Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/28-НД НИЙТЛЭГДСЭН

Nokia, Vodafone компаниуд саран дээр 4G сүлжээ ажиллуулахаар болжээ

Р.Түвшин, iKon.mn
2018 оны 2 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Германы сансар судлалын PTScientists компани сарны гадаргуу дээр роботуудаа буулгахаар бэлдэж байна.

Google компанийн санхүүжүүлдэг Xprize технологийн уралдаанд тэдний дөрвөн дугуйтай робот түрүүлсэн юм. Автомашин үйлдвэрлэгч Audi уг роботуудыг бүтээхэд хамтран ажиллажээ.

2019 онд ийм хоёр роботыг саран дээр, Apollo 17 багийнхны хөл тавьж байсан газарт буулгах юм. Германчууд одоо роботуудынхаа харилцаа холбооны сүлжээг бий болгохоор ажиллаж байна.

Ингэхдээ тэд Nokia, Vodafone компаниудын 4G LTE технологийг ашиглахаар болжээ. Роботууд сарны хөрсөн дээрээс өндөр чанарын видео дүрсээ дэлхий рүү Nokia-гийн станцыг ашиглан дамжуулах ба Vodafone компанийн бааз станц түүнийг нь эх дэлхий дээр хүлээж авах гэнэ. Vodafone-ий станцад нэмж суурилуулсан ALINA (Autonomous Landing and Navigation Module) төхөөрөмж хүлээж авсан дүрсээ Берлин дэх PTScientists-ийн офис руу дамжуулах ажээ.

Нокиагийн бүтээж байгаа сансрын дамжуулах станц нь ердөө нэг килограм хүрэхгүй жинтэй, авсаархан төхөөрөмж байх юм.

4G технологи нь аналог радио холбоог бодвол бага эрчим хүч хэрэглэж, их хэмжээний мэдээлэл дамжуулах чадвартай тул сонгосон гэж мэргэжилтнүүд тайлбарлажээ.

 

Эх сурвалж: Engadget