Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/15-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Лхагважав: ААН, иргэдэд хэрэгтэй хуулийг багалзуурдан боох юм бол манай танхим эрс тэмцэнэ

Р.Оюунцэцэг, IKON.MN
2018 оны 6 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

УИХ-ын 2018 оны хаврын өнөөдөр болсон ээлжит чуулганаар Татварын багц хуулийг хэлэлцэх, эсэх асуудлыг хэлэлцсэн. Гэвч бизнес эрхлэгчдийн хувьд хамгийн өндөр хүлээлттэй байсан, Татварын шинэчлэлийн амин сүнс болсон Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн 55 хувийн саналаар төсөл санаачлагчид нь буцаахаар болов. Энэ шийдвэрийн талаар ямар байр суурьтай байгаа талаар МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхагважавтай ярилцлаа. 

-Бизнес эрхлэгчдийн хамгийн ихээр хүлээж байсан ААНОАТ-ын тухай хуулийн төслийг УИХ буцаахаар шийдчихлээ. Энэ талаар та ямар байр суурьтай байна вэ?

-УИХ-ын зарим гишүүн татварын системийн өөрчлөлт хийж байгааг олж харахгүй байна. Энэ бол яг нарийндаа 2014 оноос хойш хийгдэж буй системийн өөрчлөлт шүү. Бид 2015 онд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулиа шинэчлэн, баталсан. Түүнээс гална Нягтлан бодох бүртгэлийн тухай болон Аудитын тухай хуулийг батлаад 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжээд эхэлсэн. 
Энэ хуулиудын үр дүнд өнөөдөр татварын бүх орлого биелж байгаа. Гэхдээ тэр үед Татварын ерөнхий хууль, ААНОАТ-ын тухай хууль болон Хувь хүний орлогын албан татварын тухай хуулиа өөрчлөөгүй. Өнгөрсөн хоёр жил гаруйн хугацааг дүгнэхэд энэ гурван хуулийг өөрчлөхгүй бол татварын системийн шинэчлэл зогсох нь. Энэ өнцгөөс нь гишүүд харах хэрэгтэй. 

Хоёрдугаарт, цэвэр бүртгэл дээр суурилсан татварын системийг орчин үеийн техник технологи ашиглан хийх ёстойг ойлгохгүй байгаа гишүүд надаас ирж асууж болно шүү.

Өнгөрсөн дөрвөн жилд ААН-үүд санхүү, хүний нөөц, капитал гээд байгаа бүхнээ барсныг яагаад УИХ-ын гишүүд ойлгодоггүй юм бэ. 

-Зарим гишүүн ААНОАТ-ын тухай хуулийг “Оюутолгой”-той холбон тайлбарлаж байсан. Үүнтэй та санал нийлэх үү?

-Энд тэр “Оюутолгой” ямар ч хамаагүй. Өнгөрсөн дөрвөн жилд энэ хэдэн аж ахуйн нэгж чинь санхүү, хүний нөөц, капитал гээд байгаа бүхнээ барж ирсэн. Энэ бүх цус, нулимс, зовлонг яагаад УИХ-ын гишүүд ойлгодоггүй юм бэ.

Жишээ нь, НӨАТ-ын 10 хувь, ААН-ийн 10 хувийн татварыг жижиг аж ахуйн нэгжүүд 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш өгч байгаа. 

Хэрэв мунхаглаагүй бол, 2016 ондоо ААНОАТ-ын тухай хуулиа өөрчилчихсөн бол НӨАТ-ын тухай болон ААНОАТ-ын тухай хуультайгаа хавсрагдаад одоогийн 10:10 биш, 10:1-ээр буюу 11 хувийн татвар төлөх систем рүү орчихсон байх байсан. Гэтэл өнөөдөр хүний зовлонг “сааж” авч байгаа ашгийг УИХ-ын гишүүд өөрсдөө бүтээж байгаа юм шиг харж, худлаа муйхарлан шийдвэр гаргаж байна.

-Яагаад Оюутолгойтой холбоод байна гэж та үзэж байна вэ? Үнэхээр тэр компанийг дэмжсэн хууль болчихоод байгаа юм уу?

-"Оюутолгой"-н гэрээ гэж мунхаглаад байна. Тийм л юм бол Ч.Улаан гишүүн 2006 онд дугарч байхгүй яасан юм бэ. 2006 онд 45 хувьтай байсан татварыг "Оюутолгой"-н гэрээнд 25 хувь болгон хийж байхад огт дугараагүй байж өнөөдөр ингэж ярих нь утгагүй. "Оюутолгой"-н татвар чинь Тогтвортой байдлын гэрээгээр явж байгаа, төртэй тусгай гэрээтэй аж ахуйн нэгж. 

Өнөөдрийн ААНОАТ-ын тухайн хуулийн гол зорилго нь микро эдийн засаг дээр ажиллаж байгаа жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид, жинхэнэ хувиараа хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүст л санхүүгийн, татварын эрх чөлөө олгож, дэмжих байсан юм. Гэтэл үүнийг олж харахгүй байна. 

Өнөөдөр ЭЗ-ийн жаахан өсөлт гарсан гэж байгаа боловч цаанаа амьдрал дээр иргэд нухчуулан дарлуулж байна. 

