Баян чинээлэг оршин суугчдын тоогоор дэлхийд тэргүүлдэг байсан Нью Йорк хот Азийн баячуудын нийслэлд титмээ алджээ.
Шинэ судалгааны тайланд өгүүлснээр $30 сая ба түүнээс дээш хөрөнгөтэй хүний тоогоор Хонг Конг хот Нью Йоркийг анх удаа гүйцсэн байна. Британий колони байсан энэ хотын чинээлэг иргэдийн тоо өнгөрсөн онд 31 хувиар нэмэгдэж, 10,000 орчимд хүрсэн бол АНУ-ын хамгийн том хотын баячуудын тоо 9,000 орчим байжээ.
Гуравдугаарт Токио орж, дөрөвт нь Лондоныг ардаа оруулсан Парис жагссан байна. Еропын Холбооноос гарах Brexit үйл явцын нөлөөгөөр Нэгдсэн Вант Улсын нийслэлийн чинээлэг оршин суугчдын тоо буурсан нь энэ юм.
Доод тал нь $30 саяын хөрөнгөтэй (ultra-rich ангиллын) хүмүүсийн тоо өнгөрсөн онд дэлхий дахинд 13 хувиар өсч, 256,000 орчимд хүрснийг Wealth-X байгууллагын гаргасан уг судалгаанд өгүүлжээ. Тэдгээр хүмүүсийн хөрөнгийн хэмжээг нийлүүлбэл $31.5 их наяд хүрч байгаа гэнэ.
Хамгийн өндөр өсөлттэй бүс нутгаар Ази тив шалгарч, тэр дотроо эх газрын Хятад, Хонг Конг тэргүүлжээ. Азийн ultra-rich ангиллынхан арван жилийн өмнө дэлхийн баячуудын дотор 18 хувийг эзэлж байсан бол өнөөдөр 25 хувийг эзлэх болсон байна.
Эх сурвалж: Bloomberg
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!