Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/07/06-НД НИЙТЛЭГДСЭН

"Найрамдал" зусланг А.И.Филатовагийн нэрэмжит болголоо

Үндэсний шуудан сонин
2018 оны 7 сарын 6
Үндэсний шуудан
Зураг зураг

НИТХ-ын Тэргүүлэгчид өчигдөр цаг үеийн асуудлаар хуралдаж зарим шийдвэрийг гаргажээ. Тухайлбал, энэ жил түүхт 40 жилийнх нь ой тохиож байгаатай холбогдуулан олон улсын хүүхдийн "Найрамдал” цогцолборыг Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Улсын баатар, Хөдөлмөрийн баатар маршал Ю.Цэдэнбалын гэргий А.И.Филатовагийн нэрэмжит болгохоор тогтов. Мөн ойн баярыг тохиолдуулан нийслэлийн дээд шагнал болох Хангарди одонгоор шагнахаар шийдвэрлэсэн байна.

СХД-ийн нутаг дэвсгэрт байрлах олон улсын хүүхдийн “Найрамдал" цогцолбор нь БНМАУ-ын сайд нарын зөвлөлийн 1974 онд хүүхэд багачуудыг хүлээн авч амруулах, идэвхтний сургалт зохион байгуулах, байнгын үйл ажиллагаатай олон улсын пионерын зуслангийн иж бүрэн барилга байгууламж барих шийдвэр гарснаар Найрамдал цогцолборын шав тавигдаж 1978 онд ашиглалтад оруулан нээлтээ хийсэн түүхтэй.

Мөн хуралдаанаар шашны байгууллагын зөвшөөрлийн хугацааг сунгах асуудлыг хэлэлцсэн байна. “Зүүн хүрээ Дашчойлин хийд" нь Нийслэлийн нутаг дэвсгэрт шинээр сүм хийд байгуулах, үйл ажиллагаагаа явуулахад зөвшөөрөл олгох тухай журмын тавдугаар зүйлийн хоёр дахь заалтыг зөрчсөн нь шалгалтаар тогтоогдож зөрчлөө арилгах хүртэл зөвшөөрлийг сунгахгүй гэсэн дүгнэлт гаргасан байжээ. Тэгвэл тус хийд нь гарсан зөрчилтэй холбогдуулан тайлбар өгч, холбогдох баримт бичгээ ирүүлсэн байна.

Тухайн баримт бичгийг судалж, шаардлагатай нэмэлт мэдээллийг гаргуулан авсан бөгөөд тус байгууллагын холбогдох зөрчлийг арилгуулж, дахин зөрчил гаргахгүй байх талаар сануулга өгчээ. Ийнхүү дээрх шашны байгууллагын үйл ажиллагааны зөвшөөрлийн хугацааг нэг жилээр сунгав. Түүнчлэн энэ жил Нийслэлийн архивын байгууллагын 60 жил, Нийслэлийн тээврийн газар үүсэн байгуулагдсаны 50 жил, Нийслэлийн онцгой байдлын газрын 50 жилийн ой тус тус тохиож байгаа. Эдгээр байгууллагуудын ойн арга хэмжээний төлөвлөгөө гаргаж, батлагдсан төсвийн хүрээнд өндөр хэмжээнд зохион байгуулж ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад даалгалаа.

НИТХ-ын 2018 оны зургаадугаар сарын 13-ны өдрийн 92 дугаар тогтоолоор Улаанбаатар хотын хөгжлийн сан, Нийслэлийн орон сууц, дэд бүтцийн бодлогын зөвлөл байгуулах тухай асуудлыг судлах, санал боловсруулах Ажлын хэсэг байгуулагдсан.

Тус ажлын хэсэг анхны “Хотын батлан даалтын сан” төслөө танилцуулсан байна. Төсөлд хөгжлийн сангийн үйл ажиллагааны бүдүүвч, нийслэлээс хэрэгжүүлж буй бүх төрлийн орон сууцны хөтөлбөрийн санхүүжүүлэх бүтэц, дэд бүтэц, барилга байгууламж, зам гүүр, аялал жуулчлалыг санхүүжүүлэх, нийтийн тээвэр, таксиг хэрхэн хөгжүүлэх зэрэг саналуудыг багтаажээ. НИТХ-ын дарга С.Амарсайхан энэхүү төслийг улам нарийвчлан, бүтэц зохион байгуулалтыг нь сайжруулж, хэрэгжүүлэх хэмжээнд танилцуулах үүргийг Ажлын хэсэгт өглөө.

Зураг