Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/13-НД НИЙТЛЭГДСЭН

“Стэнфордын их сургуулийн нийт төлбөрөөс 95 хувийг нь хөнгөлсөн”

ikon.mn
2018 оны 9 сарын 13
Сурталчилгаа

-Олон улсын Биологийн олимпиадын хамгийн анхны медалтан хөдөө орон нутгаас тодорсон билээ-

Дэлхийн хэмжээнд сурагчдын оюуны нөөц боломжийг шалгадаг хичээл тус бүрийн олон улсын олимпиад жил тутам уламжлал ёсоор зохион байгуулагддаг. Монгол Улсын математикийн баг 1964, мэдээлэл зүйн баг 1991, харин байгалийн ухааны хичээлүүд болох физик, хими, биологийн багууд 1997 оноос олон улсын олимпиадуудад оролцож эхэлсэн байдаг. Энэ хугацаанд физикийн баг харьцангуй тогтмол оролцсон бол хими болон биологийн багууд түр завсарлаж байгаад химийн баг 2006, биологийн баг 2007 оноос хойш тус тус тогтмол оролцож ирсэн.

1990 онд анх зохион байгуулагдсан Олон улсын Биологийн 29 дэх удаагийн олимпиад Иран улсын Тегеран хотноо болоход 71 орны 269 сурагч оролцсон байдаг. Манай улсын хувьд 2007 оноос хойш тогтмол оролцохдоо энэ жил Олон улсын Биологийн олимпиадаас авсан нийт медалийн тоог 4 болгон, хос хүрэл медаль хүртсэн амжилттайгаар иржээ. Ингээд энэ бүх амжилтын түүчээ болж, Олон улсын Биологийн олимпиадаас эх орондоо анхны медалийг авчирсан, Орхон аймгийн ЭМПАТИ сургуулийн 2014 оны төгсөгч, АНУ-ын Стэнфордын их сургуулийн оюутан Баттулгын Эрдэнэболдыг амралтаараа эх орондоо ирсэн байхад нь уулзаж, ярилцсан юм. 

-Дэлхийн топ 10 сургуулийн нэг болох өндөр босготой Стэнфордын их сургуульд хэрхэн элсэн суралцсан талаар ярилцлагаа эхлүүлье.

 

-Ахлах ангид байхдаа гадагшаа, ялангуяа АНУ-д суралцах хүсэл их байсан. Үүний тулд голч дүн, англи хэл чухал гэдгийг мэддэг байсан. Их сургуульд элсэхийн тулд бүрдүүлэх материал, өгөх шалгалтуудаа судалж байгаад TOEFL, SAT-ийн шалгалтуудад бэлтгэж эхэлсэн. Ямар ч байсан шалгалтууддаа хангалттай оноо авсан.

SAT-ийн хувьд хичээл тус бүрээр SAT Subject Test гэж байдгаас сурагчид өөрсдөө сонгоод өгдөг. Манай орны ЭЕШ өгч байгаа хүүхэд болгон монгол хэлний шалгалтыг заавал өгөх ёстой гэдэг шиг SAT Reasoning гэсэн шалгалт бас байдаг. SAT Subject Test-ийг математик болон биологийн хичээлээр шалгуулж, хоёуланд нь 800 оноо авсан. Харин SAT Reasoning дээрээ 2200-аас дээш оноо авсан. Гэхдээ хугацаа нь тулсан байсан тул шалгалтыг нэг удаа өгсөн.

Ерөнхийдөө олон өгөөд, сайн оноонуудаа цуглуулаад, хамгийн өндөр оноо(superscore)-гоо явуулж болдог. Тиймээс нэгээс дээш өгөх нь зүгээр санагдсан. Бас дунд сургуульдаа судалж байгаад их сургуулийн зарим хичээлийг тооцуулдаг AP (Advanced Placement) гээд шалгалтанд бэлтгэсэн. Агуулга нь SAT Subject Test-ийг бодвол хамаагүй хүнд. AP-ийн шалгалтад хэдий бэлдсэн боловч тухайн үед шалгалт өгөх газар олдоогүйн улмаас өгч чадаагүй.

