Хоёр ойтой хүүхдийн шүд эмтэрч унаад байх юм яах вэ, Найман сартай хүүгийн маань шүд цухуйдаггүй, яадаг юм билээ гэсэн асуулт ээжүүдийн дунд хөвөрнө. АШУҮИС-ийн Нүүр, ам судлалын сургуулиас Монгол Улсын хэмжээнд тав хүртэлх настай хүүхдийн 94, 12 хүртэлх настай хүүхдийн 84 хувь нь шүдний өвчлөлтэй гэсэн судалгаа гаргажээ. Хүүхдийн сүүн шүд 13 настайд нь бүрэн солигдож дуусдаг. Тэгвэл манай улсад сүүн шүдтэй бараг бүх хүүхэд өвчтэй байгаа гэсэн үг юм.
Бага насны хүүхдүүдийн дунд шүд цоорох өвчин ингэж их тархсан нь сүү, цагаан идээний хэрэглээ сүүлийн 20 жилд 40 хувиар багассан, чихэрлэг, өтгөрүүлсэн ундааны хэрэглээ 2-3 дахин нэмэгдсэн зэрэг олон шалтгаанаас үүдэлтэй. Эцэг, эхчүүд хүүхдийнхээ амны хөндийн эрүүл мэндэд анхаарал хандуулдаг ч мэдлэг дутмагаас шүдний өвчлөл нэмэгдэх болжээ. Хүүхдийг бор хоолонд орж, шүд нь ургасны дараа ч угжаар хооллох, хөхөө хөхүүлж унтуулах нь шүд цоорох бас нэг том шалтгаан болдог тухай мэргэжилтнүүд ярьж байна. Тиймээс бага насны хүүхдийн амны хөндийн эрүүл мэнд, хүүхдийн шүдийг хэрхэн зөв арчлах талаар “Удвап Дент” шүдний эмнэлгийн эмч Б.Болорчимэгийн зөвлөгөөг хүргэе.
-Угжнаас болж хүүхдийн шүд цоордог талаар тодорхой мэдээлэл өгөх үү?
-Угж гэхээсээ илүү хөхний сүүнээс болж их үүсдэг ийм цооролтыг “угжны цооролт” гэж нэрлэдэг. Хүүхдийн шүдийг цоолж байгаа бактериуд нүүрс ус, чихрээр тэжээгдэж байдаг. Харин хөхний сүү нь байгалийн гаралтай ч гэсэн чихэрлэг учраас байнга аманд байх нь бактери үүсэх нөхцөлийг бүрдүүлнэ. Хүүхдийг шөнөдөө босоод 1-2 удаа хөхүүлэх нэг өөр, дэргэдээ авч унтах бас өөр л дөө.
Манай ээжүүд байнга хүүхэдтэйгээ хамт байж чаддаггүй учраас шөнө дэргэдээ авч унтдаг. Ингэхлээр хүүхэд ээжийнхээ хөхийг амандаа хийгээд унтдаг, сэрээд л нэг хөхчихөөд буцаж унтаад байдаг. Энэ нь шөнийн турш аманд нь сүү байж, бактери үржих таатай нөхцөл үүсгэж байгаа юм. Харин том болсон хүүхдийн хувьд хөхдөг соруултай аяганд ундаа, чихэртэй уух зүйл хийвэл шүд цоороход нь их нөлөөлдөг. Тиймээс хор багатайгаар нь цэвэр ус хийж уулгаж дадахыг эцэг эхчүүддээ зөвлөмөөр байна.
-Хүүхдийг хэдэн настайгаас нь эхлэн шүдний эмнэлэгт үзүүлэх хэрэгтэй вэ?
-Цахиур шүд нь цухуйж гарч ирснээс хойш улирал тутамд үзүүлж байх хэрэгтэй. Хүүхдийн сүүн шүд хурдан ургадаг учраас үзүүлэх бүрт нь ерөнхий шинжилгээ хийгээд, цоорох аюултай байвал арга хэмжээ авч, нас насанд нь тохирсон зөвлөгөө егдөг. Дөнгөж цухуйж гарч ирж байгаа цахиур шүдийг сойзоор угаагаад байж болохгүй шиг гурван настай хүүхдийн шүдийг арчаад орхиж болохгүй. Тогтмол үзүүлж байж тохирсон зөвлөгөө, арчилгаагаа авч чадна.
-Одоо үед хүүхдэд огт чихэр өгөхгүй байна гэдэг хэцүү. Чихэр өгөх нас насны тохиромжтой хэмжээ гэж байдаг уу?
-Хүүхдэд чихэр огт өгөхгүй, хориод байж болохгүй л дээ. Хүүхэд чихэр идсэнээр аз жаргалтай болдог. Томчууд бид нар ч ядарсан үедээ чихэр идэхээр сэргэдэг шүү дээ. Хамгийн гол нь чихэр гэж зөвхөн гадуур зарж байгаа ууталсан чихэр, ундааг хэлж болохгүй.
