Сүүлийн хэдэн сар ГССҮТ-ийн шинэ удирдлага болон эмч нарын хооронд таагүй маргаан хөвөрч байна. Харамсалтай нь шинэ даргатайгаа хамтарч ажиллах боломжгүй гэсэн тус эмнэлгийн хамт олны асуудал өнөөдрийг хүртэл эцэслэн шийдэгдээгүй бөгөөд өдөр хоног өнгөрхийн хэрээр асуудал бүрч хурцдаж, хэрүүлийн алим дэгдээгээд байгаа.
Тодруулбал тус эмнэлгийн дарга Ц.Энхбаяр эмч нарыг үймээн дэгдээсэн асуудалд өмнө нь тус эмнэлгийн даргаар ажиллаж байсан хүний гавьяат эмч Л.Жамбалжавыг буруутгаж хэвлэлээр ярилцлага өгч эхэлсэн. Энэ асуудлаар хүний гавьяат эмч Л.Жамбалжавтай ярилцлаа.
-Сүүлийн үед өөрийн тань талаар гарч байгаа мэдээллийг харсан байх. ГССҮТ-ийн дарга Ц.Энхбаярын яриад байгаа шиг та үнэхээр эмч нарыг турхираад байгаа юм уу?
-Надад Гэмтлийн эмнэлгийн эмч нарыг турхираад байсан юм ер байхгүй. Сүүлийн үед сонин хэвлэлээр миний эсрэг гарч байгаа мэдээллүүдийг хараад би Л.Жамбалжав гэдэг хүний эсрэг зохион байгуулалттай ажил хийж эхлээд байна гэж харж байгаа. Тиймээс танай сониноор дамжуулаад тайлбар өгөе. Юу болсныг эхнээс нь ярьмаар байна, болно биз дээ.
-Бололгүй яах вэ.
-Тийм ээ би энэ оны тавдугаар сарын 29-нд Гэмтлийн эмнэлгийн даргаар түр томилогдсон. Үүний өмнө эмнэлгүүдийн дарга нарын сонгон шалгаруулалт болсон. Тэгэхэд би нэгдүгээр эмнэлгийн даргын сонгон шалгаруулалтад орж тэнцсэн.
Гэтэл тус эмнэлгийн зарим эмч тодруулбал, Лхажий, Далайжаргал, Уранчимэг, Сэргэлэн, Батболд, Оюундэлгэр нар гарын үсэг зураад “Жамбалжав эмч манай эмнэлгийн даргын сонгон шалгаруулалтад орсон байна. Энэ хүн манайд ажиллаж байгаад тэтгэврээ тогтоолгоод гарсан. Ийм хүн даргаар ирнэ гэдэг ёс зүйгүй асуудал” гэж Төрийн албаны зөвлөлд бичиг өгсөн байсан.
Төрийн албаны зөвлөлийнхөн өнөө бичгийг хүлээж аваад Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст хандаад намайг тэтгэвэр тогтоолгосон байна уу үгүй юү гэдгийг асуугаад “Энэ хүн тэтгэвэрт гарсан учраас төрийн албаны сонгон шалгаруулалтад орох эрхгүй. Тэр ч бүү хэл нөөцөд бүртгэж болохгүй” гэсэн 73 дугаар тоот тогтоолыг тавдугаар сарын 3-нд гаргасан байсан.
Би түүнийг нь хараад гайхсан. Намайг Нэгдүгээр эмнэлэгт очуулахгүй байх хүмүүсийн ажил гэж ойлгосон. Яагаад гэвэл хуульд эрэгтэй бол 60 нас хүрээд тэтгэвэрээ тогтоолгоно гэж заасан байдаг. Энэ эрх маань нээгдсэн учраас би эрхээ эдэлсэн. Би Монгол Улсын иргэн. Улсдаа ажиллах ёстой. Төрийн албаны тухай хуульд зааснаар эрэгтэй хүн төрийн албанд 65 нас хүртлээ ажиллаж болно гэсэн заалт байгаа. Гэтэл тэтгэвэр тогтоолгосон хүн ажиллаж болохгүй гэсэн ямар ч хориг хуульд байхгүй. Иймээс би Захиргааны хэргийн шүүхэд хандсан.
