Үндсэн хуулийн цэцийн 25 жилийн ойд зориулсан “Үндсэн хуулийн шүүх эрх мэдэл: Тулгамдсан асуудал, ирээдүйн төлөв” сэдэвт олон улсын бага хурал өнөөдөр Төрийн ордонд болж байна.
Хурлын ажиллагаанд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн урилгаар ОХУ, ХБНГУ, БНСУ, БНТУ-ын Үндсэн хуулийн шүүхийн дэд ерөнхийлөгч, шүүгч нар болон ХБНГУ-ын Ханнс Зайделын Тэргүүн захирал, ОУХАИ-ийн захирал, Зүүн Хойд Азийн хэлтсийн дарга, Бавари мужийн Захиргааны сургуулийн захирал асан нар оролцлоо.
Үндсэн хуулийн цэцийн гишүүн, доктор, профессор Наваанпэрэнлэйн Жанцангийн “Үндсэн хуулийн шүүх эрх мэдэл:Тулгамдсан асуудал, ирээдүйн төлөв” сэдэвт илтгэлээр бага хурал эхэлсэн юм. Түүний илтгэлд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрлэсэн асуудлуудын талаар сонирхолтой тоо баримт дурдагдлаа.
ҮХЦ-ийн гишүүн Н.Жанцан “Үндсэн хуулийн цэцэд ирсэн өргөдөл, мэдээлэл, гомдлын агуулгын олон жилийн дунджийг авч үзвэл:
Ирсэн өргөдөл мэдээллийн 10-аад хувьд нь маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэн шийдвэрлэсэн үзүүлэлт бий. Бусад 90 хувь нь Үндсэн хуулийн маргааны шинжийг агуулаагүй, эсвэл бусад байгууллагын эрх хэмжээний асуудал байдаг.
Монгол Улсын Үндсэн хуулийн цэц байгуулагдсанаас хойш гаргасан шийдвэрийн 55 орчим хувь нь Үндсэн хууль зөрчсөн гэсэн агуулгатай байна. Хүний эрх, эрх чөлөөтэй холбогдсон Үндсэн хуулийн заалттай холбоотой хянан шийдвэрлэсэн маргааны тухайд 60 орчим хувьд Үндсэн хууль зөрчсөн тухай дүгнэлт гаргажээ” гэв.
Мөн тэрбээр Үндсэн хуулийн цэцийн цаашид тулгарч буй асуудлын талаар “Үндсэн хуулийн цэц хараат бусаар ажиллах бүхий л боломжийг бий болгох түүнд улс төр, эдийн засгийн ямар ч дарамт шахалт үзүүлэхгүй байх, үйл ажиллагааны хэвийн нөхцөлийг бүрнээ хангах явдал нь Үндсэн хуульт ёсыг төлөвшүүлэх үйл явцын чухал хэсэг гэж үзэж болно.
Ийм учраас Үндсэн хуулийн цэцийн бие даасан, гишүүдийн хараат бус байдлыг илүү бататган бэхжүүлэх шаардлага бол Монгол Улсын Үндсэн хуулийн цэцээс цаашид баримтлах гол чиг шугам юм” гэдгийг онцоллоо.
Үүний дараа Үндсэн хуулийн цэцийн дарга Доржийн Одбаяр “Монгол Улсын Үндсэн хуулийн үндсэн бүтэц” сэдвээр илтгэл танилцууллаа. Монголчууд Үндсэн хуулиа өөрчлөх асуудал ярьж байгаа энэ цаг үед түүний илтгэлээс зарим зүйлс сонирхол татаж байсан юм.
Тухайлбал ҮХЦ-ийн дарга Д.Одбаяр “Үндсэн хуулийн үндсэн бүтцийн номлол бол аливаа Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар Үндсэн хуулийн суурь үзэл баримтлалыг хөндөхгүй байх улмаар улс орны гол хуулийг ийм төрлийн оролдлогоос хамгаалах зорилготой номлол юм. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал урьд, өмнөх үеэс илүү өргөн хүрээнд яригдаж байгаа өнөө цагт энэхүү номлолыг судлах, бусад орны туршлагаас суралцах нь чухал ач холбогдолтой юм.
Энэхүү номлол нь нэгдүгээрт парламент өөрийгөө хууль тогтоох хязгааргүй эрхтэй гэж үзэж байсантай, хоёрдугаарт Үндсэн хуульд ойр, ойрхон олон нэмэлт өөрчлөлт оруулж байсантай, гуравдугаарт нэмэлт, өөрчлөлт болгон тухайн харилцааг сайжруулж байгаагүйтэй холбоотойгоор бий болсон байна.
Сүүлийн үед Үндсэн хуулийг тогтвортой байлгах зорилгоор, шаардлагагүй болон зохицуулалтыг дордуулсан нэмэлт, өөрчлөлтөөс хамгаалах үзэл санаа дэлхий нийтэд түгээмэл болж олон улсын энэ талын чиг хандлагыг “Үндсэн бүтцийн номлол”-ын зүг хэдийнэ эргэсэн байна гэж эрдэмтэн, судлаачдын зүгээс дүгнэсэнтэй санал нэг байна. Энэ хандлага нь Үндсэн бүтцийн номлол нь Роско Паундын хэлсэн “Үндсэн хуулийн аргаар хийгдсэн Үндсэн хуулийн бус Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт”-өөс аливаа Үндсэн хуулийг хамгаалах чухал арга хэрэгсэл болж байгаагийн илрэл юм.
Манай улс Үндсэн хуулийн үндсэн бүтцийг тусад нь хууль гаргах замаар тогтоосон хэдий ч энэ арга замаар үндсэн бүтцээ бий болгосон улс, орон тун цөөн байна. Олон улс орон үндсэн бүтцийн суурь зарчим болон заалтыг Үндсэн хууль дотроо, өөрт нь тусгасан байгаатай харьцуулж үзвэл манай Үндсэн хуулийн үндсэн бүтцийг бие даасан хуулиар тогтоосон нь үндсэн бүтцийг шилжилтийн шинжтэй болгосон байна гэж дүгнэж болохоор байна. Үндсэн бүтцийн энэхүү шилжилтийн шинж нь түүнийг хэврэг, парламентаас хийж болох нэмэлт, өөрчлөлтөд амархан өртөмтгий болгожээ. Энэ нь хууль тогтоогчдын зүгээс дээр дурдсан дөрвөн заалтыг хассан үйлдлээр нотлогдож байна.
Тиймээс Үндсэн хуулийн үндсэн бүтцийг голлох цөөн хэдэн зарчмын хувьд томьёолон, тусгай заалт болгон Үндсэн хуульдаа өөрт нь тусгах нь зүйтэй байна. Учир нь үндсэн бүтцийн номлолын нэг зорилго бол парламентын зүгээс учирч болох улс төрийн шинжтэй халдлагаас Үндсэн хуулийг хамгаалах үүрэгтэй. Нөгөөтэйгүүр Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар түүний үндсэн бүтцэд гэмтэл учруулах юм уу, улмаар дордуулах шинжтэй нэмэлт, өөрчлөлт оруулах боломжийг хязгаарлах учиртай юм гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!