Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/05-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Лочин: Монголчуудын маань хавсарсан олон өвчин мэс заслын багаж зохион бүтээх сэдэл болсон

Г.Отгонжаргал, Үндэсний шуудан
2018 оны 2 сарын 5
Үндэсний шуудан
Зураг зураг

“Хоймор” булангийн зочноор Дэлхийн оюуны өмчийн байгууллагаас өөрийн зохион бүтээсэн “Нээлттэй болон дурангийн мэс заслын багажнууд’’-аараа “Алтан медаль” хүртсэн Ц.Лочин эмчийг урьж ярилцлаа. Монгол Улсын эрүүл мэндийн салбараас тэрбээр анх удаа энэхүү нэр хүндтэй шагналын эзэн болсон юм.

НАМАЙГ О.СЭРГЭЛЭН, Ж.ЧИНБҮРЭН ТЭРГҮҮТЭЙ ТОМ ЭМЧ НАРТАЙ АДИЛТГАЖ БОЛОХГҮЙ

Яг үнэндээ тэрбээр хамтран ажиллагсдынхаа бараг л “шахалт, шаардлагаар" ярилцлага өгөхийг зөвшөөрч, эмчийн цагаан халаад өмссөнөөсөө хойш анх удаа хэвлэлээр өөрийгөө танилцуулж буй нь энэ юм. Өөрөөр бол тэрбээр “Эмчээ л хийе. Мэс заслаа л сайн хийх минь” гэдэг хатуу бодолтой явдаг гэнэ билээ. Тиймээс ч “Би АШУҮИС -ийг төгссөнөөсөө хойш буюу 2008 оноос эмнэлэгтээ мэс заслын эмчээр ажиллаж байгаа.

Цаг хугацааны хувьд богино, эсвэл урт мэт байж болох ч эмч хүн цаг минут тутамд л суралцаж байх хэрэгтэй. Тэр дундаа, мэс заслын эмч гэдэг бол тасралтгүй суралцаж, өөрөө өөрийгөө боловсруулах ёстой мэргэжил. Тийм болохоор арван жил ажиллачихлаа. Одоо мундаг болсон гэж хэзээ ч бодохгүй” гэснээр бидний ярилцлага эхлэв. Ингэж овоо сайхан яриа хөөрөөтэй эхэлсэн уулзалт маань “Он солигдох мөчөөс эхлээд Монгол Улсын эрүүл мэндийн салбарын ажилтан, ажиллагсад ер нь нийт монголчуудын маань хувьд эмч нарын тухай олон сайхан мэдээг сонсож хамтдаа баярлалаа.

Жишээ нь, УНТЭ-ийн Элэг шилжүүлэн суулгах үндэсний багийн ахлагч, АШУҮИС-ийн Анагаах ухааны сургуулийн Мэс заслын тэнхимийн эрхлэгч, анагаахын шинжлэх ухааны доктор, профессор О.Сэргэлэн эмч дэлхийн мэс заслын байгууллагуудыг нэгтгэдэг хамгийн том байгууллага болох “American College of Surgeons”-aac жил бүр тодруулдаг дэлхийн шилдэг таван эмчийн нэгээр шалгарлаа. Сая гэхэд Хавдар судлалын үндэсний төвийн ерөнхий захирал, профессор Ж.Чинбүрэн эмч Францын Мэс заслын академийн Хүндэт гишүүн болсон байгаа.

Үүний араас та өөрийн зохион бүтээсэн мэс заслын багажаараа Дэлхийн оюуны өмчийн байгууллагаас та “Алтан медаль” хүртлээ. Энэ бүх шагнал, хүндлэл зөвхөн та гурвын төдийгүй Монголын эмч нарын чадал чансаа дэлхий энтэй байгаагийн илэрхийлэл болсон нь мэдээж. Танд бахархах сэтгэгдэл төрж байна уу, өөрөөрөө” гэсэн асуултын дараа нэг хэсэгтээ л ажин түжин болчхов. Нүүрээ нэг шударч, урд байгаа номоо барьж нэг, тавьж нэг байгаагаас нь үзвэл Ц.Лочин эмч маань сандарч байгаа нь тэр бололтой.

Явцын дунд асуух ёстой асуултыг юу, юугүй яараад асуучихсан болохоор арга ч үгүй байх. Гэсэн ч аажимдаа хариултаа нэхэхэд “Ямар хэцүү асуулт вэ" гэчхээд дахиад л таг болчхов. Бодож бодож, бүр нэлээн удаан бодож байж “Сэргэлэн багш маань надад мэс заслын хичээл орж байсан багш маань. Багшийгаа дэлхийн хэмжээний мэс заслын эмч гэдэг шагнал авахад үнэхээр их баярласан, бахархсан. Би энэ хүний шавь гэж бодохоор их сайхан байдаг. Тэр дундаа, миний дипломын хамгаалалтад сууж байхдаа их олон үнэтэй зөвлөгөө өгч, зааж зөвлөж байсан. Одоо ч гэсэн эрдмийн ажилд маань зааж зөвлөж яваа. Яах аргагүй тэр шагналыг авахад хамгийн их баярласан хүмүүсийнх нь нэг нь би.

