Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/03-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Цэрэнсодном: Мэдэхгүй зүйлээ үгүйсгэж болохгүй

Ч.Үл-Олдох
2017 оны 8 сарын 3
Зууны мэдээ
Зураг зураг

-Монголчууд бурхан бүтээгээд аравнайлдаг байсан уламжлалынхаа дагуу их жанжныхаа хөшөөг бүтээсэн-

ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн “Нууц товчоо” судлалын тасгийн эрхгэгч, Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич Д.Цэрэнсодномтой ярилцлаа.

-Д.Сүхбаатарын хөшөөг төв талбайгаас буулгах, өөрчлөх тухай ид яригдаж байхад тантай ярилцаж байлаа, одоогоос хэдэн жилийн өмнө. Тэр үед ярьж байсан сэдвээ өнөөдөр үргэлжлүүлж хэдэн зүйл асуувал болох уу?

-Бололгүй дээ. Харин хуучнаа давтаж нуршилгүй шинэ соргог зүйл асуувал дуртайяа хариулах байна. Түүнээс биш нэг хэлснээ нуршаад яахав.

-Та тэр үед “Жанжны эх хөшөөг буулгаж хэрхэвч болохгүй” гэж хатуу мэдэгдэж байсан даа. Тэгвэл хөшөөг хүрлээр цутган буцааж залахдаа анхны эхийг “хаячихсан”-ыг Дундговь аймгийн Дэлгэрэхийн хийд нэгэн сахиусаа болгож равнайлан залах ёслол дээр та бид дахин тааралдлаа. Нэг ёсондоо түүхэн хоёр үйл явдлын гэрч боллоо.Энэ шинэ сэдэв биз дээ, энэ талаар таны бодлыг сонсох гэсэн юм?

-Юмны учир тохиол бас их сонин юм. Санамсаргүй боловч цаанаа учирзүйн үндэстэй юм шиг сэтгэгдэл төрөхөөр сонин тохиол их гардаг даа. Яах аргагүй одоогоос тав, зургаан жилийн тэртээ Цагаан сарын өмнөхөн танай сониноос өөрөө ирж надаас ярилцлага авч гаргасан.

Түүнээс хоёрхон хоногийн дараа хурц арслан Ш.Мөнгөнбаатар Цагаан сарын барилдаанд түрүүлж байсныг санаж байна. Гэтэл тэр үед авч хаясан жанжны эх хөшөө өнөөдөр Дундговийн Дэлгэрийн хийдэд ирчихсэн, лам нар хөшөөнд равнай ергөж байгаа ёслол дээр бид таарч хамт оролцож байгаа нь бас л сонин тохиолдол, хувь тавилан юм уу даа, одоо эргээд бодоход.

- Та тэр үеийг Цагаан сартай нь, бөхтэй нь санаандаа их тод авч үлдсэн байна шүү?

-Тэр чинь нийгмийг донсолгосон мэдээлэл байлаа шүү дээ. Тэгээд хөшөөг буулгаад сольчихсон, тэрнээс хойш одоо болтол Ш.Мөнгөнбaатар арслан маань ч дээшээ барилдсангүй. Харин өнөөдөр жанжны маань анхны эх хөшөөг энд ингээд равнайлж, шүншиглээд залж байгаа үйл явдлыг бэлгэшээж гэх юм уу, ер нь их сайхан санагдаж хүлээж авч байна даа.

-Д.Сүхбаатарын хөшөөг урласан хүмүүсийн олонх нь лам нар байсан гэв үү?

-Жанжны хөшөөг анх босгох үед уламжлалт номтой, сайн лам нар арай ч тасарчхаагүй байсан цаг. Хөшөөг бүтээж залахад шүншиг оруулж равнайлсан гэж би сонсож байсан. Монголчууд бурхны шашинтай, тэр зан үйлээ аливаа чухал үйл хэргийг үүтгэх, бүтээхдээ хийж, равнайлж шүншиглэдэг уламжлалтай. Тэр нь улс орноо, ард түмнээ олон жил амар амгалан, түвшин сайхан байлгах гэсэн утга учиртай. Жанжны хөшөөг тэр утга, зан заншлын дагуу хийсэн гэлцдэг шүү дээ.

