Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/11/11-НД НИЙТЛЭГДСЭН

Ж.Гантөгс: БНСУ-ын тамирчдыг хожчихоод шигшээ харваанд тайвширсан тал бий

Б.Бат, Өдрийн шуудан
2013 оны 11 сарын 11
Өдрийн шуудан
Зураг зураг
Байт харвааны ОУХМ Ж.Гантөгс

Энэ сарын эхээр байт харвааны 18 дахь удаагийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Тайваний нийслэл Тайпейд болсон. Азийн аваргад манай улсаас рекурвын эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд ОУХМ Ж.Гантөгс мөнгөн медаль хүртсэн. Ж.Гантөгсийн хувьд Монголын тамирчдаас Азийн аваргаас байт харвааны ганцаарчилсан төрөлд медаль хүртсэн анхны тамирчин болсон юм. Ингээд түүнтэй ярилцсанаа хүргэе.

Ням гаригаас бусад өдөр бэлтгэлээ хийдэг. Зааланд өдөрт 200-250 сум тавьдаг бол гадаа талбайд 500-600 сум харвадаг.

-Тайваньд болсон Азийн АШТ-д гурав дахиа оролцож, мөнгөн медалийн эзэн боллоо. Энэ тэмцээнд манайхан хэчнээн хүний бүрэлдэхүүнтэй оролцов?

-Монголын байт харвааны шигшээ багийн тамирчид 20-иод хүний бүрэлдэхүүнтэй оролцсон. Үүнээс 15 нь тамирчин байсан.

-Азийн АШТ-д хаанахын тамирчидтай хүч үзэж, мөнгөн медаль хүртэв?

-Эрэгтэйчүүдийн рекурв төрлийн харваанд 49 тамирчин өрсөлдсөн. Миний хувьд урьдчилсан харваанд 663 оноогоор долдугаар байрт шалгарсан. Эхний тойрогт гоц мөргөж, хоёрдугаар тойрогт Тайландын Дуанг Суваныг 6:2-оор, 1/8 шигшээд Малайзын тамирчин Камаруддин Хазиг 6:4-өөр хожсон. Улмаар шөвгийн наймд тус тэмцээний чансааны гуравдугаарт эрэмбэлэгдсэн энэ жилийн Дэлхийн цомын аварга БНСУ-ын Жин Жа Ваныг, хагас шигшээд Жун Сун Воныг тус тус хожсон. Харин алтан медалийн төлөөх харваанд “Лондон-2012” олимпийн мөнгөн медальт Японы Такахарү Фүкүкавад хожигдож мөнгөн медаль хүртлээ.

-Өмнөд Солонгосын хоёр тамирчинг хожсон. Тэднийг хожиход ямар санагдав?

-Сайхан байсан. Сая Азийн аваргад хождог БНСУ-ын тамирчид шинээр гарч ирж байгаа сайн тамирчид байсан. Тэднийг хожчихоод медаль авах нь тодорхой болчихлоо гээд шигшээ харваанд жаахан тайвширчихсан тал бий.

-Азийн аваргад өрсөлдсөн тамирчидтай өмнө нь тэмцээний талбарт харваж байв уу?

-Алтан медалийн төлөө өрсөлдсөн Японы харваачаас бусадтай нь анх удаа цэц сорьсон.

-Та хэдэн оноос байт харваагаар хичээллэсэн вэ?

-1988 оноос хойш байт харваагаар хичээллэж байна. 1990 онд ардчилал гараад их сургууль, ажил амьдрал гээд хэсэг хугацаанд бараг сонирхогчдын төдий л хичээллэдэг байлаа. Харин “Бээжин-2008” оны олимпийн дараагаас тууштай хичээллэж байна. Ялангуяа 2009 онд үндэсний шигшээ багт багтсанаар бэлтгэл сургуулилалтаа тогтмол хийж байгаа.

-Энэ спортоор хичээллэхэд танд анх хэн нөлөөлсөн бэ?

-Намайг 23 дугаар сургуулийн сурагч байхад тухайн үед ОХУ-д байт харвааны дасгалжуулагч мэргэжлээр төгссөн Саранчимэг багш Спорт сургалтын төвд шинээр дасгалжуулагчаар ирж байлаа. Саранчимэг багш дунд сургуулиудаар явж, байт харваагаар хичээллэх сонирхолтой хүүхдүүдийг секцэндээ шалгаж авсан. Миний хувьд тэр үед шалгуулж тэнцсэнээр байт харваатай нөхөрлөсөн дөө.

-Та өнгөрсөн жил “Лондон-2012” олимпод оролцсон. Олимпийн наадамд анх оролцоход ямар мэдрэмж төрж байв?

