Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/10-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Батчулуун: Бидэнд соёлын уламжлал байхгүй. Соёлын өв гэхээр 800 жилийн өмнөх домог үлгэрээ л ярьдаг

Т.Жаргалсайхан, Үндэсний шуудан
2017 оны 11 сарын 10
Үндэсний шуудан
Зураг зураг

Философийн ухааны доктор Б.Батчулуунтай Монголын нийгэм, улс төрийн үзэл санаа, цаг үеийн тухай ярилцлаа.

-Таныг сүүлийн жилүүдэд номын санд суухад цаг их зарцуулж байгаа гэж дууллаа. Ямар ном, бүтээл дээр ажиллаж байна вэ?

-Оксфордын их сургуульд ахлах судлаачаар ажиллаж байгаа Өнөрбаяр гээд залуутай хамтарч “Философийн тухайд” номоо дуусгалаа. Одоо хэвлэлтээс гарахыг нь хүлээж байна даа. Сүүлийн үед хүмүүсийн хүсэлт, захиалгаар ном орчуулах ажил их хийгээд, унших зав тун багатай байлаа. Харин одоо Монсудараас хэвлэж гаргасан уншиж амжаагүй номнуудаа идэвхтэй уншиж байна. Зун цагт хөдөө яваад ном уншиж амжихгүй юм.

МОНГОЛ ДАХЬ РАЦИОНАЛЬ СЭТГЭЛГЭЭНИЙ ОРОН ЗАЙГ ШАШИН ЭЗЭЛЧХЭЭД БАЙНА

-Монголд философич цөөн байдаг болохоор танаас асууя гэж бодлоо. Ер нь өнөөгийн Монголын нийгмийн амьдрал гэх энэ жүжигт философич гэдэг дүр туслах дүр, бүр зарим тохиолдолд түүнээс ч бага үүрэг гүйцэтгэж байна гэдэгтэй санал нийлэх үү?

-Нийгмийн амьдралд хамгийн өргөн цар хүрээтэй оролцдог хүмүүс бол улстөрчид. Хэлсэн үг нь хүртэл хүмүүсийн аж амьдрал, өдөр тутмын асуудлыг хөндөж бизнест нь нөлөөлж байдаг. Харин философи эсрэгээрээ маш цөөхөн хүний хэрэг учраас эрс өөр. Жинхэнэ философич ч цөөхөн. Түүний хэлсэн ярьсныг хүн бүр зөвшөөрөхөд ч хэцүү. Ницшегчтэр, Шопенгауэрыг ч тэр шууд хүлээж авахад түвэгтэй. Жишээ татвал, Сократыг нийтээр хүлээн зөвшөөрөхгүй байсан учраас л цаазаар авчихсан шүү дээ.

Ер нь л философи бол олон хүний үйл хэрэг биш. Хүн болгон ойлгож, хүлээж авдаггүй учраас тийм байх нь ч аргагүй. Миний философи, амьдралын философи гэх зэргээр философи гэсэн үгийг үгний чимэг байдлаар ашиглагчид ч олон болж.

Яг үнэндээ жинхэнэ философийг өөртөө агуулж байгаа хүн олон нийтэд ойлгогддоггүй. Тиймээс нийгэмдээ гадуурхагдаж, гаж гэж шоовдорлогдсон маягтай байх нь бий. Хүлээн зөвшөөрөгдсөн ховор тохиолдол байлаа гэхэд нийгэм даяараа ойлгож биш сохроор дагасандаа л тэр. Ийм л жижиг хүрээг хамардаг мэргэжил дээ. Гэхдээ тэр нь ч бас муу хэрэг биш. Ихэнх тохиолдолд улс төр, үйл явцын талаар хэлсэн зүйлс нь хүмүүст таалагдахгүй явсаар байгаад ойрын хугацаагаар тооцвол хоёр, гурван жилийн дараанаас л ой тоонд нь бууж эхэлдэг. Манайд тэр төвшинд л байна. Ярилцлага өгсний дараа нэлээд хараалгаж бас ерөөлгөдөг хүмүүсийн нэг нь би.

-Өнөөгийн Монголын нийгэмд жинхэнэ философичдоос гадна олон зүйл дутагдаж байгаа. Тэдний дундаас рациональ сэтгэлгээ хамгийн ихээр дутагдаж байгаа гэдэгтэй санал нийлэх үү?

-Хүлээн зөвшөөрнө. Монгол дахь рациональ сэтгэлгээний орон зайг шашин эзэлчхээд байна. Далдыг харагч, үзмэрч ямар олон байна вэ. Рациональ сэтгэлгээнд рефлектив сэтгэлгээ, шүүмжлэлт сэтгэлгээ, эрүүл сэтгэлгээ бүгд хамрагдана. Энэ бүхэн бүгд дутагдаж байна. Сүүлийн үед барууны орнуудад чөлөөтэй зорчдог болсонтой холбогдуулж хүмүүс индивидуализмыг тодорхой хэмжээнд хүлээн зөвшөөрдөг болсон.

Тэгсэн хэр нь л эдийн засгийн сэдвээр социалист зүүний чиглэл баримтлаад эхэлнэ. Аливаа асуудалд нэг мөр хариулт өгч чадахгүй байна гэдэг рациональ сэтгэлгээний сахилга бат, соёл дутагдсаны шинж. Манайд уламжлал ховор байгаатай л холбоотой. Үнэндээ бидэнд оюун санааны өв гэж байдаг бил үү. Хүмүүс санал нийлэхгүй байж магад.

