Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/18-НД НИЙТЛЭГДСЭН

"Ц.Цогзолмаа сайд маш олон сургуулийн захирал, удирдах ажилтныг намын харьяаллаар сольж байна"

С.Бадрал, iKon.mn
2018 оны 5 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Багануур дүүргийн "Боловсрол" цогцолбор сургуулийн захирал, "Монголын ЕБС-иудын захирлуудын үндэсний зөвлөл" нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллагын тэргүүн М.Туулсайхантай ярилцлаа.

Тэрбээр улстөр, намын ялгаварлан гадуурхлаас болж ажлаасаа халагдах болоод байна хэмээн манай редакцид хандсан юм. 


- Та хэзээнээс "Боловсрол" цогцолбор сургуулийн захирал сургуулийн захирлаар ажиллаж байгаа вэ. Ажлаас халагдахад хүрээд байгаа нь улстөрийн шалтгаантай гэснээ тайлбарлаж өгөхгүй юу?

- Би 2008 онд "Боловсрол" цогцолбор сургуулийн захирлаар томилогдсон.  2010 онд төрийн албан хаагчдыг намаас түтгэлзүүлэхэд тухайн үеийн МАХН-ын гишүүн байж байгаад түдгэлзсэн. 

2016 оны сонгуулийн үеэр тухайн үед Боловсролын сайд байсан Л.Гантөмөр Багануур дүүргийн боловсролын байгууллагуудын удирдлагуудтай уулзах хүсэлтэй байгаа гээд хүмүүст хэлээд өгөөч гэсэн. Би сургууль цэцэрлэгүүдийн удирдлагуудад хэлж өгсөн.

2016 онд Л.Гантөмөр, Ц.Цогзолмаа нар хоёулаа Багануур дүүрэгт нэр дэвшиж байсан юм.

Багануур дүүргийн Засаг дарга Ц.Сандаг-Очир хүртэл намайг намаас урвасан хэмээн намынхаа үүрүүдээр мэдээлэл тарааж, миний нэр хүндэд халдсан. Энэ асуудлаар өөртэй нь хоёр ч удаа уулзаж хэлж байсан. Би Монгол Улсын үндсэн хуулийн заасан эрх үүргийнхээ хүрээнд  сонгох сонгогдох эрхээ өөрөө л эдэлнэ. 

Тэр явдлаас хойш бүтэн хоёр жилийн турш намайг ажлаас халахын тулд Багануур дүүргийн МАН-ынхан дайрч байна. Намайг ажлаас халахын тулд хоёр жилийн дотор 17 удаагийн хөндлөнгийн шалгалт явуулсан. Би болон манай сургууль бүгдийг нь асуудалгүй даваад гарсан. 

Байнгын шалгалт, хяналт явуулж дарамталж байсан ч манай сургуулийн багш нар ур чадвартай учраас ажлаа сайн хийсээр ирсэн. Манай сургууль алслагдсан дүүргийнх гэлтгүй сурлага, урлаг спортоор хот, улсын хэмжээнд дээгүүрт бичигддэг.

- Танай сургууль дээр 17 удаа хөндлөнгийн шалгалт хийсэн гэснийг тодруулахгүй юу?

- 2016 онд манай сургуулийн биологийн багш Б.Буянхишиг дүүргийн иргэдийн хурлын төлөөлөгчид нэр дэвшиж сонгогдсон. Мөн Б.Буянхишиг багш Ц.Цогзолмаа сайдын сонгуулийн ажилд тусалсан гэж хүмүүс ярьдаг. Б.Буянхишиг багш сонгуулиас хойш хамт олны хуралд оролцохоо ч байсан. Яамнаас түүнийг долоо хоногийн хугацаатай Солонгос улс руу сургалтад явуулж байхад би юу ч мэдээгүй байдаг.  Яамнаас багш нарыг сургалтад хамруулахдаа надад ханддаггүй. Шууд манай аль нэг багшийн нэрийг явуулаад, дуудчихдаг. Яам бүх багш нарыг мэдэж харилцах юм бол би тэнд ажиллах ямар шаардлага байгаа юм бэ.

