Хөвсгөл аймгаас тодорсон Дарба бандида гэгээнтнийг арслант ширээнд залахтай холбогдуулан зохион байгуулж буй номын арга хэмжээ энэ сарын 16-ны өдрөөс эхлэн гурав хоног Хөвсгөл аймагт болох гэж байна. Энэ талаар МБШТөв Гандантэгчэнлин хийдийн Дашчоймбил дацангийн гавж С.Гантөмөрөөс дараах зүйлийг тодрууллаа.
-Дарба бандида гэгээнтний хойд дүрийг тодруулсан байна. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?
-Дарба Бандидын долоо дахь дүрийг Данзанчойжилодой гэх хүүгээр тодруулсан.
2012-2013 оны үед тодроод Энэтхэгт суралцаж байгаад, одоо амралтаараа ирсэн байна. Хөвсгөл аймгийн Рашаант сумын харьяа, одоо 16 настай.
Энэ хүү 2013 онд Энэтхэг явж, Далай багшид бараалхан Данзанчойжилодой хэмээх алдрыг хүртэж, одоо Энэтхэгийн Сэражи дацанд суралцаж байгаа.
-Дарба бандида гэж хэн байв. Түүхийн талаас нь тайлбарлавал?
-Монгол оронд хуучин маш олон хутагт хувилгаан байсан. Тэдний нэг бол Дарба бандида юм.
Энэ хүн Энэтхэгт дөрвөн удаа, Төвдөд долоон удаа, Монголд зургаан удаа хувилсан.
Бага наснаасаа эхлэн бурхны номд суралцсан, 17 наснаасаа Төвөдийн Сэра хийдэд суралцсан, номын оргилд хүрсэн байдаг.
-Дарба бандида гэдэг нэр ямар учиртай юм бэ?
-Төвдийн Дарба нутагт нэгэн хийд байсан. Тус хийдэд хэн нэгнийг хамбаар томилоход удалгүй өөд болдог, ямар нэг зүйлийн хорлол болдог байж. Ингээд Банчин богд энэ тухай Далай ламд айлтгахад Содовжамцыг томилсон.
Энэ хийдэд Энэтхэгийн Гаяа Дара хэмээх дүвчин хүний пүрэв байсан. Пүрвийг гартаа барьж чадвал нутгийн муу муухайг дарж, шидийг олох ёстой байж.
Урдын хамба нар тэр пүрвийг гартаа барьж чадаагүй. Содовжамц лам очиж, гартаа бариад тэр нутгийн чөтгөр, шулмыг дарж чадсан. Эндээс эхлэн Дарба нутгийн бандида буюу Дарва бандида гэж алдаршсан байна.
-Хөвсгөл аймагт болох номын арга хэмжээний тухай мэдээлэл өгвөл?
-Хөвсгөл аймагт 17, 18, 19-ний өдөр номын арга хэмжээ зохион байгуулна.
Номын арга хэмжээнд Монголын дээдэс лам нар, тухайлбал, Гандантэгчэнлин хийдийн хамба лам Д.Чойжамц гуай, Энэтхэгээс ирсэн олон ринбүүчи нар морилно.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!
3 СЭТГЭГДЭЛТЭЙ
|