Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/28-НД НИЙТЛЭГДСЭН

Ш.Гүрбазар: “Хөх тойрог” нэвтрүүлгийн баатар, зохиогч нь ард түмэн юм

Г.Өлзийхутаг, iKon.mn
2018 оны 2 сарын 28
iKon.MN

“TV2” телевиз, Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, яруу найрагч Ш.Гүрбазартай хамтран дэлхийд тархсан Монголчуудаа эрэн сурвалжлах мөн хүний амьдралын ээдрээтэй хувь заяа, хүн фиолсофийн тухай “Хөх тойрог” төслийн нээлтийг өнөөдөр эхлүүллээ.

 “Хөх тойрог” гэж хүний тухай хүний философийн тухай энэ том төслийнхөө нээлтийг хийж сууж байгаадаа их олзуурхаж их огшиж байна
 
Гэрэл зургийг mpa.mn

"TV2 телевиз Ерөнхий захирал Д.Энхтуяа “Би олон улсын телевизүүдтэй өөрийн биеэр уулзаж хамтын ажиллагааг эхлүүлсэн. Тэр телевизүүдтэй ярилцаж байхад ерөнхийдөө телевизийн нэвтрүүлэг төслийн чиг хандлага энтертаймент шоу хэлбэрлүүгээ нэлээд явж байгаа.

Харин тэд манай монголын телевизүүдтэй юун дээр хамтарч ажиллах хүсэлтэй байсан бэ гэхээр Монголын маш баялаг түүх, нүүдэлчин ахуй соёл, ахуй амьдралыг дэлхий даяар сурталчилаачээ гэж хандсан. Үүнийг нэлээн удаан бодож явсны дараа  “Хөх тойрог” гэж хүний тухай хүний философийн тухай энэ том төслийнхөө нээлтийг хийж сууж байгаадаа их олзуурхаж их огшиж байна” гэв.

Хүний түүх монголчуудын түүхийн тухай нарийн юмнуудыг харуулах нэвтрүүлэг болно
 
Гэрэл зургийг mpa.mn

МУСГЗ Ш.Гүрбазар “Би Монголын телевизийн урлагт 40 жил зүтгэсэн. Үүгээрээ их бахархаж явдаг. Би хамгийн шинэ телевизтэй энэ 40 жил сурсан, мэдсэн зүйлээ гаргаж гоё юм хийх юмсан гэж бодож явсан. Энэ залуу шинэ хамт олонтой хамтран энэ төслөө эхлүүлэх болсондоо баяртай байна.

Би монголын телевизийн урлагт эерэг нийтлэлийн чиглэлийн нэвтрүүлэг хийсэн. Энэ байдлаас маань монголын ард түмэн надад итгэж олон захидал ирүүлдэг. Бид одоо хүний философийн тухай хүн гэдэг бодгаль тэр таагдашгүй нууцлаг зүйлийн тухай нэвтрүүлэг хийх болжээ гэсэн бодол надад төрсөн.

Хөх тойрог гэдэг бол сүүлийн гурван жилийн хугацаанд бодож явсан төсөл юм. Хүн гэдэг ямар гайхамшигтай юм бэ, ямар нууцлаг дуусашгүй намтар түүхтэй юм бэ гэдэг зүйлийг хийхийн тухай юм. Харин бидний бүтээх гэж байгаа энэ “Хөх тойрог” нэвтрүүлэг, контентийн баатар, зохиогч нь ард түмэн юм. Тийм учраас Монголын ард түмэн минь та бүхэн манайд хандаарай.

Та бүхэн өөрийнхөө нандин гэсэн зүйлээ бидэнд хэлж тэрийг чинь бид хүнд хүргэе. Хүний түүх монголчуудын түүхийн тухай нарийн юмнуудыг харуулах нэвтрүүлэг болно. Энэ нэвтрүүлгийн бүхэлд нь базаад харах юм бол Монгол хүнээрээ бахархах хүний ертөнцийг үзэх үзлээрээ бахархах, хүн гэдэг гайхамшигтай зүйлийн талаар өгүүлэх юм” гэлээ. 

Монголчууд ядуудаа, амьдрал хайсандаа энэ таван тивээр тэнэж амьдраад байгаа юм биш
 
Гэрэл зургийг mpa.mn

Түүхийн ухааны доктор, профессор, Төрийн соёрхолт Д.Өлзийбаатар “Монголчуудын түүх бол зөвхөн Монголчуудын түүх биш. Энэ шинэ мянганы дэлхий ертөнцийн төв Монголтой холбогдож ордог. Бид бол жижиг ард түмэн биш. Бид агуа их түүхтэй асар баялаг өв соёлыг тээсэн ард түмэн.

Өнөөдөр бид Хятад, Орос гэсэн хоёр том гүрний дунд оршдог жижиг улс гэж өөрсдийгөө ярьдаг юм. Гэхдээ яг цаад утгаараа бид нарын нутаг дэвсгэрийн хэмжээ, түүхэнд үзүүлж байсан үүргийг аваад үзвэл тэд нараас үргэлж давж явсан. Үүнийгээ одоо бид ярих цаг болсон. Бид хэн нэг аль нэг улсын өгсөн бэлэгний дор байгуулагдсан улс огт биш. Бид асар их тэмцлийн үр дүнд өнөөдрийн энэ тусгаар тогтнолыг энэ 1.5 сая километр нутаг дэвсгэр дээр олж авсан юм. Монголын философи, өв соёл, нүүдэлчин ахуй ёс заншил дэлхийн сонирхолыг үргэлж татаж байдаг.

Өнөөдөр Монгол хүний толгой дээр нар жаргахаа байсан. Учир нь Монголчууд таван тивд амьдарч аж төрж сурч боловсорч чадаж байна. 

Мөн Монголчууд ядуудаа, амьдрал хайсандаа энэ таван тивээр тэнэж амьдраад байгаа юм биш. Харин сурч чадсандаа, амьдарч чадаж байгаадаа дэлхийн хаана хамгийн шилдэг газар байна тэнд очиж амьдарч аж төрөөд байгаа хэрэг. Энэ бол зөвхөн Монгол угсаатан, Монгол төрхтний үйл ажиллагаа биш. Энэ утгаараа “Хөх тойрог” гэдэгт бол үндсэндээ Монголын тойрог, Монголын ертөнц байгаа. Үүнийгээ бид өөрсдөө дотооддоо өөр өөрсдийгөө ойлгож сурталчилахаас гадна, гадаад ертөнцөд Монголыг ойлгуулах ёстой болж байна. Гадаад ертөнц гэдэг нь бидний эргэн тойронд байгаа өөр улсаас эхлээд дэлхий дахин. Энэ ертөнцөд бил өөрсдийнхөө онцлог шинж, соёлыг таниулах зайлшгүй шаардлага гарч ирж үүнийг хэрэгжүүлэх зорилтыг энд тавиад байна.

Харин үүнд маань соёл судлаачид, түүхч гээд бүх хүмүүс идэвхитэй оролцож энэ нэвтрүүлгийн хамт олонтой хамтарч ажиллаж , заавар зөвлөгөө, тус дэм хүргэх хэрэгтэй байна аа гэдгийг мэдэгдэхийг хүсэж байна” гэсэн юм.