Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/17-НД НИЙТЛЭГДСЭН

Н.Оюундарь: Нөхөн үржихүйн хуулиар тээгч эхийн асуудлыг нарийвчлан зохицуулна

Б.Цэнд-Аюуш, Үндэсний шуудан
2018 оны 5 сарын 17
Үндэсний шуудан
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын гишүүн Н.Оюундарьтай ярилцлаа.

-Та нөхөн үржихүйн асуудлыг зохицуулах хуулийн төслийг санаачлан боловсруулсан гэсэн. Энэ хуулийн төслийн талаар тодорхой мэдээлэл өгнө үү. Мөн эрүүл мэндийн чиглэлийн хуулиуд хэрэгжиж байхад нөхөн үржихүйн асуудлыг тусад нь хуультай болгох ямар шаардлага байна вэ?

-Манай улсын хууль, тогтоомжид нөхөн үржихүйн эрүүл мэндийг хамгаалах талаар хууль эрх зүйн үндэслэлийг тусгахдаа зохицуулах харилцааг хэт явцуу тодорхойлсон байдаг. Үүнээс шалтгаалж бэлгийн замын халдварт өвчин, үр хөндөлт, үргүйдэл зэрэг нийгмийн дунд тулгамдсан асуудлаас урьдчилан сэргийлэх, хамгаалах, шинэ технологи нэвтрүүлэхэд хууль эрх зүйн цогц арга хэмжээ дутагдалтай байгаа юм.

Тиймээс эдгээр асуудлын шийдлийг тусгасан Нөхөн үржихүйг дэмжих зохицуулалтын тухай хуулийн төсөл боловсруулсан. Хуулийн төсөлд үргүйдлийн тусламж үйлчилгээг сайжруулах, бэлгийн эс авах, үр хөврөлийг хадгалах, хөлдөөх, гэсгээж суулгах, устгах зэрэгт тавигдах шаардлагуудаас гадна донороос бэлгийн эс авах, үр шилжүүлэн суулгах асуудлын зохицуулалтыг тусгасан. Мөн хуулийн ямар нэгэн зохицуулалтгүй ч аль хэдийн бий болчихсон тээгч эхтэй холбоотой заалтуудыг оруулсан байгаа.

Тухайлбал, тээгч эхээр хүүхдийг тээлгүүлэн төрүүлэх харилцаанд тавигдах шаардлага, захиалагч эцэг, эх болон тээгч эхэд тавигдах шаардлага, тэдний хооронд байгуулах гэрээнд зайлшгүй тусгах заалт, тээгч эхээр хүүхэд төрүүлэхэд хориглох зүйл, үүний нууцлал зэрэг зохицуулалт орсон.

-Нөхөн үржихүйн эрүүл мэндийн гол асуудал нь Бзхө-өөс гадна үргүйдэл гэдгийг салбарын мэргэжилтнүүд хэлсэн. Хуулийн төсөл боловсруулахдаа энэ асуудлыг олон талаас нь судалж үзсэн байх. Манай улсад үргүй нь тогтоогдсон хэчнээн хүн байна вэ. Үүний гол шалтгаан нь юу байна вэ?

-Үргүйдэл нь эрүүл мэндэд шууд нөлөөлж амь насанд аюул учруулахгүй ч хувь хүний нөхөн үржихүй, гэр бүлийн тогтвортой байдал, амьдралын чанарт сөрөг нөлөө үзүүлдэг эмзэг асуудал. 2010 оны байдлаар дэлхий даяар 48.5 сая хос, хөгжиж буй орнуудад дөрвөн хос тутмын нэг нь үргүйдэлтэй нь тогтоогдсон судалгаа байдаг Манай улсын хувьд түүврийн аргаар 4,000 хүнээс судалгаа авахад 7.5 хувь нь үргүйдэлтэй гэсэн дүн гарсан.

Судалгаанд хамрагдаагүй, далд байгааг тооцвол 10-11 орчим хувь нь үргүйдэлтэй гэж үзсэн байна лээ. Насны ангиллаар нь авч үзвэл 25 хүртэлх насанд 3.7 хувь, 25-29 насанд 4.7 хувь зэргээр нас ахих тусам үргүйдлийн тархалт нэмэгдэх хандлагатай байгаа. Манай улсын үргүйдэлтэй иргэдийн дийлэнх нь 30-44 насны хүмүүс байна. Үүний 35 хувь нь эрэгтэй хүнээс хамааралтай байгаа юм.

Судалгааны үр дүнгээр үргүйдлийн хамгийн том шалтгаан нь бэлгийн замын халдварт өвчин болон химийн хортой нөхцөлд ажиллах байсан. Манай иргэд шинэ хүнс бараг хэрэглэдэггүй. Дандаа л удаан хугацаагаар хадгалахад зориулсан хүнс хэрэглэж байна. Хүнсийг удаан хугацаагаар хадгалахын тулд ямар нэгэн химийн бодис хийдэг. Энэ бүхэн үргүйдэлд нөлөөлдгийг мэргэжлийнхэн хэлдэг.

-Хуулийн төсөлд тээгч эхтэй холбоотой харилцааг тусгасан гэсэн. Яг ямар зохицуулалт оруулж байгаа юм бэ. Тээгч эхийн бизнес бий болж болзошгүй гэсэн болгоомжлол байдаг шүү дээ?

