Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/24-НД НИЙТЛЭГДСЭН

“Англи хэл боломжийг 2 дахин нэмэгдүүлдэг”... мисс А.Баярцэцэг

ikon.mn
2017 оны 5 сарын 24
iKon.MN

"Аргагүй анхаарал татах нээлттэй үнэн төрх,  үр дүнд дуртай шулуухан яриа” энэ бол боловсрол болоод хүсэл мөрөөдлийн тухай бодлоо хуваалцсан мисс Баярцэцэг. Бид түүнийг VISITOR буландаа урьсан юм. Түүний хэлсэнчлэн  “Англи хэлийг шинэ хэл гэхээсээ илүү хүн бүрийн зайлшгүй эзэмшсэн байх ёстой ур чадвар гэж харах хэрэгтэй” гэсэн үгсээр уншигч таныг ярилцлагадаа хөтлөе. 

 

- Ярилцлагаа сайхан уур амьсгалтай асуултаар эхлэе. Учир нь аялах дургүй хүн гэж бараг үгүй шүү дээ. Баярцэцэг 30 нас хүрэхээсээ өмнө Дэлхийн 30 оронд аялсан байх ёстой гэсэн зорилгоо хэр биелүүлж чадсан бэ?

- 25 наснаасаа өмнө 30 оронд очиж үзнэ гэж бодож байснаа биелүүлсэн.

Харин одоо 30 нас хүрэхээсээ өмнө 50 орноор аялсан байхыг хүсч байгаа. Олон газраар аялах тусам бидний амьдарч байгаа Дэлхий ямар гайхалтай, ямар өөр өөр өнгөтэй юм бэ гэдгийг яг л шинэ агаар мэт мэдэрдэг.

Зөвхөн Монголоо хайрлахаас гадна Эх Дэлхийгээ хайрлах сэтгэл төрдөг. Би нэг удаа ингэж бодсон юм. Хүн ямар нэгэн байдлаар ахин төрдөг бол дахиад л энэ Дэлхийдээ төрөх юмсан гэж.

Учир нь бид хэчнээн зав зайгүй хорвоотой танилцсан ч очиж үзээгүй газар, таниагүй зүйлс маш их байх болно шүү дээ.  

- Батлагдчихсан үнэн гэж хэлэхэд хэцүү ч миссийн тэмцээнд оролцогчдын талаарх зарим таагүй ойлголт байдаг. Үүнийг өөрчилж,  боловсролоороо  Дэлхийд амжилттай өрсөлдөж чадсан Мисс Баярцэцэгийн хувьд дараагийн Баярцэцэг хэн байх вэ? Юунд зорьж байна.

- Холын зорилт бол жүжигчнийхээ чиглэлээр өөрийгөө сайжруулж, түүхийг бүтээх.

Ойрын зорилт гэвэл акцент дээрээ маш сайн ажиллах шаардлагатай байгаа. Яг Америкт очоод Холливуудын кинонд шалгууллаа гэхэд ихэвчлэн Америкт төрсөн Ази хүн эсвэл Англи Ази хүн ч юм уу өөр орны сэтгэхүйтэй, хэллэгтэй Азиудын дүр ихэвчлэн ноогддог.

Агентлагийн менежер маань ийм дүрд бусад орны жүжигчидтэй өрсөлдөхийн тулд 100 хувь Америк хүн шиг акценттэй ярьдаг болох хэрэгтэй гэдэг. Энэ мэдээж тийм амархан зүйл биш санагдсан. Яагаад гэвэл би хэчнээн мундаг ойлгоод яриад байгаа хэдий ч яалтчгүй тэнд төрчихсөн, өсчихсөн хүний дуудлага гэдэг ямар байх нь тодорхой.

Гэхдээ мэдээж үүнийг давахгүйгээр Холливуудыг зорино гэдэг утгагүй шүү дээ.  Тиймээс хичээж байна.

- Дэлхий миссийн тэмцээн дээр Англи хэлний мэдлэгээрээ үнэлэмж их авсан л даа. Ялангуяа видио танилцуулгыг үзээд ямар мундаг хэлний боловсролтой охин бэ гэж олон хүн үнэлж байгаа нь ажиглагдсан? Сургалтын үйл явцынхаа тухай. Хаана ингээд сурчихсан юм бэ?

- Англи хэлийг маш сайн эзэмшсэн олон мундаг залуучууд байгаа. Тэдэнтэй харьцуулах юм бол нээх гоц гойд хүн би биш шүү дээ.

Яахав зүгээр Дэлхийн миссийн тэмцээнд Монголоо төлөөлж оролцсон гэдэг утгаараа олон хүний нүдэнд өртсөн байж магадгүй. Гэхдээ хүмүүс гадаад хэлээр ярьдаг хүнийг бараг л хүний чадахгүй юмыг давчихсан мэтээр мундаг гээд биширсэн байдлаар харах нь буруу хандлага. Яагаад гэвэл энэ ярилцлагыг уншиж байгаа хэн ч сурч чадна. Байж болох бүх боломжит хэлбэрээр л сурах хэрэгтэй.

