Энд зөнч мэргэн Нострадамусын юм уу, эсвэл бошгийг үзүүлсэн Богдуудын урьдчилж хэлсэн тааврыг толилуулаагүй гэдгээ хэлье.
Монгол Монголоороо үлдэхэд тусгаар тогтнолын баталгаа болсон маш чухал Монгол хэлний тухай хууль гарснаар бичиг соёлын салбарт хүрэх орон зай, нөгөө утгаараа эхлэх цаг хугацааны цагаан шугамын тухай өгүүлж байна.
Нэгэнт 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс цааш Төрийн тэргүүн нэгдүгээр хүнээсээ эхлээд төр, орон нутгийн засаг захиргаанд ажиллагсад том жижиг дарга нар хос бичгээр харилцаад эхлэхээр дарга бус олонх монголчууд ч адилхан кирил болон үндэсний бичиг хэрэглэх нь мэдээж.
1973 онд БНМАУ бүх нийтээр бичиг үсэгтэн (кирил) болсноо НҮБ-аас зарлуулсан түүхтэй. 2025 онд Монгол Улс бүх нийтээр хос бичигтэн (кирил болон үндэсний бичиг) болсноо зарлуулах ирээдүй хүлээж байна.
Бүх нийтээр хос бичигтэн болох нь А.С.Пушкиний “Алтан загасны үлгэр”-т гардаг Илбэт цурхайн зарлигаар ганцхан агшинд бүтчихдэг мөрөөдөл биш гэдгийг уг хуулийг санаачлагч М.Батчимэг тэргүүтэй эрхэм гишүүд мэдэхийн сайнаар мэдэж байжээ. Тийм ч учраас үндэсний бичиг сургах, суралцах хөтөлбөр хэрэгжүүлэх заалтуудыг хуульд суулгаж өгсөн байна. Тухайлбал, “7.3. Өмчийн бүх хэлбэрийн ерөнхий боловсролын сургуулийн суралцагсдад үндэсний бичгийг зургаадугаар ангиас эхлэн төгстөл тусгайлсан хөтөлбөрөөр заана”. Энэ заалт 2015/2016 оны хичээлийн жилээс хэрэгжээд явж буй.
Багшийн заасан аливаа эрдэм номыг сурах нэг хэрэг. Харин хэр зэрэг сурсан эсэхээ хөндлөнгийн гуравдагч этгээдээр шалгуулж үнэлүүлж байх нь сургалтын арга зүйн маш чухал зарчим байдаг. Үүнд хамаарах заалт бол хуулийн 7.4. болно. Энд “Их, дээд сургуульд элсэгчдээс авах элсэлтийн ерөнхий шалгалт болон төрийн албанд анх орох иргэнээс авах монгол хэлний шалгалтын агуулгын дөрөвний нэгээс доошгүй хувь нь үндэсний бичгийн мэдлэгийг үнэлэхэд чиглэнэ” хэмээн заажээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!