Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/19-НД НИЙТЛЭГДСЭН

ЗГ-аас товлоогүй Дүнжингарав уралдаанд 9 хүүхэд унаж, 3 нь эмнэлэгт хүргэгджээ

Б.УЧРАЛ, iKon.mn
2018 оны 3 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Гуравдугаар сарын 18-ны өдөр буюу Ням гарагт хурдан морины Дүнжингарав уралдаан Говьсүмбэр аймгийн Баянтал суманд зохион байгуулагджээ. Өмнөх жилүүдэд Дүнжингарав уралдааны тов, болох газрыг Засгийн газраас албан ёсоор тогтоож, хоёр өдрийн турш зохион байгуулдаг байсан боловч энэ жил ямар нэгэн тов тогтоогдоогүй байхад Монголын Морин Спорт Уяачдын Холбооноос тус уралдааныг зохион байгуулсан байна. 

Уралдааны үеэр 9 хүүхэд мориноос унаж, гурав нь эмнэлэгт хүргэгджээ. 

 
Гэрэл зургийг mpa.mn

Энэ талаар ЦЕГ-ын нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны ахлах мэргэжилтэн Ц.Баатарболд "Монголын морин спорт уяачдын холбооноос хүсэлт гаргасны дагуу цагдаагийн алба хаагчид Говьсүмбэр аймгийн Баянтал суманд өчигдөр болсон хаврын бүсийн Дүнжингарав морин уралдаанд очиж нийтийн хэв журмыг сахиж ажиллалаа. Хурдан морины уралдаан өглөөний 07:00-21:00 цаг хүртэл үргэлжилсэн. Эрлийз, их нас, соёолон, азарга гэсэн дөрвөн насны морьд уралдсан.

Тухайн уралдааны талбай нь хуурайшилт, тоосжилт ихтэй байснаас шалтгаалан газар цөмрөх, салхинд цохиулах зэргээс шалтгаалан есөн хүүхэд мориноос унаж, гурав нь эмнэлэгт хүргэгдсэн. Одоогийн байдлаар цагдаагийн байгууллагад ил харагдах гэмтэл шархтай, хугарч гэмтсэн хүүхдийн талаар мэдээлэл ирээгүй байна.

Цагдаагийн байгууллагын зүгээс урлаг, спортын арга хэмжээг хориглох хуулийн заалт байхгүй. Хүсэлт гаргасныг үндэслэн гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийгмийн дэг журам сахиулах чиглэлээр хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэсэн.

Уралдаанд оролцсон хүүхдүүд 10-13 насных байв. Энэ үеэр цагдаагийн байгууллагын 110 алба хаагч, 23 автомашинтайгаар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 25, Онцгой байдлын 25 албан хаагч тус тус үүрэг гүйцэтгэсэн" гэв.

Дүнжингарав уралдааныг нэг өдөр шахаж зохион байгуулсан учир орой 21:00 цагт хүртэл үргэлжилж, сүүлчийн морьд харанхуйд барианд оржээ. Харанхуйд уралдаж буй бичлэгүүдийг олон нийтийн сүлжээнээс танд хүргэж байна. 

Харин Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас 14:00 цагт уралдааны талаар албан ёсны мэдээлэл өгнө, түүнээс өмнө мэдээлэл өгөхгүй гэв. Тэд 12 наснаас дээш хүүхдүүдийг уралдуулах шаардлага тавьж ажилласан боловч Цагдаагийн байгууллагаас 10 настай хүүхдүүд байсан тухай ийнхүү мэдээллээ. 

Засгийн газраас 2018 оны нэгдүгээр сарын 28-нд өвлийн улиралд хурдан морины уралдаан зохион байгуулахыг хориглосон шийдвэр гаргасан тухай бид мэдээлсэн. Мөн жил бүрийн хаврын тэргүүн сарын шинийн 3-ны өдрөөс тавдугаар сарын 1 хүртэл хугацаанд болох уралдаан, сунгаанд 12 хүртэлх насны хүүхдийг морь унуулахыг хориглосон билээ.