Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/03-НД НИЙТЛЭГДСЭН

Хүүхэд хамгааллын чиглэлээр ТББ-уудтай гэрээ, санамж бичиг байгуулахад нийт зардлын 23.9%-ийг зарцуулжээ

Г.Номин, iKon.mn
2018 оны 9 сарын 3
iKon.MN
 

УИХ-ын гишүүн З.Нарантуяа 2018 оны төсөвт хүүхдийн хамгаалалд нэмж суулгасан 5 тэрбум төгрөг хэрхэн зарцуулагдаж байгаа асуудлаар өнөөдөр мэдээлэл өглөө.

"Гэр бүлийн хүчирхийлэл, тэр дундаа хүүхдийн эсрэг хүчирхийллийн гаралт буурахгүй байна"

Тэрбээр "Хүүхэд хамгааллын чиглэлээр зарцуулж буй мөнгийг хэр үр дүнтэй зарцуулж байгаа дээр дүгнэлт хийснээ та бүхэнд танилцуулъя.

УИХ 2016 онд Хүүхэд хамгааллын тухай хууль, Хүүхдийн эрхийн тухай хууль болон гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулиудыг баталсан. 

Эдгээр хуулиуд хэрэгжиж эхэлснээс хойших хоёр жилийн хугацаанд хүүхэд хамгааллын нөхцөл байдал, ялангуяа  хүүхэд хамгаалах үйл ажиллагаа дорвитой сайжраагүй байгаа нь УИХ-ын гишүүн З. Нарантуяа миний Монгол Улсын Ерөнхий Сайдад тавьсан асуулгын хариултаас тодорхой харагдаж байна. Асуулгын хариунаас зарим онцлог статистикийг танилцуулбал,

  • Хүүхдийн эсрэг үйлдэгдэж байгаа гэмт хэрэг 2017 онд 1,286 үйлдэгдэж, энэ төрлийн гэмт хэргийн тоо 163-аар буурсан хэдий ч гэр бүлийн эсрэг, хүүхдийн эрхийг зөрчсөн захиргааны зөрчил 4,369 үйлдэгдэж, 1.3 дахин өссөн байна.  90 хүүхэд гэмт хэргийн, 122 хүүхэд захиргааны зөрчлийн хохирогч болсон байна.
  • Энэ үзүүлэлт 2018 онд огт сайжраагүй байх бөгөөд оны эхний 6 сарын байдлаар 584 гэр бүлийн хүчирхийллийн эсрэг гэмт хэрэг үйлдэгдэж, 17,420 хүн хохирогч болсны 29 нь буюу 7.8 хувь нь хүүхэд байна.  Захиргааны зөрчил гэхэд эхний 6 сарын байдлаар 3,122 үйлдэгдэж, өмнөх онтой харьцуулахад 25 орчим хувиар нэмэгдсэн байна. 

Эдгээр тоон мэдээ нь гэр бүлийн хүчирхийлэл, тэр дундаа хүүхдийн эсрэг хүчирхийллийн гаралт буурахгүй байгааг харуулж байна" хэмээн ярилаа.

Хүүхэд хамгааллын чиглэлээр зарцуулсан 2.2 тэрбум төгрөгийн 525.8 саяыг нь ТББ-уудтай гэрээ байгуулахад зарцуулжээ 
 
Гэрэл зургийг mpa.mn

Түүний танилцуулсан мэдээллээс зарим тоон мэдээллийг онцлон харуулбал,

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын 2018 оны төсөвт хүүхэд хөгжил, хамгааллын хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр тусгасан 5.8 тэрбум төгрөгийн зарцуулалтын талаар мэдээлэлд эхний хагас жилийн хугацаанд 2.2 тэрбум төгрөгийг доорх байдлаар зарцуулжээ.