Тэр үеийн уран дархлуул, уран Чоймбол, Махвал, Данзан нарын эрдэмтэй, чадалтай хүмүүс. Ихэнх нь шашны номтой лам нар байсан нь түүхэнд тэмдэглэгдэж үлдсэн. Үүний цаана шүтэн барилдлага гэж нэг юм бий шүү дээ. Тиймээс жанжны хөшөө бол монголчууд бурхан бүтээгээд равнайлж, шүншиглэдэг байсан тэр зан заншил, уламжлалын дагуу бүтээгдсэн. Дээр нь монголчуудын эрх чөлөө, тусгаар тогтнолын баталгаа болсон бүтээл.

Гэтэл хөшөөний анхны эхийг мориных нь хөлийг хугалчихсан, хүний нүд халтирам байдалтайгаар хотын зүүн хэсэгт нэг газар аваачаад хаячихсан байсан дуулдсан. Ашгүй өнөөдөр энд авчран равнай шүншиг өргөн залж байгаа нь сайхан байна.

-Хүмүүс “Эх хөшөөг хог дээр хаясан ч байраа өөрчлөөд заларч байгаа нь шидтэй санагдаж байна" гэж ярьцгааж байгааг сонслоо?

-Наадахыг чинь Дэлгэрэхийн хийд рүү орж ирэх үед хүмүүс надаас их асуулаа. Мориных нь хөлийг хугалаад хог дээр хаячихсан, хэзээ мөдгүй хогийн цэг рүү явахын даваанд дахин “амилаад” босчихдог учир байна гэлцэн ярилцаж түрүүхэн бид хөхрөлдөж байлаа. “Ерөөлийн үзүүрт тос, хараалын үзүүрт цус” гэж монголчуудын хэлэлцдэг айхавтар үг бий. Энэ авшиг равнай өргөнө гэдгийг энгийнээр хэлэхэд үгийн шид дээр үйлийн энерги шингэж байна гэх юм уу даа.

Буриадын Итгэл хамба руу манай сүсэгтнүүд цувж байна. Ийм хүн өдий төдий байсан юм шүү дээ. Илэрсэн нь ганц Итгэл хамба байхгүй юу. Миний ойлгосноор энд сүнс нь өөрийн шарилыг удирдчихаж байна гэсэн үг л дээ. Бидэн шиг усан нүдтэй, цусан зүрхтэй улс тэр болгоны учрыг мэдэхгүй, мэдэх ч арга байхгүй. Харин тэнд учир зүйн нарийн холбоо байгаа гэдэг нь лавтай зүйл. Тэгэхээр би залууст хандаж нэг зүйлийг хэлмээр санагддаг.

-Тэр нь юу билээ?

-Мэдэхгүй юмаа байхгүй гэж битгий бодоорой гэдгийг л хэлнэ дээ. Бидний мэдэхгүй, мэдэж чадаагүй, шинжлэх ухаан хүрч амжаагүй, нэг хэсэгтээ хүрч чадах ч үгүй үй түмэн зүйл бидний эргэн тойронд бий. Түүний нэг нь энэ юм. Энэ шашин ч биш. Тиймээс өөрийнхөө мэдэхгүй зүйлийг үгүйсгэх хэрэггүй. Бас нэг зүйл бол монголчууд ерөөлтэй бол учирдаг гэлцдэг.

Тэгэхээр та бид одоогоос тав зургаан жилийн өмнө жанжны хөшөөг буулгаж болохгүй тухай ярилцаж, танай сонинд хэвлүүлж байсан бол өнөөдөр яг тэр хөшөөнийхөө дэргэд тааралдаж дахин ярилцаад зогсож байна шүү дээ. Тэр үед бидний ярьсан, хэлсэн зүйлүүд маань ямар нэг хэмжээгээр нөлөөлсөн гэж би дуулсан. Хэвлэл, мэдээллийнхэн, сэтгүүлчид ч их бичсэн дээ.

Ингэж эрх барьж байсан нөхдүүд олны эсэргүүцэлтэй тулгараад ирмэгцээ “сүүнд халсан хүн тараг үлээж ууна” гэгчээр сандрахдаа “Бид хөшөөг бүрмөсөн авч хаях гээгүй сайжруулах гэсэн юм шүү дээ” гэх ухааны юм яриад урдаас нэг цутгамал юм авчирч тавьсан. Монголчууд өөрсдийнхөө хийсэн юмыг өөрсдийн гараар устгах нь сайн зүйл биш.

-Хөшөөг бүтээсэн хүмүүст ч бас учир байна гэв үү?