Ж.Чинбүрэн докторын тухайд манайхан монгол эмч нарын ур чадвар муу байна, өөр орны эмч нар л сайн гэж ханддаг болсон ийм үед үнэхээр бид нарын нэрийн хуудас болж яваа эмч. Хүн болгон л Монголынхоо эмч нарыг муулж, шүүмжилж байгаа ийм үед Чинбүрэн эмч маань Францын мэс заслын эмч нарын нийгэмлэгийн Хүндэт гишүүн болсноор бид нарыг өөрөөр харах цонх болж өглөө гэж боддог. Миний хувьд өөрийгөө яаж ч бодсон энэ хоёр хүнтэй, ер нь бол бүх том эмч, багш нартайгаа жишиж, адилтгахгүй.

Тэгж ч болохгүй. Харин яг үнэнийг ний нуугүй миний хувьд саяхнаас л энэ том шагналыг авсандаа итгэж эхэлж байна. Эхний 20 орчим хоногтоо бол Швейцараас, Дэлхийн оюуны өмчийн холбооноос өөрийн бүтээсэн мэс заслын багажаараа алтан медаль хүртлээ гэдэгтээ итгэж өгөхгүй байсан. Итгэхэд их хэцүү л байдаг юм билээ. Медалиа авчхаад харин жаахан ч гэсэн итгэсэн шүү” хэмээв.

Дэлхийн өвчтөнөөс МОНГОЛ ӨВЧТӨН ӨӨР БАЙГАА НЬ БАГАЖ БҮТЭЭХ САНААГ ӨГСӨН

Яг үнэндээ Ц.Лочин эмчтэй ярилцаж байх зууртаа “Мэс заслын багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж гэдэг хамгийн л төгс хувилбараараа орчин цагт хэрэгжиж байгаа байх. Гэтэл үүнийг монгол эмч шинээр, тэр дундаа өөрсдийн нөхцөлд тааруулж зохион бүтээнэ гэдэг бас их сонин юм” гэдэг талаас нь итгэл үнэмшил нэг их сайн тогтож өгөхгүй байсан тул учрыг лавлахад тэрбээр “Дэлхийн өвчтөн, түүнээс монгол өвчтөн бас их өөр. Манай өвчний хүндрэл, хавсарсан өвчлөлөөс үүдээд багаж хэрэгслийн боломж бололцооноос үүдээд хүндрэл гардаг” гэдэг содон сонин тайлбар хийнэ билээ.

Тэр тухай нь тодруулахад “Мэдээж мэс заслын багаж төхөөрөмж хөгжлөө дагаад улам сайн болж байгаа нь үнэн. Гэхдээ монгол хүний нэг онцлог байдаг. Энэ нь манайхан дандаа оройтсон, хүндэрсэн хойно нь эмнэлэгт ирдэг. Өндөр хөгжилтэй оронд болохоор эрт илрүүлэг сайтайн дээр иргэд нь өөрсдөө урьдчилсан сэргийлэх үзлэгт идэвхтэй хамрагддаг учраас мэс заслын явцад хүндрэл гарах нь бага байдаг. Гэтэл манай эмнэлэгт гэхэд ихэвчлэн орон нутгаас хүндэрсэн өвчтөнүүд ирдэг. Энэ хэрээр эрсдэл бага гаргах, олон талын хүндрэлийг мэс заслын явцад хүндрэлгүй шийдэж болох багаж хэрэгсэл илүү хэрэгтэй болдог.

Манайхан гол төлөв хавсарсан өвчинтэй болсон байдаг гэдгийг ойлгох хэрэгтэй. Намайг анх эмч болсон цагаас эхлээд академич Н.Баасанжав, тасгийн эрхлэгч Б.Алтангэрэл, анагаах ухааны доктор Г.Баяраа гээд багш нар маань намайг хамгийн хунд гэсэн хагалгаандаа авч ордог байсан. Тэр үед багаж хэрэгсэлтэй холбоотой хүндрэл их гарна. Мэс засал гэдэг дан ганц эмчийн ур чадвараас шалтгаалдаггүй. Яг тулсан үед мэс заслын багаж хэрэгслийн дутагдал хамгийн хэцүү байдаг. Тэр болгоныг хараад “Энэ багажийг ингээд өөрчилчихвөл гэдэг ажлын нөхцөлөөс үүдэж л хийж эхэлсэн миний ажил байгаа юм” гэсэн билээ.

ӨМНӨД СОЛОНГОСООС УРАМ “ТЭЭЖ” ИРСЭН

“Гэхдээ би саяхныг хүртэл өөрийгөө гайгүй багаж зохион бүтээчихлээ гэж боддоггүй байсан. Харин 2013 онд Өмнөд Солонгост болсон мэс заслын эмч нарын чуулга уулзалтад анагаах ухааны доктор, профессор, миний эрдмийн ажлын удирдагч багш Г.Баяраа багшийнхаа зөвлөгөөгөөр яваад ёстой нэг урам төрсөн. Өмнө нь үнэндээ “Би хийсэн" гэж хэлэхээс ичээд байдаг байлаа.