Монголчуудын оюун санааны өв гэхээр 800 жилийн өмнөх бодит түүх ч юм шиг, домог үлгэр ч юм шиг Нууц товчоог л ярьдаг. Гэтэл тэр үед баруунд математик, хими, физик, астрологи гээд шинжлэх ухаан цогцоороо хөгжиж байсан. Нууц товчооноос мянган жилийн өмнө Аристотелийн ёс зүйн сургаалууд, Платоны “Төр улс” гээд мундаг бүтээлүүд гарсан түүхтэй. Ийм бүтээлүүдийг 2000 жилийн турш сонсож, судалж ирсэн үндэстэн, 1990 оноос хойш сонссон үндэстэн хоёр хоорондоо өөр байх нь мэдээжийн хэрэг. \

Рациональ сэтгэлгээ хэдэн мянган жилийн өмнөөс, бүр сайн яривал Милетийн сургуулийн үеэс эхэлж төлөвшсөн байна. Гэтэл бидэнд тийм уламжлал байгаагүй. Гаднын хэл дээрх буддын шашныг манай оюун санааны өв гэх нь зөв үү гэдгийг бодууштай. Монголын нэг ч малчин ламын уншиж байгаа номыг ойлгож байгаагүй, одоо ч ойлгохгүй. Учрыг нь мэдэхгүй байж л дагаж шүтдэг.

Би буруу ойлгосон байж магадгүй, гэхдээ буддын шашны ном сургаалыг дандаа цээжлүүлж сургадаг. Хэлийг нь мэдэхгүй юм чинь сэтгэж бас ойлгохгүй. Учрыг нь олохгүй, ухаж ойлгохгүй зүйлээ тал бүрээс нь зөв буруу, үнэн худлыг нь шүүж бодохгүйгээр цээжилж явснаас л одоогийн сэтгэлгээ төлөвшихгүй байгаа явдал холбоотой.

-Нийгмийн амьдралд философи, эрүүл оюун ухааны үнэ цэнэ буураад ирэхээр түүний хамгийн гол судлагдахуунуудын нэг ёс суртахууны асуудал ихээр тулгамдаж эхэлдэг. Сүүлийн үед энэ сэдвээр ярих нь ихсэж байгаа боловч гол мөн чанарыг нь чухалчлах хандлага нийгэмд алдагдсан. Өнөөгийн Монголын нийгмийн ялзрал доройтлын уг үндэс нь энэ болов уу. Нийгмийн төлөвшилд хамгийн чухал үүрэг гүйцэтгэх зүйл бол яах аргагүй ёс суртахуун, түүний хэм хэмжээ. Харин үүнийг яаж тогтоох вэ?

-Соёл урлаг, утга зохиол, улс төр, хууль эрхзүй, шашин, ёс суртахуун гээд оюун санааны олон үзэгдэл байна. Энэ дурдсан зүйлсийн дундаас хамгийн спонтанус (spontaneous-өөрөө явагдах, аяндаа үүсэх) буюу хар аяндаа тогтдог зүйл нь ёс суртахуун гэж боддог. Хуулийг бол 76 хүн бичээд, хуульчлаад л гаргаад ирнэ. Дараа нь тэр хуулийг нь бид мөрдөнө. ёс суртахуунд ямар ч тийм зүйл байхгүй. Энэ бол зөнгөөрөө тогтдог эд. Тогтоох гэж яаравчлах аргагүй. Нийгэмд ёс суртахуун маш удаан тогтдог. ёс суртахуун тогтоход юу хамгийн ихээр хүчтэй нөлөөлдөг вэ гэхээр өмнөх ёс суртахуун буюу тухайн ард түмний тогтсон заншил бас шашин. Микро орчинд гэр бүлийн орчин маш хүчтэй нөлөөлнө. Эцэг эхчүүд хүүхдэдээ өөрсдөө анзааралгүй ёс суртахууныг суулгаж байдаг. Хэлсэн ярьснаасаа өөрөөр амьдарна гэдэг хүүхдийн дотор маш муухай зүйлсийг суулгачихдаг юм шүү дээ.

МОНГОЛЫН АРД ТҮМЭН ЁС СУРТАХУУНЫ ҮНЭЛЭМЖ ДООГУУР ЯВЖ ИРСЭН

-Тэгвэл яаж монголчуудыг ёс суртахуунжуулах юм бэ?

Өмнөх ёс суртахуун дараагийн ёс суртахуундаа нөлөөлдөг. Тэгэхээр бид урьдач нөхцөлүүдээ бодож үзэх, судлах хэрэгтэй. Манай шашин гэж буддизмыг үндсэндээ их ярьдаг. Харин буддизм бол монотейст шашин. Бөөг шашин гэхээсээ илүү анимизм, тотемизмд суурилсан мөргөл, зан үйл. Христийн шашин алаг цоог байдлаар үе үе нэвтэрч байсан талаар мэдээнүүд уншиж байлаа. Исламын шашин ч ялгаагүй. Энэ мэтчилэн тогтсон нэг ёс суртахуунд нөлөөлөх нэг шашин Монгол Улсад хүчтэй байгаагүй юм шиг байгаа юм.