-Манай улсад үргүйдэл болон эмэгтэйчүүдийн эрхтэн тогтолцооны өвчлөлөөс хамааран тээгч эхээр хүүхэд тээлгэж, төрүүлэх харилцаа бий болчихсон. Тээгч эх хэрэгтэй олон хүн байдаг учраас ийм харилцаа үүсэх нь цаг хугацаанаас л хамаарч байгаа юм. Тухайлбал, эмэгтэй хүн хавдраар өвдөж, химийн эмчилгээ хийлгэвэл өндгөн эс дахиж боловсордоггүй. Тиймээс тухайн эмэгтэйг химийн эмчилгээнд орохоос өмнө өндгөн эсийг хөлдөөж, хадгалаад өндгөн эсийн банк үүсгэнэ.

Химийн эмчилгээгээ хийлгэж, хавдраа эмчлүүлсний дараа хөлдөөж, хадгалсан өндгөн эсийг ашиглаад тухайн хүнийг хүүхэдтэй болгох боломжтой болох юм. Эрэгтэй хүн ч гэсэн хавдрын эмчилгээ хийлгэвэл эр бэлгийн эс гардаггүй. Тиймээс үрийн шингэнийг нөөцөлж, хадгалж болно. Энэ тохиолдолд өндгөвчнөөс нь өндгөн эсийг авч, нөхрийнх нь эстэй нийлүүлээд өөр хүнээр тээлгэдэг Тээгч эхийг хэрхэн олох, ямар хүн тээгч эх байх ёстой гэдгийг хуульд маш тодорхой зааж өгнө.

Хүн бүхэн тээгч эх байхгүй. Тээгч эхийг ойрын хамаатан садан байхаас гадна өмнө нь хүүхэд гаргасан байх ёстой байхаар хуульчилж байгаа. Ямар ч эмнэлэг тээгч эхийн нөөцтэй байхгүйгээр хуульчлах саналтай байгаа. Ингэх юм бол тээгч эхийн бизнес болчхож магадгүй. Ийм байдалд хүргэхгүйн тулд гэр бүлүүд тээгч эхээ өөрсдөө олно гэсэн үг.

-Хүүхдээ тээгч эхэд тээлгэж төрүүлэхэд бичиг баримтын асуудал үүсдэг гэсэн. өөрөөр хэлбэл, тухайн хүүхэд өөрийнхөө аав, ээжээр биш, төрүүлсэн ээжээрээ овоглодог гэсэн. Энэ асуудлыг зохицуулах заалтыг хуулийн төсөлд оруулж байгаа юу?

-Тээгч эхээс төрсөн хүүхэд аав ээжийнхээ нэрээр овоглож чаддаггүй. Тухайн төрсөн ээжээрээ төрсний гэрчилгээ авдаг учраас жинхэнэ аав, ээж нь үрчилж авдаг. Энэ мэт бичиг баримтын хувьд зохицуулах шаардлагатай асуудлууд их байна. Эдгээр асуудлыг хуульд тодорхой тусгана.

-Тээгч эхтэй холбоотой харилцааг өнгөрсөн нэгдүгээр сард УИХ-аар баталсан донорын тухай хуульд тодорхой тусгаагүй юм уу?

-Нөхөн үржихүйн эрүүл мэндийг хамгаалах, хүн амын өсөлтийг дэмжих зорилгоор үргүйдлийг эмчлэх, орчин үеийн нөхөн үржихүйд туслах аргыг ашиглах, хязгаарлах, талуудын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, эрх зүйн үндсийг тодорхойлсон бие даасан хуулийг Донорын тухай хуулиас тусад нь батлан гаргах шаардлагатай байгаа юм.

Сүүлийн үед үр шилжүүлэн суулгах, тээгч эхээр хүүхдээ тээлгэн төрүүлэх харилцаанд эрх зүйн орчин дутагдалтай байгаагаас нэлээд маргаан гарах болсон талаар салбарынхан ярьж байгаа. Тиймээс нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал болж байгаа нөхөн үржихүйн эрүүл мэнд, үүнээс шалтгаалсан олон харилцааг зохицуулахаар ийм хуулийн төсөл боловсруулсан юм.

-Нөхөн үржихүйн асуудалд эмэгтэйчүүдийг буруутгах хандлага их байдаг. Тухайлбал, гэр бүл болоод хоёр гурван жил болоход хүүхэд төрүүлэхгүй байвал эмэгтэйг нь илүү буруутгадаг. харин бодит байдал дээр үргүйдэл нь эмэгтэй 50 хувь, эрэгтэй 50 хувийн шалтгаантай байгааг та ярилцлагын өмнө хэлсэн. Энэ талаар тодруулахгүй юу?

-Хүмүүсийн уламжлалт хандлагаас үүдэж зөвхөн эмэгтэйгээс шалтгаантай гэж бодох тохиолдол бий. Гэхдээ сүүлийн үед ийм хандлага багасаж байгаа байх. Нөхөн үржихүйн үйл ажиллагааны алдагдал эрэгтэй 50, эмэгтэй 50 хувийн шалтгаантай байдгийг эмч, мэргэжилтнүүд ярьдаг. Эмэгтэйчүүд нь эмнэлэгт үзүүлж, харуулж асуудлаа мэдээд авчихдаг.

Харин эрэгтэйчүүд ер нь л эмнэлэг, тэр дундаа нөхөн үржихүйн асуудлаар эмчид үзүүлэхгүй байх нь бий. Гэтэл судалгаагаар монгол эрчүүдийн 7.5 хувь нь үргүйдэлтэй байна гэж гарсан байна лээ. Үүнд тамхи, архины хэрэглээ, химийн хорт нэгдэл, бэлгийн замын халдварт өвчин ихээхэн нөлөөлж байгаа юм билээ.

Зураг