Уг нь бол аль боловсон хүчнээ ямар чиглэлийн сургалтад хамруулахаа хамтран ажиллаж байгаа хүний хувьд би мэдэх ёстой биз дээ.  Гэтэл иймэрхүү асуудлаар сургууль руу албан ёсоор ханддаггүй.

Үүний хажуугаар БСШУСЯ-ны Төрийн захиргаа, удирдлагын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Мөнхөөлэй намайг гар утаснаасаа зурвас бичиж, залгаж  удаа дараа дарамт үзүүлсэн учраас АТГ-т энэ хүн надад ажлын байрны дарамт үзүүлж байна хэмээн гомдол гаргасан. Шалгаж байгаа хариу нь хараахан гараагүй байна.  

Би төмрөөр, модоор хийгдсэн хүн биш.  Үнэхээр ядартлаа дарамтлуулж, сэтгэлзүй, эрүүл мэндээрээ хохирсоор байна. Ингэж бүтэн хоёр жил явсны эцэст 2018 оны тавдугаар сарын 15-ны өдөр С.Мөнхөөлэй сонсгол зохион байгуулж намайг ажлаас чөлөөлөхөөр болсон байна. Миний оронд Б.Буянхишиг багшийг захирлаар томилох болсон байна лээ. 

Миний удирдлаган доор ажилладаг 189 багшийн 80 гаруй хувь нь Б.Буянхишиг багшийг захирлаар ажиллахыг хүлээн зөвшөөрөхгүй хэмээн санал нэгдэж гарын үсэг цуглуулсан байгаагаа надад утсаар хэлсэн. 

Манай сургууль яамны харьяа 41 лаборатори сургуулийн нэг. Лаборатори сургуулиудын захиралд тавигдах шаардлагын талаар  Ж.Батсуурь сайд тушаал гаргаж байсан. Уг тушаалд лаборатори сургуулийн захирал нь сургалтын менежер буюу удирдах албан тушаалд 5-аас доошгүй жил ажилласан байх ёстой гэж заасан байдаг. Тиймээс Б.Буянхишиг багш захирлаар ажиллах боломжгүй. Бэлтгэгдсэн боловсон хүчин биш.

Ц.Цогзолмаа сайд томилогдсоноосоо хойш маш олон сургуулийн захирал, удирдах ажилтныг зөвхөн намын харьяаллаар нь сольж байгаа. 

Боловсролын салбарын тогтвортой байдлыг алдагдуулж байгаа Ц.Цогзолмаа сайд огцрох ёстой. 

- Таныг ажлаас халах асуудлаар сонсгол зохион байгуулсан гэж байна. Ямар үндэслэлээр таныг ажлаас халж байгаагаа мэдэгдсэн үү?

- Надад энэ талаар огт мэдэгдээгүй. Шалтгаан нь тодорхойгүй. Боловсролын сайд гадаадад томилолтоор явж байгаа юм байна лээ. Энэ хооронд БСШУСЯ-ны Төрийн захиргаа, удирдлагын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Мөнхөөлэй сонсгол хийж, надад ажлын байрны дарамт үзүүлж байна. Би тэр сонсголыг хүчингүй болгож өгөөч ээ гэж Захиргааны хэргийн шүүхэд хандана. Тэгээд ч С.Мөнхөөлэй гэдэг хүнийг Төрийн Албаны Зөвлөл, Авлигатай Тэмцэх Газраас шалгаад хууль бус томилгоотой гэдгийг нь тогтоочихсон юм байна лээ.

Боловсролын салбар тогтвортой хөгжих боломжгүй боллоо.

МАН-аас ИТХ-д нэр дэвшсэн, намаас нь захирлын суудал амалчихсан нэг багшид би ажлаа өгөхгүй. Энэ мэт улстөрийн томилгоо хэрээс хэтэрч байна. 

Эцсийн дүндээ боловсролын салбар тогтвортой хөгжих боломжгүй боллоо. Сайд наанаа тогтвортой хөгжлийн талаар ярьж, зөвлөгөөн зохион байгуулаад л байдаг. Үнэндээ өөрөө удирдлагын тогтолцоог үгүй хийж, намын томилгоогоор өөрийнх нь сонгуулийн ажилд тусалсан хүмүүсийг ажил албан тушаалаар хангаж байна. Боловсролын салбарын төрийн захиргааны төв байгууллага мэргэжлийн бус хүмүүсээр дүүрсэн. Боловсролын яам бол хэн нэгний дураараа аашилж байдаг хувийн байгууллага биш.