-Тэгвэл эдгээр шалгалтын оноо чамайг энэхүү сургуульд тэнцэхэд хангалттай байсан уу?

-Яг тэгсэн гэж хэлж мэдэхгүй байна. Гэхдээ 10 жилдээ ерөнхий эрдмийн бүхий л хичээлдээ сайн анхаардаг байсан тул голч дүн маш өндөр байсан.

Манай “Эмпати”-ийн 4 салбар сургуулийн нийт сурагчийн хооронд улиралд нэг удаа авдаг бүх хичээлийн ерөнхий шалгалтаар би гурван удаа түрүүлж байсан. Сургуулиа төгсөхөд нийт ахлах ангийн голч дүнгээрээ эхний байранд жагсаж байсан нь нөлөө үзүүлсэн гэж боддог. Мөн аливаа юмны анхдагч байна гэдэг их үнэ цэнэтэй зүйл гэж сонсож байсан.

Иймд Олон улсын Биологийн олимпиадаас хамгийн анхны медалийг эх орондоо авчирсан гэдгийг их сургууль руу илгээх эссэндээ сайн тодотгож өгсөн нь Стэнфордын их сургуульд элсэхэд хамгийн чухал түлхэц өгсөн болов уу.

-Мэдээж гадаадын их, дээд сургуульд элсэхийн тулд ганцхан сургууль руу хүсэлт явуулаагүй байх. Нийт хэчнээн их сургуульд хандаж байсан бэ? Очиход чинь тэндхийн орчин нөхцөл ямар байв?

-Миний хувьд Common app–аар өргөдлөө (application) олон сургууль руу явуулж байсан. Зарим улсын том сургуулиуд бас MIT өөрийн гэсэн системтэй байдаг. Ер нь 12-14 орчим сургууль руу өргөдөл явуулбал зүгээр гэдэг. Тэрнээс олон болчихвол хэтэрхий олон өргөдөл бичих цаг хүрэлцэхгүй, цөөхөн болчихоор элсэх магадлал багасаад явчихна.

Өмнө нь АНУ-д очиж үзээгүй болохоор анх очиход онгоцны буудал дээрээс л олон үндэстнээс тогтсон улс гэдэг нь харагдаж байсан. Сургууль дээр очиход хүмүүсийн зан харилцаа ямар байх бол гээд эмээж байсан. Гэхдээ төсөөлснөөс илүү сайхан уур амьсгал намайг хүлээн авсан. Мэдээж дэлхийн топ сургуулийн хувьд орчин нөхцөл, лаборатори, тоног төхөөрөмжийн хангамж, хүрэлцээ сайн байдаг нь суралцаж байгаа миний хувьд маш том давуу тал.

Дэлхийн өнцөг булан бүрээс элссэн хүмүүс суралцдаг тул соёлын олон талт уур амьсгал бүхий орчин бүрдсэн. Янз бүрийн асуудал тулгарвал сургуулийн зүгээс аль болох туслан дэмжих хандлагатай байдаг нь маш их таалагддаг. 

-Хоёулаа хэрхэн элсэн орсон талаар ярилцлаа. Тэгвэл дэлхийн томоохон их сургуулиудад элсэн суралцахад тулгардаг нэг бэрхшээл нь төлбөрийн асуудал байдаг. Үүнийг хэрхэн шийдсэн бэ? Засгийн газрын тэтгэлгээр суралцдаг уу?

-Үгүй ээ. Миний хувьд сургуулиасаа бараг бүтэн тэтгэлгээр суралцдаг. Дэлхийн томоохон сургуульд суралцахад хүүхдүүдийн эмээдэг нэг зүйл нь санхүүгийн асуудал байдаг. Топ хувийн сургуулиудад элсэж чадах юм бол тэр тал дээр нэг их санаа зовоод байх хэрэггүй, тухайн сургуулиас санхүүгийн дэмжлэг үзүүлдэг.