Тэгэхэд тэр уулзалтын үеэр танилцуулсан солонгос эмч зөвхөн дурангийн хагалгааны үед цөсний хүүдийг хавчаад хэвлийн дотор хананаас хавчаад унжуулдаг загасны дэгээ маягийн багаж танилцуулсан нь, дэлхийн том том мэс заслын эмч нарын цугларалтын үеэр дуулиан болж байсан. Тэгэхэд л би яг үнэндээ өөртөө урам өгсөн шүү” хэмээн овоо нэг нээлттэй ярьж эхлэх үед нь учрыг нь тодруулж асуувал Ц.Лочин эмч тухайн үед буюу 2013 онд цөсний хүүдийнээс чулуу авах, хавчигч гээд өөр өөрийн зориулалт бүхий есөн төрлийн багаж зохион бүтээсэн байсан учраас өөрийгөө ихэд тоосон нь тэр аж.

Харамсалтай нь, солонгос эмч нэг багажаа сурталчилж чадаж байхад харин монгол эмч өөрийн зохион бүтээсэн, эмчилгээнд хэрэглэж байгаа есөн төрлийн багажаа дэлгэж, танилцуулалгүй зөвхөн дотор хүндээ урам аваад буцаад нисчихсэн байгаа юм. Гол нь ийн дуугүй байх шалтгаан нь нөгөө л хөрөнгө мөнгөтэй холбоотой. Ингээд гол сэдэв рүүгээ чамгүй удаан хугацааны дараа халж орсон ярилцлагаа бүрэн эхээр нь хүргэе.

НАДАД УРАМ ГЭХЭЭС ИЛҮҮТЭЙ АЙДАС, ХАРИУЦЛАГА ХОЁР Л БАЙНА

-Эмчилгээний багаж, тоног төхөөрөмжийг яаж ч бодсон авто машины эрэг, шурагтай харьцуулах аргагүй. Наад зах нь, урвал өгөхгүй байхаас эхлээд шалгуур байдаг байх. Энэ талаар та дэлгэрэнгүй ойлголт өгөөч?

-Хамгийн хэцүү нь л багаж хийх материал сонгох. Хүний биед хүргэхэд урвалд орохгүй байх, ариутгал авах чанар, нэг өвчтөнөөс нөгөөд хэрэглэхэд халдвар дамжуулахгүй байх чанар гээд олон зүйл бий. Энэ хэрээр эмчилгээний багаж тоног төхөөрөмжийн металл нь өөрөө их өндөр үнэтэй байдаг. Миний хувьд цаашид хувиасаа аваад хийгээд байхад хэцүү. Түвэгтэй асуудал. Иймд “Шинжлэх ухаан, технологийн сан”-гаас зөвхөн хоёрхон багаж дээр маань санхүүжилт өгөхөөр болсон.

Энэ дэмжлэгт маш их баярлаж байгаа. Одоо ядаж л энэ хоёр багажаараа олон улсын оюуны өмчийн гэрчилгээ авахаар ажиллаж байна. Үйлдвэрлэлд илүү өргөн нэвтрүүлье гэхээр асар их мөнгө хэрэгтэй. Үндсэндээ миний хувьд ядаж хоёр багажаараа ч болов олон улсын оюуны өмчийн патент авах зорилготой байгаа.

-Энэ шагналаараа дамжуулаад шууд оюуны өмчийн гэрчилгээг авах боломж байхгүй юу?

-Байхгүй ээ. Оюуны өмчийн патент тусдаа багаж тус бүр дээрээ 10 мянган ам.доллар төлөх хэрэгтэй. Гэтэл миний цалин чинь 800 орчим мянган төгрөг. Тэгэхээр өөрийнхөө нэр дээр авах ямар ч боломж байхгүй. Уг нь авдаг бол надад өнөөдөр 16 төрлийн багаж байна. Харин “Шинжлэх ухаан, технологийн сан”-гаас хоёр төрлийн багаж дээр маань олон улсын оюуны өмчийн гэрчилгээ гаргуулахаар дэмжихээ илэрхийлсэн.

“Шинжлэх ухаан, технологийн сан”-гаас бүр өөрсдөө ярьж, Д.Энхжаргал захирал санал тавьж, дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэнд маш их баяртай байгаа. Манай АШУҮИС-ийн О.Сэргэлэн тэргүүтэй эрдэмтэн багш нар маань Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны эрдэмтдийн зөвлөлд байдаг юм билээ. Сая л мэдсэн. Яамны хуралд нь орох үед илүү их дэмжиж өгсөнд бас л их баярласан.

-Таны хоёр багажийг тус, тусад нь 50 ширхэг үйлдвэрлэхээр болсон гэж дуулсан?

-Цөсний ерөнхий сувгийн чулууг авдаг болон цөсний ерөнхий сувагт гуурс хийдэг гэсэн хоёр багаж байгаа. Энэ хоёрыг зөвхөн ОХУ болон Солонгос Улс гэсэн ойрын оронд хийлгэхэд нэг нь мянган ам.доллар болно.

-Яг одоо хийчхээд байгаа багажуудынхаа бүх зардлыг өөрөө гаргасан уу?

-Өөрөө, өөрөө. Манай хадам ах маань токарийн үйлдвэртэй, Тэнд нь очиж, бэлдэнэ. Ах маань мэргэжлийн хүн болохоор илүү нарийн багажтай үйлдвэрт аваачиж, туслах үе ч байсан.

-Ер нь энэ багажаараа хэр олон хүнд хагалгаа хийсэн бэ. Үр дүн нь хэр байв?

