Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/14-НД НИЙТЛЭГДСЭН

Хэвлэл Мэдээллийн Зөвлөл, iKon.mn сайт санхүүжилтийн САНАМЖ БИЧИГ байгуулав

Ж.Хулан, iKon.mn
2017 оны 9 сарын 14
iKon.MN
Зураг зураг
МХМЗ-ын Удирдах Зөвлөлийн дэд дарга У.Тамир, Ikon.mn сайтын Ерөнхий Редактор Ч.Болортуяа САНАМЖ БИЧИГТ гарын үсэг зурлаа,

Монголын Хэвлэл Мэдээллийн Зөвлөл /МХМЗ/ нь хэвлэлийн эрх чөлөө, нэр хүндийг хамгаалах, чөлөөт, хариуцлагатай сэтгүүл зүйг хөгжүүлэх зорилготой сэтгүүлчийн ёс зүй, мэргэжлийн хэм хэмжээг сахиулдаг байгууллага билээ.

Тус зөвлөл нь 2015 оны нэгдүгээр сард байгуулагдаж, өнөөдрийг хүртэл амжилттай үйл ажиллагаагаа явуулж байна. Одоогийн байдлаар МХМЗ нь 100 гаруй иргэдийн гомдлыг хүлээн авсан бөгөөд цаашдаа гишүүдээ чадваржуулж, байгууллага салбараа бэхжүүлэх чиглэлд олон ажлыг эрчимтэй хийхээр төлөвлөөд байна. 

МХМЗ нь өнгөрсөн хугацаанд гадаад, дотоодын төсөл хөтөлбөр болон зарим хэвлэл мэдээллийн байгууллагын тусламж хандиваар санхүүжиж ирсэн бөгөөд санхүүжилтийн тогтмол эх үүсвэрийг бий болгох шинэ төлөвлөгөө боловсруулаад байгаа юм. Энэ нь салбарын өөрийн зохицуулалтын байгууллагадаа хэвлэл мэдээллийн салбарынхан өөрсдөө санхүүжүүлэх жишиг соёлыг нэвтрүүлэхээр хичээж байна. 

Тиймээс ч Монголын Хэвлэл Мэдээллийн Зөвлөл, iKon.mn мэдээллийн сайт энэхүү санхүүжилтийн хэлбэрээр анхны Санамж бичгийг өчигдөр байгууллаа. 

Гарын үсэг зурах ёслолд МХМЗ-ын Удирдах Зөвлөлийн дэд дарга У.Тамир, iKon.mn сайтын Ерөнхий Редактор Ч.Болортуяа, МХМЗ- ийн Удирдах зөвлөлийн гишүүн Г.Гүнжидмаа нар оролцсон юм. 

Бид одоогийн байдлаар 100 гаруй иргэний гомдлыг хүлээн аваад байна

 
МХМЗ-ийн Удирдах Зөвлөлийн дэд дарга У.Тамир,

Энэхүү үйл явдлын талаар У.Тамир  "Хэвлэл мэдээллийн салбар өөрөө хариуцлагатай, иргэдийн мэдэх эрхийг бодит баримттай мэдээллээр хангах ёстой. Бид хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд зориулан цацсан нийтлэлтэй холбоотой гомдлыг хүлээн авч ёс зүйн хороогоор хэлэлцээд мэргэжлийн дүгнэлт гаргадаг. 

Ажлаа хийж байгаад өөрийн гаргасан мэргэжлийн алдаанаас болж ял эдэлж, эсвэл өндөр торгууль төлөх ийм байдалд хүрэхээс нь өмнө алдаагаа засдаг механизм гэж хэлж болно. 

Бид 2015 оны дөрөвдүгээр сарын 22-ноос эхлэн иргэдээс гомдол авч эхэлсэн. Одоогийн байдлаар 100 гаруй иргэний гомдлыг хүлээн аваад байна. Цаашдаа гишүүдээ чадавхжуулах, байгууллагаа бэхжүүлэх чиглэлд төлөвлөсөн ажлуудыг эрчимтэй хийнэ.  

Байгууллага маань төлөвшиж, тогтвортой ажиллахын тулд санхүүжилт маш чухал. Одоогийн байдлаар бид санхүүжилтээ зарим нэг хэвлэлийн байгууллагын хандив, олон улсын байгууллагын дэмжлэгтэй төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх хэлбэрээр бүрдүүлж байгаа. 