Мэдээж их, дээд сургуулиуд элсэгчдийн санхүүгийн байдлыг харгалзан элсүүлдэг. Гэхдээ АНУ-д need-blind admission буюу сурагчдын санхүүгийн байдлыг үл харгалзан, зөвхөн чадвар, чансаанд нь үндэслэн    элсүүлдэг хэд хэдэн сургууль байдаг. Монголоос хүүхдүүд тйим сургуулиуд руу өргөдөл явуулах нь элбэг. Мөн Стэнфордын их сургууль шиг need-blind биш сургууль ч гадаадын оюутнуудад тэтгэлэг олгох нь олонтаа.

 

-Танай сургууль санхүүгийн байдлыг харгалздаг гэж хэллээ. Ямар нөхцөлтэйгөөр энэхүү сургуульд суралцаж байгаа тухайгаа ярихгүй юу?

-Стэнфордын их сургуулийн жилийн төлбөр 80,000 орчим ам.доллар. Жил бүр төлбөр нь өсөөд явдаг. Намайг нийт төлбөрөөс 95% хөнгөлсөн. Гэр бүлээс 1000 доллар, би тодорхой хугацаагаар хагас цагийн ажил хийж, 3000 доллар төлөх нөхцөлтэй. Үлдсэн хоол, байр болон бусад төлбөр бүгд цаанаасаа.

Мөн зун явах онгоцны зардал болон өвлийн амралтаар байрлах зочид буудлын мөнгийг ч гэсэн сургуулиас хариуцдаг. Ер нь би өөрийгөө их азтай хүн гэж боддог. Анх наймдугаар ангид байхдаа аймгийн Биологийн олимпиадад оролцож, хүрэл медаль хүртсэн. Тэр үед надад “Эмпати” сургуульд хөнгөлөлттэй нөхцөлөөр суралцах урилга ирсэн. Манай гэр Эрдэнэтэд байсан тул есдүгээр ангиасаа Орхон аймгийн “Эмпати” сургуульд гурван жилийн хугацаатай суралцаж, 2014 онд төгссөн.

Дараа нь гаднын хүссэн сургуульдаа элсэхийн тулд дахин нэг жилийг өөртөө зориулан, шалгалтууддаа сайтар бэлтгэсэн. Одоо Стэнфордын их сургуулийн III дамжаанд орох гэж байна.

-Сургуульд элсэн ороход эссэндээ Монголоос Биологийн олон улсын хамгийн анхны медалийг авсан гэдгээ бичсэн гэсэн. Хэзээнээс биологийн шинжлэх ухааныг сонирхон судалж эхэлсэн бэ?

-Анх долдугаар ангид биологийн танин мэдэхүйн зурагтай ном уншсан. Тэр номноос судсаар  нүдэнд харагддаггүй жижиг эсүүд урсаж байдгийг мэдээд маш их сонирхол төрж байсан. Тэгээд наймдугаар ангиасаа Отгонтуул багштайгаа биологийн олимпиадад бэлтгэж эхэлсэн. Есдүгээр ангид “Эмпати” сургуульд ороод Мөнхжаргал багштай үргэлжлүүлэн бэлтгэсэн.

Мөн тухайн үед олон улсын биологийн олимпиадад явж байсан ах, эгч нартайгаа интернэтээр холбогдоод хэрхэн бэлтгэх талаар зөвлөгөө авч байсан. Тэдний санал болгосон “Campbell biology” нэртэй номыг анх бие даан компьютерийн дэлгэцнээс файл хэлбэрээр есдүгээр ангийн зуны амралтаараа уншиж эхэлсэн. Аав ээждээ энэ номыг захиалж өгөхийг хүсэхэд тэд маань ихэд гайхаж билээ. Манай гэр бүл миний боловсролд багаас минь их анхаардаг байсан тул тэд дуртай зөвшөөрсөн.