Буддизмыг шүтэж байгаа нь их гэсэн хэр нь яг буддизмыг төрөлх хэл дээрээ уншиж байсан удаагүй. Ер нь тухайн үед 90 гаран хувь нь бичиг үсэг мэддэггүй байсан гэж зарим судлаач ярьдаг. Уйгуржин бичгээр бичсэн ном судрыг ч бас уншаад судалчих хүн ховор байсан гэсэн үг. Харин Европт чиний авч явж байгаа номыг (Жиованни Бокаччогийн “Дөкамерон”-ыг дурдаж байна) бичсэн Бокаччо, Дантегийн үеэс л библийг герман, франц,испани хэлээр орчуулчихсан.

Түүнээс өмнө библийг латин хэлээр бичдэг байсныг ард түмний уншиж. бичдэг хэл рүү орчуулсан гэхээр хүн амынх нь багагүй хэсэг бичиг үсэг тайлагдсан байж. Өөрсдөө уншиж, бичиж чадаж байгаа болохоор шашиндаа гүнзгий үнэмшилтэй ханддаг болсон. Манайд буддизмдаа үнэмшилтэй хандана гэж ёстой байхгүй. Шүтэх ёстой гээд мухраар тулгачихдаг болохоор мухар сүсгийн шинжтэй сохроор дагах жишиг тогтсон. Баттай итгэл үнэмшил үгүй бол түүнээсээ айх, итгэх нь багасаад зогсохгүй ёс суртахуунгүй байхад нөлөөлдөг. Айх зүйлгүй байна гэдэг ёс суртахуунгүй л хүний шинж шүү дээ.

Юу ч хийхээс айхгүй, ямар ч үйлдэл хийхээс буцахгүй болно. Ийм байдал хүмүүсийг хоёр нүүртэй болоход хүргэдэг. Манай ард түмэн ийм зам туулсан учраас ёс суртахуунгүй явж ирсэн. Бүүр оргүй хоосон гэсэн үг биш. Ёс суртахууны хэмжүүр үнэлэмж нь доор байсан гэвэл оновчтой. Баттай итгэл үнэмшилтэй улс орнуудад энэ нь их өндөр байдаг. Монголд нийгмийн шилжилтээс болоод амьдралын төвшин доройтсон явдал мэдээж нөлөөлж байгаа. Дээр нь уламжлал нь ийм.

Япончуудын хувьд модны холтсоор зогоож, бидэнтэй харьцуулахын аргагүй хүнд нөхцөлд амьдарч байсан үе олон. Гэхдээ ард түмэн нь баттай итгэл үнэмшилтэй болохоор ёс суртахуунаа огтхон ч алдаагүй. Манайд ёс суртахуун ямар нөхцөлд байгааг хүмүүс мэдэж байгаа байлгүй. Ийм байхад өөрчлөлт гэдэг тун урт удаан хугацаа шаардах үйл явц. ёс суртахуунгүй байдал бүх шатанд илэрдэг. Бизнес хийхэд цэвэр капиталист зах зээлийн, шударга өрсөлдөөний зарчмыг баримтална гэж Монголд байхгүй.

Бизнес хийж байгаа хүмүүс худлаа, улстөрчид бүүр худлаа. Бидэн шиг академик талын боловсролтой хүмүүс юу гээч, бас худлаа. Зүгээр Чингис хаан мундаг гэж бичээд байвал болно, Монголын ард түмэн хамгийн ухаантай гэж бичээд байвал олон хүн намайг уншина, намайг таална, хэвлэл мэдээллийнхэн наашаа овоорно гээд бодчихсон. Нийгмийн ёс суртахуунд маш муухай хэв маягийг төлөвшүүлж байгаа байхгүй юу. Бүх хүн ийм байхад ёс суртахуунтай ганц хүн гаж харагддаг. Улстөрд цэврээрээ хүн, бизнес шударга хийх гэж оролдсон хүмүүс бий.

Тэдний өрсөлдөгчид ёс суртахуунгүй байдлаараа ашиг хамаагүй сайн олдог. Тэгээд ёс суртахуунтай хүн маань зарчмаасаа няцна,өөрийн эрхгүй уруу татагдаж эхэлнэ. Улстөрийн хүрээнд урваж шарваж, хуурч мэхэлж, хуйвалддаг, хор найруулдаг улстөрчид л амжилттай явдаг. Тэгээд шударгаар улс төр явуулах гэсэн хүмүүс ганцаардаад, шахагдаад эхэлнэ. ёс суртахуунгүй олонх нь ёс суртахуунтай цөөнхөө шингээн авч, ялзралыг нэмэгдүүлж байгаа хэрэг. Ёс суртахуунгүй тал нь ийм хүчтэй байхад өөрчлөлт шинэчлэлт тун удаан явагдана даа. 

-Нийгмийн ялзралыг капиталист системтэй холбон тайлбарлах зүүний чиглэл бүхий хандлага бий. Капитализмын эдийн засгийн зохицуулалт чөлөөт зах зээл, бизнесээр дамжихаас өөр аргагүй. Гэтэл бизнес эрхэлнэ гэдэг, бизнесийн орчинд оршин тогтноно гэдэг ашиг олоход төвлөрөх учраас яваандаа ёс суртахуунгүй байдал руу шилждэг гэдэг. Та өөрийн баримталдаг үзэл санаа, зарчмын үүднээс ямар тайлбар өгөх бол?

