Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/21-НД НИЙТЛЭГДСЭН

Идэвхтэй хөдөлгөөн сэтгэлзүйд эерэгээр нөлөөлдөг

Д.Оюун
2017 оны 9 сарын 21
Зууны мэдээ
Зураг зураг

Хүн эрүүл чийрэг байх нь архаг өвчнүүдээс урьдчилан сэргийлэхээс гадна урт наслалтын үндэс болдог байна. Манайхан хүн хөгширч үхдэггүй, хөшиж үхдэг гэж ярьдаг. Идэвхтэй дасгал хөдөлгөөн нь хүний сэтгэл зүйд эергээр нөлөөлж өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлэхээс гадна сэтгэл хямрал, бухимдлыг арилгадаг байна. Эрдэмтдийн судалгаагаар биеийн тамир, спортоор тогтмол хичээллэдэг хүмүүс хөдөлгөөний дутагдалтай хүнээс урт насалдаг болохыг нотолжээ.

Мөн зүрх судасны өвчнийг бууруулдаг байна. Та ямар нэг дасгал хөдөлгөөн хийх гэж байгаа бол эхлээд эмчид хандаж зөвлөгөө аваарай. Учир нь ямар нэг хөдөлгөөн хийхийн тулд тухайн хүн ямар өвчтэйг нь оношлоод таарсан дасгал хөдөлгөөнийг нь хэлж өгнө. Хэрэв зүрх, бөөрний өвчтэй бол тухайн хүндээ зохицсон хөдөлгөөнийг хийх ёстой. Тухайлбал, спиннингийг бадганы махбодтой хүн хийхэд илүү зохимжтой байдаг хэмээн "Самандбадраа” уламжлалт эмнэлгийн эмч Л.Баттогтох зөвлөж байна.

Xийн бие организмтай хүнд энэ хөдөлгөөн хатуудах аж. Тиймээс ямар дасгалыг ямар өвчний онцлогтой, ямар бие махбодтой хүн хийх вэ гэдэг нь чухал. Харзны усанд шарын биетэй хүн ороход их тохиромжтой. Тухайн жилдээ ханиад хүрэхгүй, бие организм нь сэргэг, тамир тэнхээ, дархлаа өндөр байх магадлалтай. Харин бадганы бие махбодтой хүн хавагнах, бөөр өвдөх, циститтэй болох, ууц нуруугаар өвдөх асуудал үүсдэг.

Тиймээс өөрийнхөө онцлогт тааруулж байж ямар дасгал хөдөлгөөн хийхээ мэдсэнээр үр дүнтэй. Хүн бүрийг нэг өрөөнд оруулаад дасгал хийлгэх нь учир дутагдалтай байдаг. Ялангуяа, фитнессээр хичээллэхэд багш нар нь тухайн хүнийг харж байгаад ажлын болон сэтгэл зүйн онцлогт нь тааруулна. Тэвчээртэй тэвчээргүй хүн гэж байна.

Энэ хүнд ямар дасгал хийх вэ гэдэг нь хувь хүний бие организмд таарсан байдлаар явах ёстой.

Уламжлалт анагаах ухаанд хий, шар, бадган, хий бадгантай, бадган шартай хавсарсан үед өглөө дасгал хийх юм уу, бадганы онцлогтой хүмүүс үдээс хойш дасгал хийвэл илүү үр дүнтэй байдаг. Хүмүүс ийм мэдээлэлгүй болохоор их, бага хэмжээгээр хохирдог. Тиймээс тухайн хүний биед ямар өвчлөл байгааг анхаарахгүй бол үүнээс болж хүндрэлүүд гарах магадлалтай.

Тухайлбал, бөөрний эмгэгтэй, хавантай хүн усан сэлэлтээр хичээллэмээр байна гэдэг. Ийм эмгэгтэй хүний бие организм усанд байснаар эсрэгээрээ жин нэмдэг болохоор дулаан орчинд фитнессээр хичээллэж болно. Харин зүрх,судасны өвчтэй хүмүүс голын эрэг, уулаар явахад маш сайн. Ингэснээр зүрх судасны хүчил төрөгчийн агууламж нэмэгддэг.

Өнөөдөр мэдээллээс илүү дам үг хүмүүсийг илүү өвчлүүлж байна. Европ анагаах ухаан нийтээр нь нэг стандарт гаргаж байгаад бүгдийг нь эмчилж, нэг стандартаар дасгал хөдөлгөөн хийлгэдэг. Тэгтэл уламжлалт анагаах ухаан тухайн хүний онцлогт нь тааруулж эмчилдэг. Тухайлбал, ямар онцлог байна, ямар ажил хөдөлмөр хийдэг, ямар хөдөлгөөн, ямар хоол өгвөл зохистой юм бэ.

Яаж хувцаславал зүгээр вэ, өглөө, орой ямар байдалтай байвал зүгээр вэ гээд хүн бүрд тусдаа эмчилгээ хийдэг. Байнгын суугаа ажилтай хүмүүс унадаг дугуй унах хэрэгтэй. Яагаад гэвэл агаарын дутагдал их хөдөлгөөн хязгаарлагдсан байдаг тул жигд хийх дасгал бол дугуй унах юм. Хэрэв дугуй унаж чадахгүй бол агаарт алхах хэрэгтэй.

Мөн даралт ихсэх, хүзүү, мөр хөших, элэг, цөс тодорхой хэмжээний өөрчлөлттэй, хоол шингэсний дараа ходоод хорсох, арьс загатнаж хуурайшиж байвал бассейн их сайн. Мөн суугаа ажилтай, жин ихтэй, хавантай хүмүүс фитнесс дасгалуудыг зугуухан хийж болно. Хүмүүс агаарын дутагдалд их ордог.

Учир нь байшингууд нь стандарт бус, өрөөнд агааржуулалт байдаггүйтэй холбоотой. Бага насны хүүхдийг л тархины даралттай гэдэг. Гэтэл том хүмүүс бүгд тархины даралттай байгаа. Нүд улайдаг, нүдний ухархай чилдэг, толгой нь өвддөг хэр нь даралт нь ихэсдэггүй. Толгой, хүзүүний асуудалтай хүн олон байна.

Зураг