Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/01-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Ерөө: Дэлхийн дуучин бэлдэх цагаан шунал дуусаагүй

Ч.Гантулга
2017 оны 12 сарын 1
Зууны мэдээ
Зураг зураг

Энэ удаагийн дугаарын зочноор, дуурийн дуучин, гавьяат багш Ц.Ерөөг урилаа. Тэрээр Монголын дуурийн урлагийг дэлхийд сурталчилж яваа, гавьяат жүжигчин, дуурийн дуучин Э.Амартүвшиний багш билээ.

-Таны дуурийн театртай хувь заяагаа холбосон түүх их содон юм билээ?

-Би багаасаа л урлагийн гэр бүлд тэр дундаа цэргийн хөгжмийн гайхамшгийг мэдэрч өссөн. Аав минь монгол маршийн хаан Б.Цэрэнпил гэж хүн байлаа. Үлгэр жишээг үүсгэн байгуулсан, хурандаа цолтой. Бага нас минь дуу хөгжим дунд өнгөрсөн.

Аавынхаа ажлаар очих дуртай байж билээ. Дунд сургуульд байхдаа үлээвэр хөгжмийн дугуйланд явж, лимбэ тоглож сурсан юм. Мөн төгөлдөр хуур, баян хуур тоглох дуртай. Аав минь намайг урлагийн хүн болно гэдгийг эртнээс анзаарсан бололтой. Театр луу их дагуулж явна. Энэ үеэс л урлагт дурлаж, уран бүтээлч болохоор шийдсэн юм.

-Төгөлдөр хуурч болох гээд ЗХУ-ыг зорьж байсан гэсэн?

-Их хуурч Г.Жамъяангийн охин, “Камертон”-ы Д.Болдын ээж Ж.Цэцгээ, Ж.Чулуун багшийн төрсөн ахын хүү, удирдаач Ч.Жамсранжав, “Аман хуур” кинонд тоглодог Ц.Эрдэнэчимэг бид дөрвийг ЗХУ-ын төгөлдөр хуурын ангид явуулсан юм. Гэтэл тэнд долоо, найман настайгаас нь төгөлдөр хуур зааж бэлтгэдэг байж. Бид чинь 15 настай учир гар хуруу нь эвлээгүй. Хоёр орны харилцаа сайн байсан учир биднийг буцаалгүйгээр хоорын удирдаачийн ангид оруулсан.

Ингээд 1963 онд хоорын удирдаачийн хөгжмийн дунд сургуулийн мэдлэгтэй болоод эх орондоо ирсэн. Анх гавьяат жүжигчин М.Найдалмаа, Ж.Цэцгээ бид гурав Хөгжим бүжгийн коллежид ассент багш хийдэг байлаа. Гэтэл нэг өдөр М.Найдалмаа “Би чамайг дуурийн театрт аваачиж өгнө. Театрын мед саппарон Б.Даариймаа хөл хүнд болчхож. “Лусын дагина”-ыг тавихад эмэгтэй бүдүүн хоолой хэрэгтэй” гэсээр намайг театрын босгоор анх хөтөлж оруулсан юм.

-Тухайн үед та дөнгөж 19 настай байжээ?

-Их залуухан театрынхаа босгыг алхсан. Алтан тайзнаа 30 гаруй жил дуулсан байна. Анх намайг ирэхэд Ц.Пүрэвдорж, А.Загдсүрэн, П.Цэвэлсүрэн, О.Лувсандамдин, Д.Банди, Г.Хайдав зэрэг агуу улс угтаж байлаа. Тэдний дараагийн үе нь Х.Уртнасан Д.Баадайжав, М.Найдалмаа, А.Хавлааш зэрэг бидний хэсэг уран бүтээлчид байсан юм. Театр минь одоо дөрөв дэх үетэйгээ золгож байна.

-Таны нэр их содон юм аа?

