Төв аймгийн Лүн сумын өндөр настан Н.Цэндсүрэн болоод түүний ах дүү, найз нөхөд нийлж 293 баринтгийг өөрсдийн санаачилгаар урлан, Үндэсний номын санд өнөөдөр бэлэглэлээ.
Үндэсний төв номын сан 3,000,000 гаруй номын нөөцтэйгөөс 1.5 сая орчим нь хуучны ном, судар байдаг байна. Үүнээс 35 мянга орчим ном, судрыг баринтаглан хамгаалах нэн шаардлагатай байдаг ажээ. Тиймээс "Номын баринтаг" төслийг 2015 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдөр БСШУЯ, “JCI Капитал” ТББ болон Үндэсний номын сан санамж бичиг байгуулан хамтран хэрэгжүүлж эхэлжээ.
Төсөл эхлэхээс өмнө 7,000 орчим номыг баринтагтай болгожээ. Харин төсөл хэрэгжсэнээр 18,000 орчим баринтаг хүлээн авсан бол өнөөдөр нэмж 293 баринтаг хүлээн авлаа.
Хамгаалах шаардлагатай үлдсэн 15,000 орчим номонд зориулж Завхан аймгаас 8880 баринтаг өгөх гэж байгаа бол Сонгинохайрхан дүүрэг үлдсэн баринтгийг оёж бэлэглэх амлалт өгжээ. Улмаар төслийг энэ ондоо багтаан дуусгах юм байна.
Энэ үеэр баринтаг бэлэглэсэн өндөр настан Н.Цэндсүрэнтэй ярилцахад өнгөрсөн жил хэвлэл мэдээллийн хэрэгслээр 35 мянган ном судар баринтаггүй байгааг сонсоод энэ ажлыг эхлүүлж, буян хураахаар болсон тухайгаа хэлсэн юм. Нийт 293 баринтаг оёход түүний дүү Н.Лхагвацэнд, өндөр настан С.Чунаг болоод өөр олон хүний хөдөлмөр шингэсэн гэнэ. Тэрбээр 125 баринтгийг өөрөө гардан хийсэн ба 10 хоногийн хугацаанд оёж дуусгасан гэлээ. “Номонд баринтаг урлах нь нэг хүнд дээл оёж өгөхтэй адил буян хураах үйл юм. Хүн хувцасгүй явдаггүйтэй адил ном баринтаггүй байх ёсгүй” хэмээн үздэг тухайгаа тэрбээр хуваалцав.
Үндэсний төв номын сангийн Бодлогын зөвлөлийн дарга Т.Баярлах “Үндэсний номын санд хадгалагдаж, буй 100-300 жилийн өмнөөс монголчуудын бичин туурвиж, хадгалан цуглуулж, уншиж судлан байсан соёлын баримтат өв болох эдгээр сурвалж бичгүүд болон номуудад баринтаг хийж өгөх нь номын хадгалалт, хамгаалалтыг сайжруулах, ирээдүй, хойч үедээ өвлүүлэн үлдээх "насыг нэмэх”-ийн ач холбогдолтой” хэмээн ярилаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
0 СЭТГЭГДЭЛТЭЙ
|