  • бодлого, төлөвлөлт, зохицуулалт, салбар дундын хамтын ажиллагааг сайжруулахад – 9.9 хувь; 
  • хууль, тогтоомж, бодлого, хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах зохион байгуулалтад – 12.6 хувь; 
  • хүүхэд хамгааллын үйлчилгээний төвүүдийг бэхжүүлэхэд – 13.7 хувь; 
  • олон нийтийн ойлголт, хандлагыг дээшлүүлэх, нөлөөлөл, сурталчилгаанд- 3 хувь; 
  • төрийн бус байгууллагуудтай гэрээ, санамж бичгийн хүрээнд зарцуулсан зардал- 23.9 хувь;
  • орон нутаг, нийслэл, дүүргийн хүүхндийн хөгжил, хамгааллын үйлчилгээнд- 36.5 хувийг зарцуулаад байгаа мэдээлэл ирүүлсэн байна.

Харин гэр бүлийн хүчирхийллийн үүдэл шалтгааныг арилгах чиглэлээр болон бусад голлох ажлуудад зарцуулсан санхүү, хөрөнгийн зарцуулалтын талаар огт дурдагдаагүй байгааг З.Нарантуяа гишүүн хэлсэн юм. Тодруулбал,

  • Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх бодлогын чиглэлд  зарцуулах 130.9 сая, Хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэхэд зарцуулах  245.2 сая төгрөг, цагдаагийн Ерөнхий газрын төсөвт Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд зарцуулах 84.5 сая төгрөг;
  • “хүүхэд харах үйлчилгээнд зарцуулах 6. 516, 8  сая төгрөг, сургуулийн өмнөх боловсрол олгох байгууллагуудын хүрээнд “хүүхэд хөгжлийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхэд 163.4 сая төгрөг;
  • “хүүхэд бүрт цэцэрлэг” хөтөлбөрийг хэрэгжүүлж, хувийн өмчийн цэцэрлэгт 15,350 хүүхэд, улсын цэцэрлэгт 11,129 хүүхдийн суудлыг шинээр нэмж, цэцэрлэгт хамрагдалтыг 84.6 хувьд хүргэхэд зарцуулах 311,267.4 сая төгрөг тусгуулсан. Гэтэл 2018 оны хичээлийн жилд 25 шинэ цэцэрлэг ашиглалтад орсон боловч цэцэрлэгт хамрагдаж чадаагүй 60 000 хүүхэд гэртээ үлдэхээр байна.
  • Гурван ээлжээр хичээллэдэг Ерөнхий боловсролын сургуулиудыг 2 ээлжинд бүрэн шилжүүлж, ачааллыг нь бууруулах зорилгоор боловсролын салбарт хийж байгаа 236.9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын үр дүн,  59 сургуулийг шинээр барьж эхлүүлэх 61.2 тэрбум, 90 цэцэрлэгийг шинээр барьж эхлүүлэх 62.4 тэрбум төгрөг төсөв тусгуулсан. 2018 оны хичээлийн жилд 38 сургууль 3 ээлжээр хичээллэхээр байна. Өөрөөр хэлбэл өнгөрсөн онд 3 ээлжээр хичээллэсэн сургуулийн тоо буураагүй, эсэргээрээ нэмэгдсэн үзүүлэлттэй байна. 
  • Улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлж байгаа хүүхдийн сургууль, цэцэрлэгтэй холбоотой төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг тухайн оны 1 дүгээр улиралд шийдвэрлэж байх явдал маш чухал байна.
  • Гэр бүл, хүүхэд, залуучуудын газрын захиран зарцуулах “хүчирхийлэлд өртөгсдөд үзүүлэх тусламж, дэмжлэгт 252 сая, “ хүүхдийн хөгжил, хүүхэд хамгааллын чиглэлээрх бусад зардал”-д 8.509,6 сая төгрөг, Хүүхэд хамгааллын тухай, Хүүхдийн эрхийн тухай хууль, УИХ-ын 2016 оны 45 дугаар тогтоолоор батлагдсан МУ-ын ЗГ-ын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр (2016-2020)-ын 3.4.4-3.4.7 дэх заалтуудыг хэрэгжүүлэхэд шаардлагатай 1,054.4 сая төгрөг дээр нэмж 5.0 тэрбум төгрөг, нийт 6.054.4 сая төгрөг; (2018 оны төсөвт Улсын Их хурлын эмэгтэй гишүүдийн санаачилгаар 5.0 тэрбум төгрөгийг нэмж батлуулсан)
  • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын хөрөнгө оруулалтын зардал (3 аймагт хүүхэд хамгааллын үйлчилгээний байр барих)-д 14.450 сая төгрөг, үүнээс 2018 онд зарцуулах дүнг 5.450  сая төгрөгөөр;
  • ” Цалинтай ээж” хөтөлбөрт зориулж 96.840.0 сая төгрөгийг тус тус хэрхэн зарцуулагдаж байгаа, үр ашигтай зарцуулалтыг зохион байгуулж чадаж байгаа эсэхэд УИХ төсвийн хяналтаараа дамжуулан ХЯНАЛТ тавих шаардлага байгаа нь харагдаж байна.
"Гэмт хэргийн гол шалтгаан болсон архидалтыг бууруулахад хөрөнгө хуваарилагдаагүй байна"

