Оюу Толгойн хөрөнгө оруулалтын гэрээ /2009/ болон Дубайн гэрээ /2015/ -тэй холбоотой АТГ-ын мөрдлөгийн тухай Монголын Бизнесийн зөвлөлөөс мэдэгдэл гаргаад байна. Бид мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэж байна.
МОНГОЛЫН БИЗНЕСИЙН ЗӨВЛӨЛИЙН МЭДЭГДЭЛ
Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээ /2009/ болон Дубайн гэрээ /2015/ -тэй холбоотой
АТГ-ын мөрдлөгийн тухай
Монголын бизнесийн зөвлөл (МБЗ) нь тогтвортой, шударга, ил тод бизнесийн орчинг үргэлж дэмжин ажилладаг. Чухал үйл явдлуудыг цаг тухай бүрт мэдээлж байх нь манай гишүүдэд төдийгүй бизнесийн өргөн хүрээнд өндөр ач холбогдолтой билээ.
Өнгөрөгч Ням гарагт МБЗ-ийн Удирдах зөвлөлийн дарга Б.Бямбасайханыг баривчилж, АТГ-ын өргөдлийн дагуу Монгол Улсын шүүхийн шийдвэрээр цагдан хорих хугацааг 30 хоногоор сунгасан. Одоогийн байдлаар АТГ-ын мөрдөн байцаалт явагдаж байгаа тул тодорхой мэдээлэл гармагц бид гишүүд та бүхэндээ цаг тухайд нь мэдээллэх болно.
Щвейцарын банкны асуудал болон Оюу толгойн Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөг /Дубайн гэрээ/ АТГ-ын зүгээс хооронд нь холбоотой хэмээн хэвлэл мэдээллээр мэдэгдсэнд бид ихээр санаа зовж байна. Оюу толгойн Хөрөнгө оруулалтын гэрээ 2009 оны 10-р сард зурагдсан бөгөөд Б.Бямбасайхан нь 2010-р оны 8 сард буюу уг гэрээ байгуулагдсанаас хойш Монголд ирсэн гэдгийг мэдэгдье.
МБЗ-ийн Гүйцэтгэх хороо Б.Бямбасайханы ёс зүйт шударга занд бүрэн итгэж байгаа бөгөөд 2012 оноос хойш өнөөг хүртэл МБЗ-ийг удирдан ажиллаж байгаад талархалтай байдаг. Б.Бямбасайхан нь Монголын нийгэмд чухал хувь нэмэр оруулж байгаа манлайлагч төдийгүй хоёр намын удирдсан засгийн газруудад нэр төртэйгөөр зөвлөхөөр ажиллаж байсан.
МБЗ-ийн гишүүд болон хамтрагч түншүүдээс Б.Бямбасайханд үзүүлж буй дэмжлэг мөн анхаарал тавьж буйд Гүйцэтгэх хорооны гишүүд Бид талархаж байгаагаа илэрхийлье.
Үүний зэрэгцээ гишүүн байгууллагууд болон нийгэм, эдийн засгийн эерэг үр дүнгийн төлөө МБЗ үйл ажиллагаагаа тогтвортой үргэлжлүүлж байгааг мэдэгдье.
МБЗ-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ХОРОО
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!