Захиргааны хэргийн шүүх энэ аравдугаар сард энэ хэргийг хэлэлцээд миний гаргасан нэхэмжлэлийг хангаж Төрийн албаны тогтоолыг хүчингүй болгосон. Энэ тогтоол хүний эрхийг ноцтойгоор зөрчсөн байна гэсэн. Үндсэн хуульд байдаг шүү дээ. Монгол Улсын иргэн хүн нас хүйс, яс үндэс гэж ялгахгүйгээр хөдөлмөрлөх эрхтэй гэж. Иймээс намайг эмнэлгийн даргын сонгон шалгаруулалтаас хассан нь Жамбалжав гэж хүнийг тэнд очуулахгүй гэсэн хаалт гэж хүлээж авсан.
-Та Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг Төрийн албаны зөвлөл танилцуулсан юм уу. Юу гэж хүлээж авсан бэ?
-Тэр Баатарсүрэн гэдэг хүн нь “60 настай тэтгэвэрт гарсан хүнийг эргээд томилчихвол тийм жишиг тогтоно. Тэгвэл хэцүүднэ. Тэтгэвэрт гарсан хүмүүс буцаж ажиллах гээд хэцүүднэ. Багш нар яг тэгж байсан. Иймээс бид тэтгэвэрт гарсан хүнийг ажиллуулахгүй гэсэн бодлого барьж байгаа” гэсэн. Хуулийг зөрчин байж бодлого барьж жишиг тогтоож болохгүй биз дээ.
Монгол Улсын хүн ам 2,8 сая. Гэтэл нэг хэсэг нь 60 нас хүрэхээр нь ямар ч ажиллах эрхгүй болгоод хаячихаж болохгүй биз дээ. Ахмадууд зөвхөн авсаа бэлдээд суух болж байна уу. Энэ бол нэгдүгээрт асуудал. Хоёрдугаарт миний ажил мэргэжил, ур чадвараар олж авсан дадлага туршлага улс эх оронд маань хэрэгтэй. Одоо ч надад тийм нөөц чадвар байна. Би одоо ч мэс заслын хагалгаа хийдэг.
Монгол Улсад анх бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг хийж, нэвтрүүлж чадсан. Бөөрний мэс засал хийхийн тулд өчнөөн төгрөг төлж гадаад явж эмчлүүлдэг байсан монголчууд одоо тэгэхээ больсон. Мөн Улсын төв эмнэлэгт ажиллаж байхдаа ясны чөмөг шилжүүлэн суулгах мэс заслыг нэвтрүүлэхийг зорьж байсан.
Бас энэ эмнэлгийг иргэдэд нээлттэй чөлөөтэй болгосон. Эмнэлэг гэдэг эмчлүүлж буй хүнээ эргэхээр тэвдэж ирсэн хүмүүсийн өмнө хаалга нь үргэлж нээлттэй байх ёстой газар. Иймээс л энэ эмнэлгийн хаалгыг 24 цаг нээлттэй болгож өгсөн. Үүнийг ард түмэн харж байгаа. Түүнчлэн Улсын эмнэлгүүд Амгалангийн төмөр замын үйлдвэрээс техникийн хүчилтөрөгч авч хэрэглэдэг байсныг санаачлаад Улсын клиникийн төв эмнэлэгт хүчилтөрөгчийн үйлдвэр байгуулсан. Би нэгдүгээр эмнэлгийн хамт олонтой сайхан хамтарч ажиллаж байсандаа баярлаж явдаг.
