Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/11-НД НИЙТЛЭГДСЭН

Х.Батжаргал: Сэргээгдэх эрчим хүчний салбарт тарифын хөнгөлөлт эдлэх боломжтой

Т.Саран, iKon.mn
2018 оны 4 сарын 11
iKon.MN
 
Гэрэл зургийг mpa.mn

"Сэргээгдэх эрчим хүч, уур амьсгалын өөрчлөлт” хэлэлцүүлэг өнөөдөр боллоо. Хэлэлцүүлэгт Эрчим хүчний сайд Ц. Даваасүрэн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н. Цэрэнбат, Эрчим хүчний зохицуулах хорооны удирдлагууд, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сангийн судлаачид, Монголд үйл ажиллагаа явуулж байгаа сэргээгдэх эрчим компанийн төлөөлөл оролцсон юм. 

Ингээд хэлэлцүүлэгт оролцогчдын байр суурийг хүргэж байна. 

БОАЖЯ-ны төрийн захиргааны удирдлагын газрын дарга Х.Батжаргал "Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах чиглэлээр хамгийн гол үүрэг гүйцэтгэж байгаа салбар бол сэргээгдэх эрчим хүч. Хүлэмжийн хийн ялгарал уур амьсгалын өөрчлөлтөд маш их үүрэг гүйцэтгэж байгаа.

Хүлэмжийн хийн ялгарлыг хамгийн их эзэлж байгаа салбар нь эрчим хүч, дараа нь хөдөө аж ахуйн салбар орж байна. Эрчим хүчний салбарыг дэмжих тал дээр дэлхий даяар санхүүгийн механизм давхар ажилладаг.

Өнөөдрийн хэлэлцүүлгийн үеэр сэргээгдэх эрчим хүчийг дэмжихийн хажуугаар санхүүгийн механизмыг зөв зохистой ашиглах, тарифын бодлогод эерэг өөрчлөлтүүдийг авчрах, нөгөөтэйгүүр уур амьсгалын өөрчлөлтөд гарч байгаа сөрөг нөлөөллийг сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлснээр багасгах зэрэг асуудлыг хэлэлцэж байна.

Сэргээгдэх эрчим хүчний хувьд хамгийн чухал асуудал бол сэргээгдэх эрчим хүчний тарифын асуудал байдаг. Тухайн эх үүсвэрийн хөрөнгө оруулалт өндөр байдаг учраас сэргээгдэх эрчим хүчний үнэ тариф өндөр байдаг. Сэргээгдэх эрчим хүчний салбарт олон улсын буцалтгүй тусламж зэрэг олон төрлийн механизмыг ашиглаж байгаа учраас тарифын хөнгөлөлт эдлэх боломжтой" гэлээ. 

Монгол Улсын хэмжээнд:

  • Нийлбэр чадал нь 20 мвт бүхий хоёр нарны  цахилгаан станц
  • Нийлбэр чадал нь 100 мвт бүхий хоёр салхин цахилгаан станц
  • 0.38 мвт-аас 12 мвт хүртэлх дөрвөн усан цахилгаан станц зэрэг сэргээгдэх эрчим хүчний 145.4 мвт-ын нийлбэр чадал бүхий 8 үйлдвэрлэгч 2017 онд 262.2 сая квт.ц цахилгаан эрчим хүч нийлүүлж, эрчим хүчний системийн суурилагдсан хүчин чадлын 11.8 хувийг эзэлж байна. 

Монгол Улсын сэргээгдэх эрчим хүчний хүчин чадал 120 МВт-д хүрээд байна

 
Гэрэл зургийг mpa.mn

Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан "Сүүлийн жилүүдэд Монгол Улсад сэргээгдэх эрчим хүчний чиглэлийн төслүүдийг хэрэгжүүлэхэд төр, хандивлагч орнууд, олон улсын санхүүгийн болон хөгжлийн байгууллагуудтай хамтран ажиллах замаар хувийн хэвшлийг дэмжиж энэ салбарт тодорхой ахиц гарч байна. 

2011 оноос эхлэн сэргээгдэх эрчим хүчний салбарт томоохон хөрөнгө оруулалтууд хийгдсэний үр дүнд 50 МВт-ын “Салхитын салхин цахилгаан станц”, Дархан-Уул аймгийн 10 МВт-ын нарны цахилгаан станц, Улаанбаатар хотын ойролцоо 10 МВт-ын нарны цахилгаан станц ашиглалтанд орж Төвийн бүсийн эрчим хүчний системд цахилгаан эрчим хүчийг тогтвортойгоор нийлүүлж байна. Мөн Өмнөговь аймгийн Цогтцэций сум дахь 50 МВт-ын хүчин чадалтай хоёр дахь салхин цахилгаан станцын барилгын ажил явагдаж байна. 

Цаашид сэргээгдэх эрчим хүчний ашиглалтыг нэмэгдүүлэх, нар, салхи, ус зэрэг сэргээгдэх эрчим хүчний томоохон төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Төрөөс эрчим хүчний салбарт баримтлах бодлого 2015 онд Улсын Их Хурлаар батлагдсан бөгөөд нийт эрчим хүчний үйлдвэрлэлд сэргээгдэх эрчим хүчний эзлэх хувь хэмжээ 2020 он гэхэд 20 хувь, 2030 он гэхэд 30 хувьд хүрнэ гэж заасан байна. 

Өнөөдрийн байдлаар Монгол Улсын сэргээгдэх эрчим хүчний хүчин чадал 120 МВт-д хүрээд байгаа юм. Хэдийгээр манай улсад сэргээгдэх эрчим хүчний салбар хөгжих таатай боломж, эерэг үзүүлэлтүүд гарч байгаа ч тулгамдаж буй асуудал болоод бодлогын зохицуулалт, мэргэжлийн боловсон хүчин дутмаг байна" гэв.