
Зураг зураг
“Madness” хамтлагийн залуус 15 жилийн ойгоо тэмдэглэлээ

“Madness” хамтлагийн залуус 15 жилийн ойгоо фэнүүдтэйгээ нижгэр тэмдэглэлээ.

Тэд өнгөрсөн бямба гаригт “UB раlасе”-ыг амьд хөгжмийн нүсэр нүргээнээр доргиож, үнэнч сонсогчдоо баярлуулж чадсан юм.

Тоглолт 19.00 цагт эхлэх ёстой байсан ч үзэгчид хагас цагийн өмнө ирчихээд үүдэнд нь дугаарласан байв. Их танхим руу хүмүүсээ 18.40 цагт оруулсан ч тоглолт бүтэн цагийн дараа эхлэв.

Тоглолтыг “Comedy art’’-ын жүжигчин Ө.Мөнх-Эрдэнэ буюу Мөөжиг хөтөлсөн бол тоглолтын салхийг хагалж, амьд хөгжмийн “Comps” хамтлагийнхан ая дуугаа өргөсөн юм. Үзэгчид алга нэжигнүүлэн ташиж, тоглолтын эздийг тайзнаа гарч ирэхийг хүсч байв. Тайзны гэрэл бүүдийж харанхуйлах тэр агшинд тус хамтлагийнхан тайзнаа гарч ирсэн юм.

Үзэгчид бүгд суудлаасаа босч алга ташиж, шүгэлдсээр “Madness’’-ээ угтаж авсан. Тус хамтлагийн ахлагч дуучин, гитарчин Ч.Оюунсайхан буюу Сайхнаа хар подволк, цагаан жилеткаар гангарч map алаг гитараа зүүж гарч ирэн үзэгчдэдээ мэхийн ёслов. Хамтлагийн гишүүд ч сонсогчдоо хүндэтгэн ёсолсон юм. Тэд тайзнаа гарч ирээд дөнгөж хоёрхон дуу дуулж байтал Сайхнаа гитарынхаа нэг утсыг тасдав. Гярхай үзэгчдийн зарим нь түүнийг харсан ч “Сайхнаа зүгээрээ цааш үргэлжлүүл” хэмээн орилолдож байв.

Тэд угсруулан 4-5 дуу дуулав. Тоглолтын эхний хэсэгт сүүлийн үеийн шинэ дуунуудаараа түрлэг өргөсөн бол төгсгөл хэсэг хуучны “шинэ” дуунуудаа дуулж, фэнүүдийнхээ сэтгэлийг хөдөлгөж чадсан юм.

Энэ хоёр хэсгийн зааг дээр Харанга хамтлагийн дуучин Н.Лхагвасүрэн, “Madness”-ийнхэнтэй хамтран “Хотын гудамж” дууг дуулсан. Үзэгчид суудлаасаа босч, гар гараасаа барьж, дээш өргөн даган дуулж байлаа.

Харин “Харанга”-ын Лхагвааг дуулж дуусаад тайзнаас буух гэтэл үзэгчид шүгэлдэн орилолдож, дахин дуулуулахыг хүссэн юм. Тэрбээр үзэгчдийн хүсэлтээр дахин нэг дууг тус хамтлагийнхантай хамтран дуулчихаад Сайхнааг үнсч, хамтлагийн бүх гишүүнтэй гар барьчихаад тайзнаас буусан юм.

Дашрамд сонирхуулахад, “UB palace’’-ын их танхимын суудал дүүрсэн бөгөөд бүх насныхан “галзуу” залуусын үнэнч фэнүүд байсныг дурдах нь зүйтэй болов уу.