-Хуурамч ёс суртахуун, хүний мөн чанарын ёс суртахуун гэж байгаа. Капитализм бол хүний жинхэнэ мөн чанарт тулгуурласан нийгэм. Яг надтай адилхан нөхцөлтэй хоёр хүн байна гэж саная. Тэр хоёр хүн гэр бүлээ, ажил төрлөө бодох нь зүйн хэрэг.

Тэгээд хоорондоо өрсөлдөж л таараа. Гол нь шударга бусаар хохироож, хуурч мэхлэх замаар өрсөлдвөл замаа алдаж болохгүй. Харин социалист ёс суртахуун гэж ёстой байдаггүй юм. Социализм бол хүний мөн чанарт харш нийгэм. Хүний мөн чанар өөрөө индивидуализмд суурилдаг. Капитализмын дагуу хүн өөрийгөө бодож болно, тэгэх эрхтэй, хажууд чинь байгаа “А” хүн, бас 2.999.999 хүн яг адилхан тийм эрхтэй байхыг хүлээн зөвшөөрнө. Тийм учраас өөртэйгөө яг адил 2.999.999 хүнийг хохироолгүйгээр, шударга байх үүрэгтэй. Ер нь хэн нэгэн өөр бусдыг хохироолгүйгээр өрсөлдөөнд ялахад ямар буруу байх вэ дээ.

Гэтэл социализмын үед жинхэнэ ёс суртахуунгүй зүйлийг ёс суртахуун мэтээр заагаад, яс маханд нь шингэтэл суулгачихсан. Мизес (Людвиг фон Мизес (1881-1973), эдийн засагч) энэ талаар тун оновчтой зүйл хэлсэн байдаг. “Нэг нь нийтийн төлөө" гэсэн урианы араас бушуухан шиг “Нийт нь нэгийн төлөө” гэж хэлэхгүй бол хэн ч үүнийг дагаж амьдрахгүй гэж. Хүн өөрийгөө бодох нь зөв, гэхдээ бусад өөрийгөө бодох эрхтэй хүнийг хохироож болохгүй л гэсэн зарчим бол либертари зарчим, капитализмын үндсэн зарчим.

Гэхдээ капитализмын хөгжлийн эхэн үе болох XVIII, XIX зуунд нөхцөл байдал хэцүү байсан гэдэг үнэн. Одоо дэлхийд үндсэн зарчмаараа хөгжиж байгаа. Тэрнээс биш манайхан шиг нийгэм л чухал, чи хэн ч биш гэсэн хамтын, коллектив сэтгэлзүйтэй байвал аюултай. Хүн төрөлхтний түүхэнд ийм коллективист нийгэм хоёронтаа байгуулагдаж байсан. Нэг нь ангийн коллективизмд суурилсан ЗХУ, нөгөөх нь үндэсний коллективизмд тулгуурласан национал социализм буюу фашизм. Хувь хүнийг үл тоодог нийгэм нийтийг яаж тоох юм бэ.

Тийм л учраас олон хүний амь насыг бүрэлгэхдээ “Энэ нийгэмд чиний үхэл хэрэгтэй байна” гэж тулгасан байдаг. Нийгэмд чи зовж, чи ядуу байх нь бусдыгаа сайн сайхан амьдруулах үндэс болно гэж тулгадаг. Энэ болзлыг хэнд ч тулгаж болдог аюултай. Капитализмын суурь зарчмын дагуу хувь хүнийг дээдэлж, хэний ч эрхийг хөндөж болохгүй.

БУСДЫН БҮТЭЭСНИЙГ ӨМЧ ХУВЬЧЛАЛААР АВЧХААД МӨЛЖИХ ХЭРЭГСЭЛ БОЛГООД БАЙВАЛ КАПИТАЛИЗМААС НҮҮР БУРУУЛЖ БАЙГАА ХЭРЭГ

-Капитализм хөдөлмөрөөр биш худалдаагаар ашиг олно гэснээрээ ёс суртахуунгүй тогтолцоо юм биш үү. Хөгжлийнхөө эхэн үед хүүхэд эмэгтэйчүүдийг ажилд дайчилж, хөдөлмөрийг нь мөлждөг байсныг та мэдэж байгаа. Чухам тэр үеэс л социалист хувьсгалууд гарч, хүний эрхийг хамгаалах тал дээр бодит амжилт гаргаж эхэлсэн шүү дээ. Сүүлийн үед эрдэмтэд марксизм руу эргэж харах нь ч ихэслээ. Индивидуализмаас үүдсэн хувиа хичээх зангаас болж (эгоизм) хүн бусдыг хохироохгүй байж чаддаггүй бололтой?

-Дэлхий дээр долоон их наяд хүн амьдарч байгаа гэж байна. Бид аман дээрээ ингэж ярьж байгаа ч гэсэн Герман, Англи, Япон, Австри гээд улсуудын хөгжлийг гайхаж, тэдгээр улсад дуртай байдаг. Тэд чинь бүгд капитализм. Бүр цэвэр капитализм. Хамтаараа амьдарна гэдэг нэг нэгнийхээ хувь хүний хүрээнд нэвтэрнэ гэсэн үг биш. Тэр ялангуяа нэг хүнийг хэсэг бүлэг, эсвэл өөр нэг хүний төлөө ажиллуулна гэсэн үг бүр биш. 60 саяулаа амьдарч байсан ч гэсэн бие биеийнхээ хүрээ рүү оролгүйгээр амьдарч болно. Капитализмыг энд дан ганц эдийн засгийн систем, мөлжлөг гэсэн утгаар авч болохгүй.