-Тэгээд эмч нар нь яагаад таныг хүлээж аваагүй юм. Магадгүй эмч нарын дургүйцсэн шалтгаан нь та улс төрд орсоноос болсон юм биш үү?
-Эмч хүн ядарсан зүдэрсэн, өвдсөн зовсон хүнд хагалгаа хийгээд зогсох биш тэр хүний амьдрал ямар байна нийгэмд байна вэ гэдгийг харж байх ёстой. Би тэгж үздэг.
Өөрөөр хэлбэл эмч хүн гэдэг улс төрийн зүтгэлтэн биш харин нийгмийн талаас нь анхаарч зүтгэдэг хүн байх ёстой. Би тэр тийм хүн. Тийм ч учраас шударга ёсны байдал, ард түмний эрүүл мэнд ядуу зүдүү байдлын талаар бас улс төрийн зарим хүчинтэй нэгдэж тийм үйл ажиллагаа явуулж байсан. Би ард түмнийнхээ төлөө гэж яваад МАХН-ын гишүүн болсон.
Н.Удвал сайд намайг хажуудаа улс төрийн бодлогын зөвлөхөөр авч ажиллуусан. Тэгж байтал ГССҮТ дээр удирдлага байхгүй хэцүү байдалд байгаа гэсэн учраас намайг даргаар нь түр томилсон. Би очоод ажлаа хийж байсан. Тэнд 2-3 сар ажиллаж байтал АТГ-аас сайд таны түр томилсон хүмүүс чинь манайхаас санал аваагүй байна.
Ашиг сонирхлын тухай анкет бөглөөгүй байна. Тийм учраас ийм ийм хүмүүсийг хал гээд хэд хэдэн хүний нэр өгүүлсэн. Түүнд нь миний нэр байсан. Тэгээд сайд энэ асуудлыг ярьж байгаад “За ямар ч гэсэн одоо шаардлагын дагуу таныг түр халъя. Халаад санал авъя. Тэгээд эргээд албан тушаалд нь тавина” гэсэн бодолтойгоор ажилласан. Тэгээд яамнаас АТГ-т бид хэдийн саналыг явуулсан. Нөгөө хэдийнх маань 5-6 хоноод ирж албан тушаалдаа буцаад очсон. Харин минийх ирээгүй, удсан.
-Яагаад ирээгүй юм бол?
-Мэдэхгүй 10 гаруй хоносны дараа бичиг ирсэн. Тэр бичигт эхлээд энэ хүнийг тавихдаа санал асуугаагүй байна гэсэн байсан. Энэ зөрчил бол надтай холбоотой биш. Энэ бол яамны ажил байсан. Дараа нь анкетаа хожимдуулсан. 30 хоногийн дотор нь өгөөгүй гэсэн байсан. Энэ нь ч үнэн. Яагаад гэвэл би тэр албан тушаалд түр байна, сонгон шалгаруулалт өнөө маргаашгүй болох гэж байхад би байх ч юм уу гүй ч юм уу гэдэг нь тодорхойгүй байсан учраас. Дараагийн зөрчил нь намайг хувийн эмнэлэгтэй.
Түүнд нь гэр бүлийн хүн нь ажилладаг гэдгийг бичээгүй байна гэсэн. Бас Гэмтлийн эмнэлгийн залгаа газар хувийн эмнэлэгтэй 600 мкв газар эзэмшсэн байна. Ингээд үзэхээр Гэмтлийн эмнэлгийн даргаар тавихад ашгийн сонирхол үүсэх учраас болохгүй гэсэн байсан. Гэхдээ үнэнийг хэлэхэд яриад байгаа газар нь Гэмтлийн эмнэлгийн хашааны гадна болохоос дотор газар биш.