-Тамирчин хүн бүрийн мөрөөдөл олимпийн талбарт өрсөлдөх байдаг. Лондоны олимп миний хувьд хэзээ ч мартагдашгүй сайхан дурсамж болсон. Манай байт харвааны тамирчид улсын баяр наадмын үеэр Лондонд очсон. Эрт очсон болохоор бие организмын хувьд хүндрэл гараагүй. Өнгөрсөн олимпод би Монголынхоо тамирчдын салхийг хагалсан. Эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн урьдчилсан харваанд 64 тамирчнаас 669 оноогоор 17 дугаар байрт шалгарсан. Өмнө нь Монгол Улсын дээд амжилт 668 оноо байсан. Миний хувьд улсынхаа рекордыг нэг оноогоор ахиулсан. Харин хасагдах шатанд эхний тойрогт Энэтхэгийн Рахул Банержетэд хожигдсон юм.

-Лондоны олимпод оролцох эрхээ ямар тэмцээнээс авсан юм бэ?

-2011 онд Италийн Туринд болсон ДАШТ-д 1/8 шигшээд шалгарч, олимпийн эрхээ авч байлаа. Турины ДАШТ-д Ирланд, Польш, Японы тамирчдыг ялж, шөвгийн 16-д Канадын тамирчинд хожигдсон.

-Олимпийн эрхийг ямар тэмцээнээр өгдөг юм бэ?

-Олимпийн өмнөх жилийн ДАШТ-д эрх олгодог. Тухайн дэлхийн аваргад багийн төрөлд эхний найман байрт орсон улсад шууд эрх өгдөг. Харин ганцаарчилсан төрөлд шөвгийн 16-д шалгарахад эрхээ авна.

-Өөр эрх олгодог тэмцээн болдог уу?

-ДАШТ-ээр эрхээ авсан баг, тамирчид оролцдоггүй тив, тивд нэг эрхийн төлөө тэмцээн олимпийн өмнө болдог. Тухайн тэмцээнд зөвхөн түрүүлсэн тамирчин олимпод оролцох эрхээ авна. Ер нь олимпийн эрх авахад тун хүнд байдаг.

-Гадаадын ямар орны тамирчдын техникийг харж, судалдаг вэ?

-Өмнөд Солонгосын тамирчдын техник цаанаасаа өөр байдаг. Солонгост байт харваа, таквондо хоёр номер нэг спорт болтлоо өндөр хөгжсөн.

-Та тэмцээний талбарт хэр нервтдэг вэ?

-Буудлага, байт харвааны тамирчид нервтвэл өндөр амжилт гаргана гэж ярилтгүй. Энэ спортын тамирчид тайван талдаа хүмүүс байдаг. Залуу байхад тэмцээний үед сандрах тал ажиглагддаг байсан. Харин одоо харвах үедээ юу ч бодох санах юмгүй тайван харвадаг.

-Долоо хоногийн хэдэн өдөрт бэлтгэл хийдэг вэ?

-Ням гаригаас бусад өдөр бэлтгэлээ хийдэг. Зааланд өдөрт 200-250 сум тавьдаг бол гадаа талбайд 500-600 сум харвадаг.

-Байт харвааны тамирчдын чансааг хэрхэн тогтоодог вэ?

-Дэлхийн цомын тэмцээнд эхний найман байрт орсон тамирчинд чансааны оноо өгдөг. Түрүүлсэн тамирчин 16 оноо, мөнгө, хүрэл медальтан 12, 10 гэх мэтчилэн чансаандаа нэмэрлэдэг. ДАШТ болон Азийн АШТ, Азийн Гран при тэмцээн ялгаагүй медаль хүртсэн тохиолдолд чансаандаа оноо нэмнэ.

-Та дэлхийн чансааны хэдэд яваа вэ?

-Дэлхийн чансаанд 32 дугаар байрт яваа. Сая Азийн аваргад мөнгөн медаль хүртсэн болохоор чансаа нэлээд ахиж магадгүй.

-Өвлийн улиралд бэлтгэлээ хаана базаадаг вэ?

-Зааланд голчлон 18 метрийн зайд бэлтгэлээ хийдэг. Ер нь хавар дөрвөн сараас аравдугаар cap хүртэл гадаа талбайд хийнэ. Үлдсэн саруудад зааланд бэлтгэлээ базаана. Гэхдээ өвлийн улиралд эх орондоо хүч сэлбэх боломж муутай байдаг. Тиймээс сүүлийн хоёр, гурван жил Тайландын шигшээ багийн тамирчидтай хамтарсан бэлтгэл хийсэн. Энэ жилийн нэгдүгээр сард Тайландад хоёр cap хамтарсан бэлтгэл хийгээд тэндээсээ Бангкокт болсон Азийн Гран при, БНХАУ-ын Шанхай хотод болсон Дэлхийн цомын цуврал тэмцээнүүдэд оролцсон.

-Дээрх тэмцээнүүдэд хэрхэн оролцов?

-Хоёуланд нь 1/8 шигшээ харваанд хожигдсон. Шанхайн Дэлхийн цомд эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд 70 гаруй тамирчин өрсөлдсөн. Би 30 метрт 355 оноогоор улсын рекордыг эвдсэн.

