Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/13-НД НИЙТЛЭГДСЭН

Хятадын эрх баригчид Уйгар айлуудын гадаа QR код байрлуулах болжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 9 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Хятадын эрх баригчид Шинжааний Уйгар үндэстэн айл өрхүүдийн байрны гадна QR код байрлуулж эхэлсэн тухай HRW (Human Right Watch) байгууллага мэдээлжээ.

Ингэснээр тухай өрхийн гишүүдийн хувийн мэдээллийг гаднаас нь шалгадаг болж байгаа юм байна.

HRW байгууллагын Хятадыг хариуцсан захирал Софи Ричардсон “Хятадын засгийн газар Шинжаанд хүний эрхийг зөрчих үзэгдэл урьд өмнө байгаагүй хэмжээнд хүрлээ” гэжээ.

Тус бүс нутгийн муслим иргэдийн шашин шүтэх эрхийг хааж боох, олноор нь саатуулж, улс төрийн боловсрол олгох арга хэмжээ авдаг болоод байгаа.

QR кодыг бүр 2017 оны хавраас эхлэн суурилуулж эхэлсэн гэнэ.

Үүний дараа орон нутгийн төрийн албан хаагчид өдөр бүр айлуудаар очиж, гадны хүн байгаа эсэхийг QR кодоор шалгадаг байна. Хэрвээ тухайн өрхөд бүртгэлгүй хүн байвал ямар зорилгоор яваа, хэн болохыг нарийвчлан шалгадаг болжээ.

Мөн Уйгаруудын хурууны хээ, ДНХ, дуу хоолойны бичлэг гэх мэт биометрийн мэдээллүүдийг нь цуглуулж авдаг болсон байна.

Өнгөрсөн наймдугаар сард НҮБ-ын хүний эрхийн байгууллага Шинжаанд нэг сая орчим уйгар иргэн улс төрийн дахин боловсрол олгох төвд хоригдож байгааг мэдээлсэн юм.

Хятадын засгийн газар Шинжаанд Исламын экстремист үзэл газар авахаас ихэд болгоомжилж байгаа гэдэг. Казахстан, Турк, Индонез зэрэг “аюултай” жагсаалтад багтсан 26 орны аль нэгэнд хамаатан садан нь байдаг уйгар хүмүүсийг хараандаа авч, байнгын хяналтад байлгадаг болжээ.

Хятадтай худалдааны дайн хийж байгаа Вашингтоны засаг захиргаа удахгүй Уйгаруудын хүний эрхийг зөрчиж байгаа асуудлаар Бээжинд эдийн засгийн хориг арга хэмжээ оногдуулж магадгүй байгааг хэвлэлүүд мэдээлээд байна.

 

Эх сурвалж: Reuters