Монголын Үндэсний Номын Сангийн сан хөмрөгт хадгалагдаж буй 100-300 жилийн өмнөөс Монголчуудын хадгалан цуглуулж, судалж ирсэн соёлын баримтат өв болох сурвалж бичгүүд өнөөдөр бүгд баринтагтай боллоо.
Баринтаггүй болон хэт хуучирсан, хадгалалтын горимд нийцэхгүй байсан ном судруудад баринтаг хандивлах “Номын баринтаг” төсөл амжилттай хэрэгжиж өнөөдөр дуусч байгааг Монголын Үндэсний Номын Сангаас албан ёсоор мэдэгдлээ. Төсөлд нийт 80 гаруй байгууллага, анги хамт олон, айл өрх, ам бүлээрээ болон хувиараа энэ ажилд идэвх санаачилгатай оролцож, 2015-2017 онд нийт 15,000 орчим баринтгийг Үндэсний номын сан хүлээн авчээ.
Мөн 2018 он гарсаар иргэд 3,720 ширхэг баринтаг хандивласан байна. Өнөөдөр Завхан аймгийн иргэд орон нутагтаа “Өв соёлоо өлгийдье” хөдөлгөөн өрнүүлээд 8,888 баринтаг хүлээлгэн өгснөөр бүх хуучны судар, сурвалж бичгүүд баринтагтай болж байгаа аж.
Монголын Үндэсний Номын сангийн захирал Б.Ичинхорлоо хэлэхдээ “Одоо Үндэсний Номын санд баринтаггүй нэг ч ном үлдээгүй. Энэ бол номоо дээдэлж ирсэн ард иргэдийн минь өглөг юм.
Монголчуудыг сүүлийн үед оюун санааны хувьд их ядуурч байна гэж шүүмжлэх болсон ч номын санд ажиллаж байгаа миний хувьд Монголчууд ном судраа дээдэлсэн хэвээр байгааг харж байна.
Цаашид бид JCI Капитал ТББ-тай хамтраад Монгол судлалын холбогдолтой англи хэл дээр бичигдсэн 108 нэр төрлийн номыг худалдан авах төлөвлөгөөтэй байгаа” хэмээн ярилаа.
Гэрэл зургийг mpa.mn /Зураг дээр дарж томруулж үзнэ үү/
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
3 СЭТГЭГДЭЛТЭЙ
|