МАН-ын IX Бага хурал Ерөнхий сайдад нэр дэвшигч УИХ-ын гишүүн Н.Энхболд, Ө.Энхтүвшин, Шадар сайдын үүрэг гүйцэтгэгч У.Хүрэлсүхээс хэн нэгнийг тодруулахаар үүр цайтал хуралдсан.
Бага хурлын гишүүдийн санал хураалтын дүнгээр Шадар сайдын үүрэг гүйцэтгэгч У.Хүрэлсүхийг дэмжиж 188, УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшинд 101, УИХ-ын гишүүн Н.Энхболдод таван гишүүн тус тус саналаа өгснөөр шинэ Засгийн газрыг тэргүүлэх Ерөнхий сайдаар У.Хүрэлсүхийн нэрийг УИХ-д өргөн мэдүүлэхээр болсон.
Мэдээж энэхүү үйл явцаас хойш олон нийтийн дунд У.Хүрэлсүхийг шууд л Ерөнхий сайдаар томилсон мэт, кабинетыг нь ч бүрдүүлэхээр яаравчилж эхэлжээ. У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхэд Ерөнхийлөгчийн зүгээс хориглохгүй бөгөөд зам шулуудчихсан гэж хэлэх хүмүүс ч байна. Тэр ч утгаараа УИХ дээр ч өмнөх засгаа “нударч” чадсан юм чинь яг тэр хэмжээгээрээ "дэмжсэн" кноп дарахад ногоон гэрлээр Ерөнхий сайд болох нь тодорхой гэж үзэж байгаа аж. Харин кабинет нь яах бол...
Эх сурвалжуудын хэлж буй нь ч одоогийн байдлаар баттай гэж хэлэхэд эргэлзээ төрүүлж байгаа юм. Гэвч Засгийн газрыг огцруулахад гарын үсэг зурсан гишүүд сайд болохгүй, тухайн цаг үеийг харна, нийгмийн захиалга, олон нийт итгэл хүлээлгэвэл бодож үзнэ гэх мэт хариултууд өдгөө биеллээ олох бололтой. Тодруулбал, ямар ч хуульд давхар дээл нөмөргөхгүй гэсэн заалт байхгүй.
Түүнчлэн Ерөнхийлөгч сэтгүүлчидтэй уулзах үеэрээ "Дан, давхар дээл бол өнөөдрийн тулгамдсан асуудал биш. Энэ сайхан баян орныг хурдан босгоод авах сэтгэлтэй хүмүүс байвал хэдэн ч дээлтэй байж болно. Сэтгэл байвал дээлгүй ч байсан болно” хэмээн ам алдсан. Энэ нь давхар дээлийг далдуур дэмжсэн гэж үзэх нь ч бий. Тиймээс шинэ засагт хэн хэн багтах бол гэж олон нийт тааварлаж байх зуурт МАН-д бол “дайн" нь аль хэдийн эхэлчхээд байгаа аж.
Одоогийн байдлаар хэн, хэн аль салбарыг тэргүүлэх талаар яригдаж байгааг хүргэе. Мэдээж намаасаа сонгогдсон Засгийн газраа унагахад гар бие оролцож гарын үсэг зурсан хүмүүс “хариугаа” авахын тулд гүйцэтгэх засаглалд багтахыг эрмэлзэх нь гарцаагүйг доорх таамаглалаас ч харж болохоор байгаа юм. Юутай ч УИХ-ын чуулганыг л хүлээх л үлдэж байна даа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!