Урин дулааны цагт битгий хэл дун өвлийн хүйтэнд ч “амарч” чаддаггүй хэдэн ургамал манайд бий. Нэрлэвэл, дэрвэгэр жиргэрүү, цөлийн аргамжин буюу цагаан гоёо, самар, чихэр өвс, зээргэнэ, эгэл бавран, хунчир, цагаан мөөг, газрын хар үс тэргүүт. Намаржин газрын хөрснөөс үндсээр нь суга татсан эдгээр ургамлыг яг өдийд тонн тонноор нь хилээр гаргаж буй.
Сүүлийн жилүүдэд ой мод, ургамал, ан амьтны нөөц баялаг сүйдэж, нөөц байршил нь хомсдож байгаа талаар байнга ярьж буй. Ялангуяа байгалийн ургамал, тухайлбал эмийн түүхий эд болох ховор ургамлын хууль бус ашиглалт, бизнес улам бүр газар авч байгаа нь үнэн. Ургамлын нөөц баялгийн хомсдолд цаг агаарын дулаарал, хуурайшилт, цөлжилт, ган гачиг, бэлчээрийн талхагдал, доройтол, геологи, уул уурхайн хайгуул, ашиглалт, үйлдвэрлэл зохих хэмжээгээр нөлөөлсөн талтай ч хамгийн гол нь хүний хүчин зүйлийн нөлөө, өөрөөр хэлбэл, хэт ашиглалт сөргөөр нөлөөлсөн гэж үзэх бүрэн үндэслэлтэй.
Судлаачид хэт ашиглалтаас шалтгаалан чихэр өвс, зээргэнэ, дэрвэгэр жиргэрүү, эгэл бавран, цөлийн аргамжин цэцэг (цагаан гоёо), хунчир, цагаан мөөг, газрын хар үс зэрэг нөөц нь эрс хомсдож буй олон зүйл ургамал байгааг тогтоон зарлаад ч бид хамгаалж чадахгүй байна.
1987 онд хэвлэгдсэн Монголын анхны Улаан номд 87 зүйл дээд ургамал тусгагдаж байсан бол 1997 онд шинэчлэгдэн хэвлэгдсэн Улаан номд 128 зүйл ургамал бүртгэгджээ. Сүүлчийн Улаан ном хэвлэгдсэнээс хойших 15 жилийн хугацаанд маш олон ургамлын хомсдол бий болсон гэсэн дүгнэлтийг манай эрдэмтэн, судлаачид гаргасан байдаг. Хэрэв Улаан номыг шинэчилж дөрөв дэх хэвлэлийг нь гаргах мөн Монгол орны нэн ховор, ховор ургамлын жагсаалтад нэмэлт өөрчлөлт оруулах юм бол түүнд хэдэн арван зүйлийн ургамлыг нэмж бүртгэхэд хүрээд байгаа билээ.
Байгалийн ургамлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 4-т “нэн ховор, ховор ургамал, тэдгээрийн гаралтай эд зүйлийг судалгаа шинжилгээнээс бусад зориулалтаар, эсвэл эцсийн бүтээгдэхүүн болгосноос бусад тохиолдолд гадаадад гаргахыг хориглоно”, УИХ-ын 2010 оны 48 дугаар тогтоолоор батлагдсан Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын 3.5.3.3-т Байгалийн ургамал, ойн дагалт нөөцийн экспортыг бүрэн хориглоно гэж заасан байдаг.
Мөн Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд “Байгалийн ургамлыг үйлдвэрлэлийн зориулалтаар гадаадад гаргахыг хориглоно” гэж тусгагдсан байна. Гэтэл БОАЖ-ын сайд асан Д.Оюунхорол 2016 онд 360 тонныг бэлтгэж гадаадад гаргахыг зөвшөөрсөн байдаг. Ойн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.7-д “Боловсруулаагүй ойн дагалт баялгийг экспортлохыг хориглоно” гэж заасан боловч самар, мөөг, жимс зэргийг улсын хилээр урд хөршид гаргасаар ирсэн нь нууц биш. Мөн эдгээр заалтыг БОАЖЯ болон МХЕГ хэрэгжүүлэхгүй экспортын зөвшөөрөл, лиценз олгосоор ирсэн.
