Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/22-НД НИЙТЛЭГДСЭН

Мега төслүүд гацаанаас гарах уу?

Б.Жаргалмаа, IKON.MN
2018 оны 5 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Мега төслүүд амжилт муутай байгаагийн хамгийн том шалтгаан нь төр өөрөө хэрэгжүүлж байгаатай холбоотойг эдийн засагчид ч хэлдэг. Тэгвэл энэ асуудлыг 21-нд эхэлсэн Монголын эдийн засгийн чуулганаар хэлэлцсэн юм.

“Мега төслүүд ба төрийн өмчит компаниуд: Сайн засаглал ба хувьчлалын бодлого” сэдэвт салбар хуралдааны модератораар Монголын Үнэт Цаасны Арилжаа Эрхлэгчдийн Холбооны Удирдах зөвлөлийн дарга Б.Өлзийбаяр ажиллаж, Эрчим хүчний дэд сайд Т.Гантулга, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын (ТӨБЗГ) дарга Ц.Ням-Осор, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Бизнес хөгжлийн асуудал эрхэлсэн дэд захирал О.Одбаяр, “Монгол шуудан” компанийн гүйцэтгэх захирал Б.Анхбаатар, эдийн засагч Л.Наранбаатар нар панелистээр оролцлоо. 

 
Төрийн өмчит компаниудыг хувьчлах нь хамгийн эхний зөв шийдэл болохтой оролцогчид санал нэгтэй байсан юм. Тиймээс зогсонги байдалд ороод байсан өмч хувьчлалыг цааш үргэлжлүүлэхээр ТӨБЗГ-аас өмч хувьчлалын үндсэн чиглэл, төлөвлөлтөө гаргаж, Засгийн газарт өргөн барьсныг Ц.Ням-Осор дуулгасан. 

Өмч хувьчлалыг энэ удаа явуулахдаа нээлттэй бөгөөд хөрөнгийн биржээр дамжуулж явуулахаа мөн дурдсан. Тухайлбал, Эрчим хүчний салбарт анх 2002 онд Дархан, Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ компанийг хувьчилсан нь өнөөдөр хамгийн амжилттай явж байгааг хэлсэн юм. Дарханы цахилгаан түгээх сүлжээ хамгийн сайн хөрөнгө оруулалт хийж, бүх тоолуурыг ухаалаг болгон шинэчилж, үр ашигтай ажиллаж байгаа аж. 

Харин хамгийн сүүлийн шинэ жишээ гэвэл “Монгол шуудан”-г нэрлэж болно. 2016 оны нэгдүгээр улиралд 34 хувиа олон нийтэд 180 төгрөгөөр санал болгосон тус компанийн нэгж хувьцаа өдгөө 580 төгрөгт хүрч, зах зээлийн үнэлгээ нь 55 тэрбум төгрөгөөр хэмжигдэж байна. Нийт 800 орчим хүн хувьцааг нь эзэмшиж буй. 

Ийнхүү төр, хувийн хэвшил хамтарвал амжилтад хүрэх боломжтойг өмнөх жишээнүүд харуулна. Гэхдээ бас нэгэн чухал хүчин зүйл нь томилгоо. Тухайлбал, дээрх хоёр хувьчлалаар тухайн байгууллагад олон жил ажилласан, ажлаа мэддэг, туршлагатай, чадвартай боловсон хүчнийг захирлаар томилжээ. “Монгол шуудан” компанийн гүйцэтгэх захирал Б.Анхбаатарын хувьд шууданчаас эхлээд бүхий л ажлыг хийж байсан бэлтгэгдсэн боловсон хүчин аж.

Харин өнөөдөр дангаараа төрийн өмчит компниудын томилгоо нээлттэй биш, улс төрийн хамааралтай байгааг оролцогчид хэлж байв. Компанийн захирлууд хэн нэгэн найзаа хараат бус захирлаар томилдог, тэр найз нь компанийн хяналтын хорооны даргыг томилдог, сонгуулийн жил дуусахад тэр бүх албан тушаалтан алга болж, өөрчлөгддөг буруу жишиг байгааг эдийн засагч Н.Дашзэвэг шүүмжилсэн. Түүнчлэн чадварлаг боловсон хүчин авахад төрийн өмчит компаниуд санал болгосон цалинг нь өгөх боломжгүйгээс алддаг талаар ч панелистууд дурдсан. 