Хүүхдийн идэж ууж байгаа хүүхдийн будаа, талх, нарийн боов гэх мэт маш олон хүнсэнд далд чихэр байдаг. Ингэхээр өдөрт нэг удаа чихэр өгч болно гэдгийг хоол хүнстэй нь холбож ойлгох хэрэгтэй. Өдөрт огт чихэр өгөөгүй хоол, сүү цагаан идээ өгсөн бол хүүхдэдээ чихэр өгч болно. Идсэнийх нь дараа амыг нь зайлж, шүдийг нь цэвэрлэх хэрэгтэй.
-Хүүхдийн хэдэн настайгаас шүдийг өөрөөр нь угаалгах ёстой вэ?
-Зургаан нас хүртэл шүдийг нь угааж өгөх хэрэгтэй. Гэхдээ дөнгөж цахиур цухуйнгуут нь нүүр, аманд нь хүрээд шүдийг нь угаах гэхээр хүүхдүүд дургүйцдэг. Тиймээс эхнээсээ л буйлыг нь арчаад, амыг нь цэвэрлэх зэргээр дасгаж, дадал суулгавал шүд ургаж эхлэх үед сурчихсан байдаг. Хүүхдүүд хоёр, гурван нас хүрэхээрээ сойзоо булаацалдаад, өөрөө угаах гээд ирдэг л дээ. Энэ үед сойзыг нь өгч, өөрөөр нь угаалгана. Дараа нь өөрөө хүрэхгүй хэсгүүдийг нь цэвэрлэж, оогоор угааж өгөх хэрэгтэй. Тэгэхгүй бол хүүхдүүд өөрөө угаахаар сойзоо зөв барьж чадахгүй учраас зарим шүдэндээ хүрч чадахгүй дутуу орхидог тал бий.
-Хүүхдийн шүдийг өөрөөр нь угаалгахаар жимсний амттай оогоо идчихээд байдаг. Ямар төрлийн оо, хэр хэмжээтэй байвал зохистой вэ?
-Эцэг эхчүүд хүүхдийн ооны сонголтод их анхаардаг. Гэтэл бактери гэдэг маань амьд биет болохоор амьд үлдэхийн тулд шүдтэй барьцалдаж, наалдсан байдаг. Үүнийг нь эхлээд механикаар буюу сойзоор цэвэрлэж унагах хэрэгтэй. Шүдний оог бага насны хүүхдүүдэд фтороор нь дамжуулж шүдийг хатууруулах гэж л хэрэглэдэг.
Бактерийг нь унагаагүй байж оогоор угаагаад байна гэдэг нь бээлий өмсчихөөд гараа тослоод байгаатай яг ижил. Иймээс хүүхэд шүдээ өөрөө угаасны дараа юм уу, шүдийг нь угааж цэвэрлэж өгчхөөд ооноос нь бага зэргийг түрхэж, угаах хэрэгтэй.
-Хүүхдийн шүд далий муруй ургах, зайтай ургахад юу нөлөөлдөг вэ?
-Эмчид тогтмол үзүүлж, зөвлөгөө авдаг ч хүүхдийн ясан шүд муруй, давхардаж ургаад байх тохиолдол бий. Энэ нь бидний амьдралд гарсан хооллох соёлын өөрчлөлттэй холбоотой юм. Хүүхдийн сүүн шүд жижигхэн, хорин ширхэг байдаг бол ясан шүд 28-32 ширхэг хэмжээгээрээ сүүн шүднээс 1.5-2 дахин том байдаг.
Хүүхдүүдийг хатуу хоол зажлуулж, ааруул идүүлэх нь их чухал. Хатуу хоол зажлах тусам хүүхдийн эрүүний булчин хөгжиж, булчин нь ясаа татаж томруулдаг. Гэтэл одоо үед ийм хатуу хоол идэхээ больсноос болж байнгын шүдэнд зай гарахгүй, хаа хамаагүй ургаад байдаг.
-Ээжүүд хүүхдэд хоол хөргөж, хахах вий гэж бодсондоо зажилж өгдөг. Үүнээс болж хүүхдийн шүд цоордог уу?
-Энэ бол маш буруу. Монголчуудад хамгийн түгээмэл тохиолддог. Япон бол шүдний өвчлөл 90 гаруй хувьтай эмчилсэн улс. Ингэхдээ тэд эмэгтэй хүнийг жирэмсэн болохоос нь өмнө бэлтгэж, шүдийг нь эрүүлжүүлдэг. Жирэмсэн болсон хойно нь ч эмчийн хяналтад шүдийг нь эрүүл байлгадаг. Ингэж эхийнх нь шүдийг эрүүл байлгаснаар хүүхдийн шүдний өвчлөл хэд дахин буурч байгаа судалгаа гарсан.
Харин манай улсад эцэг эхчүүд хүүхдэдээ хоолыг нь зажилж өгдөг, халбагыг нь долоодог, угж нь уналаа гэхэд аваад амандаа хийчхээд өгдөг. Хүүхэд төрөхдөө амандаа бактеритай төрнө гэж байхгүй шүү дээ. Аав, ээж, эмээ, өвөө нь хүүхдийг хооллохдоо ингэж бактериа дамжуулдаг. Иймээс хүүхдийг өөрийн гэсэн аяга, халбагатай байлгаж, хоолыг нь амаараа дамжуулж өгөхгүй байх нь чухал.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!