-Таны хамгийн мартагдашгүй тэмцээн?

-2009 онд Мьянмар улсад болсон Зүүн Өмнөд Азийн аварга шалгаруулах байт харвааны дөрөв дэх удаагийн тэмцээнд 70 метрт (36x2 сум) аварга болсон нь хэзээ ч мартагдашгүй. Тус тэмцээнд үндэсний шигшээ багт ороод удаагүй байсан болохоор аварга болоход сайхан санагдаж байсан.

-Манай улсын байт харваагаар хичээллэгсдийн тоо өсч байгаа юу?

-Байт харваа Монголд сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж байна. 2008 оны Бээжингийн параолимпод Д Баатаржав ах алтан медаль хүртсэнээс хойш байт харваагаар хичээллэгсдийн тоо илт өссөн.

-Нум болон бусад хэрэглэл үнэтэй гэж дуулсан. Таны нум, сум хаанахын ямар үнэтэй вэ?

-Миний одоо хэрэглэж байгаа нум, хэрэглэл материал АНУ-д үйлдвэрлэсэн. Үнэ нь ойролцоогоор 4000 ам.доллар.

-Та ойролцоогоор хэдэн нум хэрэглэсэн бэ?

-2009 оноос хойш нийт дөрвөн нум элээсэн. Жилд нэг нум хэрэглэдэг. Уг өмнө нь нэг нумыг хоёроос гурван жил хэрэглэдэг байсан. Харин 2009 онд үндэсний шигшээ багт багтсанаас хойш олон улсын тэмцээнд олон оролцох жилд нэг нум сольдог болоод байгаа. Байт харвааны нум, сум олон харвах тусам элэгдэлд ордог.

-Байт харваанд рекурв, компаунд гэсэн хоёр төрөл байдаг. Та аль төрөлд бэлтгэл хийдэг вэ?

-Би хоёулангаар нь хичээллэдэг. Гэхдээ олимпийн хөтөлбөрт багтдаг рекурвын төрөлд ихэвчлэн тэмцээн, уралдаанд оролцдог болохоор уг төрөлдөө илүү их цагийг зарцуулдаг.

-Таны гол зорилго?

-Рио Де Жанейрогийн олимпод оролцох. Гэхдээ олимпод зүгээр нэг хүч үзэх төдий биш, хувийн амжилтаа ахиулахаас гадна эрэгтэй, эмэгтэй бүтэн багаараа оролцохыг хүсч байна.

-Та шигшээ багийн цалинжихаас гадна ямар байгууллагад харьяалагддаг вэ?

-“Нийслэл өргөө” клубийн тамирчин гэж явдаг. 1998 оноос хойш тус клубийн өмнөөс дотоодын тэмцээн, уралдаанд оролцдог. Тодорхой хэмжээгээр клубээсээ цалинждаг.

-Манай уншигчдад гэр бүлээ танилцуулахгүй юу?

-Би эхнэр, хүү, охины хамт амьдардаг. Манай эхнэрийг М.Оюунчимэг гэдэг. Эрүүл мэндийн яаманд ажилладаг. Хүү Г.Эрдэмтөгс 13 настай, Нийслэлийн орос гуравдугаар сургуульд сурдаг. Охин Г.Номуун долоон настай, нэгдүгээр ангид сурдаг. Намайг бэлтгэл сургуулилалт, тэмцээн, уралдаан гээд хэдэн сараар явахад миний хань ар гэрийн ажлыг амжуулдаг. Танай сониноор дамжуулан ханьдаа маш их баярлаж явдаг шүү гэж хэлмээр байна.

-Гадаадад тэмцээн уралдаан, хамтарсан бэлтгэл гээд явахад эхнэр тань хэрхэн хүлээж авдаг вэ?

-Маш сайн ойлгож дэмждэг. Эхнэр маань 1990-ээд оны дунд үед байт харваагаар хичээллэж явсан, ОУХМ цолтой. Харин их спортоо орхисноос хойш ЭМЯ-нд ажиллаж байгаа.

-Тэгвэл эхнэртэйгээ байт харваа холбогдож байжээ?

-Тийм ээ. Байт харваагаар хамт хичээллэж байгаад эхнэртээ татагдсан. Ер нь энэ спортынхоо буянд ханиа олсон шүү.

-Ярилцсанд баярлалаа. Ярилцлагын төгсгөлийг танд үлдээе?

-Хамгийн түрүүнд эхнэр М.Оюунчимэгтээ баярлалаа гэж хэлмээр байна. Тэмцээн, уралдаан бэлтгэл сургуулилалт гээд явахад ар гэрийн бүх ажлыг зохицуулж, явдаг эхнэртээ хамгийн түрүүнд баярлалаа гэж хэлье. Мөн Спорт бэлтгэлийн төв, үндэсний шигшээ багийн алба, Монголын байт харвааны хамт олон, “Нийслэл өргөө” компани болон клубийн хамт олондоо баярлаж явдгаа илэрхийлье.

Зураг