Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/03-НД НИЙТЛЭГДСЭН

Хүүхдийг чийрэгжүүлэх 5 зөвлөгөө

hedu.mn
2018 оны 3 сарын 3
HEDU.MN

Олон ээжүүд хүүхдийнхээ дархлалыг яаж дэмжих вэ?  Ямар эм өгөх вэ?  гэж асуудаг.  Хүүхэд өвчин ороомтгой байх нь дархлаа буюу биеийн эсэргүүцэх чадвар муудсантай холбоотой байдаг.

Тэгвэл та хүүхдээ дархлаа сайтай, хүн болгож өсгөхийн тулд эмээр бус байгалийн аргаар чийрэгжүүлж эхлэх хэрэгтэй. Хүүхдийг чийрэгжүүлэхэд шаардлагатай 5 аргыг танилцуулж байна. Та бага насны хүүхэдтэй бол туршаад үзээрэй.

1.БҮҮ БЭГНЭ

 

Анхны хүүхдээ өлгийдөж авсан ээжүүд, өвөө эмээ нар хүүхдийг бэгнэх  хандлагатай байдаг. Даарчих вий гэсэн хайраас нь үүдэлтэй энэ сэтгэлийг буруутгаж болохгүй ч хүүхэд өөрийн дулаан зохицуулах системтэй учир бидний л адил халуунд нимгэн, хүйтэнд зузаан хувцас өмсөх ёстой.

Хувцсыг багаас нь орчиндоо тохирсон хувцас өмсгөж дасгах нь олон өвчнөөс сэргийлэх сайн талтай. Олон давхар хувцас өмсөх тусам агаарын солилцоо мууддаг бөгөөд хүүхэд хөлөрч хувцсаа тайлсны дараа салхинд цохиулж, ханиад хүрэх, хатгаа авах эрсдэлтэй.

Хувцас нь хүүхдийн биед эвтэйхэн салхи нэвтрүүлдэг, даавуун хувцас байх нь тохиромжтой. Зун цагт халуун өдөр бол цайвар өнгийн хувцас өмсгөнө. Учир нь бараан өнгийн хувцас нарны гэрлийг шингээдэг тул халууцуулах, наршуулах эрсдэлийг дагуулдаг гэдгийг санах хэрэгтэй.

Мэдээж хүүхдийн хувцсыг орчных нь температуртай зохицуулах шаардлагатай. Чийрэгжүүлж байгаа энэ гэж хүйтэнд нимгэн эсвэл даарахаас болгоомжилж халуунд олон давхар хувцас өмсгөхийн аль аль нь аюултай. Хүүхдийн хувцсыг багаас нь тохируулж, дасгах хэрэгтэй. Хэрэв хүүхдийг багаас нь бигнээд сурчихсан бол давхар хувцсыг аажим аажмаар нимгэлж, орчинд нь дасгах нь зүй.

2. ХӨЛ НҮЦГЭН БАЙЛГАХЫГ ХИЧЭЭ

 

Хүүхэд  2-3 сар хүрснээс эхлэн арьсан доорх эдийн хөгжил эрчимжиж, дулааныг зохицуулах чадвартай болж эхэлдэг. Энэ үеэс эхлэн хүүхдийн хөлийг нүцгэн байлгахыг хичээх хэрэгтэй. Гэхдээ нэг мөсөн бүх оймсыг нь тайлах биш давхар оймсыг нь тайлах, эсвэл нимгэн оймс өмсүүлэх гэх мэтээр аажим дасгасаар хүүхдийг хөл нүцгэн байлгаж сургаарай.

Хөл нүцгэн байгаад сурчихвал хоолойны ангина тусах магадлал маш их багасдаг. Хүйтэн шалан дээр хөл нүцгэн яваад даарчихлаа гэж бүү санаа зовоорой. Хүүхэд нэгэнт хөл нүцгэн байгаад дасчихсан бол бие нь дулааны  зохицуулах, хамгаалалтаа өөрөө хийгээд сурсан байдаг. Гол нь та аль болох багаас нь энэ мэт дадалд сургаарай.  

3. АГААРТ ИНГЭЖ ГАРГА

 

Агаар бол хүүхдийг чийрэгжүүлэх үнэгүй бөгөөд хүртээмжтэй, үр дүнтэй арга. 1-3 сартай хүүхдийг өдөрт 3-4 удаа 10-15 минут агаарт гарга. Харин гадаа 15-18 хэмээс доош хүйтэн  нөхцөлд гадаа гаргаж хэрэггүй.

Гадаа хүйтэрч, гарч болохгүй болсон үед   өрөөний салхивчийг нээж агааржуулж байх шаардлагатай. Хүүхдийг 2 сартайгаас нь өрөөний температурыг 18-19 хэмээс эхлэн аажим бууруулсаар 3 нас хүрэхэд 15-16 хэмд хүргэх ба хүүхэд дасаж ийм температурт цочрохоо больдог.