Капитализм гэдэг чинь соёл, капитализм бол улс төр, капитализм бол ёс суртахуун, капитализм бол техник технологийн ололт, капитализм бол хамтаараа аж төрөх ёс. Энэ бол маш том үзэгдэл. Хүн төрөлхтөн нийгмийн зохион байгуулалтад орсноос хойш маш олон төрлийн нийгмийг туршсан. Олон ч сайхан онол гарсан. Томмазо Кампанеллийн “Наран хот”, Томас Морын “Утопи арал\ Карл Марксын онол сургаалууд. исламын диваажингийн тухай гээд гайхалтай бүтээлүүд ч гарсан. Бүгд хүн төрөлхтний туршилтууд. Ерөөсөө болж бүтээгүй. Хүн төрөлхтөн өөрийгөө зориудаар зовооно гэж байхгүй.

Дээр дурдсан бүх туршилт аль болох сайхан нийгэм байгуулах, зөв зохион байгуулалтад орох хүсэлд л суурилсан. Эцсийн цэг, үр дүнд нь өмнө дурдсан орнууд дээр ирж байгаа юм. Яах аргагүй баримт.

ЗХУ, манайх хоёр багагүй зовсон. Гэхдээ Сталины хэлснийг дагавал Оросын ард түмэн, Маогийнхоор Хятадын ард түмэн, Пол Потынхоор Камбожийн ард түмэн, Чойбалсангийнхаар Монголын ард түмэн сайхан амьдарна, бүх юм болж бүтнэ гэж итгэсэн. Тийм юм байдаггүй л байхгүй юу. Либертари үзэл санааны үүднээс эмх журам зөнгөөрөө, хар аяндаа, хөндлөнгийн оролцоогүй тогтох ёстой гэж итгэдэг. Капитализм харин 10 мянган жилийн өмнөөс хүн төрөлхтний байгуулсан нийгмийн загварууд дунд хамгийн зөнгөөрөө нь.

-Аливаа үзэл санааг бодит амьдралд хэрхэн бууж байгаагаар нь үнэлэлт дүгнэлт өгөх нь зүйтэй болов уу. Барууны өндөр хөгжилтэй орнууд капитализмын ачаар сайхан нийгэм цогцлоосон гэж байна. Г эхдээ эдгээр улс өмнөх империалист бодлогынхоо ачаар хураасан баялагтаа суурилж хөгжсөн байх магадлал тун өндөр биш гэж үү?

-Империалист бодлого баримталж байсан гүрнүүд бий л дээ. Гэхдээ тэгээгүй өөр улс орнууд ч байгаа. Японы өндөр хөгжлийг колонийн бодлогоороо дамжуулж баялгийг нь зөөж олж авсан гэхэд хэцүү. Сингапур, Хонг-конг гээд цэвэр капиталист зохион байгуулалттай улс үндэстнүүдийг энд санах хэрэгтэй.

-Гэхдээ Марксын хэлж байснаар нийгмийн бүх баялаг дундаас дээш давхаргад төвлөрсөн учраас зөвхөн тэдэнд л эрхээ хамгаалуулж, сайхан амьдрах боломж бүрддэг нь нууц биш шүү дээ. Баялгийг голчлон бүтээдэг нийгмийн дунд, доод давхарга хаягдаж орхигдсон. Капитализмын төв цэг болох АНУ, барууны улс орнуудад нийгмийн доод давхраанд харьяалагдаж байгаа л бол эрүүл мэндийн үйлчилгээ авахаас эхлээд хүний наад захын хэрэгцээ, эрх хангагддаггүй. Нийгмийн тогтолцооны хувьд энэ хөдөлмөрийн мөлжлөгийг шударга зүйл гэж үзэж болох уу?

-Мөлжлөг бол хэзээ ч шударга биш. Харин одоогийн зохион байгуулалтыг мөлжлөг гэж хэлж болох уу. Жишээлбэл, чи бид хоёр газартай гэж бодъё. Чи надаас түрүүлээд газар хагалах анжистай болсон бол би анжисыг чинь түрээсэлж газраа хагална. Үүнийхээ хариуд чамд түрээс төлөх нь зүйн хэрэг биз. Үйлдвэрлэлийн хэрэгслийг түрүүлж зохион бүтээсэн, эзэмшсэн хүмүүст багаж хэрэгслийг нь ашиглаж байгаа бол төлбөр хийх ёстой гэж санагдаад байгаа юм.

Социализм бол хэн нэгний авьяас чадвар, оюун ухаанаараа түрүүлж сэдээд, бүтээгээд, бий болгочихсон зүйлийг дутуу сэтгэж байгаа, дутуу хөдөлмөрлөж байгаа хүмүүст хүртээх явдал. Капитализмд түрүүлж олж харсан нь, түрүүлж сэтгэсэн нь бусдаасаа илүү байхыг шударга гэж үздэг. Манай өнөөгийн нөхцөл байдал арай өөр л дөө.

