Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/11-НД НИЙТЛЭГДСЭН

"Хоол хүнсний давхар дарамттай улс Монгол"

Б.Намуунцэцэг, iKon.mn
2018 оны 6 сарын 11
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Хоол тэжээлийн үндэсний V судалгаагаар Монгол Улсын хүн ам, ялангуяа хүүхэд эмэгтэйчүүдийн дунд амин дэм, эрдсийн дутлын тархалт түгээмэл хэвээр буюу 2010 онд хийсэн үндэсний 4 дүгээр судалгааны түвшингээс буураагүй байгааг тогтоож байсан юм. Мөн илүүдэл ба таргалалтын тархалт нь бүс нутаг, амьжиргааны түвшинг үл харгалзан, бүх  насны хүн ам, ялангуяа насанд хүрэгчдийн дунд маш өндөр, хүүхдийн дунд нэмэгдэж байгаа гэсэн дүгнэлтийг нийгмийн эрүүл мэндийн төвөөс мэдээлж байсан билээ.

“Хүн амын хоол тэжээл, хүнсний аюулгүй байдлын өнөөгийн байдал, сайжруулах арга зам” хамтрагч талуудын уулзалт, семинар өнөөдөр боллоо. Уг уулзалтад төрийн болон төрийн бус байгууллага, Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй НҮБ-ын төрөлжсөн байгууллага, Аймаг, дүүргийн төлөөлөл гэх мэт   180 гаруй төлөөлөл оролцож байгаа юм. Семинар хоёр өдөр үргэлжлэх ба “Монгол Улсын хүн амын хоол тэжээлийн байдал” үндэсний 5-дугаар судалгааны зөвлөмжийг хэрэгжүүлэх, хамтрагч талуудын оролцоог нэмэгдүүлэх зорилгоор уг уулзалтыг зохион байгуулж байгаа юм.

Д, А витамины дутагдалтай, уургийн дутагдалтай өсөх нь насанд хүрэх үед эрүүл байх магадлал багасч байна гэсэн үг
Гэрэл зургийг mpa.mn

Тэгвэл амин дэмийн дуталттай ч таргалалтын төвшин өндөр байгаагаас манай улс “Хоол хүнсний давхар дарамт”-тай орны тоонд багтсаар байгаа тухай БСШУС-ын сайдын зөвлөх М.Пүрэвжаваас тодруулсан юм.

- Хоол тэжээлийн давхар дарамт гэж юу вэ?

- Манай улсын хувьд витамин А, Д гэх мэт чухал хоол тэжээлийн дутагдал хэвээр байгаа ч  таргалалтын хувь өндөр гэсэн хоёр үзүүлэлтийг хэлж байгаа юм. Бид дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хоол тэжээлийн давхар дарамттай улс гэж цоллуулаад удаж байна. Хүүхдүүдэд  чухал хоол тэжээлийг дутагдал байгаа ч илчлэгийн хэмжээ ихэсч илүүдэл жинтэй хүүхдүүд нэмэгдэж байгаа нь асуудал юм.

Манай улс таргалалтаараа Ази номхон далайн бүс нутагтаа тэргүүлж байна.

Бага наснаасаа эхлээд Д-гийн дутагдалтай, А витамины дутагдалтай, уургийн дутагдалтай өсөх нь насанд хүрэх үед эрүүл байх магадлал багасч байна гэсэн үг юм.

- Тэгвэл хүүхдүүдийн таргалалт нь идэж буй хоол тэжээлтэй холбоотой юу? Эсвэл буруу хооллолттой холбоотой байна уу?

- Шим тэжээлээр дутсан мөртлөө таргалах нь хоол тэжээлтэй л холбоотой. Эцэг эх, хүүхдүүдэд мэдээлэл байхгүй, сургууль цэцэрлэг нь зөв мэдээлэл олгодоггүй. Нийгэмд эрүүл бус хүнсний зар сурталчилгаа маш их. Эрүүл хооллолтын тухай зөв мэдээлэл хомс байна. Тиймээс бага наснаас нь хүүхдэд хоол шим тэжээлийн боловсрол олгох нь чухал юм.  

Жишээлбэл, Япон улсад сургуулийн үдийн цайнд эрүүл зөв хоол өгч , амьдрах хэв маягын хичээл дээр тухайн хоолыг хэрхэн хийх аргачлалыг сурагчдад заадаг байна.  Энэ нь тухайн хүүхэд багаасаа зөв хооллолтын тухай мэдлэгтэй болж, ач холбогдлыг нь ойлгож, хэрхэн эрүүл хооллоход суралцдаг. Үндсэндээ тэр хүн өөрийнхөө эрүүл мэндийг хамгаалахын тулд өглөө, өдөр орой  ямар хоол хүнс идэх вэ? гэдэгт цэцэрлэгээс нь л сургадаг байна. 

Бүх улс орон ийм тогтолцоотой. Тиймээс нэгдүгээрт боловсрол олгох, хоёрдугаарт цэцэрлэг, сургуулийн дотуур байрны хүүхдүүдийн хоолыг үлгэр жишээ үзүүлэхүйц байлгах ёстой. Тэндээс хүүхдүүд жимс, ногоо идэж, эрүүл зөв хооллож сурна. Ийм тогтолцоогүйгээр энэ зүйлийг битгий ид, тэрийг битгий ид гэвэл үр дүн байхгүй. Эцэг эхчүүд хүүхдээ математикч, шатарчин болгох гэж яаж хичээдэг шигээ хоол шим тэжээлийн боловсрол олгох хэрэгтэй. Ингээд боловсрол олговол хүүхдүүд  зөв хооллож эхэлнэ.

- Манай улсад хоол тэжээлийн боловсролыг хэрхэн олгодог вэ?

- Ирэх хичээлийн жилээс ЕБС-ийн сурагчдад эрүүл мэндийн хичээлийг дөрвөн үндсэн агуулгаар орно. Түүний нэг хоол тэжээлийн эрүүл мэндийн хичээлийг тусгай мэргэжилтэн орохоор төлөвлөж байна. хэдий мэргэжилтэн дутагдаж байгаа ч энэ бол боловсролын салбарт заавал хийх ёстой зүйл гэж харж байна. 

Үдийн цай хөтөлбөрийг зөвхөн 1-5 ангийн хүүхдүүдээс гадна дунд ангийн хүүхдүүдийг уг хөтөлбөрт албан ёсоор шилжүүлэхээр БСШУСЯамнаас төлөвлөж байна.

Зөвхөн үдийн цай биш, дотуур байрны хүүхдийн хоол, цэцэрлэгийн хүүхдийн хоолны асуудлыг давхар анхаарах нь зүйтэй юм.  Үндсэндээ хүүхдийн эрүүл мэнд, насанд хүрсний дараах эрүүл мэнд багадаа хэрхэн хооллосноос хамаарна. Тиймээс энэ нь боловсролын салбарын л асуудал биш хүнсний аюулгүй байдал, хүн амын эрүүл мэндтэй холбоотой юм.