Захиалаад нэлээн удаж ирсэн. Ирсний дараа би ч хараад гайхсан. Яагаад гэвэл 1500 орчим хуудастай тийм зузаан номыг би өмнө нь ерөөсөө харж байгаагүй. Мөн “Эмпати” сургуульд суралцаад миний англи хэл сайжирсан нь энэ номыг уншиж эхлэхэд дөхөмтэй болгосон. Ингээд аравдугаар ангидаа номоо бариад, боломжоороо уншиж эхэлсэн. Номоо нээгээд анхандаа юу уншиж байгаагаа ойлгодоггүй байлаа. Нэг нүүр уншихад л мэдэхгүй үгнүүд олноороо гарна.

Цээжилдэг боловч мартагдана. Хэд хэд уншиж байж үгнүүдээ цээжилдэг байсан. Бас номны агуулгын хүрээ өргөн, өгүүлбэр зүйн хувьд энгийн биш байсан тул нэлээд их цаг зарцуулсан. Ийнхүү номтойгоо ноцолдсоноор миний биологийн мэдлэг тэлсэн төдийгүй давхар англи хэл сайжирсан. Энэ нь миний академик текст уншиж ойлгох чадварыг нэмэгдүүлж, улмаар TOEFL-ийн шалгалтад хангалттай оноо авахад нөлөөлсөн.

-Тийм зузаан номыг уншаад энэхүү хичээлийг гүнзгийрүүлэн судлахад өөр ямар бэрхшээл тулгарч байв?  Үзүүлсэн амжилтуудаа мөн ярихгүй юу?

-Би аравдугаар ангидаа аймгийн Биологийн олимпиадад оролцоод I байранд шалгарсан боловч төгсөх ангийн сурагч биш гэдэг шалтгаанаар тухайн жил миний дараа орсон 11-р ангийн өөр сурагчийг явуулж байсан. Гэвч би аймгийн Боловсролын газраас энэ сурагч онооны хувьд I байранд орсон гэсэн бичиг аваад 2013 оны улсын Биологийн 23-р олимпиадад ирж оролцсон.

Улсын олимпиадад ч гэсэн хамгийн өндөр оноог авч, тухайн жил Швейцарын Берн хотод зохиогдсон Олон улсын Биологийн 24-р олимпиадад анх удаа оролцож үзсэн. Олимпиадад оролцохын хажуугаар олон улсын хүүхдүүдтэй танилцаад, гадны орныг үзэж нүд тайлсан. Гэхдээ гол зорилго нь сайн оролцох байсан боловч монгол хэл дээр орчуулагдаж ирсэн материалуудын зарим асуултууд нь ойлгогдохгүй, дутуу орчуулагдсан байсан. Лабораторийн туршилтын ажлуудад ороход өмнө хараагүй багаж, тоног төхөөрөмжүүд дээр ажиллах шаардлага гарсан. Заримыг нь мэдэхгүй болохоор сайн хийж чадаагүй.

Түүнчлэн математик, статистик ашиглан гүйцэтгэх даалгаврууд байсан. Тэр үед энэ чадвар надад дутагдаж байгааг ойлгосон. Олимпиад дуусаад хаалтын ёслол дээр бусад орны хүүхдүүд медаль авч, догдолж байгааг хараад дотроо битүүхэн хор шар хөдөлж байлаа. Бас өөрийгөө ямар байгааг мэдрэхийн зэрэгцээ цаашид яаж бэлтгэх ёстойгоо сайн ухаарсан.

Хариад зунаас дахин бэлтгэж эхэлсэн. Хүүхдүүд чөлөөтэй амарч байхад би гэртээ сууж байдаг байлаа. Ингээд төгсөх ангидаа биологи болон гадагшаа явах шалгалтууддаа илүү их анхаарсан. AP Biology болон AP Calculus гээд номнуудыг худалдан авч бэлтгэж байсан. Тэр жил аймгаасаа дахин шалгараад 2014 оны улсын Биологийн 24-р олимпиадад оролцож, түрүүлсэн. Ингээд Индонез улсын Бали аралд зохиогдсон Олон улсын Биологийн 25-р олимпиадаас Хүрэл медаль хүртсэн. Өмнөх жилийн туршлагаасаа харахад туршилтын ажил дээр оноо авах магадлал бага байсан тул онол дээрээ түлхүү анхаарсан. Онолын хэсэг таблет дээр англи, монгол хэлний сонголттой ирсэн тул би англиар хийсэн. Сүүлд дүнгээ харахад бодсоноор онолын хэсгийн оноо гайгүй байсан.