-Одоогийн байдлаар 30 гаруй өвчтөнд хагалгаа хийчихсэн байгаа. Хагалгааны үед хүндрэл бэрхшээл гараагүй. Энд нэг зүйлийг заавал хэлэх ёстой. Тэр нь эмчилгээний тоног төхөөрөмж, багажийн ариутгалыг манай Улсын гуравдугаар эмнэлгийн удирдлагууд дэлхийн хэмжээнд хүргэж чадсан. Энэ нь өөрөө эмнэлэгт, тэр дундаа мэс заслын эмчилгээний үр дүн, аюулгүй байдлын нэг том нөхцөл болж өгдөг.

-Гэхдээ, Лочин эмчээ эмчилгээний багаж хэрэгслийг тодорхой шалгуур, үзүүлэлт, зөвшөөрлөөр хэрэглэдэг байх л даа. Та тэр бүх зөвшөөрлийг нь авсан уу?

-Авалгүй яахав. Оюуны өмчийн газраас патентаа авсан. Ном журмынх нь дагуу явж байгаа. Үр дүнгийн тухайд мэс заслын хугацааг богиносгох, хагалгааны дараа хүндрэл үүсгэхгүй байх, эдгэрэлтийн хугацааг богиносох гэх мэт тодорхой үзүүлэлтээр мэдээж тооцно.

-Тэгвэл энэ багажны давуу тал, энэ бүх үзүүлэлт нь хэр байгаа вэ?

-Хагалгаа рентгений өрөөнд хийгддэг. Тэр хэрээр баг хамт олон маань хагалгаа удахын хэрээр хордлого их авна. Хоёрдугаарт, өвчтөнд хэрэглэдэг унтуулгын бодис цаг хугацаанаасаа хамаараад эргээд бас их хор нөлөөтэй.

Хамгийн гол нь өвчтөнд бага гэмтэл учруулж, эдгэрэлтийг нь хурдасгах хэрэгтэй. Энэ болгонд эерэг нөлөө өгсөн. Жишээ нь, нэг өвчтөн 30 хоног гуурстай явбал ямар байх вэ гэдгийг та бодоод үзээрэй. Монголын орчин ямар билээ. Хэцүү шүү дээ.

-Таны багажийг хэрэглэснээр гарсан үр дүн?

-Ер нь бол 5-6 хоногт гэртээ харих боломжтой.

-Ямар ч хүнд амжилт олохын хэрээр өөрөөрөө бахархах, бас их хаа нэгтээ хашхирмаар ч юм шиг сэтгэгдэл төрдөг гэдэг. Мэдээж урлагийнхан ингэж хэлэх нь олон. Эмч хүний амжилтаа үнэлэх үнэлэмж өөр байна уу, үгүй юү?

-Надад айдас, хариуцлага хоёр л байна. Түүнээс бус өөрийгөө мундаг гэж бодож байгаа юм алга. Яаж эрдэмтэн багш нарынхаа өмнө алдаа гаргачихгүй ажиллах вэ. Хүний амьдралыг зовлонд унагаачих вий, амь насыг нь яаж ийгээд аварна даа гэсэн хариуцлага л байдаг. Тэгээд ч энэ бүх багаж бол эцсийн төгс хувилбар биш шүү дээ. Үүнийг бас та ойлгоорой. Илүү сайн болгох бодол бий. Тэр олон хувилбараа эмчилгээнд нэвтрүүлчих зорилго мэдээж бий.

-Та тэгвэл эмчээсээ илүүтэй багаж хэрэгслээ зохион бүтээх ажилдаа анхаардаг юм уу гэсэн бодол танд төрдөг үү?

-Дэлхийн түүхэнд мэс заслын эмч нар өөрсдөө багаж хэрэгслээ зохион бүтээж ирсэн түүх бий. Грек, Ромын үеэс л мэс заслын эмч нарын бүтээл улам бүр сайжирч, шинээр бүтээгдсээр өнөөдрийн төвшинд хүрсэн. Тийм болохоор хамтдаа л явна даа.

-Тэгвэл “Лочин” гэдэг мэс заслын багажийг дэлхийн эмчилгээнд нэвтрүүлэх боломж бий юү?

-За даа, тэр ч хэцүү байх аа. Зөвхөн нэг багажны олон улсын оюуны өмчийн патентын үнэ 10 мянган ам.доллар гээд бод л доо. Олон улсын оюуны өмчийн гэрчилгээгээ авчихвал олон улсад гарахад хэцүү биш байх. Гэхдээ боломж нь өөрөө надад алга. Миний сарын цалин хэд билээ. Би хэлсэн дээ. /инээв/

-Үүнд харамсалтай санагдах үе байх уу. Магадгүй та чадахгүй ч хэн нэг бизнесмен таны багажийн 10 мянган ам.долларыг нь төлөөд өөрийн нэр дээр авах хувилбар бас байж болно шүү дээ. Гэхдээ таны нэр дээр биш өөрийнх нь нэр дээр гэдгийг бодоход?

