Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/07-НД НИЙТЛЭГДСЭН

Тайландын агуйн аврагч гурван улсын шүүхэд Илон Маскын эсрэг гомдол мэдүүлэхээр болжээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 9 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн зун үерийн усаар дүүрсэн агуйн гүнээс Тай хөвгүүдийг аврах ажиллагаанд оролцсон Британий иргэн Вернон Ансворт өөрийг нь удаа дараа доромжилсон Тесла компанийн гүйцэтгэх захирал Илон Маскыг гурван улсын шүүхэд зэрэг өгөхөөр болсон байна.

Нэр хүндийг нь унагаж, гүтгэн доромжилсон гэх үндэслэлээр Лондон, Нью Йоркийн шүүхэд хандаж байгаагаас гадна Тайландын шүүхэд гомдол гаргахаар бэлдсэн гэнэ. Бусдын нэр төрд халдсан гэмт хэрэг нь Тайландад өндөр торгуультай, удаан хугацаагаар шоронд хоригдох шийтгэлтэй байдаг.

Аврах ажиллагааны үеэр үүссэн маргааны улмаас Маск аврагч Ансвортыг “хүүхэд сонирхогч гаж донтон” хэмээн нэрлэж байсан юм. Тесла компанийн илгээсэн шумбагч машиныг Ансворт аврах ажиллагаанд нэмэр болохгүй, тус компанийн пиар болох төдий зүйл гэж ярьсан нь Маскын уур хилэнг бадрааж байжээ.

Дараа нь хүмүүст шүүмжлүүлсэн Илон Маск хэлсэн үгнээсээ буцаж, олон нийтийн өмнө уучлал гуйж байв. Гэвч өнгөрсөн сард өрнөсөн нэгэн маргааны үеэр Теслагийн босс Британи эрийг дахин доромжилж, “өдийг хүртэл шүүхэд хандахгүй байгаа нь түүнийг үнэхээр гаж донтон гэдгийг баталж байна” гэсэн утгатай өгүүлбэрийг твиттер хуудсандаа бичиж байжээ.

Харин энэ долоо хоногт тэр Ансворт руу гурав дахь удаагаа довтолж, түүнийг насанд хүрээгүй хүнтэй гэрлэсэн гэж ямар нэг баримтгүйгээр бичсэн байна. Тэрээр Ансворттой холбоотой маргааны асуудлаар тодруулсан сэтгүүлчид ийм утгатай имэйл бичжээ.

Маск имэйлдээ “Ганц бие, цагаан арьст, настай эр Англиас Тайландад ирж олон жил амьдарч байгаа” нь түүнийг гаж донтон болохыг баталж байна гээд Ансвортын оршин суудаг Чан Рай муж бол насанд хүрээгүй охидыг нөхөрт гаргадгаараа алдартай газар гэж бичсэн байна.

63 настай Ансворт түүний гүтгэлгийг 100 хувь худлаа гэж саяхан хэвлэлд ярьжээ.

Ансвортын Тайланд найз бүсгүй 40 настай Воранан Ратравипхуккун мөн Маскын бичсэн зүйлийг эрс үгүйсгэсэн байна.

 
Ансворт найз бүсгүйн хамт аврах ажиллагаа амжилттай болсныг тэмдэглэх арга хэмжээний үеэр

Британид ажиллаж байсан Воранантай Ансворт 7 жилийн өмнө танилцаад одоо Чан Рай мужид хамт амьдардаг гэнэ.

Ноён Ансворт мэргэшсэн шумбагч бөгөөд хөвгүүдийн хоргодож байгаа агуйн хэсгийг зөв тодорхойлж, тэдэнд хамгийн түрүүнд хүрсэн хүмүүсийн нэг юм.

Хэрвээ Тайландын шүүх Маскыг буруутай гэж үзвэл тус улсын хуулийн дагуу орон нутгийн өдөр тутмын хэвлэлүүдэд сарын турш өдөр бүр бүтэн нүүр уучлал гуйсан мэдэгдэл гаргах ёстой гэнэ.

Ансвортын өмгөөлөгч Стефенс энэ шийтгэл нь энгийн хүмүүст хэцүү мэт боловч Маск шиг тэрбумтанд асуудал биш гэж үзэж байгаагаа ярьжээ.

 

Эх сурвалж: Independent