Бусдын бүтээн байгуулчихсан, урьд нь байсан зүйлийг өмч хувьчлалаар авчхаад бусдыг мөлжих хэрэгсэл болгоод байвал капитализмаас нүүр буруулж байгаа хэрэг. Боломжийг түрүүлж харах тухай ярихын хажуугаар гарааны зураас тэнцүү байх ёстой. Ижил нөхцөл байдалд боломжийг түрүүлж харсан хүнд надтай ижил амьдрах ёстой гэж шаардах нь ёс суртахуунгүй, буруу зүйл. Гэхдээ эндээс гажсан тохиолдол байдаг л байх.

-Тохиолдлын давтамж ихсэхээр тохиолдол биш юм шиг харагдаж эхэлдэг.

-Системийг элементээр нь хэсэгчлэн тодорхойлно гэдэг буруу л даа. Ерөнхийдөө үүнийг хэрэгжүүлж чадсан бол капитализмд тооцно. Би өөрөө баян, үйлдвэрийн эзэн учраас капитализмыг хамгаалж байгаа юм шиг. Нийтээрээ тэгш байхыг шударга ёс гэж боддоггүй, дээр дурдсан зарчимдаа итгэдэг болохоор тэр. Бүгд тэгш сайхан амьдардаг бол аятайхан л байна. Даанч хүний мөн чанарын дагуу хэн нэгэн маань тодорч гарч ирж л таарна.

Хөдөлмөрлөх чадвар, сэтгэл зүй, боловсрол, оюуны чадамж гээд хүмүүсийн хооронд ялгаа гардаггүй зүйл байхгүй. Гол нь шударга өрсөлдөөнөөс гадуур зүйл байж болохгүй. Нийгэмд олон хүн амьдардаг. Хаа нэгтээ бизнесмен нэр зүүсэн шулаачид, бүр ажилчдаасаа хулгай хийдэг хүмүүс ч байгаа. Хөдөлмөрийн үнэлэмжийг доогуур тогтооно гэдэг чинь хулгай. Тийм хүмүүсээс болж капитализмыг бүхлээр нь харлуулах хэрэггүй ээ.

-Философи буюу улс төрийн үзэл санаанаас эхлээд сэтгэл судлал талаасаа хамтын ухамсар, хүний мөн чанарын асуудал энд хөндөгдөнө. Хүн төрөлхийн сайн уу, төрөлхийн муу юу. Эсвэл хүн нийтээрээ сайн сайхан байхыг хүсдэг юм уу, ганцаараа сайн сайхан байхыг хүсдэг юм уу гэхчлэн. Энэ тухайд?

- Хүний мөн чанарыг хийсвэрлэн төсөөлж байсан шашны номлолууд, Ницшегийн “Супер хүн” зэрэг ойлголтууд бий шүү дээ. Ницше хүн төрөлхтнийг сармагчнаас тэр “Супер хүн” хоёрын дунд татсан олс гэж тодорхойлсон байдаг. “Супер хүн”, “Үлэмж хүн” гэх зэргээр олон төрлөөр орчуулсан байдаг ч утга санаа нь жинхэнэ хүн гэсэн утгатай. Жинхэнэ хүн болох завсрын шатанд яваа хүмүүс бол бид гэдэг. Ер нь их түвэгтэй асуудал. Чарльз Дарвин алдарт “Хувьслын онол”-оо гаргахдаа ердөө л зээрүүд арслантай тэмцэхээс илүүтэй өөр хоорондоо тэмцдэг гэдгийг олж харсан.

Өөр зүйлийн амьтад хоорондоо тэмцдэг гэж хардаг байсан бол Дарвины дараа амьтад хоорондоо өрсөлддөг нь тодорхой болж, хүн төрөлхтний сэтгэхүйд томоохон дэвшил авчирсан байгаа юм. Дараа нь анархистууд тодроод ирсэн. Уилъям Годвин (Английн улс төрийн философич, 1756-1836), Жосеф Прудон (Францын улстөрч, философич, 1809-1865), арай хожуу Михайл Бакунин (Оросын анархист хувьсгалч, сэтгэгч, 1814-1876), Питер Кропоткин (Оросын философич, 1842-1921) нар Дарвины онолыг үгүйсгэж, нэгэн зүйлийн амьтад хоорондоо үргэлж энэрэнгүй ханддаг, өрсөлдөөн байхгүй гэж үзсэн. Хүн бол нэг зүйлийн амьтан учраас бие биеэ хайрлаж, тусалж явдаг энэ зарчмаас зөрөх учиргүй. Хүмүүсийн хооронд аливаа өрсөлдөөн байхгүй учраас төр байх хэрэггүй гээд шинэ үзэл санаа гараад ирчихсэн. Төргүй байх үзэл ингэж эхэлсэн.

Тэднээс өмнө энгийнээр “Хүн хүндээ чоно” гэсэн санааг дэвшүүлсэн Томас Хоббсыг (Английн философич, 1588-1679) аваад үзье. Хүн яагаад гэрээсээ гарахдаа хаалгаа түгждэг билээ, Хэн нэгэн орж ирээд юмыг нь авчих вий гэсэндээ тэр шүү. Хүн хүндээ чоно шиг дайсагнасан байх албагүй л дээ. Гэхдээ чи бид хоёрын амьдрах арга ижил, бидний хэрэглээ ижил бөгөөд хязгаартай байвал нөөц баялагт түрүүлж хүрэх, хадгалж авах хүсэл төрөх нь гарцаагүй.