-Чамайг анхны медалийг эх орондоо авчирснаас хойш дараагийн үеийн сурагчид амжилттай оролцож, одоогийн байдлаар биологийн хичээлээр олон улсаас 4 медальтай болсны сүүлчийн хос хүрэл медалийг энэ жилийн сурагчид авсан амжилттайгаар иржээ. Энэ талаар сэтгэгдлээ хуваалцахгүй юу?

-Гайхсан, бас их баярласан. Намайг МУИС-д олимпиадад бэлтгэж байх тэр үед өмнө нь олон улсаас хүүхэд медаль авдаггүй байсан болоод ч тэр үү, нэг их ойшоодоггүй байлаа. Харин сүүлийн жилүүдэд Монголын Биологийн олимпиадын хороо ач холбогдол өгч, анхаарч байгаа явдалд баяртай байна. АНУ-д ч гэсэн ЕБС-иудад олон улсад ашигладаг тоног төхөөрөмжүүд байхгүй.

Харин улсын олимпиадаас шалгарсан сурагчдыг цуглуулан, их сургуулийн хотхонд байршуулан, тусгай хөтөлбөрөөр 14 хоногийн хугацаанд лабораторийн туршилт ажлуудыг хангалттай гүйцэтгүүлдэг. Онолыг бол ном нь байхад хэн ч уншчихна. Хамгийн гол нь онолын мэдлэгийг баталгаажуулах дадлага ажлууд чухал.

Энэ жил оролцсон сурагчдын дадлага ажил дээрээ авсан оноо өмнөх жилүүдээс сайжирсан болохыг сонссон. Үүнийг илүү сайн болгосноор амжилт тэр хэрээр тогтмол хадгалагдаж, медалийн өнгө цаашид хувирна гэж найдаж байна. Тэдэнд баяр хүргэж цаашдын сурлага, хөдөлмөрт нь амжилт хүсье.

-Ерөнхий боловсролын сургуулиудад биологи сонирхон судалж байгаа дүү нартаа хандаж юу гэж хэлмээр байна?

-Биологийн олимпиад ч гэлтгүй ямарваа нэг зорилго тавиад, түүндээ хичээхэд тууштай хөдөлмөрч байх, мөн биеэ даах чадвар сууж өгдөг. Биологийн олимпиадад бэлтгэхэд олон улсын асуултууд нь цээжлэх юм асуудаггүй, их хэмжээний мэдээлэл өгөөд, түүн дээр анализ хийх логик чадварыг шалгадаг.

Энэ нь цээжлэхээсээ илүү юмыг ойлгож, өгөгдсөн мэдээлэлтэй ажиллах, асуудал шийдвэрлэх чадварыг түлхүү хөгжүүлж өгдөг. Олимпиадаас медаль авахад тэр хэрээр өөртөө итгэж, урам зориг авсан. Ялангуяа, олон улсаас медаль авахад гадны томоохон сургуулиудад өргөдөл явуулахад өөртөө илүү итгэлтэй болсон. Олимпиад болон бусад уралдаан тэмцээний амжилт, төсөл сайн байвал гадаадын их дээд сургуульд ороход ихээхэн нэмэр болдог.

Гэхдээ хэтэрхий их хичээл гээд яваад байвал наад захын хөдөлгөөний дутагдлаас авхуулаад нийгмийн идэвхгүй болох тал бий. Иймд энэ бүхнийг бодолцож, аль болох тэнцвэртэй, төлөвлөгөөтэй хичээллэхийг дүү нартаа захиж хэлмээр байна.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.