-Миний ээж, аав Сэлэнгэ аймгийн хүмүүс. Гэхдээ хотод танилцаж гэр бүл болсон. Ээж маань намайг төрүүлэх үедээ Сэлэнгэд явж таараад, Ерөө голын хөвөөнд амаржсан юм билээ. Аав минь бэлгэшээж намайг Ерөө гэж нэрлэсэн гэдэг.

-Таныг дуурийн Ц.Ерөөгөөс илүү “Баянбулаг”-ийн Ц.Ерөө гэдгээр тань сонсогчид мэддэг. Энэ түүхээсээ хуучлаач?

-Г.Бирваа ах аавын минь дотнын найз байсан юм. Нэг хэсэг манайд амьдарсан ч үе бий. Тухайн үед “Хүүхэлдэйн театр”-т хөгжмийн багш хийдэг байлаа. Би амралтын өдрөөр дагаж, театр луу нь очих дуртай. Сүүлд нь Филармонийг байгуулаад, хөгжмийн холбооны даргаар олон жил ажилласан даа. Балчир наснаас минь мэддэг болохоор тэр ч юм уу, ихэнх дуугаа надад өгч дуулуулдаг байсан. Киноны дууг нь дуулсандаа олзуурхдаг юм. Олон ч жил “Баянбулагийн Ерөө” гэж дуудуулсан даа.

-Таны хоолойд их сайхан нийцэхээр, уянгалаг аялгуутай дуу шүү?

-Хөгжим нь их уянгалаг. Гол урсаж байгаа юм шиг сонсголонтой. Сүүлд миний 70 насны ойгоор шавь нар минь хамтраад энэ дууг дуулж, надад бэлэг барьсан.

-Өнөөдөр таны шавь нар дэлхийд данстай уран бүтээлчид болсон байна. Багшийн хувьд сэтгэл дүүрэн, сайхан байдаг байх даа?

-Багшийн хувьд хүүхдүүддээ илүү амжилт хүсэж, сэтгэлдээ бахархаж сууна. Э.Амартүвшин, Ч.Бадрал хоёр маань олон улсын зэрэглэл өндөртэй тэмцээнүүдэд тогтмол амжилт гаргаж байна. Мөн хоёр Бат-Эрдэнэ маань ч уран бүтээлийн олз омог арвинтай явна. Цаашдаа ч дэлхийн тавцанд эх орныхоо нэрийг гаргаж, Монголын дуурийн урлагийг илүү өндөрлөгт сурталчлаасай гэж залбирдаг.

-Энэ цагийн шилдэг баритон Э.Амартүвшин таны шавь. “Дуулах өв” уралдаанд оролцож байхад нь та анх харсан гэх юм билээ?

-Тухайн үед Э.Амартүвшин есдүгээр ангийн сурагч байсан. “Дуулах өв” тэмцээний шүүгчээр би ажиллаж таарсан. Амараа тайзан дээр гарч ирэхдээ том хүний дээл өмсчихсөн, гутлынх нь хоншоор дөнгөж цухуйх төдий. Махлаг хүүхэд болохоор булцайчхаад эгдүүтэй харагдаж байсан нь санаанаас гардаггүй юм.

Тэр тэмцээнд байр эзэлж чадаагүй л дээ. Тэмцээний дараа оролцсон бүх хүүхдүүдэд бэлэг өгөхөд би Амараад өгч таарсан юм. “Чи дуулах дуртай юу” гэсэн чинь “дуртай” гэж байна. Тэгэхээр нь “Хэрэв дуучин болох хүсэлтэй бол надтай холбогдоорой” гэж захисан юм.

-Таныг жижигхэн цаасан дээр утасныхаа дугаараа бичээд өгсөн гэж Э.Амартүвшин дурсаж байсан?

