1.7 тэрбум жилийн өмнө өнөөгийн Канад улсын нутаг дэвсгэрээс хэсэг газар тасран Австралийн хойд хэсэгт ирж залгагдсан болохыг эрдэмтэд тогтоожээ.
Австралийн хойд нутаг Куинсландын хөрсний чулуулгийг шинжилсэн геологийн судлаачид эдгээр нь тус тивийн үндсэн бүтцээс өөр, харин Канадын чулуулагтай ижил бүтэцтэй болохыг мэдсэн байна. Эндээс үндэслээд Күйнсландын Жоржтауны ойролцоох газар нь тивүүд бүрэлдэн тогтож байх үед Хойд Америкаас салж, Австралид ирж залгагдсан гэж дүгнэжээ.
“Манай судалгаагаар 1.7 тэрбум жилийн өмнө Жоржтауны хад чулуулаг нь Хойд Америкийн нэг хэсэг болон далайн гүехэн усанд оршиж байсныг тогтоолоо” гэж судалгааг ахалсан Куртин их сургуулийн докторын зэрэг горилогч Адам Нордсван ярьсан байна.
Судалгааны тайлан Geology сэтгүүлд нийтлэгдсэн юм.
Хойд Америкаас салсан газар 100 сая орчим жилийн дараа хойд Австралид залгагдан тогтжээ. Энэхүү судалгаа эртний супер тив болох Нунагийн хөдөлгөөнийг судлахад чухал материал болох гэнэ. Өнөөдрийн бүх тивүүд Нуна тивийн нэг хэсэг байгаад задарсан гэж үздэг юм.
Том хэмжээний газар, тивүүд ингэж мөргөлдөн залгагдахдаа уул нурууг бий болгодог. Тухайлбал Энэтхэгийн хойг 55 сая жилийн өмнө Азийн бөөрөнд ирж залгагдахад Хималайн уулс бий болсон гэж үздэг юм.
Харин Австралитай Хойд Америкийн хэсгийн үүсгэсэн мөргөлдөөн нь төдийлөн хүчтэй байгаагүй тул Хималай шиг өндөр уул нуруу үүсгээгүй гэж судлаачид дүгнэжээ.
Эх сурвалж: Independent
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!