“Миний хүүгэй яг адилхан дуулдаг лхагваадаа баярлалаа”

Тоглолт ид дундаа орж, гаднаас даарч хөрч цугласан фэнүүд нь тэдний дуу, хөгжимд дулаацах тэр агшинд хамтлагийн ууган гишүүн Ч.Оюунсайхан, Б.Гэрэлтнаран нарын гэр бүлийнхнийг тайзнаа хүндэтгэлтэйгээр урьсан юм. Сайхнаагийн ээж тайзнаа гарч ирээд, “Миний хүү бага байхаасаа л аав ээжийгээ баярлуулсан авьяастай. Оюутан болж хотод дөнгөж ирчихээд шүлэг бичиж, аялгуу зохиож байсан.

Тэр цагаас хойш 15 жил болж. Хүүдээ болон хамтлагийн гишүүдэд нь ойн баярын мэнд хүргэе. Мөн миний хүүтэй яг адилхан дуулдаг Лхагваадаа бас баярлалаа” гэж хэлээд, үзэгчдийг багагүй инээлгэв. Харин хамтлагийн басс гитарчин Б.Гэрэлтнарангийн аав     “Миний хүүг Гэрэлтнаран гэдэг. Гэтэл энэ хамтлагтай нэр холбогдсоноос хойш Гэрлээ гэдэг эмэгтэйлэг нэртэй болоод байгаа юм” хэмээн хошигнов. Ийнхүү эцэг эх нь хүүхдүүддээ хадаг, мөнгөн аягатай сүү барьж, амжилт хүссэн юм.

Зүгээрээ сайханаа, гоё байна, хайртай шүү

Тэднийг хуучны дуунуудаа дуулж эхлэхэд “Madness’’-чүүдэд хайртай, үнэнч сонсогч олон байдгийг мэдрэв. “Захидал” дуугаа дуулчихаад Сайхнаа “Урьд шөнө энэ тайзан дээр хонож, бэлтгэлээ хийсэн. Хоолой жаахан ядарчихжээ. Уучлаарай” гэхэд үзэгчид “Зүгээрээ гоё байна, хайртай шүү” хэмээн орилолдож байв. Үзэгчдээсээ ийм их хайр, хүндэтгэл, уучлалыг хүртсэн Сайхнаагийн зүрх улам огшсон бололтой байсан. Гитарынхаа бас нэгэн утсыг тасдав.

Уг нь тоглолт болохоос хоёр хоногийн өмнө түүнтэй утсаар холбогдоход, “Хөгжим хэрэгслээ бэлтгэж байна. Томоохон тоглолтын өмнө гитарынхаа утаснуудыг сольдог. Одоо тэр ажлаа хийж байна” гэж байсан. Бэлтгэлээ бүрэн хангасан ч үнэнч фэнүүдтэйгээ доргио үдшийг өнгөрүүлэхдээ гитарынхаа утсыг тасдаж орхив.

Тоглолтын нэг чимэг бол яах аргагүй хөтлөгч. Жүжигчин Мөөжиг тус хамтлаг болон үзэгчдийг маш сайхан холбож өгсөн. Түүгээр зогсохгүй өөрийн үндсэн мэргэжлээ тайзан дээр гаргаад амжсан шүү. “Хөөрхий” Сайхнааг надтай размер нэг болохоор микрофон доош дээш хөдөлгөх шаардлагагүй амар юм хэмээн шоглоод авсан.

Тоглолтын халуухан мөч бол хаалтын хэсэг. Тэднийг олонд таниулсан дуу нь “Хотын гудамж”. Тэд ч үүнийгээ хүлээн зөвшөөрч бидний нэрийн хуудас гэдэг. Энэ дуугаа хамтлагаараа дахин дуулж, тоглолтыг хаасан юм.

Тэднийг “Нүдэнд дулаахан... гээд эхлэхэд үзэгчид босч, даган дуулж, хажуугын суудлынхан гол руу түрэн орж ирж дуулалдсан. Гар гараасаа барьж зогсоод дуулчихаад, дуу дуусахад “Madness-ийнхээн та нар шүү” хэмээн орилолдож, “Нүдэнд дулаахан...” гээд дахин эхнээс нь дуулж байсан юм.

Зураг
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
0 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг