Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/18-НД НИЙТЛЭГДСЭН

"Татварын шинэ системийг хийхгүй байгаа хамгийн том шалтгаан бол авлигын асуудал"

Р.Оюунцэцэг, IKON.MN
2018 оны 6 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn
Өнгөрсөн баасан гарагт болсон УИХ-ын ээлжит чуулганаар Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг гишүүдийн олонхын саналаар төсөл санаачлагчид нь буцаасан. Энэ талаар бизнес эрхлэгчдийн байр суурийг илэрхийлж МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхагважав манай сайтад ярилцлага өгсөн билээ. Тэрбээр ярилцлагадаа дурдсанчлан өнөөдөр бизнес эрхлэгчдийн төлөөлөлтэй хамт хэвлэлийн бага хурал хийлээ. Уг хуралд бизнес эрхлэгчдийн төлөөлөл болж МҮХАҮТ-ын тэргүүлэгч Д.Бямбасайхан, "Өгөөж чихэр боов" ХХК-ийн ерөнхий захирал С.Түмэнгэрэл нар оролцсон юм.
 
МҮХАТ-ын хувьд Үндсэн хуулийн агуулгад нийцсэн татварын системийн өөрчлөлт шаардлагатай гэдэг үүднээс Татварын багц хуульд ач холбогдол өгч, 2018 он гарснаас хойш У.Хүрэлсүхийн Засгийн газартай хамтран ажиллаж, иргэд, аж ахуйн нэгжийн 5,400 саналыг авч, уг хуульд тусгасан. Гэтэл энэ хуулийг гацаасан нь язгуур эрх ашгийг үл тоож, улс төрийн өс хонзон авч байна хэмээн үзэж байна. Сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэр хэлсэн зарим онцлох эшлэлийг хүргэж байна.  
Гэрэл зургийг mpa.mn

МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхагважав: 

  • 2016 онд НӨАТ-ын тухай хуулиар 207 сая талон хэвлэгдэж, түүний ард 34.5 их наяд төгрөг  тэмдэглэгдсэн бол 2017 онд 247 сая талон 53.5 их наяд төгрөг тэмдэглэгдсэн.  
  • Ил тодын хууль батлагдсаны дараа 34.5 их наяд төгрөг буюу 17 тэрбум ам.доллартай тэнцэх хэмжээний ажил үйлчилгээг 33,000 компани ил болгосон. Энэ бол 27 жил нуугдаж байсан мөнгө. Төр татвараа авч чаддаг байсан бол энэ 33,000 компаниас улсын төсөвтэй тэнцэх хэмжээний татвар авах боломжтой байсан. 
  • НӨАТ-ын тухай хууль хэрэгжсэнээр 88,000 цэг дээр орлогыг бүртгээд авч чаддаг болсон. Цаана нь дахиад 80,000 цэг байгаа. Бүх салбар нийлээд 160 мянган цэгт орлого олдог.
  • Энэ гурван хуулиа багцаар нь хэлэлцээд Наадмын өмнө дуусгачихвал дараа нь 40 гаруй журам батлах ажил байгаа. Үүнд 5-6 сар хэрэгтэй. 
  • Журмуудыг зөв хийхгүй бол журам дээр хамгийн их “но” ордог. Журмаар дамжиж ААН,  иргэдийг боодог, татвар өгдөггүй, авилга авдаг бүх систем тэнд бий болдог. Тэрийг энэ хууль байхгүй болгож байгаа юм. 
  • Цуглуулсан нийтийн санхүү мөнгийг захиран зарцуулахад хяналт тавина. 
  • Банкны тухай хууль УИХ-д орж ирж байгаа. Уучлаарай 500 тэрбум төгрөгөөр банкуудыг тэтгэнэ гэж юу байсан юм бэ. Монголыг хамгийн их хямралд аваачсан банкны систем яагаад дандаа лоббигоор ингэж мөнгө хийж явдаг юм бэ. 
  • Тийм учраас энэ их том мөнгө, татвар, даатгал, иргэдийн хадгаламжид байгаа энэ их мөнгөнд МҮХАТ хараа хурц байхгүй бол үүний цаана олон зүйл байна. 
  • Яагаад нэг уяач хэдэн тэрбум төгрөгөөр адуу малаа зарж байхад улс татвар авч болдоггүй юм бэ. 
  • Захууд руу татварын системийг оруулахгүй гэж улстөрчид тэчьяадан тэмцэж байна. 
  • Зарим банк, ААН НӨАТ-ын дата баазыг хууль бусаар авах оролдлого хийсэн зүйл байгаа. Яагаад татварын эрүүл системд орохгүй байгаа юм бэ. 
  • НӨАТ-ын систем дээр QR код уншдаг, захуудын ситем хийгдсэн. Банкны карт унших бүх төхөөрөмж бэлэн байгаа. 
  • Бэлэн бус гүйлгээ 2014 онд долоон хувь байсан бол өнөөдөр 28-30 хувь болсон байгаа. 2014 онд банкууд тэр долоон хувийн бэлэн бус гүйлгээнээс 10 тэрбум төгрөгийн ашиг олдог байсан бол өнөөдөр бараг 40-50 тэрбум төгрөгийн ашиг олж байгаа. 
  • Татварын шинэ системийг хийхгүй байгаа хамгийн том шалтгаан бол авлигын асуудал. 
Гэрэл зургийг mpa.mn