БОАЖЯ-наас гаргадаг Байгаль орчны жил бүрийн төлөв байдлын тайлангуудаас үзэхэд сүүлийн жилүүдэд экспортод гаргаж худалдсан ургамлуудын 80-90 хувийг дан ганц дэрвэгэр жиргэрүү эзэлдэг гэж дурдсан байна. Дэрвэгэр жиргэрүүг түүлгэх, экспортод гаргах үйл ажиллагааг анх 2004 онд сайд асан У.Барсболд эхлүүлсэн бөгөөд түүнээс хойш үе үеийн сайд дэрвэгэр жиргэрүү мэтийн ховор ургамлыг түүж бэлтгүүлэх, гадаадад гаргах зөвшөөрөл олгох асуудлыг сонирхох болсон нь нууц биш.
Энэ талаар зарим жишээ дурдъя. 2012 онд бэлтгэх, ашиглах ургамлын жагсаалт, тоо хэмжээг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2012 оны наймдугаар сарын 2-ны өдрийн А/282 тоот тушаалаар баталсан байна. Ийнхүү батлахдаа Дорнод аймгийн Халхгол сумын нутгаас сүүлийн найман жил дараалан дэрвэгэр жиргэрүүг их хэмжээгээр бэлтгүүлж урд хөршид гаргаж ирсний уршгаар уг ургамлын нөөц эрс хомсодсон байдалд дүгнэлт хийж, Халхгол сумын Засаг дарга, аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас Халхгол сумын нутгаас дэрвэгэр жиргэрүүг бэлтгүүлэхгүй байх хүсэлтийг БОАЖЯ-нд удаа дараа ирүүлж байсныг харгалзан Д.Цогтбаатар сайдын дээр дурдсан А/282 тоот тушаалаар Дорнод аймгийн нутгаас дэрэвгэр жиргэрүүг 2012 онд бэлтгүүлэхгүй байх зөв шийдвэр гаргасан байсан юм.
Гэтэл С.Оюун сайдаар томилогдсоныхоо дараа дээр дурдсан тушаалаар 2012 онд түүж бэлтгэх байгалийн ургамлын дээд хэмжээнд өөрчлөлт оруулах тухай 2012 оны есдүгээр сарын 19-ний өдрийн А/11 тоот тушаалаар Дорнод аймгийн Халхгол сумын нутгаас 10 тонн дэрвэгэр жиргэрүүг бэлтгэх шийдвэр гарган зөвшөөрлийг О.Дамба захиралтай “Эмийн үйлдвэр" ХХК-д сайдын тушаал гарсан тэр өдер нь олгосон байдаг. Энэ компани нь өөрөө бэлтгэсэн болон бусдаар бэлтгүүлсэн, худалдаж авсан дэрвэгэр жиргэрүүгээ мөн л яамны зөвшөөрлөөр урд хөршид гаргасан байдаг.
2007-2008 онд сайд асан Г.Шийлэгдамба нь байгаль орчин, ховор ургамлаа хамгаалах гэсэн төв орон нутгийн байгууллага, иргэдийн хүсэлт, шүүмжлэл, шаардлагыг арга буюу хүлээн авч 2008 онд дэрвэгэр жиргэрүү бэлтгүүлэхгүй байх шийдвэр (сайдын 2008 оны 193 дугаар тушаал) гаргасан боловч тэрбээр 2008 оны УИХ-ын сонгуульд Өвөрхангай аймагт нэр дэвшин өрсөлдөж унасныхаа дараа Бэрх цагаан овоо, Их ташгай, Бериш гэдэг гурван компанид 30 тонн дэрвэгэр жиргэрүүг бэлтгэх зөвшөөрөл олгож байсан билээ.