-Уг нь ямар ч хүн өөрийнхөө бүтээлийг өөрийнхөө нэр дээр бүртгүүлбэл сайхан л даа. Бизнесмен хүн бол ашгаа л бодно. Гэтэл эмнэлэг гэдэг чинь өөрөө ашиг харж болдоггүй салбар. Хоёрдугаарт, өвчтөн нэг өвчнөөс салах гэж байгаад өөр архаг хууч өвчтэй болж үлдэж болохгүй гэж боддог. Нээлттэй хагалгаанд орсны дараа гэхэд гэдэс нь дүүрээд, сорви үлдээд дахиад чулуу үүсэх эрсдэлтэй. Иймд аль болох энэ бүх хүндрэлийг нэг дор шийдчих санаатай л багажаа зохион бүтээсэн.

Мэс засал гэдэг өөрөө их хүнд салбар. Яагаад гэхээр өвчтөнд заавал гэмтэл үүсгэж байж эмчилдэг, эдгээдэг. Тийм болохоор миний хамгийн том эрхэм зорилго бол бага гэмтэл үүсгэж, бага цаг хугацаанд үр дүнтэй эдгээх боломж олгоё гэдэг л бодол. Ингэж бодохоор үнэндээ энэ багаж олон л үйлдвэрлэгдэж байвал хэний нэр дээр байх нь надад нэг их чухал биш санагдДаг. Аль болох олон хүний амь насыг аварч л байвал баярлана.

-Гэхдээ та өөр улсад байсан бол хагалгаа бүрээсээ дунджаар 1,000 ам.доллар аваад өлхөн энэ бүх багажаа өөрийн нэр дээр бүртгүүлж дөнгөнө шүү дээ. Миний бодлоор чадалтай, чансаатай эмч нар нь иймэрхүү асуудлаа нээлттэй ярьдаг байх ёстой юм шиг санагддаг. Алийн болгон чимээгүй эмчилгээгээ хийгээд, хүнд загнуулаад суух вэ дээ?

-Уучлаарай, миний хувьд энэ бол өнөөдөр ярих сэдэв биш байх аа. Түрүүн О.Сэргэлэн, Ж.Чинбүрэн эмч нарын талаар асууж байсан. Тэр хүмүүс бол харин энэ асуудлаа ярих ёстой байх. Миний хувьд хаа байсан юм болоогүй.

Ямар ч тохиолдолд би “Миний бүтээсэн багажийг дэлхий үнэлчихлээ. Надад ийм өндөр цалин өг" гэж хэлэхгүй. Гол нь л илүү олон хүмүүсийн эмчилгээнд тус болчих юмсан гэдэг ганц бодол л байна.

-Та удам дамжсан эмч үү?

-Үгүй ээ, аав маань цахилгааны инженер. Ээж минь худалдааны мэргэжилтэй. Манай удамд эмч байгаагүй.

-Та их даруухан хүн бололтой. Үг унагах гэж бас нэлээн л юм болж байна шүү?

-Байгаа нь л энэ. Өмнөх ажлаа л хариуцлагатай хийе гэж боддог. Эмчилгээгээ хариуцлагатай хийх тухай л боддог. Манай мэргэжлийн онцлог ч байж магадгүй. Гэхдээ Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн ахын маань надад зориулж хэлсэн нэг үг их ташуур болсон гэж боддог. Би бага хүүтэй нь их сайн найзууд. Н.Алтангэрэл багш маань ч Б.Лхагвасүрэн ахтай их найз. Багш бид хоёр аав, хүү шиг л болсон болохоор Б.Лхагвасүрэн ахтай их ойр байдаг.

-Танд гол нь юу гэж хэлсэн юм бэ?

-Намайг нэг удаа очиход бүр зорьж “Хамгийн арчаагүй эр хүн он цагийг хүлээдэг” гэж хэлсэн.

-Юунаас болж?

-‘‘Лочион, чи ийм олон юм хийчхээд он цагийг хүлээж яах гээд байгаа юм бэ. Хийсэн бол тэрийгээ ил гарга, улам ихийг бүтээ” гэсэн. Битгий өөрөө өөртөө, дотроо байгаад бай гэсэн. Дараа нь өөрийнхөө номон дээр “Лочион, миний дүү хүний өмнө, тэнгэрийн өмнө итгэл хүлээсэн эмч байгаарай” гэж бичээд гарын үсгээ зураад бэлэглэсэн. Лхагвасүрэн ахынхаа энэ хоёр үгийг би өр нь байнга боддог.

-Аав, ээж тань харин?

-Бөөн баяр л байна. Ээж, эмээ хоёр маань их сургууль төгсөхөд хоёулхнаа баярласандаа уйлаад л байсан. Бусад аав, ээжүүд инээж, алга ташаад л. Одоо ч адилхан даа. Гэхдээ энд нэг зүйлийг зориуд хэлмээр байна.

-Юуг?

-Монгол Улсын Мэс заслын холбооны ерөнхийлөгч, академич Н.Баасанжав багш маань анхны мэс заслын багажийг хийсэн хүн гэж боддог. Зүрхний хагалгаанд хэрэглэдэг хоёр ч багаж хийсэн түүхтэй. Миний эрдэм шинжилгээний ажлын маань удирдагч. Ярилцлагадаа заавал оруулж өгөөрэй.

Би л Монголдоо анх удаа мэс заслын багаж зохион бүтээчихсэн юм шиг ойлгогдвол бас муухай шүү дээ. Миний хувьд багш нарынхаа үйл хэргийг зөв, сайхан үргэлжлүүлэхийг хичээж яваа л залуу эмч. Үүнээсээ урам аваад харин “Мэс заслын багажнууд" гэсэн ном бичиж эхэлсэн.