Нөөц хязгаартай, хэрэглээ хязгааргүй. Иймээс л хүмүүсийн хооронд өрсөлдөөн, тэмцэл бий. Гэхдээ ухамсарт хүмүүс байгалийн жам ёсны дагуу өрсөлдөөн байгааг хүлээн зөвшөөрсөн ч болхи бүдүүлэг маягаар биш, рациональ аргаар өрсөлдөх нь илүү оновчтой гэдгийг олж харна.

-Хоббсын нэр дурдагдмагц араас нь Руссогийн нэр санаанд бууж байна. Руссогийн үзэл санаа бидний өмнө ярьсан Марксаас шууд ханхалдаг байх аа?

-Гарцаа байхгүй тийм. Руссо “Нийгмийн гэрээ”-дээ маш харгис зүйл ярьсан байдаг. Нийтээрээ, нийгмээрээ нэг зүйлд тэмүүлж байхад ганцаараа еөр зүгт тэмүүлж байгаа нэгнийг цаазаар авбал зохино гэдэг. Марксын үзэл санааны багш, өвөг нь Руссо. Гэхдээ английн эдийн засагч Рикардо (1772-1823), утопи социализмын үзэл санаагаа Шарль Фурье (1772-1837), Сен Симон (1760-1825) гээд олон нэрт сэтгэгч Маркст нөлөөлсөн. Гэхдээ яг тэр хувьсгалын дараа пролетарийн диктатурт төр байна гэсэн санаа Руссогоос л гарвалтай. Руссог би тун аюултай сэтгэгч гэж үздэг. Нийгмийн хүсэл зориг гэж маш аюултай санаа.

ЛИБЕРТАРИ ҮЗЛИЙН ГОЛ ЖИШЭЭ НЬ НИДЕРЛАНД, АНУ БИШ

-Ярианы эхэнд та “Монголчууд өөрсдийгөө хөөргөдөөд, шүүмжлэлт сэтгэлгээг хөгжүүлэхгүй оюун санааны хувьд хөнгөн яваад байна” гэсэн дээ. Гэнэт нэг зүйл санаанд орлоо. Та “Муухай монгол хүн” номыг санаж байна уу?

-С.Батмөнхийн зохиол. Сайн санаж байна.

-Саяхан гаргаж уншихад Монгол хүн 30 40 жилийн өмнөхөөс огтхон ч өөрчлөгдөөгүй, нэмэгдээд бүүр муухай болчихсон ч юм шиг санагдсан. Уг нь “муухай” гэж бичиж байгаад улс үндэстнийхээ алдаа дутагдлыг засдаг энэ жишиг бусад улс оронд нэлээн амжилттай хэрэгжсэн бололтой юм билээ. Манайд л ахиц гарсангүй. Энэ нийгмийг төлөвшинө гэж хүлээх гэсээр байтал сөнөх юм биш байгаа?

-Либертари зарчмынхаа дагуу хэлэхэд ингэх ёстой, тэгэх ёстой гэж заахыг буруу зүйл гэж би боддог юм. Хүнд зааж сургах, санал бодлоо тулгах чинь маш бүдүүлэг үйлдэл. Тиймээс бодлоо л хэлье дээ. Хэзээ нэгэн цагт манай нийгэм төлөвшиж л таарна. Капитализм одоогийн Монгол шиг танил тал харах гэх мэт бурангуй зарчмаар яваад байвал хөгждөггүй нийгэм. Амжилттай ажиллаж байгаа нэгний ашгийг амжилтгүйд нь нялаад байхаар хоёулаа амжилтгүй болж хувирна. Капитализмд сүйрүүлэн бүтээх гэж нэрлэдэг зарчим бий. Сүйрч байх ёстой зүйлс нийгэмд олон байна. Ядаж байхад улстөрчдийг лоббидож бизнесийг амьтай байлгах тусам капитализмаас холдоод явчихдаг.

Цэвэр капитализмд тулгуурлаж сэтгэлгээгээ цэгцлэх хэрэгтэй. Аав нь, ах нь ажил олгогч байсан ч мэдлэг чадвараар надаас илүү хүнийг сонгох нь зүйн хэрэг гэж ухамсарладаг болно. Германд л гэхэд арын хаалга, танил талыг хүлээн зөвшөөрдөг, түүнийг ашигладаг хүн зуугаас ихдээ л тав. Монголд яг эсрэгээрээ бүр зарчим гэж боддог. Барууныхан 18 нас хүрээд гэрээсээ явдгийг манайхан ойлгодоггүй. Хариулт нь энэ байхгүй юу.

Нас биед хүртлээ тэжээлгүүлсэн, одоо хангалттай. Миний амьдралд хариуцлага үүрэх хүн бол би өөрөө гээд ухамсарлачихсан. Манайхан капитализмд суралцаагүй учраас 30, 40 хүрсэн хэр нь эцэг эхээрээ тэжээлгээд байдаг. Ямартай ч төлөвшиж эхлэхийг нь би үзэхгүй гэдэг бол баттай. Би байтугай чи үзэх болов уу даа. Чи үзэхгүй байж магадгүй гэхээр ойрын 50, 60 жилдээ хэцүүхэн дээ. Гэхдээ ор тас бүтэхгүй биш л дээ. Манайд энэ арын хаалга, гуйлга туйлгаар ажил бүтээдгээс гадна ямар муухай зүйл байдаг гээч?

-За?