Ийнхүү эм үйлдвэрлэх ямар ч ажил үйлчилгээ эрхэлдэггүй, зөвхөн ховор ургамлыг их хэмжээгээр бэлтгэж урд хөршид гарган ашиг олж амьдардаг нэр бүхий цөөн тооны аж ахуйн нэгжийн хууль бус үйл ажиллагааг Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь хөхиүлэн дэмжиж, дэрвэгэр жиргэрүүг бэлтгэх, экспортлох зөвшөөрлийг олгосоор ирсэн.
Зүй нь бол хуульд зааснаар ард түмнийхээ тусын тулд тэдний эрүүл мэндийг хамгаалах, өвчин эмгэгийг нь илааршуулах зорилгоор жинхэнэ эм үйлдвэрлэдэг аж ахуйн нэгж, байгууллагад ховор ургамлыг бэлтгэж ашиглах зөвшөөрөл олгодог байх ёстой.
Гэхдээ өнөөг хүртэл Монгол Улсад дэрвэгэр жиргэрүүгээр эм үйлдвэрлэх, түүнийг эмийн найрлагад оруулах ямар нэгэн туршилт судалгаа хийгдээгүй, стандарт, жор, технологи нь батлагдаагүй, энэ ургамлаар эм тан үйлдвэрлэдэг аж ахуйн нэгж, байгууллага өнөөдөр манайд нэг ч байхгүй учраас яамнаас олгосон зөвшөөрлөөр бэлтгэсэн дэрвэгэр жиргэрүүг зөвхөн урд хөршид дамласаар байгаа билээ.
2011 оноос эхлэн ховор ургамлыг үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглах зөвшөөрлийг эм үйлдвэрлэх, эсвэл биологийн идэвхт бүтээгдэхүүн үйлдвэрлэх, ханган нийлүүлэх, худалдаалах, импортлох зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгж, байгууллагад олгож байхаар БОАЖЯ-наас шийдвэрлэсэн байна. Энэхүү шийдвэр нь ховор ургамлаа хамгаалахад чиглэгдээгүй, харин ч байгалийн ургамлын тухай хуулийн заалтыг зөрчсөн шийдвэр болсон юм.
Яагаад гэвэл хуульд зөвхөн эм бэлтгэн найруулах ажил үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллагад ховор ургамал ашиглах зөвшөөрөл олгож болно гэж заасаар байтал түүн дээр биологийн идэвхт бодис үйлдвэрлэдэг, гадаадаас оруулж ирдэг, худалдаалдаг аж ахуйн нэгж, байгууллагад хүртэл ховор ургамлаа түүлгэх зөвшөөрөл олгож болохоор болсон байна.
Байгалийн ургамлыг түүж бэлтгэсний дараа хатааж ашигладаг технологитой бөгөөд ийнхүү хатаахад тухайн ургамлын газар доорх хэсэг буюу үндэсний 70 хувь, иш, навч, цэцэг гэх мэт газрын дээрх хэсгийн 80 хувь нь хатаж жин нь эрс хорогддог: Өөрөөр хэлбэл, 100 кг ургамлын үндэс бэлтгэх тохиолдолд 70 кг нь хатаж, 30 кг нь үлддэг гэсэн норм нормативыг гадаад, дотоодын ургамал судлаачид, эмийн үйлдвэрийнхэн тогтоон мөрдөж ажилладаг юм.
Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлд, мөн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар батлагдсан Байгалийн ургамал, ойн дагалт нөөцийг ашиглах журамд ургамал ашигласны төлбөрийн хэмжээг тодорхойлохдоо ургамлын тухайн үеийн жинг килограммаар илэрхийлэн тооцно гэж тодорхой заасан байдаг.
