Энэтхэг улс удахгүй тусгаар тогтнолынхоо баатарт зориулж, дэлхийн хамгийн өндөр хөшөөг босгохоор ажиллаж байна. Гэхдээ удахгүй түүнээс ч өндөр хөшөөг 17 дугаар зууны дайчин хаанд зориулан босгосныг нээх гэж байгаа ажээ.
Хоёр хөшөөний нийт зардал $1 тэрбум хүрээд байна.
Энэтхэг улсыг тусгаар тогтнуулахад чухал үүрэг гүйцэтгэсэн төрийн зүтгэлтэн Сардар Валлабхай Пателд зориулж 182 метр өндөр хөшөөг Гужарат мужид босгож байгаа нь өнөөдрийн дэлхийн хамгийн өндөр хөшөө болох Хятадын 128 метр өндөр Буддаг дэд байр руу түлхэх юм.
Гэтэл Мумбайн эрэг орчимд 2021 онд сүндэрлэн босох 17 дугаар зууны хаан Чхатрапати Шиважигийн морь унаж, сэлэм далайсан хөшөө 212 метр өндөр болж, дээд амжилт тогтоох ажээ.
Эхний хөшөөг ирэх аравдугаар сарын 31-нд нээхээр 2,500 орчим ажилчин өдөр шөнөгүй ажиллаж байгаагийн дотор хэдэн зуун хятад ажилчин байгаа юм.
$430 саяын төсөвтэй уг хөшөөг “Эв нэгдлийн хөшөө” хэмээн нэрлэж байгаа бөгөөд ерөнхий сайд Нарендра Модигийн үзэл суртлын том зэвсэг болно. Нью Йоркийн Эрх чөлөөний хөшөөнөөс хоёр дахин өндөр энэ хөшөө аялал жуулчлалыг хөгжүүлэхэд чухал нөлөөтэй гэж Моди үзэж байгаа. Уг хөшөөний 153 метр өндөрлөгт жуулчид гарч орчныг харах боломжтой байх юм.
Пател бол Энэтхэгийн анхны ерөнхий сайд Жавхарлал Неруг 1947 онд төрийн эрхэнд гарахад шадар сайдын үүрэг гүйцэтгэж байсан нэгэн. Энэтхэгийн төмөр нударга гэгдэж байсан Пател тусгаар тогтнолыг бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн ч Неругийн сүүдэрт дарагдсан эрхэм гэгддэг.
Одоо ч олон үндсэрхэг үзэлтнүүд Пателыг ерөнхий сайд болгоогүй нь том алдаа болсон гэж харамсдаг. Моди 2013 оны сонгуулийн үеэр “Сардар Пателыг анхны ерөнхий сайд болоогүйд Энэтхэг хүн бүр харамсдаг” гэж ярьж байв.
Тиймээс Моди ирэх онд болох сонгуульд Пателын нэр төрийг ашиглаж, ялалт байгуулах зорилготой байгаа юм.
Харин хоёр дахь хөшөөний шавыг 2016 онд Махараштра мужид тавихад Нарендра Моди бас оролцож байв. Шиважи хаан бол тус мужид амьдардаг 80 сая Маратхи угсаатны шүтээн юм.
Хинду үндсэрхэг үзэлтнүүд Шиважиг Моголын эзэнт гүрнийг үүсгэн байгуулагчидтай баатарлагаар тэмцэж байсан эх оронч гэж үздэг. Тиймээс Модигийн сонгуулийн ялалтад Маратхичуудын санал чухал нөлөө үзүүлнэ.
Уг хөшөөний зардал $515 сая болжээ. Ийнхүү ерөнхий сайд Нарендра Моди засгийн эрхийг үргэлжлүүлэн барихын тулд “хөшөөний улс төр” хийж байна.
Эх сурвалж: AFP
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!