-Гэрийнхээ утасны дугаарыг жижигхэн цаасан дээр бичээд өгсөн. Удалгүй аав нь залгаад “Та миний хүүд дугаараа өгсөн байна. Би хүүгээ дуучин болгох хүсэлтэй байна. Очиж шалгуулж болох уу” гэж ярьсан. Ингэж л анх багш, шавь барилдсан түүхтэй.

-Анх шавьтайгаа учрахдаа дэлхийн дуучин болно гэж төсөөлж байв уу?

-Яагаад ч юм тэр хүүхдийг шавиа болгохыг үнэхээр их хүссэн. Өөрийнхөө чадах бүх зүйлийг заана гэж өөртөө амласан. Гэхдээ энэ бүхэн ганцхан миний хөдөлмөр биш. Амараа өөрөө их дайчин хүүхэд. Энэ урлагийн төлөө хөдөлмөрлөж, бэлтгэл сургуулилтаа хангалттай хийсний хүчинд энэ өндөрлөгт хүрсэн юм шүү.

-Зөвхөн бэлтгэл сургуулилтаас гадна уран бүтээлч хүнд чин сэтгэл байх хэрэгтэй гэж би боддог?

-Үнэн үг. Хэдий хичээж хөдөлмөрлөлөө гээд сэтгэл байхгүй бол уянгалаг аялгуу хэзээ ч гарахгүй. Манай Амараа их зөөлөн сэтгэлтэй, өрөвч хүүхэд. Магадгүй дуу хөгжим түүний хувь хүний төлөвшилд нь хүчтэй нөлөөлсөн байх. Мөн их даруу төлөвөөс гадна аливаад их буурьтай ханддаг юм. Оюутан байхдаа багшийнхаа чихийг нэг ч удаа халууцуулж үзээгүй. Өөрийнхөө зорилгыг тодорхойлчихсон, хаашаа тэмүүлж байгаагаа мэддэг байсан учир бүх зүйлд хариуцлагатай ханддаг байлаа.

-Та өөрөө хөтөлж аваачаад театрт оруулсан юм уу?

-Сургуулиа төгсчихөөд нутаг явах бодолтой байх шиг байсан. Тэгэхээр нь 2009 онд тухайн үеийн театрын захирал байсан Б.Сэргэлэнд “Танай театрт хэрэгтэй хүүхэд шүү” гээд захиж үлдээсэн юм. 2011 он хүртэл театртаа гоцлол дуучнаар ажиллаад одоо дэлхийн алдартай театруудад дуулж байна. 2019 он хүртэлх уран бүтээлийнх нь бүх төлөвлөгөө гарчихсан байна лээ.

-Багш намайг даруухан байгаарай гэж захисан гэж ярьж байсан. Уран бүтээлч хүн даруулгатай байснаар илүү амжилтад хүрдэг бололтой?

-Би дэлхийн дуучин болчихлоо гээд сагсуурч болохгүй. Юм бүхэнд ээлж дараа гэж бий. Тиймээс өөрийнхөө оршин тогтнож байгаа энэ цаг үед төлөв даруу байсан хүн л жинхэнэ амжилтын оргилд хүрч чаддаг.

-Шавьтайгаа байнга холбоотой байгаа юу?

-Үргэлж холбоотой байдаг. Сүүлд утсаар ярихад “Намайг дуулаад явж байхад багш чинь ямар хүн бэ гэж хүмүүс их асуух юм. Таны тухай ярихаар бүгд л уулзах юмсан гэдэг. Нэг итали залуу тань дээр ирж хичээллэж болох уу гэхээр нь өөрөө мэд гээд хэлчихсэн шүү” гэдэг юм байна.

Тэгэхээр нь “Багш нь хэл мэдэхгүй, ойлголцохгүй шүү дээ. Хэн нь хэнийхээ хэлийг сурах болж байна” гээд инээлдсэн. Энэ сайхан шавь нарын минь буянд оюутнууд их ханддаг. Дахиад дэлхийн дуучин бэлдэх сэн гэсэн багш хүний цагаан шунал дуусаагүй л явна.

Зураг