Гэтэл үйлдвэрлэлийн зориулалтаар байгалийн ургамал түүж бэлтгэхэд яамнаас олгодог зөвшөөрөлд ч тэр, түүний дагуу түүж бэлтгээд анхан шатны боловсруулалт нэрээр зөвхөн хатаагаад экспортод гаргахад олгодог зөвшөөрөлд ч ялгаагүй ургамлын бодит жинг нэг адил тоо хэмжээгээр илэрхийлсэн байгаа нь төрийн өмч болох байгалийн ховор ургамлыг ургамлын ченжүүдтэй хамтран зориудаар мэдэн будилж, шамшигдуулж байгаа, улмаар улсын төсөвт төлөх олон сая төгрөгийн төлбөрөөс санаатайгаар зайлсхийсэн ноцтой гэмт хэргийн баримт мөн. Өөрөөр хэлбэл, ургамал бэлтгэх, экспортод гаргах зөвшөөрлийг олгохдоо түүж бэлтгэх тухайн үеийн буюу чийгтэй нойтон байх үеийн жин, хатсан үеийн жин хоёрын хоорондын их хэмжээний зөрүүг тооцдоггүй.
Өөрөөр хэлбэл, яамнаас анх дэрвэгэр жиргэрүүг 10 тонныг түүж бэлтгэх зөвшөөрөл авсан бол хаталтынх нь хувь хэмжээ, зөрүүг тооцоод гурван тонныг л экспортод гаргах зөвшөөрөл олгох ёстой атал яам, мэргэжлийн хяналтынхан 10 тонн гэдгээр нь л экспортод гаргах зөвшөөрөл олгоод байгаа нь буруу юм.
БОАЖ-ын сайдын тушаал, Хүрээлэн буй орчин байгалийн нөөцийн удирдлагын газрын даргын тусгай зөвшөөрлөөр дэрвэгэр жиргэрүүг их хэмжээгээр түүж бэлтгэн, эсвэл бусдаас худалдан авч урд хөршид гаргаж гаршсан аж ахуйн нэгжүүдэд Байгалийн ургамлыг сэргээн нутагшуулах, тарималжуулах, эмийн болон ашигт ургамал бэлтгэх, нөхөн сэргээх Байгаль орчны мэргэжлийн байгууллага гэх гэрчилгээг Д.Оюунхорол сайд өөрөө тушаал гаргаж гурван жилийн хугацаатайгаар олгодог болсон бөгөөд ийм гэрчилгээтэй мэргэжлийн гэх хуурамч тодотголтой компани бүрэн бус мэдээгээр лав 14 болоод байгаа аж.
Ийнхүү Мэргэжлийн Засгийн газрын мэргэжлийн бус сайд нь мэргэжлийн бус компаниудад “Мэргэжлийн байгууллага” гэсэн гэрчилгээ олгодог болсноор дэрвэгэр жиргэрүүгийн хууль бус бизнес улам бүр хүрээгээ тэлсээр ирсэн байна. Түүгээр ч үл барам Д.Оюунхорол сайдаас дэрвэгэр жиргэрүүгийн мэргэжлийн байгууллагын гэрчилгээ авсан зарим компани нь компаниа яамнаас авсан дэрвэгэр жиргэрүү бэлтгэх квот, зөвшөөрлийн хамт уг ургамлыг зориуд манайхнаар бэлтгүүлдэг, тэгээд түүнийг нь худалдан авч улсын хилээр гаргадаг хятадуудын төлөөлөл болсон зарим монгол иргэнд өндөр үнээр буюу ойролцоогоор 60-80 сая төгрөгөөр худалддаг тухай ч мэдээлэл бий.
Тухайлбал энэ оны зургаадугаар сарын 28-нд яамнаас гэрчилгээ, квот, зөвшөөрөл авсан “Арвижих" гэдэг компани есдүгээр сард М.Л гэгчтэй наймаалцсан гэсэн мэдээ бий. Ийнхүү дэрвэгэр жиргэрүү бэлтгэх гэрчилгээ, квот, тусгай зөвшөөрөл нь нэгээс нөгөөд дамжин зарагдсаар энэ ургамлын бизнесийн гол эзэд болох хятадуудын гарт очдог гэсэн олны яриа үнэний хувьтай байж болох юм.