-Би түрүүн хэллээ шүү дээ, хөшөөг бүтээсэн тэр үеийн уран дархчуул, уран Чоймбол, Махвал, Данзан нар эгэл хүмүүс байгаагүй гэж. Тэд нийгмийн захиалгаар төрсөн улс. Ер нь салбар бүрд төрсөн шилдгүүд, тухайлбал их зохиолч Д.Нацагдорж, Ц.Дамдинсүрэн багш, Б.Ринчен гуай тухайн нийгмийнхээ захиалгаар төрсөн хүмүүс. Д.Сүхбаатар ч ялгаагүй, Монгол яг мөхлийн ирмэгт байхад гарч ирж, гэрээ зараад хойшоо Оросоос тусламж гуйхаар явж байсан хүн гээд бод доо. Одоо тийм зүйл тохиоход гэрээ зараад явж байх хүн хэр олон гарах болдоо. Тиймээс тэр бол Монголын ард түмний заяа түшсэн, Монголын нийгмийн захиалгаар төрсөн жанжин. Үүнийг хялбар ойлгож болохгүй.

-Тэр үед та бас хэлж байсан даа, бид бие биеэ хужаа гэх юм, их жанжнаа ч хятад хүн байсан гэж зарим нь хэлж байна гээд бухимдаж байсан. Энэ талаар?

-Ийм үг яриа хэрээс хэтэрч байна. Бие биеэ хужаа гэлцээд зогсохгүй, даан ялангуяа Амгаланбаатарт төрсөн хүмүүсийг бүгдийг нь хужаа гэх юм. Д .Сүхбаатар жанжныг ч хүртэл тэгж ярьж, хэлэх байдал цухалзсан шүү. Энэ их инээдтэй зүйл. Манайхан хужаа гэдэг үгийнхээ утгыг өөрсдөө хэр мэддэг юм бол, ядаж. Мэдэж байж ярих хэрэгтэй. Энэ далимд хэлэхэд, манайхан бодлогогүй үг хэлдэг. Тэгж хүний сэтгэл рүү ус цацаж болохгүй.

-Та хүмүүсийн гаргаж байгаа алдаа, хамгийн нийтлэг байгаа жишээ, баримтаас дурдахгүй юу?

-Жишээ нь, манайхан өвөрмонгол ах дүү нараа манайхан хужаа гэж ихээхэн доромжилдог шүү дээ. Тэд ч ихээхэн гомддог. Гомдохоос ч яах билээ. Монголоо гэж тэмүүлж, Монголынхоо өв соёлын төлөө, Монголын ард түмний хэл, иргэншлийн төлөө тэд их юм хийж байгаа. Ганц баримт хэлэхэд, Хөх хотын хаягийг гаргахад өвөрмонголчууд маань монгол бичгээ дээр нь гаргах гэж яаж тэмцэж, хэчнээн юм болж байсныг бид мартах учиргүй.

Гэтэл бид хужаа гэж хэлээд байгаа тэр өвөрмонголчуудаасаа дор байгаа шүү дээ. Өнөөдөр нийслэлийн албан байгууллага, газруудын хаягийг хар л даа, алиалагчийн хувцас шиг алаг эрээн юм. Англи ч биш хятад ч биш, ямар ч утгагүй эрээн мяраан юм биччихсэн. Энэ мэтчилэн хүнийг, бусдыг хэлэхээс өмнө биеэ цэнэх, өөрийгөө хянах хэрэгтэй. Энэ манайд дутмаг байна.

-Та бол монголчууддаа, хойч үеийн залууст хэлэх эрхтэй хүний нэг шүү дээ, өөр юуг анхааруулж, онцлох бол?

-Ажиглаад байхад манайд өөрийнхөө буруу гэж боддог хүн байхгүй болчихжээ. Бурууг бусдаас л эрээд байдаг. Ийм хүн олон байна. Уучлаарай, би энд буруу хэлчихжээ, алджээ гэж хэлэх зүрхтэй байх хэрэгтэй. Ц. Дамдинсүрэн багш шавь нартаа “Мэдэхгүй гэж хэлэх зүрхтэй байх хэрэгтэй” гэж сургаж байсан юм. Юм болгоныг мэддэг юм шиг мэдэмхийрдэг, яг мэдэж байна уу гээд тулаад очихоор мэддэг юм нь цөөхөн ийм хүн олширчээ. Иймд манайхан аливаад үнэн сэтгэлээр бодитой хандаж сурах хэрэгтэй байна даа.

Зураг