Тэгээд ч 2012 оны есдүгээр сарын 27-ны өдрийн НИТХ-ын 310 дугаар тогтоолоор энэ газар хүчингүй болсон тул тэнд элдэв юм бариад газар эзэмшээд байгаа юм байхгүй. Нэгэнт намайг дахин тушаал гаргаж Гэмтлийн даргаар тавиагүй учир би тэр өдөр нь халагдсан тушаалаа албан ёсоор аваад гарсан. Надад хүмүүсийн яриад байгаа шиг албан тушаалтай зууралдах, булхайгаа нуун дарагдуулсан юм байхгүй. Яамныхан ч үүнийг мэдэж байгаа.
-Та ГССҮТ-ийн даргаар ажиллаж байхдаа эмч нартай нь ойголцож ч чадаж байсан уу. Тэд үнэхээр болохгүй бүтэхгүй хүмүүс үү?
-Би энэ эмнэлэгт гурван сар ажиллахдаа хамт олонтойгоо гар нийлж ажилласан гэж боддог, бас л сайхан хамт олон гэж боддог. Би мэргэжлийн эмч хүн. Би гэмтлийн асуудлаар мэргэшсэн, хавсарсан гэмтлийн үед дэх цусны системийн үйл ажиллагааны сэдвээр анагаах ухааны докторын зэргийг хуучнаар ЗХУ-ын Ленинградын Цэргийн хүн эмнэлгийн академд хамгаалсан хүн.
Нөгөө талаар би цэргийн Цэргийн госпиталд 22 жил ажиллахдаа ерөнхий мэс заслын эмчээс гадна гэмтлийн мэс засал буудуулж шархадсан дэлбэрч шархадсан, хугарсан, авто осолд орсон хутгалуулсан гэх мэт бүхий л гэмтэлтэй өвчтөнд хагалгаа хийж байсан. Би тэнд зөвлөх эмчээр ажиллаж байсан. Тэгэхээр Гэмтлийн эмнэлэг надад ойр. Тийм ч учраас мэргэжлийн эмч нартай хамтарч ажилласан. Энэ хүмүүс намайг ямар ч эсэргүүцэлгүй хүлээж авсан. Хамтарч ажиллаад нэлээд юм амжуулсан. Гэмтлийн эмнэлэг бол яаралтай тусламжийн талаар их анхаарах ёстой, төлөвлөгөөт журмаар хагалгаа хийдэг, согог засдаг, гамшгийн үед бүх аврагдах арга хэмжээг авдаг ийм л газар.
Би яаралтай мэс заслын үеэр л яаралтай тал руу нь анхаарч хүлээн авах яаралтай тусламж сэхээн эрчимт эмчилгээнд илүүтэй анхаарч ажиллахаар бэлтгэл ажиллуудыг хийж байсан. Эрүүл мэндийн яаманд асуудлыг тавиад энэ эмнэлгийн Түлэнхийн төвийн өргөтгөлийг барих асуудлыг хөөцөлдсөн. Яагаад гэвэл өнгөрсөн жилийн төсөвт 8,5 тэрбум төгрөгөөр Түлэнхийн төвийг барина гээд тусгагдсан байсан.
Тэр газрын хуучин байшинг нураах, барих асуудлаар хөөцөлдсөн. Нөгөө талаас бас энэ жил засвар хийлгэхээр 230 сая төгрөг суусан байсан тэрийг засвар хийлгэхээр Гэмтлийн эмнэлгийн байшин 1990-ээд оноос хойш огт засвар хийгдээгүй зарим газрыг дээврээс нь ус гойждог, хагарсан сантехник нь муудсан тул засуулахаар ажиллаж байсан. Мөн энэ асуудлаар яманд хандаад тендер зарлуулахаар болсон байсан. Ийм үед АТГ-аас бичиг ирж Н.Удвал сайд дараагийн хүнийг тавьсан юм билээ.