Төрийн өмчит компаниудын өрсөлдөх чадвар муу байдаг нь үйл ажиллагаа нь олон хуулиар зохицуулагддагтай холбоотой талаар холбогдох хүмүүс хэлж байлаа.

Компанийн тухай хууль, Хөрөнгийн биржид бүртгэлтэй бол Үнэт цаасны зах зээлийн тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийг дагахаас гадна Шилэн данс хөтлөх хэрэгтэй болдог. Нэг тендер зарладаг. Хэрэв гомдол гарвал шүүхийн асуудал болж хувирдаг. Шүүхийн асуудал цэгцрэх гэсээр байтал ажил нь хоцорч, өрсөлдөх чадвар мууддаг бол хувийн компаниуд хөрвөх чадвар сайтай хийгээд хурдтай байдаг нь давуу тал болж байгаа юм. 

Энэ мэт асуудлаас үүдээд төрийн өмчит компаниуд олон нийтэд үр өгөөтэй байж чадахгүй байгааг хэлэлцсэн. Эдийн засгийн энэ удаагийн чуулгантай давхцаад Засгийн газар “Таван толгой” төслийг цогцоор нь хөгжүүлэх, үр ашгийг нэмэгдүүлэх боломжит хувилбаруудыг боловсруулж УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар хэлэлцүүлсэн юм. Ямар ч байсан “Эрдэнэс Тавантолгой”-н 30 хувийг олон улсын зах зээлд IPO гаргах талаар судлаад шийдвэр гаргахаар болсон. Энэ бол иргэдийн анхаарлыг хамгийн ихээр татаж буй асуудал. Хэрэв “Эрдэнэс Тавантолгой”-н 1,072 хувьцааг эргэлтэд оруулж чадвал эдийн засгийн өсөлт 2018 оны сүүлч гэхэд 15 хувьд ч хүрэх боломжтой хэмээн CEO клубийн ерөнхийлөгч Ч.Ганхуяг ikon.mn-д өгсөн ярилцлагадаа онцолсон. 

 

Мега төслүүд бол ерөнхийдөө уул уурхай, эрчим хүчний салбарт илүү хэрэгждэг томоохон төслүүд. Эндээс Монгол Улс их хэмжээний ашиг орлого боломж байдаг ч одоо хүртэл Баялгийн сангаа байгуулж чадаагүй л байна. “Бид “Эрдэнэс иргэн бүрт” гэдэг уриа дэвшүүлээд ажиллаж байна. Газар доорх баялгийг газар дээрх баялаг болгоно. Яаж гэвэл боловсрол, эрүүл мэнд, хүний хөгжилд хөрөнгө оруулах замаар. Түүнээс биш бүгдийг нь цалин хөлсөнд тавиад байж болохгүй. 

Дараагийн нэг зүйл нь баялгаа хэрхэн өргөжүүлэх асуудал. Байгалийн баялгаас олсон мөнгөө баялгийн санд хийх, цаашид тэрийгээ өргөжүүлж, дансандаа хүү авдаг ч юм уу, эсвэл хөрөнгө оруулалт хийж, буцаагаад үр өгөөжийг нь авч ард иргэддээ ногдол ашиг өгөх ч юм уу. Ерөөсөө л энэ бүх байгалийн баялгаар монгол хүний сайхан амьдрах орчныг л бий болгох ёстой” хэмээн “Эрдэнэс Монгол” компанийн бизнес хөгжлийн асуудал эрхэлсэн дэд захирал О.Одбаяр ярьсан. Түүний хэлсэнчлэн байгалийн баялгаас олсон мөнгөөрөө хүнээ хөгжүүлж чадвал эдийн засаг цаашдаа солонгорох үндэс болно. 

Харин энэ бүхнийг зохицуулахад эхний ээлжинд хууль эрх зүйн орчноо бүрдүүлж, өөрчлөлт хийж, төрийн өмчит компаниудаа өрсөлдөх чадвартай болгох боломжийг бий болгох шаардлагатай байгааг панелистууд онцоллоо. Ингэж чадахгүй бол мега төслүүд гацаанаас гарахгүй нь.