Хотын дарга С.Батболд өнөөдөр өөрийн гаргасан шийдвэрийн талаар хэвлэлийн бага хурал хийлээ.
Тэрбээр “Өнөөдөр би хотын агаарын бохирдлыг бууруулахад чухал нөлөө үзүүлэх, иргэдийг орон сууцаар хангахад чиглэсэн шийдвэрийг танилцуулах гэж байна.
Улаанбаатар хот сая гаруй хүнтэй, эдийн засгийн 60 гаруй хувийг дангаар нь бий болгодог том хот болсон.
Улаанбаатар хотод борлогдоогүй орон сууж их байна. Нэг талд нь өндөр үнэтэй орон сууц, нөгөө талд нь банкны мөнгөө дийлж чадахгүй болсон иргэд байна.
Улаанбаатар хотын захиргаанаас “Орон сууцны сан” байгуулж, газрыг нь барьцаалж, байрны урьдчилгааг нь төлөх боломж бүрдэж байна. Иргэд “Орон сууцны сан”-д газраа барьцаалж урьдчилгаа төлбөрөө төлөөд, 70 м.кв хүртэлх талбайтай байр авах боломжтой.
Эхний ээлжинд бид 5 тэрбум төгрөгийг хөрөнгө оруулалт санд оруулж байна. Энэ мөнгөөр 250 айл орон сууцтай болох боломжтой.
Ингэснээр яндангийн тоо бодитойгоор буурна. Хоёрдугаарт санхүүгийн хүндрэлд орж буй барилгын салбарыг бодитойгоор дэмжинэ. Мөн гэр хороололд газар чөлөөлөлт бий болж, гэр хороололд газрын сан нэмэгдэнэ.
Ингэснээр энэ газруудад хотын захиргаанаас хэрэгтэй сургууль, цэцэрлэг барина” гэв. Өнөөдөр батлагдсан энэ журам маргаашнаас хэрэгжиж эхлэх бөгөөд Агаарын бохирдлын 1, 2 дугаар бүсэд байрлах айлуудад хамаарах юм.
-Иргэд барьцаалсан газраа яах вэ?
-Урьдчилгаа төлбөрөө төлчих юм бол газраа буцааж авч болно. Эсвэл Нийслэлийн газрын санд нийлүүлэгдэнэ. Газрыг цаашид гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажилд зарцуулна.
Ер нь бид газрыг нь худалдаж авъя гэж бодож байгаа. Газраа байраар солих үйл ажиллагаа гэж хэлж болно.
-Энэ сангийн үйл ажиллагаа хэр удаан үргэлжлэх боломжтой вэ?
-Энэ бол тогтмол үргэлжлэх ажил юм.
Хэрэв газраа буцааж авах хүсэлтэй бол урьдчилгаа төлбөрөө төлөөд авч болно, эсвэл орон сууцны урьдчилгаанаас илүү үнэтэй газар гэж үзвэл хотын захиргаанаас зөрүү мөнгийг нь төлж газрыг нь худалдаж авах ажээ.
“Орон сууцны сан”-гаас төлүүлэх урьдчилгаа төлбөрийн хэмжээ 25-40 сая төгрөг болох юм байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!