-Та Ц.Энхбаяр гэдэг хүнийг мэдэх үү
-Үгүй. Би түүнийг таних ч үгүй. Тэгээд ч Эрүүл мэндийн сайд хэнийгээ тавина энэ нь түүний бүрэн эрхийн асуудал. Хэдийгээр би Н.Удвал сайдын зөвлөх ч гэсэн надад ийм хүн тавь, тэг ингэ гэх эрх ч байхгүй. Түр тавьсан л гэж байсан. Гэтэл тэр хүнийг нь ГССҮТ-ийн эмч нар эсэргүүцээд жагсаал цуглаан болоод байгаа юм билээ. Би энэ асуудлыг хэвлэл мэдээллээр авч байгаа.
-Та хамгийн сүүлд хэзээ ГССҮТ орсон бэ?
-Би Эрүүл мэндийн яамнаас халагдах тушаалаа өөрөө очиж аваад тэр өдрөө ажлаа хүлээлгэж өгөөд гарсан. Түүнээс хойш эргэж очоогүй. Би цэргийн хүн. Эх орныхоо хаана суу гэсэн газарт сууж, хий гэсэн ажлыг нь хийж байсан.
-Тэгээд яагаад тантай холбоод байгаа юм бэ?
-Мэдэхгүй. Яг үнэндээ тэр толгойлоод байгаа гээд буй эмч нар нь мэргэжилдээ сайн, Гэмтлийн эмнэлгээ мэддэг хүмүүс гэж үнэлдэг. Мундаг, чадалтай эмч нар шүү. Тэд хэн нэгний турхилтаар, хэн нэгний эрх ашгийн төлөө хөдөлдөг хүмүүс биш.
-Та зарим хүнийг нь албан тушаалд тавьсан. Тэдгээр нь таныг буцааж дарга болгох гээд улайраад байна гэсэн шүү дээ?
-Би хамт олноо судалсан. Өөрт наалдаж нялцайсныг нь бус хамт олондоо нэр хүндтэй тийм хүмүүсийг дарга болгосон. Тэгж байж л ажил явна биз дээ. Хэдэн жилийн өмнө би энэ эмнэлэгт даргаар ирэх гэж байхад эмч нар нь “Манайх мэргэжлийн эмчээ дотроосоо даргаар нь тавина” гэж эсэргүүцэхэд би орхиод л гарч байсан.
Тэгэхэд С.Отгонгэрэл гэдэг эмчийг томилоод найман жил ажиллаад ажлаасаа халагдсан. Надад тэгж уриалан дуудсан юм байхгүй. Бид бусдаас буруугаа хайж, хардах бус бодит байдлыг харж ажиллах ёстой шүү дээ. Энэ бол намайг хэлмэгдүүлж, ажиллах , амьдрах эрхийг маань боогдуулж байна гэж үзэж байна.
-Та даргаар ажиллаж байсны хувьд юу гэж харж байна, энэ үйл явдлыг?
-Ойлгомжтой л байна шүү дээ. Хамт олон нь хүлээж авч чадахгүй гээд бужигнаж л байна. Тэр дарга нь үүнийг ойлгох хэрэгтэй. Хаа газар даргаар очиход ийм юм байж л байдаг. Тэр сонин дээр намайг их муухай турхирч байна гэж ярьсан байна билээ. Намайг их муухай гүтгэсэн байсан. Би хуулийн байгууллагад хандана.
-Таныг “Мон мэс” гэдэг эмнэлэгтэй гээд их буруутгаж байна?
-Би “Мон мэс” гэдэг эмнэлгийг үндэслэж байгуулсан нь үнэн. Энэ эмнэлэг улсын үйлчилгээ үзүүлдэг Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэдэд мэс заслын тусламж үйлчилгээг 24 цагийн турш, эрүүл мэндийн даатгалаар, үнэ төлбөргүй үзүүлдэг.