-Таны анхны ном уу?

-Үгүй ээ, хоёр дахь нь.

-Эхнийхээ номыг тэгвэл танилцуулаач?

-“Нойр булчирхайн өвчлөлт үрэвсэл” гэж ном бичсэн. Одоо бол хавдрын өвчний эмчилгээ тодорхой болчихлоо. Мэс засал хийнэ. Эсвэл химийн эмчилгээ хийнэ. Харин нойр булчирхайн өвчний тухайд манайд болон хуучин социалист системийн орнуудад үхэлд хүргэдэг өвчин болчхоод байна. Би эрдэм шинжилгээний ажлаа энэ өвчнийг эмчлэх эмчилгээний аргаар хийж, 2016 онд магистраа хамгаалсан.

Үргэлжлүүлээд докторын ажил хийж байна. Миний хийсэн гурван багаж тусдаа энэ өвчний эмчилгээнд ашиглагдаж байгаа. Би өөрөө эмээгийн хүүхэд. Эмээдээ зориулж энэ номоо бичсэн. Балбармаагийн Сайнхүү гэж эмээ маань намайг өсгөж, хүн болгосон сайхан буурай бий.

-Хоёр дахь номоо хэнд зориулж гаргах гэж байна?

-Мэс заслын эмч болохоор суралцаж байгаа оюутнуудад зориулна даа.

-Эмээгийн хүүхэд гэхээр зөөлөн тал руугаа юу?

-Зөөлөн, зөөлөн. Бас их амархан уйлна.

-Гэхдээ өвчтөнүүддээ хааяадаа хатуурхана биз?

-Янз бүр дээ. Эмч гээд нэг их хатуурхаад загнаад байсан удаа байхгүй. Аль болох ойр дотно байхыг хичээдэг. Гэхдээ бас хатуурхах үедээ хатуурхана. Үгэнд ордоггүй, эмчилгээний дэглэм барьдаггүй өвчтөн олон. Тэр нь эргээд өвчнийг нь хүндрүүлээд байгааг ойлгохгүй бол загнана аа, бас. Ер нь манайхан эмчийг нэг үг хэлчихээр “Загналаа, ёс зүйгүй” гээд байдаг. Би энэ талаар харин ганц үг хэлчихмээр байна аа.

-За?

-Манай монголчууд чинь бас л араншин хэцүү хүмүүс. Уг нь эмч хүн хэзээ ч өөрийнхөө төлөө өвчтөнг загнаж, хатуурхдаггүй. Тэр хүнийг аль болох хурдан эдгээж, өвчнөөс нь салгахын тулд л шаардлага тавьдаг.

Гэр бүлийг нь элэг бүтэн байлгахын тулд хурдан босож алх, ийм хоол идэхгүй, тийм дэглэм барь, сахиураа гарга, цэвэрхэн бай гэдэг шаардлага тавьдаг. Хагалгааны дараа аль болох цэвэр ариун орчинд байх хэрэгтэй. Гэтэл маск зүүх шаардлагыг хүртэл манайхан хүлээж авахдаа их хэцүү. Тэгээд шаардлага тавихаар муу, муухайгаар дуудаад эхэлдэг.

-Та ер нь хэр загнуулж байна?

-Байнга шүү дээ.

-Одоо дөжирч байна уу?

-Үгүй ээ, би аливаа нэг шүүмжлэлийг өөр талаас нь олж харахыг хичээдэг. Би өөрөө өөрийгөө харж чадахгүй болохоор надад асуудал байна уу гэж хардаг. Гэхдээ хааяа бас хэцүү, хэцүү.

-Эргээд Дэлхийн оюуны өмчийн холбооноос өгсөн “Алтан медаль” руу ороход ер нь та яаж яваад багажаа явуулсан байсан юм бэ?

-Манай улсын Оюуны өмчийн газраас явуулсан. Тэр саналын дагуу бараг жил гаруй хугацаанд шалгаж, нягталж, өөр орны зохион бүтээсэн багажтай харьцуулж харж, хуулж уу, үгүй юу гэдгийг судалж байж хариу ирүүлдэг юм билээ. Тэндээ давхар шүүгээд “Алтан медаль” олгосон гэж ойлгосон. 1974 оноос хойш 2000 хүнд “Алтан медаль" олгосны нэг нь миний багажнууд болсон. Манайхаас гэхдээ 19 инженер өмнө нь энэ шагналыг авч байсан.

Эрүүл мэндийн салбараас бол минийх анх удаа гэж ойлгосон.

-Дахиад асуухад патентаа яах гэж байна?

-Эмнэлгийн удирдлагууд маань баяр хүргэж уулзахдаа цаашид дэмжинэ. Патентын эрх авах ямар боломж бололцоо байна. Тэр бүхнийг судалж үзнэ гэж хэлсэн. Манайх ер нь сүүлийн жилүүдэд их шинэчлэгдэж, залуу эмч нараа бэлтгэх, гадаад дотоодод сургах тал дээр их анхаардаг болсон болохоор бас боломж байна уу гэж харж байгаа.

-Таныг мэс заслын багажаас гадна эмчилгээний хэд, хэдэн арга шинээр нэвтрүүлсэн гэж дуулсан?

-Бас ярих ёстой юу. Яадаг юм бол доо.

