Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/18-НД НИЙТЛЭГДСЭН

Монголын Хэвлэл Мэдээллийн Зөвлөлийн Гүйцэтгэх захирлаар Г.Гүнжидмаа ажиллана

Б.Ану
2018 оны 1 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Монголын Хэвлэл Мэдээллийн Зөвлөл (МХМЗ) - ийн Удирдах зөвлөлийн ээлжит хуралдаан өнгөрсөн сарын 20-нд болж Гонгор овогтой Гүнжидмааг тус зөвлөлийн орон тооны анхны Гүйцэтгэх захирлаар томилжээ. 

МХМЗ нь хэвлэлийн эрх чөлөө, нэр хүндийг хамгаалах, чөлөөт, хариуцлагатай сэтгүүл зүйг хөгжүүлэх зорилготой сэтгүүлчийн ёс зүй, мэргэжлийн хэм хэмжээг сахиулдаг байгууллага билээ. Ингэхдээ иргэдээс хэвлэл мэдээлэл, сэтгүүлчдийн мэргэжлийн ёс зүйн асуудлаар холбогдолтой гомдол хүлээн авч дүгнэлт гаргахаас гадна хэвлэл мэдээллийн салбарын боловсон хүчнийг чадавхжуулах зорилготой салбарын өөрийн зохицуулалтын байгууллага юм.

Тус байгууллагын шинэ удирдлагаар томилогдсон Г.Гүнжидмаа нь бизнесийн удирдлагаар мастерын зэрэг хамгаалсан, нийгмийн ухааны докторант бөгөөд социологич, сэтгүүлч мэргэжилтэй залуу боловсон хүчин юм. 

Тэрбээр хэвлэл мэдээллийн салбарт 18 жил ажиллахдаа хэвлэлийн эрх чөлөө, мэдээллийн ил тод байдал, нийтлэл нэвтрүүлгийн агуулга болон рейтингийн судалгаа, эрэн сурвалжлах сэтгүүл зүйн сургалтын хөтөлбөр, сэтгүүлчийн ур чадварыг хөгжүүлэх гэх мэт олон чиглэлээр судалгаа шинжилгээ, сургалт, зөвлөх үйлчилгээг амжилттай хэрэгжүүлжээ. Г.Гүнжидмаа нь ажлын гараагаа Хэвлэлийн Хүрээлэнд судлаачаар эхэлж, улмаар Судалгааны албаны дарга, Гүйцэтгэх захирлын орлогч зэрэг албан тушаалыг хашиж, гадаад дотоодын 100 орчим сургалт, судалгааны төсөл хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэн, сэтгүүл зүйн багш, олон нийтийн мэдээлэл харилцааны мэргэжилтэн, судалгаа эрдэм шинжилгээний болон иргэний нийгмийн байгууллагын удирдлагын туршлагатай.

МХМЗ нь 2015 оны нэгдүгээр сард байгуулагдаж, өнөөдрийг хүртэл амжилттай үйл ажиллагаагаа явуулж байна. Одоогийн байдлаар МХМЗ нь 100 гаруй иргэний гомдлыг хүлээн авч дүгнэлт гаргаад байна. 

 

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.