Хоёр өрөө байраа барьцаалж зээл аваад энэ эмнэлгийг байгуулсан түүхтэй. Энэ эмнэлэг 10 гаруй мянган хүнийг эмчилсэн. Дахиад хэлэхэд энэ эмнэлэг хувийн нэртэй боловч улсын үйлчилгээ үзүүлдэг. Надад ашиг гээд олоод байсан юм байхгүй. Энэ эмнэлгийг улсад авч болно гэсэн асуудлыг ЭМЯ-нд тавиад байгаа.
-Тэр газар ямар учиртай юм бэ?
-Манай хүүхдүүд энэ эмнэлгийг томруулья гээд Гэтмлийн эмнэлгийн хашааны гадна газар авсан юм билээ. Гэтэл үүнийг нь бариад над руу дайраад байх юм. Ядуу зүдүү мөнгө төгрөггүй болохоор тэгж байгаа юм уу мэдэхгүй. Эмнэлгийн хашаан дотор өндөр байшин барьсан хүмүүсийг яаж ч чадахгүй байж. Яг үнэндээ Нийслэлийн Засаг даргын захирамж гарч 100 гаруй зөвшөөрөлтэй зөвшөөрөлгүй газрын хашааг нураахад энэ газрыг ч гэсэн цуцласан. Газрыг нь буцаагаад л өгчихсөн.
-Нисдэг тэрэг тавьдаг газрыг та бас авчихсан юм биш үү?
-Үгүй, тэр чинь бүүр эмнэлгийн хашаан дотроо байдаг юм. Би нисдэг тэрэг буудаг талбай дээр ажилчдадаа зориулсан машины зогсоол байгуулсан. Тэмдэг тавиад. Надад бүх баримт бий.
-Ц.Энхбаяр эмч энэ эмнэлэгт болохгүй бүтэхгүй юм их байна гээд байна шүү дээ?
-Дутагдал бий нь бий. Гэхдээ эмч нарт бус хуучин удирдлагуудтай холбоотой. Зохион байгуулалтын алдаанаас болж зөрчил гарч байсан. Тухайлбал, эмнэлгийн хашаан дотор эмнэлгийн мэдлийн газарт өндөр орон сууц барьсан. Мөн зүүн урд “Мон мед” гэдэг эмнэлэг газар аваад хашаа хатгаад бусдад түрээслүүлсэн байх жишээтэй.
Харин ч би төрийн мэдлийн газрыг хувь хүмүүс яагаад авав гэх асуудлыг сөхөж, гаргаж тавьсан. Бас хуучин эмнэлгийн газрын асуудлыг гаргаж ирсэн. 11 дүгээр хороололд байдаг Түлэнхийн эмнэлэг 2 тэрбумын үндсэн хөрөнгөтэй гэсэн атлаа юу ч байгаагүй.
Паарны дэгээ төмрийг нь хүртэл тоносон байсан. Энэ бол өмнөх удирдлагын хариуцлагын асуудал шүү дээ. Бас урдаа том газартай байхад нь тэнд ажиллаж байсан нөлөө бүхий эмч том байшин барьчихсан байх жишээтэй. Би АТГ-ын холбогдох албан тушаалтанд албан бичиг явуулсан байсан.
Гэтэл есдүгээр сард буюу намайг халсны дараа бичиг ирэхдээ прокурор хэрэг үүсгэх боломжгүй гэсэн байна гэх хариултыг ирүүлсэн. Би хэнийг ч танил тал гэж гүйдэггүй. Би хуучин Гэмтлийн эмнэлэг тоногдсон асуудлаар УМБГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст хандсан ч одоо яаж байгаа нь мэдэгдэхгүй таг болчихлоо. Бас энэ эмэлэгт Солонгос эмч нар ирж төлбөртэй хагалгаа хийгээд л.
Тэд 700 гаруй ямнган долларын орлого олсон байгаа юм. Би цагдаад баримтыг нь өгсөн. Би ингэж л тэмцэж байсан. Гэтэл бүгдийг нь цайруулсан. Энэ хэнд хэрэгтэй байсныг би мэдэхгүй.