-Ярьсан л зүгээр дээ?

-За, хүнд хэвлийн хагалгаа хийхээр наалдац гэж үүсдэг. Үүнээс болоод хүндрэл үүсэж, эргээд түгжрэх тохиолдол олон байдаг. Н.Баасанжав багштайгаа 2011 онд хамт дүүд нь мухар олгой хагарсан хагалгаанд ороход “Түгжрэл үүснэ дээ. Хүнд байна” гэхэд нь би “Багшаа, эмийн нэг арга байна аа" гэснийг багш маань хэрэглэхийг зөвшөөрч, хагалгааны дараа эрсдэл үүсээгүй. Тэр том багш маань надад итгэж, тэр наалдац үүсгэхгүй эмийн бодисыг хэрэглэсэнд маш их баярладаг.

Одоо бол манайх тогтмол хэрэглэж байгаа, Асар их үр дүнтэй. Гэдэсний хагалгааны дараа наалдац үүснэ. Тэдгээрийг салгах гэж нэмэлт хагалгаанд оруулдаг, хүндрэл үүсэх тохиолдол ерөнхийдөө байхгүй болсон. Өөр нэг арга нь хөлийн хийт өвчний үед хөлийг тайрдаг мэс засал хийдэг байсныг гуурс суулгаж, хийг соруулж авах замаар эдгээдэг болсон.

Энэ эмчилгээний үр дүнд хөлөө тайруулах бус бүрэн эдгээд, хөлөөрөө алхах боломжтой болж байна. Өчигдөр гэхэд ийм оноштой байсан өвчтөн маань “Таны буянаар хөл дээрээ алхдаг боллоо" гэж ирээд надтай зургаа авхуулаад явсан. /өвчтэй байгаа болон эдгэсэн үеийнх нь зургийг үзүүлэв/ Энэ миний хамгийн их ач холбогдол өгдөг эмчилгээний арга.

-Өвчтөн тань ирээд "Баярлалаа” гэхээр бас их баярлана биз?

-Баярлана аа. Сүүлийн үед хаа очиж эргэж уулзаад “Баярлалаа” гэх хүмүүс олон болоод байгаа шүү. 

-Танай эмнэлэг дээр сүүлийн жилүүдэд эрчимтэй шинэчлэл хийгдэж байгаа гэж Ц.Төмөр-Очир захирал ярьж байсан. Танд үр дүн нь хэр мэдрэгдэж байна вэ?

-Мэдрэгдэлгүй яахав. Ялангуяа залуу эмч нарыг дэмжих тал дээр үнэхээр өөр болсон. Сүүлийн гурав, дөрвөн жил нэлээн олноор нь гадагшаа явуулж сургаж байна. Зөвхөн эмч гэлтгүй мэс заслын багийг багаар нь явуулдаг болсон. Би ганцаараа яваад бүгдийг эндээ ирээд хийж чадахгүй.

Эмч, сувилагч, техникийн ажилтан бүгдээрээ багаараа сурч байж илүү сайн амжилттай эмчилгээ хийж чадна. Сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр хангах шинэчлэл ч сайн хийгдэж байна. Дээр нь, Эрүүл мэндийн яам дэргэдээ Эрүүл мэндийн даатгалын санг авсан нь бас их нааштай үр дүнгээ өгөх болов уу гэсэн хүлээлт байна.

-Маргааш таныг гадагшаа сургалтад явна гэж дуулсан. / Бямба гаригт/?

-Францад миний Жак Лагут гэж багш маань байдаг. Багш маань дэлхийд анх удаа дурангийн хагалгаа хийсэн эмчийн дотнын найз нь байсан хүн. Тэгэхээр ямар нэр хүндтэй хүн байх нь ойлгомжтой байгаа биз. Монголд анх хагалгаа хийхэд нь би хамт ороод танилцаж байсан. Тэгэхэд “Танай багаж ямар хэцүү байна аа” гээд 2010 онд иж бүрэн дурангийн хагалгааны мэс заслын багаж бэлэглэж байсан. Одоо ч бид нар хэрэглэж байгаа.

Багш маань “Миний нас өндөр боллоо. Чи залуу хүн. Суралцах хэрэгтэй” гэж яриад Францад сургалтад суух боломж байгаа талаар хэлсэн. Энд Нэгдүгээр төрөхийн Эмэгтэйчүүдийн мэс заслын тасгийн эрхлэгч Д.Өнөржаргал эмч бас их тусалсан. Энэ хоёр хүний тус дэмээр хэт таргалалттай хүмүүсийн таргалалтын эсрэг ходоодны шимэгдэлтийн талбайг багасгах хагалгаанд суралцахаар явах гэж байна даа.

-Таныг Францад үлдэх санал тавивал яана. Мэс заслын тань багажийн патентыг нэр дээр тань авч өгье гээд л?

-Үлдэхгүй ээ. Би эх орондоо хайртай. Монголдоо л байна. Гуравдугаар эмнэлэгтээ л ажиллана. Өмнө нь олон ч газраас санал тавьж байсан. “Цалин өндөр. Хагалгаа бүрээс урамшуулал авна" гээд ярьж л байсан. Надад ерөөсөө эндээс явах тухай бодогдож байгаагүй. Цаашид нөхцөл байдал маань илүү л сайжирч, сайхан болох байх гэж боддог. Тийм болохоор хаашаа ч явахгүй. Илүү өндөр төвшний хагалгааг нутагтаа суурьшуулахын төлөө л энэ эмнэлэгтээ ажиллана.