Тэрбээр үргэлжлүүлэн “Одоогийн зарцуулалт, хуулийн хэрэгжилтийн зохион байгуулалт хангалтгүй байна. 

Төсвийн дийлэнх хэсэг нь судалгаа, аян, журам боловсруулах, батлах, зөвлөгөөн, семинар зохион байгуулах, хамтарсан баг, сургагч, зөвлөгөө өгөх, мэргэжилтнийг бэлтгэж, сургах, Ажлын хэсэг, Дэд  зөвлөлийн үйл ажиллагааны зардалд зарцуулагджээ.

Гэмт хэргийн гол шалтгаан болсон архидалтыг бууруулахад хөрөнгө хуваарилагдаагүй байна. Холбогдох байгууллагуудын хийсэн судалгаагаар энэ төрлийн нийт үйлдэгдсэн гэмт хэргийн 70 орчим хувь нь согтуугаар үйлдэгддэг болох нь тогтоогдсон байна. Эрсдэлтэй гэр бүлийг тодорхойлох ажил удаашралтай, төлөвлөгөө аргачлалаа боловсруулах, гэр бүлийн зөвлөгч нарыг бэлтгэх ажилд хоёр жилийг зарцуулжээ. Эрсдэлтэй орчинд амьдарч байгаа хүүхдүүдийн бүртгэлийн сан одоо хүртэл бүрдээгүй, туйлын хангалтгүй байна. Хамгаалах субъектээ сайн мэдэхгүй, хамгаалах үүрэг бүхий этгээдүүдэд энэ жил төсвийн ихэнхийг зарцуулсан байна.

УИХ-ын Төсвийн зарлагын хяналтын дэд хороо өмнө нь улсын болон орон нутгийн төсвийн орлого, зарлагад хяналт тавихдаа ерөнхийд нь төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн өсөлт, бууралт, хэмнэлт, макро эдийн засгийн бодлогын үзүүлэлтүүдтэй уялдуулан дүгнэдэг. Харин миний хувьд одооноос бодит гүйцэтгэлд хяналт тавих зарчимд шилжинэ. 

Энэ ажилд олон нийт, хэвлэл мэдээллийн үүрэг оролцоо их байх шаардлагатай байна. 

УИХ-ын Дэгийн тухай хуульд зааснаар Нээлттэй сонсголыг хоёр замаар зохион байгуулж болно. Зарлагын хяналтын дэд хороо энэ сэдвээр нээлттэй сонсгол хийе гэсэн саналаа УИХ-д хүргүүлбэл нээлттэй сонсгол хийх ёстой. Эсвэл УИХ-ын гишүүдийн гуравны нэгээс дээш тооны гишүүд гарын үсэг зурж санал гаргавал сонсгол хийдэг хуулийн заалттай. Миний зүгээс хоёр аргыг ашиглан энэ сэдвээ УИХ-ын намрын чуулганы эхний нээлттэй хэлэлцүүлэг болгоно" гэв.