Зөвхөн энэ байдлаар байгууллага оршин тогтнох боломжгүй тул хэвлэл мэдээллийн байгууллага өөрийн зохицуулалтын байгууллагыг санхүүжүүлдэг олон улсад байдаг энэ аргаар явахаар төлөвлөгөө баталсан.

Ийнхүү iKon.mn манай хэвлэлийн зөвлөлийн санхүүжилтэд сар болгон тогтмол хандив өгөх ажилд өөрсдөө санаачлан анхлан оролцож байгаад баяртай байна" гэлээ.

Хэвлэл мэдээллийн байгууллагуудыг хандивт идэвхтэй оролцохыг уриалж байна

 

Харин iKon.mn сайтын Ерөнхий Редактор Ч.Болортуяа хэлэхдээ "iKon.mn сайтын хувьд Монголын хэвлэл мэдээллийн салбар өөрөө өөрийгөө зохицуулах дундын байгууллагатай болох үйл явцыг эхнээс нь дэмжиж ирсэн. 

МХМЗ-ийг байгуулах Санаачлагчдын клубээс эхэлж бид идэвхтэй оролцож, дэмжиж байлаа. Салбарын олон нөхдийн хүчин чармайлтаар энэ байгууллага гурав дахь жилдээ амжилттай үйл ажиллагаагаа үргэлжлүүлж байна.

Тэгэхээр МХМЗ бидний дундын байгууллага учраас iKon.mn сайтын хувьд нягт хамтран ажиллахыг чармайдаг. Мөн манай сэтгүүлчид МХМЗ-өөс баталсан Ёс зүйн кодыг хүлээн зөвшөөрч Редакцын бодлогодоо тусган баримтлан ажиллахыг хичээдэг. 

Харин энэ удаад бид салбарын өөрөө өөрийгөө зохицуулах байгууллагын санхүүжилтэд сар бүр тогтмол хэмжээний хандив өгч байх Санамж бичигт анхлан гарын үсэг зурлаа.

Бусад хэвлэл мэдээллийн байгууллагууддаа энэ хандивт идэвхтэй оролцож салбараа төр засаг бусад бизнесийн ашиг сонирхлоос хамгаалж өөрсдийгөө зохицуулах байгууллагыг олны хүчээр санхүүжүүлье гэж уриалмаар байна" гэсэн юм.

"Хэвлэл Мэдээллийн Ёс Зүйн Форум-2017" аравдугаар сарын 3-нд болно

Монголын Хэвлэл Мэдээллийн Зөвлөл нь иргэдээс гомдол хүлээн авч шийдвэрлэхээс гадна хэвлэл мэдээллийн салбарын боловсон хүчнийг чадавхжуулах зорилготой Хэвлэл Мэдээллийн Ёс Зүйн Форумыг хоёр дахь жилдээ хийхээр төлөвлөжээ. Форумын талаар МХМЗ-ийн УЗ-ийн гишүүн Г.Гүнжидмаагаас тодрууллаа. 

 
МХМЗ- ийн Удирдах зөвлөлийн гишүүн Г.Гүнжидмаа,

МХМЗ-ийн Удирдах зөвлөлийн гишүүн Г.Гүнжидмаа "МХМЗ үндсэн үйл ажиллагаатайгаа зэрэгцэн олон ажлыг салбарын хэмжээнд хийж байна. Байгуулагдсан цагаасаа эхлээд зөвлөлийн гишүүдийг чадавхыг сайжруулах ажил эрчимтэй явагдаж байгаа. Ёс зүйн хорооны гишүүд маань гомдол хэрхэн барагдуулж, яаж ажиллах вэ гэдэг тал дээр нэлээд туршлага судлах шаардлага бий болсон.

Бид байгуулагдсан цагаасаа хойш тогтмол сургалт явуулж, энэ жил хоёр дах удаагийн сургалтыг хийсэн. Мөн хэвлэл мэдээллийн салбарт төдийгүй нийгэмд ёс зүйн асуудлыг илүү өргөн хүрээнд хэлэлцүүлэх ажлыг 2017 оны аравдугаар сарын 3-ны өдөр "Хэвлэл Мэдээллийн Ёс Зүйн Форум-2017" зохион байгуулахаар төлөвлөөд байна. 

Форумын агуулга нь нэн тэргүүнд хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалтын талаар болон ёс зүйн асуудлыг өргөн хүрээнд ярихаар төлөвлөсөн" гэлээ.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.