Нярай хүүхдийг өдөрт 3-5 минутаар эхэлж аажим уртасгасаар 30-45 минут болгох нь тохиромжтой.

4. НАРНЫ ТУЯАНЫ АЧ ТУС

 

Нарны туяа нь хүүхдийн цусны найрлагыг сайжруулах, бие махбодын хамгаалал,дархлалыг идэвхжүүлэх, арьсны гадны хортой үйлчлэлд тэсвэрлэх чадварыг дээшлүүлэх ач холбогдолтой.

Түүнчлэн нарны туяаны нөлөөгөөр арьсан доор Д витамин үүсдэг бөгөөд энэ витамины  биед дэхь хэмжээ хэвийн байгаа тохиолдолд  хүүхэд рахитаар өвдөхгүй.

Наран шарлагыг 2 нас хүртэл хүүхдэд хэрэглэхгүй бөгөөд сүүдэр газар байлгах нь тохиромжтой эс бөгөөс нарших эрсдэлтэйг санагтун.

Наран шарлагыг 19 хэмийн дулаанд 1 минут хэвлийг, 1 минут нурууг нийт 2 минут шарна. Цаашид шарах хугацааг 2 өдөр тутам 1 минутаар уртасгасаар  3 нас хүрэхэд нь 15-20 минут болгох тохиромжтой. Наран шарлагыг зуны турш дээд тал нь 25-30 удаа хийх  шаардлагатай.

Наран шарлагыг  11 цагийн үед хийх нь хамгийн тохиромжтой. Учир нь энэ үед нарны хэт ягаан туяаны үйлчлэл хамгийн их байдаг.  Наранд шарлага хийж байгаа үед нарны малгай өмсгөж, наршихаас хамгаалахаа мартуузай. Нарны малгайг цагаан, цайвар өнгөтэй байхаар сонгох нь зүй. 

Бараан өнгийн малгай нарны туяаг шингээдэг учир дулааны цохилт өгч, наршилт үүсгэх эрсдэлтэй байдгийг анхаар. 

5.УС Ч БАС ГАЙХАМШИГТАЙ

 

Биеийг чийрэгжүүлэх чухал аргын нэг нь ус байдаг. Хүйтэн ус  арьсан дахь цусны судсууд, улмаар амьсгалын замын судсуудыг агшаан цусан хангамж дутагдан хамгаалалт суларснаар амьсгалын халдвар буюу ханиад томуу, уушгины хатгаа ч тусах эрсдэлтэй.

Харин усан засал буюу чийрэгжүүлэлтийг  тогтмол, удаан хугацааны турш хийсний үр дүнд  хүүхдийн амьсгалын замын судас хүчтэй цочрон агшихаа больж, салхи цохихгүй болдог. Усан заслыг дэс дараатай, тогтмол хийх нь амжилтын үндэс болдог.

Усан заслыг хийх тасалгааны дулаан 18-20 хэм байх нь тохиромжтой.1-3 настай хүүхдэд зун 35, өвөл 36 хэмийн  халуун усаар нойтон арчилт хийж эхэлнэ.

Усны дулааныг аажим буюу долоо хоногт 1 хэмээр бууруулсаар өвөл 26, зун  24 хэм болгох нь тохиромжтой. Гараас эхлэн хөл, цээж, хэвлий гэсэн дарааллаар 2-3 минут арчина. Бүх хэсгийг арчсаны дараа биеийг хуурай болтол дахин арчих шаардлагатай.

Хүүхдийг усан арчилт хийж, бага хэмийн дулааныг даах болсон үеэс УСААР БУЛХАХ  ажилбарыг хийж эхэлдэг.  Хүүхдийг усаар булхахдаа домбо жижиг хувин, шанага гэх мэт хэрэгслээр  дээрээс доош чиглэлээр гоожуулж норгоно. Эхлээд нуруу дараа нь цээж, хэвлийн талыг норгох ба толгойг норгохгүй.

1-3 насны хүүхдийг зун 33, өвөл 34 хэмийн халуун усаар булхаж эхлэх ба зун 3-4 хоног, өвөл 5-7 хоног тутам 1 хэмээр бууруулсаар зун 25, өвөл 28 хэм болгох нь тохиромжтой. Нэг удаагийн заслын үргэлжлэх хугацаа нь 30-90 секунд байна. 

Ус гоожуулмагц судас агшсаны улмаас арьсны өнгө цайх боловч хэсэг хугацааны дараа судас өргөсөх тул улайж эхэлдэг.   Үүний дараа хүүхэд сэргэлэн цовоо хэвээр байвал зөв,үр дүнтэй болжээ гэж үзэж болно. Харин ажилбарын дараа арьс цайрч хөхрөх, хүүхэд чичрэх зэрэг даарсан шинж илэрвэл энэ ажилбарыг цаашид хэрэглэх нь тохиромжгүйгээр үл барам хортой.

Ажилбарын дараа даарсан шинж  гарвал биеийг улайж, халуу оргитол нь хуурай алчуураар арчих хэрэгтэй.  

Зураг