"Өгөөж чихэр боов" ХХК-ийн ерөнхий захирал С.Түмэнгэрэл: 

  • Энэ хууль үнэхээр Монгол улс, ялангуяа аж ахуй эрхлэж байгаа тэр байтугай хувь хүмүүст маш хэрэгтэй хууль байсан. Татварын хуулиар дамжиж улс орон ААН хөгжих дэвжих томрох үйл явц явагддаг. Бидний хамгийн гол хөгжих ёстой хуулийн нэг. 
  • ААНОАТ-ын тухай хууль зөв гарснаараа цаашдаа улс эх орны хөгжил, аж ахуй эрхэлж байгаа хүн бүрт сайхан нөхцөл бүрдүүлнэ. Энэ хуулийг Танхим, ААН-үүдийн төлөөлөл Сангийн яамтай нэлээд олон хоног хэлэлцэж, санаа оноогоо тусгасан. Ер нь их гайгүй хууль хэлэлцэгдээд очсон чинь гишүүд ойлгосонгүй юу, унагачихлаа. Харамсалтай байна.
  • Өнгөрсөн хугацаанд далд эдийн засаг их байлаа. Шударга явдаг хэдэн ААН бүх ачааг үүрч ирсэн. 
  • НӨАТ-ын тухай хуулийн хэрэгжилт дээр харж байхад эдийн засагт ямар их боломж байна аа. Яг үүн шиг энэ бололцоог Татварын багц хуулиар олгочихвол ЖДҮ өсөн тэлэх, ажлын байр улам нэмэгдэх, хөгжих дэвжих юм. Тиймээс энэ хуулийг баталж өгөхийг уриалж байна. 
Гэрэл зургийг mpa.mn

МҮХАҮТ-ын тэргүүлэгч Д.Бямбасайхан:

  • ААНОАТ-ын тухай хуулийг УИХ гацааж байгаа нь харамсалтай. Танхим, бизнес эрхлэгчид энэ хуульд өндөр анхаарал тавьж, юу болж, юу болохгүй байгааг бизнес эрхэлсэн 27 жилийн тушлага дээрээ тулгуурлан саналаа өгөөд оруулсан. 
  • Тоглоомын дүрмийг хуульчлаад батлах ёстой. Ингэ гэж л УИХ-ын гишүүдийг ард түмэн сонгососн. Тодорхой салбар, компанийн эрх ашгийг төлөөлөх юм бол тэр компанийнхаа нэрийг бичээд, урдаа тавиад суух хэрэгтэй.
  • УИХ Монгол Улсын язгуур эрх ашгийн төлөө байх ёстой. Масс давамгайлсан санал бүхий хуулийг гацаах нь шударга бус үйлдэл болж байна. 
  • Хаврын чуулганаар хэлэлцэж амжихгүй бол намрын чуулганд баахан асуудалд дарагдана. Ингээд 2019 онд гэнэт ухаантай хүн болж батална. 2020 оноос хэрэгжинэ. Ийм хууль баталсан гэж сонгуулийн шоу болно. 
  • Өнөөдөр эдийн засаг, мөнгө санхүүгийн суурийг эрүүлээр тавих хэрэгтэй байна.