Дөнгөж өнгөрсөн долоо хоногт гарсан статистикийн мэдээнүүдээ хар. Татварууд бүгд биелээд байгаа нь энэ 76 гишүүний ухаантайдаа хийчихсэн ажил огт биш. Гадаа гудамжинд гараад хар л даа. Өнөөдөр эдийн засгийн жаахан өсөлт гарсан гэж байгаа боловч цаанаа амьдрал дээр иргэд нухчуулан дарлуулж байна шүү дээ.  

-Татгалзсан кноп дарсан гишүүдийн дунд бизнес эрхэлж байсан хүмүүс ч харагдсан. Та анзаарсан уу?

-Би бас харж л байсан. Өнгөрсөн жил Засгийн газар унасан нь МАН-ын дотоод асуудал шүү дээ. Битгий тэр өс хонзонгоо татварын хуулиадтай хутгалдуулж аваач ээ. Засаг унасантай энэ ямар ч хамаагүй асуудал. 

Тэртэй, тэргүй ААН-үүд, иргэд маань татвараа төлөөд төсвийн орлогыг бүрдүүлээд явж байгаа. Өнгөрсөн жилд 2.8 их наяд төгрөгийн тэр өр ширийг манай татвар төлөгчид төллөө шүү дээ. 2.8 их наяд төгрөг шүү. Үүнд УИХ-ын гишүүд хуруу хумсаа ч оруулаагүй. 

Дэмжихээс эсэргүүцсэн тэр гишүүдэд татварын систем, татварын онолын талаар ямар ч ойлголт алга. Харин УИХ-ын гишүүний онцгой эрхээ хэтрүүлэн ашиглаж, нийт баялаг бүтээгчдийн эсрэг тэмцэл өрнүүлж байна л гэж ойлгож байна. 

-Уг нь УИХ энэ хуулийг дэмжинэ гэдгээ нэг бус удаа илэрхийлж байсан санагдаж юм, тийм үү?

-Өнгөрсөн жил бид энэ гурван хуулийг өөрчлөх талаар албан ёсоор асуудал тавьж байсан. Тэр үед УИХ-ын бие бүрэлдэхүүн, удирдлага дэмжиж хүлээж авсан. МАН сонгуульд оролцохдоо дэмжихээ уриалаад л байсан. Тэгээд сая хэлэлцэж байгаа байдал нь энэ.  

АН-ын хэдэн нөхдүүд ч эсрэг санал өгсөн. Би харж л байсан. 2014 онд АН татварын ситемийн маш гайхалтай өөрчлөлт хийсэн нь НӨАТ-ын тухай хууль байсан. Үүнийг л залгамжилж байгаа шинэчлэл болсон хуулиуд шүү дээ. Тэрийг олж харахгүй АН-ын гишүүд эсрэг санал өгсөнд нь гайхаад байна. Одоо тэр улс төр гэдэг балай юмаа татварын эрх зүйгээс холхон авч яваач ээ.

Яагаад гишүүд технологийн өөрчлөлт, системийн өөрчлөлтийг олж харахгүй байна аа? Ний нуугүй хэлэхэд коммунист сэтгэлгээтэй зарим нөхдүүд наад сэтгэлгээгээ жаахан өөрил гэж хэлмээр байна. Бид хүний эрх, эрх чөлөөг дээдэлж, иргэд маань аж ахуйн нэгж эрхлэх эрх чөлөөгөө аваад 27 жил болж байгаа. Гэтэл одоо байгаа татварын системийн үндсэн функцэд коммунист угшил их байсаар байна. Түүнийг нь л солих гэж байгаа юм. Хэрэв коммунизмаа санагалзаад байвал нэг мөсөн бүх хувийн өмчийг хурааж аваад бүгдийг нь дампууруулах хэрэгтэй шүү дээ. Бид дөрвөн жилийн зовлонг туулж ирсэн улсууд шүү. 

-Бизнес эрхлэгчдийг төлөөлж буйн хувьд МҮХАҮТ цаашид ямар арга хэмжээ авах вэ?

-Манай гишүүд одоо саналаа илэрхийлнэ. Даваа гарагт хэвлэлийн хурал хийнэ. УИХ-ын удирдлагуудтай дахиж уулзана. Чадвал ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар оруулах санаа байна. Татварын ерөнхий хууль, Хувь хүний орлогын албан татварын хуулийг хэлэлцэхээр болж байна. Тэгсэн хэрнээ ААНОАТ-ын тухай хуулиа буцаачихаар нэг дугуйгүй машин болно л гэсэн үг. НӨАТ-ын тухай хууль энэ дөрөв нийлээд татварын системийн тулгуур болж буй. Гэхдээ Татварын багц хуулийн амин сүнс нь ААНОАТ-ын тухай хууль

Хэрэв энэ хуулиас Оюутолгой “үнэртээд” байвал УИХ-ын гишүүд бүрэн эрхийнхээ дагуу хэлэлцэх ёстой. Шаардлагатай заалтуудаа хасаад явна биз. Яг нарийндаа хуулийн төслийг бодлогынх нь хувьд уншиж ойлгоогүй л байгаа байхгүй юу. Дубайн гэрээг ч хутгаж байх шиг. Тэр чинь өнгөрсөн асуудал. Тухайн үед нь яриад төр шийдээ гаргасан. Одоо хойноос нь матрын нулимс унагаж, нийт ААН, иргэдэд хэрэгтэй хуулийг багалзуурдан боох юм бол манай танхим эрс тэмцэнэ.