Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/07/11-НД НИЙТЛЭГДСЭН

"Монгол наадам амьд, сонирхолтой, хосгүй байгаагийн уг шалтгааныг мэргэн ардын минь сэтгэлд бий гэж санадаг"

ikon.mn
2018 оны 7 сарын 11
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Ардчилсан хувьсгалын 29 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг нээж үг хэллээ.

Тэрбээр

“Наадамчин олон монголчууд аа,

Манай улсад морилон ирсэн гадаадын жуулчид, анд нөхөд өө

Монголын төрт ёсны их цэнгэл – МОНГОЛ НААДАМД тавтай морилно уу.

Бидний өвөг дээдэс нэн эртнээс морьдынхоо хурдыг, биеийнхээ хүчийг, харааныхаа хурцыг сорьж, ид хаваа гайхуулан нааддаг байсан нь агуулгаа хадгалж, хэлбэрээ цагийн аяст тохируулан хөгжүүлж ирсэн уламжлал өнөөдрийг хүртэл хадгалж яваагийн тод илрэл нь МОНГОЛ НААДАМ юм. Түүх сөхвөл бөх барилдаж, үзэгчид тойрон баясч буйг дүрсэлсэн хадны зураг Монголын маань газар нутгаас олдсон нь 9 мянга гаруй жилийн өмнөх Шинэ чулуун зэвсгийн үед хамааралтай байдаг юм байна. Энэ бол наадам лавтай 9 мянга гаруй жилийн түүхэн уламжлалтай болохыг харуулсан тод баримт юм.

Дэлхийн олон улс үндэстнүүд хуран цуглаж, цэнгэн баясахдаа хурд, хүч, авхаалж самбаагаа сорих эрмэлзэлтэй байдгаас спортын цэнгээн наадмууд үүсч, уламжлал болсон гэж үздэг. МОНГОЛ НААДАМ бол нүүдэлчин ард түмнүүдийн хувьд эртний грекийн Олимпийн наадмаас дутахааргүй ач холбогдол, нэр хүндтэй их цэнгэл наадам байсаар ирсэн билээ.

Монголчууд наадмын үеэр сөргөлдөөн, зөрчил тэмцлээ зогсоож, эв эеийг эрхэмлэн элдэв улстөржилт, талцлаас ангид наадахыг эрхэмлэж, мөрдөж ирсэн. Наадам бол бүх ард түмний эв нэгдэл, ойлголцлын баяр, энэ бол спортын их цэнгүүн юм. Үеийн үед ийм л байсан. Өнөө цагт ч өвгөдөөс өвлөсөн уламжлалаа даган сайхан наадаж байна.

 

Үндэстний оршин тогтнолын үндсийн үндэс нь өв соёл, түүх уламжлал бөгөөд түүнийг амьдруулагч, үеэс үед дамжуулан тээгчид нь ард түмэн байдаг. Монгол наадам амьд, сонирхолтой, хосгүй байгаагийн уг шалтгааныг мэргэн ардын минь сэтгэлд бий гэж санадаг. Наадамчин олон та бүхэн монгол соёлоо хадгалж, өвлүүлж, бахархаж, биширч ирсний гавьяагаар МОНГОЛ НААДАМ өнөөдөр олон ардаа баясган, гадны жуулчдыг татсаар байгаа гэдэгт би итгэдэг. Наадамчин олондоо, өв соёлоо олон мянган жил авч яваа ард түмэндээ баярлалаа.

МОНГОЛ НААДАМ бол спортын уралдаан тэмцээнээс гадна бидний өв уламжлал, үндэсний соёл урлагийг бахдан харах өргөн боломжийг олгодог цэнгүүн билээ. Монголын дуу гэвэл моторын дуу биш морьтон ардын гайхам соёл, урлаг болохыг хүрэлцэн ирсэн зочид, жуулчид минь дэргэдээс нь харж, мэдрээсэй гэж монгол наадамчид хүсэж байна.

Монгол Улсад зорин ирсэн гадаадын жуулчид, анд нөхдөдөө Монгол наадмын мэндийг тусгайлан дэвшүүлье. Та бүхэн Монголын сайхан оронд минь тав тухтай аялж, ихийг үзэж хараарай. Ахин дахин ирэж байгаарай. Монголчууд та бүхнийг хэзээд найрсгаар хүлээн авах болно.

Ингээд Үндэсний их баяр цэнгэл – МОНГОЛ НААДАМ эхэлж байгааг Та бүхэнд дуулгая.

Морьд бүхэн хурдан байг, сум бүр мэргэн тусаг, бөх болгон бяртай байг.

Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол наадам өнөд оршиг ээ.

Өлзий жаргалан үүр уртад нэмэгдэх болтугай” гэлээ.

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэлж дууссаны дараа Төрийн есөн хөлт, цагаан туганд хүндэтгэл үзүүлснээр Үндэсний их баяр наадам албан ёсоор эхлэв. 

Төрийн тэргүүн Үндэсний их баяр наадмын нээлтийн үйл ажиллагааг үзэж байна.