Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/11/08-НД НИЙТЛЭГДСЭН

Дэлхийн жишигт хүрсэн тоног төхөөрөмж суурилуулжээ

Д.Эрдэнэцэн, iKon.mn
2013 оны 11 сарын 8
iKon.MN
Улсын клиникийн I төв эмнэлэг “Шинэ технологи-2013” өдөрлөг зохион байгууллаа

Улсын клиникийн I төв эмнэлэг “Шинэ технологи-2013” өдөрлөг зохион байгуулж, эрүүл мэндийн тусламж үйчилгээнд нэвтрүүлсэн шинэ техник, тоног төхөөрөмжөө танилцууллаа.

Өдөрлөгийн хүндэт зочноор Ерөнхий сайд Н.Алтанхуяг уригдаж, шинэ тоног төхөөрөмж суурилуулсан тасгуудад зочлов.

“Шинэ технологи-2013” өдөрлөгийг нээж Улсын клиникийн I төв эмнэлгийн дарга, анагаах ухааны доктор Б.Бямбадорж үг хэлсэн. Тэрбээр “Өнөөдөр бид хөгжилтэй орны анагаах ухааны технологийг эмнэлэгтээ нэвтрүүлж чадсандаа баяртай байна. Хэдийгээр эмнэлгийн зарим нэг үйлчилгээ доогуур түвшинд байгаа ч сайн тоног төхөөрөмж нэвтрүүлсэнээр бусад үйлчилгээ ч дагаад сайжирдаг” гэв.

23 тэрбум төгрөг гаргаж, 21 аймагт оношлогооны төв байгуулж байна

Энэ үеэр Эрүүл мэндийн сайд Н.Удвал “Миний бие сумын эмчээс улсын сайд хүртэл явахдаа эрүүл мэндийн салбарт ийн анхаарч хөрөнгө оруулсан Ерөнхий сайдыг үзсэнгүй” гээд Н.Алтанхуяг сайдыг эрүүл мэндэд ээлтэй сайд гэж онцолсон юм.

Учир нь Ерөнхий сайд өөрийнхөө шинэчлэлийн хөтөлбөрөөс 23 тэрбум төгрөг гаргаж, 21 аймагт оношлогооны төв байгуулахад зориулжээ.

I эмнэлэгт 3.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ

Улсын клиникийн I төв эмнэлгийн даргын дараа Ерөнхий сайд үг хэлсэн юм. Тэрбээр “Шинэчлэлийн засгийн газар болон Н.Удвал сайд энэ салбарт онцгой анхаарч ажиллаж байна. Үүний хүрээнд тодорхой ажлуудыг шийдэж эхэлсэн нь өнөөдрийн энэ арга хэмжээ юм. Жишээлбэл, I эмнэлэг 4.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн.

Бид хоёр гол үйл ажиллагааг дэмжиж байгаа. Нэгт техник технологийн хувьд шинэ түвшинд гаргах, хоёрт тус эмнэлгийн эмч нар эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслыг тун амжилттай хийж байгаа. Энэ үйл ажиллагааг дэмжиж үүнийг улам боловсронгуй болгох зорилтыг бид дэмжиж байна” гэлээ.

Улсдаа анхдагч тасаг

Улсын клиникийн I төв эмнэлгийн цусны эмгэг судлалын клиник, дүрс оношлогоо, ариутгалын тасаг, ерөнхий мэс засал, эрчимт эмчилгээний тасаг, эрхтэн шилжүүлэн суулгах судалгааны төв гээд нийтдээ 10 орчим тасагт дэлхийн жишигт нийцсэн эмчилгээний тоног төхөөрөмж байршуулжээ.

Түүнчлэн өдөрлөгийн үеэр Ариутгал халдваргүйжүүлэлтийн тасгийн албан ёсны нээлтийг хийж, улаан тууз хайчилсан юм.

Ингэснээр Монгол Улс түүхэндээ дэлхийн жишигт нийцсэн, евро стандартын иж бүрэн тоног төхөөрөмжтэй халдваргүйжүүлэлтийн тасагтай болж байгаа тухай тасгийн эрхлэгч н.Алтанцоо хэлж байв.

Улсын клиникийн I төв эмнэлэг нь нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээ үзүүлж, анагаах ухааны сургалт, судалгаа явуулах, эрдэм шинжилгээний ажил эрхлэх, бүх шатны эмнэлгийн байгууллагад мэргэжил, арга зүйн гурав дахь шатны лавлагаа тусламж үзүүлдэг улсын ууган эмнэлэгүүдийн нэг юм.

Өдгөө 20 гаруй төрөлжсөн мэргэжлээр иргэдэд оношлогоо, эмчилгээ үзүүлж байна.