Оросууд өчигдөр буюу Ням гарагт дундын зайн зорчигч тээврийн MC-21 нисэх онгоцоо анх удаа нисгэж туршжээ.
Уг онгоцоор Оросууд агаарын тээврийн салбараа сэргээж, Airbus, Boeing зэрэг өрнөдийн компаниудтай өрсөлдөх гэж байгаа юм. Өнгөрсөн оны зургаадугаар сард анхны загвараа танилцуулж байсан бол өчигдөр 300 км/цаг хурдтайгаар 1,000 метрийн өндөрт 30 минут ниссэн байна.
Онгоцыг бүтээсэн Иркут компани нь Сибирийн Иркутск хотод байрладаг, анхны нислэгийг мөн энд хийсэн байна. Анхны нислэгийн талаар ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинд утсаар илтгэсэн тухай Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков мэдээлжээ.
MC-21 хөлөг нь 211 зорчигч тээвэрлэх багтаамжтай, 6,000 км хүртэл зам туулах чадвартай юм. Өнөөдөр дэлхийн зах зээлд ноёлж байгаа Airbus A320, Boeing 737 онгоцнуудтай өрсөлдөх ирээдүйтэй гэж үзэж байна. Одоогоор Иркут компани Аэрофлот, UTair, Киргизийн авиа компани зэрэг байгууллагуудаас 185 захиалга авчээ. Хамгийн сүүлд Оросууд богино зайн Сухой Супержэт онгоцыг 2011 онд туршилтаар нисгэж байсан юм.
Эх сурвалж: AFP
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!