-Та шинэ даргын тухай хэр мэдэх вэ?
-Би сайнаар ч, муугаар ч мэдэхгүй. Хамт олонтойгоо ойлголцож чадахгүй бужигнаад л байх юм. Хамт олонтойгоо учраа олж чадахгүй байж хаа хамаагүй хүн рүү дайраад нэр төрд халдаад байх юм. Намайг маш их доромжилсон. Харин ч би дуугүй байсан.
-Та сайдтай энэ асуудлаар зөвлөсөн үү?
-ГССҮТ-ийн даргын асуудал сайдад маш хүнд байгаа. Үүн дээр би Төрийн албаны зөвлөлийг буруутгана. Эцсийн эцэст тэд энэ будлианыг тарьсан. Төрийн албаны салбар зөвлөлийн ажлыг дур мэдэн хийж, сонгон шалгаруулалтыг будлиантуулж байгаа. Яагаад гэвэл энэ газар хуулиараа бол төрийн албан хаагчийн ажиллагаа ямар байна вэ, төрийн албаны салбар зөвлөлийн үйл ажиллагаанд хяналт тавьж зөвлөгөө өгөх үүргэтэй болохоос шууд гардан оролцох ёсгүй. Гэхдээ зарим хүн нь шүү.
-Сүүлийн үед эмнэлгийн даргыг тойрсон томилгоог та юу гэж харж байна вэ?
-Нуулгүй хэлэхэд төрлийн, найзын, улстөрийн томилгоо орж байна. Сонгуулийн үед л улстөрждөг юм байгаа биз. Бусад үед бол болохгүй шүү дээ. Би Ардчилсан намд ч МАХН-д ч ажилласан. Надад улс төрийн нам дагаж албан тушаал горьдож гүйсэн зүйл байхгүй. Одоо бүгд л дарга болох гэж улайрч байна.
-Таныг Гэмтлийн эмнэлгийн дарга бол гэвэл та зөвшөөрөх үү?
-Үгүй ээ. Би тэр тухай бодоо ч үгүй байна. Би Ц.Энхбаяр даргыг ийм юм гаргаж ирээд ярьж байгаад харамсаж байна. Удирдлагын хүн гэхэд сэтгэлд хүрэхгүй байна. Ийм ярилцлага өгөөд сууж байдаг. Тэр хүн надаас уучлалт гуйх хэрэгтэй. Ер нь тэгээд хамт олныг тушаалаар бүрдүүлдэггүй юм. Олон жилийн хөдөлмөрийн үр дүнд бүрддэг юм.
Гэмтлийн эмнэлгийн хамт олон яагаад ийм цул байна гэдэг нь олон жилийн турш нэг баг болж ажиллаж чадсан, хүнд хэцүү үед бие биенийгээ түшиж байдаг учраас ийм цул байгаа юм. Муу хамт олон гэж байхгүй. Муу дарга л гэж байдаг. Эмнэлгийн дарга гэдэг командлагч бишүү дээ. Харин тэдний хэвийн үйл ажиллагааг явуулахад нь туслах зохицуулагч байхгүй юү.
Чи ажлыг нь мэдэхгүй байж болно. Гэхдээ чи хамт олноо ойлгож хүндлэх ёстой. Хамт олон тушаалаар хөдөлдөггүй юм. Эцэст нь хэлэхэд Гэмтлийн халагдсан эмч нар мундаг боловсролтой хүмүүс шүү дээ.
Би мэргэжлийн хүний хувьд үүнийг батлаж чадна. Энэ хүмүүс Монгол Улсын баялаг. Сурсан мэдсэн зүйл нь баялаг. Үүнийг ард түмэн ашиглах ёстой. Тэрнээс нэг хүн болохгүй байна гээд дураараа хаяж болохгүй шүү дээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
0 СЭТГЭГДЭЛТЭЙ
|