-Нутгархдаг, нэг нутгийнхан гэдэг хачин үзэл. Хэн чадвартай, хэн мэдлэгтэй байгааг огтхон ч харгалзахгүй. Зөвхөн нэг газар төрсөн гэдэг шалгуураар л бие биеэ өөдөн татдаг. Тэр ялангуяа нутгархдагаараа алдартай аймгууд байна. Тэд нар бас хэлэх үгтэй. Монголчууд бүгдээрээ ийм шүү дээ гэнэ. Харамсалтай нь худлаа гэх аргагүй л дээ. Энэ нутгархах үзэл бол капитализмд маш хортой, муухай харш үзэгдэл. Өрсөлдөөнд суурилдаг нийгмийг өрсөлдөөнгүй болгоод хаячхаж байна шүү дээ. Өрсөлдөөн үгүй бол хөгжил үгүй.

-Бизнесийн хувьд ч гэсэн монополчлол тал руугаа хөгжөөд, жижиг, дунд бизнес эрхлэгчдийн орон зай улам хумигдаад яг л XVIII зууны төгсгөл, XIX зуун шиг зэрлэг капитализм руу яваад байна даа. Аль болох нийгмийн шинэчлэл, хөгжлийг түргэвчлээд өнгөрсөн түүхийн алдааг давтахгүй байж болох юм биш үү?

-Нийгмийн хөгжлийг хурдасгана гэдгээс л гол аюул эхэлдэг. Шударга ёс, шударга өрсөлдөөн тогтооно гэсэн халхавчтайгаар төрийн оролцоо хөндлөнгөөс оролцож эхлэхээр хүмүүсийн оюун санаанд төрийн хүч нэмэгдсэн байдалтай бууна. Төрийн эрх мэдэлтнүүдэд тал засагчид олширно. Үүний хажуугаар дүрдээ итгэсэн эрх мэдэлтнүүд төрийн оролцоог хувь хүний амьдрал болон сонголтод тулгаад эхэлнэ. Эхлэл мэдээж зөв зүйтэй байдаг. УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгийн батлуулж байсан Тамхины тухай хуулийг бодоод үз.

Тамхи бол ямар ч ашиггүй, биед төдийгүй эдийн засагт ч хортой эд. Хуулийн хувьд зөв хэр нь хүний эрхийг аймшигтай зөрчсөн. Монголын хүн амын тавны гурав нь тамхи татдаггүй гэж бодвол тэд энэ хуулийн хортой санааг олж харахгүй, зөв гэж бодно. Харин тавны хоёрт нь жинхэнэ утгаараа мэдрэгдэнэ дээ. Яваандаа бага багаар хүний эрхийг үл хүндэтгэх явдал даамжирч, төр хувь хүний хүрээнд нэвтэрнэ.

 Дугаарын хязгаарлалт ч бас хүний эрхийг зөрчиж буйн тод жишээ. Хэдийгээр замын ачаалал, хотын түгжрэл их байсан ч долоо хоногийн нэг өдөр хүн өөрийнхөө өмчийг эзэмшиж эрхээ хасуулж байна гэсэн үг. Энэ бүхний зангилаа, хүний эрхийг хүлээж авна гэдэг тухайн хүнийг рациональ сэтгэлгээтэй байгааг харуулдаг.

-Либертари үзэл манай улсад нэлээн нэр хүнд муутай санагддаг?

- Либертари үзлийг үндэслэсэн Айн Рэнд (Орос-Америкийн философич 1905-1982), Мизес (Австри-Америкийн эдийн засагч, 1881-1973), Милтон Фридман (Америкийн эдийн засагч, 1912-2006) зэрэг сэтгэгчид манай улсыг хорлох нь байтугай мэддэг ч үгүй хүмүүс байсан. Тэд ердөө л өөрсдийнхөө төрийг харж байгаад аргументүүд бичиж эхэлсэн нь энэ үзлийн эхлэл болсон юм. Монголд үүнийг ойлгодог хүмүүс бага багаар бий болж байгаа нь сайн хэрэг.

Монгол Улсын төрийг сульдуулахын тулд барууны улс орнуудаас, тэр ялангуяа жүүдүүдээс оруулж ирсэн үзэл суртал гэж либертари үзлийг тайлбарладаг хүн цөөнгүй байна. Тэгээд АНУ-r жишээ татан ярьдаг. Гэтэл Америк чинь либертари үзлийг баримталж, хэрэгжүүлдэг орон биш. Татах ёстой гол жишээ нь Нидерланд байхгүй юу.

Тэнд 30 жилийн өмнө ижил хүйстнүүдийн гэрлэлтийг зөвшөөрөхөд Германчууд паах пүүх гээд сэжиглээд байсан хэр нь саяхан өөрсдөө хүлээн зөвшөөрч байна. Хувь хүний эрх гэдэг айхавтар эд. Сайн яривал хүн өөрийгөө хорлосон ч болно. Яагаад гэвэл хүний амь гэдэг өөр хэний ч биш, өөрийнх нь зүйл. Нидерландад анх хүнд өвчтэй хүмүүст өөрсдийнх нь хүсэлтээр эвтеназийг хүлээн зөвшөөрөхөд шашны үндэслэл, хүний эрх гээд маш их эсэргүүцэж байв.

Одоо барууны ихэнх орон хүлээн зөвшөөрсөн, АНУ-ын зарим муж ч зөв гэж хуульчилсан. Жаахан нухацтай бодож, өргөн хүрээнд сэтгэх хэрэгтэй. Тэгэхэд л болоод явчихна.

Зураг