Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/14-НД НИЙТЛЭГДСЭН

УИХ-ын гишүүнээс хэн, хэн өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж байсан бэ?

Г.Номин, iKon.mn
2018 оны 6 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

1990 оноос хойш буюу байнгын ажиллагаатай парламент байгуулагдсанаас хойш өөрийн хүсэлтээр Улсын Бага Хурлаас чөлөөлөгдсөн нэг, Улсын Их Хурлын гишүүнээс татгалзаж, чөлөөлөгдсөн таван хүн байна.

Өнөөдөр УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдсөн Д.Гантулга УИХ-ын гишүүнээс өөрийн хүсэлтээр татгалзсан тав дахь, чөлөөлөгдсөн дөрөв дэх гишүүн боллоо.

Улсын Их болон Бага Хурлаас өөрийн хүсэлтээр гишүүнээс татгалзсан зургаан хүний тав нь чөлөөлөгджээ. 

Өөрийн хүсэлтээр УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлт гаргасан ч дэмжигдээгүй ганц хүн

Өөрийн хүсэлтээр гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлт гаргасан боловч дэмжигдээгүй нэг хүн нь УИХ-ын гишүүн, Монгол Улсын 21 дэх Ерөнхий сайд Р.Амаржаргал юм. Тэрбээр 2013 онд гишүүнээс татгалзах хүсэлт гаргасан ч тухайн үед Төрийн байгуулалтын байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн гишүүд дэмжээгүй аж.

 
Гэрэл зургийг mpa.mn

Өөрийн хүсэлтээр УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдсөн таван хүн он цагийн дарааллаар:

1.Улсын Бага Хурлын гишүүн Б.Дамдин

1991 онд: Улсын Бага Хурлын гишүүн Б.Дамдин мөнгөний ханшийг хоёр дахин нугалсан 20 дугаар тогтоолыг албан тушаалын дагуу урьтаж мэдээд хэрэгжиж эхлэхээс өмнө дэлгүүрээс их хэмжээний худалдан авалт хийсэн нь илэрч, гишүүнээс сайн дураараа татгалзаж, чөлөөлөгджээ.

 
Гэрэл зургийг УИХ-ын ХМОНХ-ээс авав.
1991 оны нэгдүгээр сарын 15-нд БНМАУ-ын Засгийн Газрын 20 дугаар тогтоол гарчээ. Засгийн газар тогтоолынхоо төслийг Улсын Бага Хурал (УБХ)-д урьдчилан танилцуулж, тухайн асуудлаар УБХ хаалттай хуралдаан хийсэн байдаг. “Эдийн засгийг зах зээлийн зохицуулалтад шилжүүлэх зарим арга хэмжээний тухай” тус тогтоол нийт 18 заалт, хоёр хавсралттай юм. /Baabar.mn "Хорьдугаар тогтоол" нийтлэлийн хэсгээс/


2.УИХ-ын гишүүн Н.Жанцанноров

1993 онд: 1990-1991 онд Соёлын яаманд орлогч, нэгдүгээр орлогч сайдаар ажиллаж байсан Н.Жанцанноров 1992 онд УИХ-ын гишүүнээр сонгогдож, дараа жил нь буюу 1993 онд эрүүл мэндийн шалтгаанаар гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ гаргажээ. Түүний хүсэлтийг УИХ хүлээн авсан байна.

 
Н.Жанцэнноров 1990-2002 онд Монгол-Хятадын найрамдлын нийгэмлэгийн дэд тэргүүн хийж байхдаа.


3.УИХ-ын гишүүн Ц.Элбэгдорж

1996 он: Тус онд УИХ-ын гишүүнээр сонгогдсон Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж улсын нууц задруулсан гэх хэрэгт шалгуулж байх үедээ сайн дураараа УИХ-ын гишүүнээс татгалзаж, чөлөөлөгдсөн.

 
Гэрэл зургийг mpa.mn


4.УИХ-ын гишүүн У.Хүрэлсүх

2012 он: УИХ-ын гишүүнээс өөрийн хүсэлтээр татгалзаж, чөлөөлөгдсөн дараагийн хүн бол одоогийн Ерөнхий сайд У.Хүрэлсүх. Тэрбээр 2012 оны сонгуулиар УИХ-ын гишүүнээр сонгогдсон бөгөөд эхнэрээ эмчүүлнэ гэсэн шалтгаанаар гишүүнээс татгалзаж, хүсэлтийг нь УИХ хүлээн авч, чөлөөлж байжээ.

Гэр бүлийн шалтгаанаар гишүүнээс татгалзах хүсэлтээ гаргасан ч 2012 оны сонгуулийн үеэр МАН-ын Генсекээр ажиллаж байсан түүнийг намаа сонгуульд ялагдахад хүргэсэн хариуцлагаа хүлээж, гишүүнээсээ татгалзлаа хэмээн зарим эх сурвалжууд мэдээлж байв.

 
Гэрэл зургийг mpa.mn


5.УИХ-ын гишүүн Д.Гантулга

2018 он: Өнөөдөр УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдсөн Д.Гантулгын хувьд 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэс эхлэн хүчингийн хэрэгт холбогдсон талаар дуулиан дэгдэж, энэ сарын 11-ний өдөр чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-ын даргад өгсөн юм. Түүний хүсэлтийг өчигдөр ТББХ, өнөөдөр УИХ-ын чуулганаар хэлэлцэн гишүүнээс нь чөлөөллөө.

 
Гэрэл зургийг mpa.mn