-Сонирхож харсан тань таны хагалгаанд ашиглагдах багаж тоног төхөөрөмжийн бие эрхтний бүтэц дээр зурсан зураг их гоё харагдсан. Уран зургийн авьяастай юм уу гэмээр. Та өөрөө зурсан уу?

-Миний найз Ж.Хуягбаатар гэж мэс заслын эмч бий. Одоо Баянгол дүүргийн Мэс заслын тасгийн эрхлэгч хийдэг. Найз маань уран зургийн их авьяастай. Би өөрөө ерөнхий загвар гаргаж болох ч хүнд үзүүлэх талаасаа бас их гоё, сайхан байх хэрэгтэй болдог. Бид хоёр хамтдаа суралцсан нэгэн үеийн эмч нар. Миний хувьд ёстой редактор шиг ганц, нэг газар нь баллуурдах төдийхнөөр л санаагаа хэлдэг юм.

-Үеэрээ гэснээс танай үеийн эмч нар хэр эв нэгдэлтэй ажиллаж чадаж байгаа вэ. Зарим эмч нарыг харахад нэг нэгнийхээ эмчилгээний арга барилыг үгүйсгэхээс эхлээд мэргэжлийн зөрчил бас их байгаа нь анзаарагддаг?

-Үнэнийг хэлэхэд эмч, эмчээ хүндэтгэх харилцаа сүүлийн үед асар их алдагдаж байгаа нь үнэн. ёстой энэ завшааныг ашиглаад хэлэхэд өмнөх үеэ, ахмад эмч нараа бид нар хүндэтгэх хэрэгтэй. Тэр хүмүүс хэцүү нөхцөлд, бараг лааны гэрэлд мэс заслын эмчилгээг Монголд нутагшуулсан гэдгийг мартаж болохгүй.

Өнөөдөр тэгэхэд бид нар автомат оёгч ашиглаж, хагалгаа хийчихэд “Манай үе ийм мундаг. Дээр үеийн эмч нар тэгэхэд” гэж ярьж болохгүй, Ийм яриа цухалзаад байгаад миний хувьд маш их харамсдаг. Өмнөх үеийн эмч нар маань байгаагүй бол бид нар хэн байх байсан юм. Юу хийж байх байсан бэ гэдгээ бодох хэрэгтэй. Өмнөх үеийнхэнд маань ч гэсэн бас бодох зүйл мэдээж байдаг. Ер нь аль аль нь наана цаанатай байгаасай гэж хүсмээр байгаа юм.

-Тэр ойлгомжтой. Та нар ч гэсэн ирээдүй үедээ үгүйсгэгдэж мэднэ. Тийм үү?

-Үнэн үнэн. “Лочин эмч мэс заслын багаж зохион бүтээсэн гэж юу байдаг юм бэ” гэж маргааш ч хэлэхийг үгүйсгэх аргагүй. Аливаа зүйл цаг хугацаатай байдаг. Тэр цаг хугацаандаа үнэн зөв байж чадвал арай илүү урт настай юм болов уу гэж боддог.

Жишээ нь, Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн захирал Т.Мөнхсайхан гэхэд асар богино хугацаанд тэр эмнэлгийг ямар сайхан болгов, Бид хоёр нэг анги. Ангийнхаа хүүхдийг тэр том эмнэлгийг тийм мундаг авч явж байгаад маш их баяртай байгаа. Оюутан байхад хэлэхээ хэлчихдэг, багш нарт хүртэл шаардлага тавьдаг их шударга оюутан байсан.

-За өөр ярих зүйл юу байна?

-Өөр ч юм алга даа. Ярилцлагаа дуусгах уу. Анх удаа ярилцлага өгч байгаа гэхэд ёстой зөндөө л их юм ярих шиг боллоо шүү, тийм ээ.

-Тэглээ, тэглээ. Ярилцсанд баярлалаа.

Ярилцлагаа буулгаж дууссаныхаа дараа амьхандаа хэрэгт дурлан Ц.Лочин эмчийн тухай мэдээний доор бичигдсэн сэтгэгдлийг уншихад “Ахыг минь аварсан ачтан танд баярлаж явдаг шүү, амжилт хүсье. Монгол хүн монгол хүнээ магтахаар жаргал мэдрэх юм. Ямар сайхан мэдээ вэ, Монгол хүний чадвар ийм агуу шүү. Лочин эмчдээ баяр хүргэж, аз жаргал хүсье. Ийм л хүнийг төр нүдээ олж шагнах ёстой юм шүү” гэсэн олон сайхан ерөөл, талархлын, амжилт хурайлсан сэтгэгдэл байхыг хараад урих ёстой хүнээ урьж, ярилцах ёстой хүнтэйгээ ярилцсан байна даа гэсэн баярлах сэтгэгдэл төрснийг уншигч танд ярилцлагын төгсгөлд уламжилъя. Дашрамд мэдээлэхэд, тэрбээр хоёр жилд нэг удаа олгодог Монгол Улсын шилдэг залуу мэс заслын эмчээр 2012 онд шалгарч байсан юм билээ.
Зураг