Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/23-НД НИЙТЛЭГДСЭН

Грек, Македон улсууд “Македон” нэрийг булаацалдсаар байна

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 1 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Грек, Македон улсуудын удирдагчид энэ долоо хоногт Швейцарьт уулзаж, бараг гуч орчим жил үргэлжилж байгаа нэрний маргаанаа хэлэлцэхээр болжээ.

Давосын дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын үеэр буюу нэгдүгээр сарын 25-нд Грекийн ерөнхий сайд Алексис Ципрас, Македоны ерөнхий сайд Зоран Заевтай уулзах юм.

Хуучин Югославын Холбооны улс задрахад 1991 онд Македон улс байгуулагдсан нь Грекийн хойд Македон мужийн нэртэй давхцжээ. Македон бол эрт цагаас Грекчүүдийн түүхтэй холбоотой нэр томьёо. Тиймээс Грекчүүд Македон улсыг нэрээ өөрчлөхийг шаардаж, тус улсыг Европын Холбоо, NATO-д элсэхэд нь саад хийсээр ирсэн юм.

Мөн Грек-Македоны хооронд газар нутгийн маргаан ирээдүйд үүсэх нөхцлийг бүрдүүлж байна гэж Афин үздэг.

Харин сүүлд Грек, Македоны удирдагчид энэ нэрний асуудлыг 2018 онд багтаан шийдэхээр тохиролцсон юм. Тэднийг хэл амаа ололцоход нь НҮБ зуучлан оролцож байгаа.

Сүүлийн байдлаар Грекийн тал Македон улсыг нэрэндээ “Шинэ”, “Хойд” зэрэг нэмэлт тодотгол оруулахыг шаардаж байгаа юм.

Гэхдээ энэ шаардлага ч энгийн Грекчүүдэд таалагдахгүй байна. Өнгөрсөн Ням гарагт Грекийн Македон мужийн Тессалоники хотод хэдэн арван мянган хүн эсэргүүцлийн цуглаан зохион байгуулж, хойд хөршөө ямар ч “Македон” нэрийг хэрэглэхгүй байхыг шаарджээ.

НҮБ Македон улсын нэрийг албан ёсоор Хуучин Югославын Бүгд Найрамдах Македон Улс (Former Yugoslav Republic of Macedonia) гэж нэрлэдэг.

Харин ОХУ, АНУ зэрэг дэлхийн олон орон Бүгд Найрамдах Македон улс нэрийг хүлээн зөвшөөрсөн байдаг юм.

 

Эх сурвалж: Radio Free Europe /Radio Liberty