Боловсролын салбар улстөрөөс ангид байх ёстой. 

- Маш олон сургуулийн захирал, удирдах ажилтан халагдсан гэлээ. Хэдэн захирал халагдсан талаар тодорхой мэдээлэл танд байна уу?

- Би "Монголын ЕБС-иудын захирлуудын үндэсний зөвлөл" нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллагын тэргүүний ажлыг хийдэг. Улсын хэмжээнд 700 гаруй ЕБС бий. Манай байгууллага есөн дүүрэг 21 аймагт салбар хороотой.

Архангай, Завхан, Ховд, Баян-Өлгий, Дорноговь, Увс аймагт халаа сэлгээ зохион байгуулагдсан. Зарим захирал шүүхдээд эргээд ажилдаа орсон байгаа. Ингээд ажилдаа ормогц яамнаас аудитын шалгалт ирж байна гэсэн. Тэгэхээр шалгалтаас айж, залхсан багш нар дуугүй болж байгаа. Олон хүн айгаад дугарч чадахгүй байна. Надад бол айх юм байхгүй учраас тэмцэнэ, үнэнийг хэлнэ.

Мөн мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн 17 захирлыг нэгэн зэрэг халсан байгаа юм.

Тиймээс "Монголын ЕБС-иудын захирлуудын үндэсний зөвлөл" ТББ болон МСҮТ-үүд ажил хаях багш нарын тэмцэлтэй нэгдсэн. 

Багш нарын адил захирлууд ч гэсэн тэмцэх хэрэгтэй байна. Захирлуудын ажлыг дүгнэхдээ илт дарж, үр дүнгийн нэмэгдэл авах боломжгүй болгодог болсон. Захирлуулд ажилтайгаа үлдэхийн тулд айгаад чимээгүй л байгаад байна. 

Өөр дээрээ жишээ аваад тайлбарлахад Ц.Цогзолмаа сайд, С.Мөнхөөлэй хоёрын гарт миний амьдрал багтаж байна. Миний үндсэн цалин 741 мянган төгрөг. Хуулийн дагуу би сар тутам 15 хувь, улиралд 45 хувийн нэмэгдэл урамшуулал авах ёстой. 2017 оны ажлаа дүгнүүлээд би 82 хувь буюу “B” үнэлгээ авсан. Ийм үнэлгээтэй захирал сар бүр 20-30 хувийн нэмэгдэл авдаг.  Гэтэл С.Мөнхөөлэй гэдэг хүн надад ур чадварын нэмэгдэл өгөхгүй байгаа. Энэ бол ялгаварлан гадуурхал.

Нэмэгдэл урамшууллыг улстөрийн үнэлэмжээр тогтоож байгаа нь харамсалтай. Миний хувьд "Монголын ЕБС-иудын захирлуудын үндэсний зөвлөл" нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллагын тэргүүний хувиар олон зуун захирлын дуу хоолой болж, боловсролын салбар улстөрөөс ангид байх ёстой гэдгийг илэрхийлж байна.

Монголын ЕБС-иудын захирлуудын үндэсний зөвлөл НҮТББ-аас Ерөнхий сайдад хандан хүргүүлж байсан албан бичиг:

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД
 У.ХҮРЭЛСҮХ  ТАНАА

          Монголын Ерөнхий Боловсролын сургуулийн  захирлуудын үндэсний зөвлөл нь 2016 оны 04 дүгээр сард 21 аймаг, 9 дүүрэгт салбар зөвлөлүүдээ байгуулан ажиллаж байна.
Ерөнхий боловсролын сургуулийн захирлуудын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, сургалт зохион байгуулах, гадаад дотоодын ижил зорилготой байгууллагуудтай хамтран ажиллах, төрийн захиргааны боловсролын төв байгууллагаас захирлын ажлын байрны тодорхойлолтод тавигдах шаардлагыг баримтлан ажиллаж байгаа эсэхэд  анхаарч захирлуудын санал санаачилга, үзэл бодол, дуу хоолойг нэгтгэн ажилласаар байна.
Монгол Улсын төр засгаас өнөөг хүртэл болгосон боловсролын ололт, амжилтыг бататган бэхжүүлж, туршлага, сургамжаа цэгнэн, шинэ зууны аяс хандлагыг харгалзан хөгжлийн болон иргэдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн боловсролын тогтолцоог хөгжүүлэх нь  нэн чухал байгаа энэ үед БСШУСЯ-ны сайд Ц.Цогзолмаа нь боловсролын салбарыг улс төржүүлж, доод шатандаа ЕБС-ийн түвшинд сургалтын бодлого, өдөр тутмын үйл ажиллагааг хямралд оруулж байна.

Мөн улс төрийн томилгооноос болж БСШУСЯ-ны төрийн захиргааны газрын  даргын үүрэг гүйцэтгэгч С.Мөнхөөлэй гэгчээр дамжуулан сайд эрхээ шилжүүлэн  ажлын байрны дарамт үзүүлснээр  ЕБС-ийн удирдлагуудын ажиллах эрч хүч буурч, эрүүл мэнд, сэтгэл зүйн дарамтанд ажиллаж,  багш нарын ажлын эмх цэгцтэй байдлыг алдагдуулж ажлын бүтээмж чанарт дорвитой үр дүн гарахгүйд хүрээд байна.
Монголын сэхээтний давхаргыг сайд болонгуутаа  өвс иддэг үхэртэй зүйрлэж хэлсэн нь багш, удирдах ажилтнуудын дургүйцлийг хүргэсэн. 
Монгол Улсын Ерөнхий сайд нь 2019 оноос нааш багш нарын цалин нэмэх асуудлыг шийдвэрлэх боломжгүй гэж албан ёсоор мэдээлэл  хийж байсан. Гэтэл сайд Ц.Цогзолмаа нь цалин нэмнэ мөн нэг удаагийн зээл чөлөөлнө гэж  үнэн худал нь мэдэгдэхгүй мэдээлэлүүдийг нийгэмд өгч байгаа нь олон түмний дургүйцлийг хүргэж байна. 

Тогтвортой хөгжил-ЕБС-ийн зөвлөгөөн зохион байгуулсан нь ямарч үр дүнд хүрсэнгүй.

Мөн БСШУЯ-ны сайдын 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн А/137 дугаар тушаалын хэрэгжилтийг ханган ажиллаагүй, захирлын ажлын байранд тавигдах ерөнхий шаардлагад нийцээгүй хүмүүсийг томилж зөрчил гаргаж байгаа нь нийслэлийн болон яамны харьяа лаборатори сургууль улсын хэмжээнд  захирлуудад халаа сэлгээ хийж байгаа нь онцгой анхаарах асуудлын нэг болж байна. 

Лаборатори сургуулиудын захирлууд 2014 онд тухайн үеийн сайдтай үр дүнгийн гэрээ, хөдөлмөрийн гэрээ хийсэн.Тэгвэл 3-4 сайдын нүүр үзэж байхад одоог хүртэл гэрээ хийгдээгүй байна. 

Монгол Улсын ЕБС-ийн 700 гаруй захирлуудаас 21 аймаг 9 дүүрэгт ажлаас халагдсан, 3 шатны шүүхээр тогтоогдсоор  байхад одоог хүртэл буцаан томилогдоогүй байгаа нь хууль зөрчиж байна. 
Тухайлбал: Улсын хэмжээнд: Чингэлтэй дүүргийн 23, 29 дүгээр сургууль, Ховд аймгийн лаборатори 1 дүгээр сургууль, Баян-Өлгийн лаборатори, Улаан хус сумын Хөх хөтлийн сургууль, Бугат сумын ЕБС,  Завхан, Өвөрхангай,  СХД-ийн 105, 9,107, 67-р сургууль, Хан-Уул дүүргийн 18, 41, 26-р сургуулиудын захирлуудыг ажлаас халсан.


ТЭРГҮҮН                                 М.ТУУЛСАЙХАН

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.