Байгаль орчны сайд Н.Батцэрэг 2015 онд дэрвэгэр жиргэрүү түүж бэлтгэх, гадаадад гаргахыг таван жилээр хориглох тушаал гаргасан. Гэтэл сайд асан Д.Оюунхорол 2016 онд уг тушаалыг хүчингүй болгож, 2016, 2017 онд их хэмжээгээр түүж бэлтгэн гадаадад гаргах хоёр ч тушаал гаргаж байсан билээ. Тухайн үед сайд аснаас нэн ховор, нөөцгүй болсон дэрвэгэр жиргэрүүг хилээр гаргахыг ямар шалтгаанаар зөвшөөрсөн тухайн нь хэвлэлийнхэн тодруулахад “Байгалийн баялгийг зүй зохистой ашиглаж, улс эх орны эдийн засгийг сэргээхэд тус нэмэр болно” хэмээн хариулж байсан.
Гэвч түүний ажиллаж байсан Засгийн газар огцрох шийдвэр гаргах үеэр буюу өнгөрсөн есдүгээр сарын 22-нд дэрвэгэр жиргэрүүг түүж бэлтгэх, гадаадад гаргахыг 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс таван жилийн хугацаагаар хориглох тухай А/279 тоот тушаал гаргасан. Гэхдээ энэ тушаалд нэг учир бий.
279 дүгээр тушаалын 1 дүгээр заалтад байгалиас түүж бэлтгэх, тарималжуулснаас бусад тохиолдолд гадаад улсад гаргахыг 2008 оны нэгдүгээр сарын 1-нээс 2022 оны нэгдүгээр сарын 1-нийг хүртэл таван жилийн хугацаагаар түр хориглосугай” гэсэн нь байгалиас түүж бэлтгэсэн дэрвэгэр жиргэрүүг гадаадад гаргаж болох юм байна гэсэн хоёрдмол ойлголтыг зарим талаар төрүүлж, зөвхөн судалгаа шинжилгээний зориулалтаар түүж бэлтгэснийг нь гадаадад гаргахыг нь хориглосон юм байна гэж ойлгоход хүргэж болзошгүй байна.
Байгалийн ургамлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн дөрөвдүгээрт гадаадад гаргахыг зөвшөөрсөн зориулалтыг нь сайдын тушаалаар таван жилээр хориглоод, харин хуулийн энэ заалтаар нэгэнт хориглосныг нь сайдын тушаалаар давхар хориглосон мэтээр ойлгож болохоор байна. Байгалийн ургамлын тухай хуульд зааснаар бусад зориулалт гэдэгт зөвхөн судалгаа шинжилгээний зориулалт хамаардаг бөгөөд ийнхүү судалгаа шинжилгээний зориулалтаар хэдхэн килограммаас илүү хэмжээтэй гардаггүй онцлогтой.
Тэгээд ч Байгалийн ургамлын тухай хуульд судалгаа шинжилгээний зориулалтаар гадаадад гаргах ургамлын хэмжээг Засгийн газар тогтооно гэж заасан байна. Хэрэв Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцроогүй байсан бол Д.Оюунхорол сайд ийм тушаал гаргах байсан уу, үгүй юү гэдэг нь сонин.
Үүнээс гадна одоогоор манай улсад дэрвэгэр жиргэрүүг тарималжуулсан нэг ч компани, сөөм газар ч байхгүй бөгөөд тарималжууллаа ч гэсэн одоо газрын хөрсөнд ургаж байгаагаас нь ялгаж салгаж, таних Байгаль орчны сайд, дарга, мэргэжилтэн, мэргэжлийн хяналт, гаалийн байцаагч ч Монголд байхгүй. Тэгэхээр үүний цаана мэргэжлийн гэх гэрчилгээ авсан компаниуд тарималжуулсан гэх нэрээр урд хөрш рүү байгалийн дэрвэгэр жиргэрүүг зөөхгүй гэх баталгаа байхгүй юм. Өөрөөр хэлбэл, дэрвэгэр жиргэрүүг түүж бэлтгэх, хилээр гаргахыг хориглосон гэх нэртэй ч үйл ажиллагаа нь зогсоогүй, харин ч бүр нууц хэлбэрт оруулсан байхыг үгүйсгэх аргагүй.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!