Миний хувьд арван жилд Англи хэл мэдээж үзсэн. Мөрөөдөл минь гадагшаа явж суралцах байсан. Тэтгэлэгээр сурахад тоэфл өгөх ёстой шүү дээ. Тэр үед хэлээ яаж сайжруулах тухай бодоод л яахаа сайн мэдэхгүй байсан л даа.

Тэгээд Жэт гээд Англи хэлний курст явсан. Гүнзгий түвшинд яваад дараа нь тоэфл гээд 2 үе шат сурсан юм. Тухайн үед Чинзориг гээд багш маань зааж байсан. Эндээс би хэлийг яг яаж үр дүнтэй сурах ёстой, хэл гэдэг зөвхөн гоц хүмүүсийн сурдаг зүйл биш, потенциал гэх мэтээр өөртөө итгэлгүй байх ямар ч шаардлагагүй, зүгээр л зөв систем, сурах хүсэл хоёр болохыг ажигласан юм.

 

- Дараа нь мэдээж тэтгэлэг авч Дэлхийн боловсролыг зорьсон. Тиймээ?

- Тиймээ\инээв\ Испанид Засгийн газрын тэтгэлэг авч суралцахаар явсан. Мөн 4 жилийн өмнө АНУ руу явж сурахын тулд дахиад тоэфл өгөх хэрэгтэй болсон.

Тэр үед би өөрөө гэртээ 1 сар бэлдээд орсон. Үүгээрээ юу хэлэх гээд байна вэ гэхээр хүн яаж сурах сууриа зөв эхэлчихвэл цаашдаа бие дааж ажиллаж болдог.

Тэгэхээр учраа олно гэдэг цаг хугацаа шаарддаг учир болж өгвөл сайн багшаар сууриа зөв тавиулах хэрэгтэй юм билээ.

- Хаана сайн сурах вэ? гэдэгтэйгээ зэрэгцүүлээд би яаж сайн сурах вэ? гэдгийг ойлгох хэрэгтэй байх?

- Яг тийм. Сурагч өөрөө сурахад бэлэн тохиолдолд багш гараад ирдэг гэдэг шиг.

Үнэхээр би суръя гээд эрмэлзэхгүй бол намайг 1,000 хэлний төвд явуулаад, эсвэл 1,000 хувийн багш авч өгөөд яах юм. Дургүйд хүчгүй гэдэг шүү дээ. Яг суръя гэх юм бол жишээ нь Жэтэд явснаа яръя л даа. 2 сар сураад ганц күрсээс зургаан сар сурах  мэдлэгээ олоод авч болж байгаа байхгүй юу.

Багшаас сурагч богино хугацаанд их мэдлэг авахыг эрмэлзэж, түүнийгээ бодит үйлдэл болгох. Ердөө л энэ шүү дээ

- Марко поло кинонд шалгарсныхаа дараа манай Монгол жүжигчдийн ур чадвар маш сайн. Миний хувьд шалгарахад хэлний боловсрол болоод дүр төрх минь бас нөлөөлсөн болов уу гэж сэтгэгдлээ бичсэн байсан. Дэлхийд өөрийгөө нээж, эргээд Дэлхийг өөртөө нээхэд тань Англи хэл ач тусаа өгч байна шүү дээ. Тэгэхээр Англи хэл сурсан хүнд ямар бодит боломж ирдэг, эсрэгээрээ сураагүйгээрээ ямар боломжуудыг өнгөрөөдөг зэрэгт өөрийн анзаарсан бодлоо хуваалцахгүй юу?

- Хэл сурах нь эцсийн зорилго биш л дээ. Хамгийн гол нь тэр хэлийг сурснаараа таны амьдрал 3 эсвэл 5 жилийн дараа яаж өөрчлөгдөх гээд байгаа юм гэдэг нь чухал.  

Жишээ нь миний хувьд Англи хэл эзэмшсэнээр тоэфл амжилттай өгч, Америкт суралцахаар болсон.  Энэ нь жүжигчин мэргэжлээрээ илүү сайн сурч, хүсэл мөрөөдлөө биелүүлэхийн төлөөх нэг шат юм.  Тэгэхээр Англи хэлийг шинэ хэл гэхээсээ илүү хүн бүрийн зайлшгүй эзэмшсэн байх ёстой ур чадвар гэж харах хэрэгтэй юм шиг. Ямар ч ажил хийсэн, жишээ нь гүүглээр мэдээлэл хайхад Англи дээр гарч ирдэг илэрц ямар ялгаатай байдаг билээ.

Англи хэлтэй хүнд Засгийн газрын тэтгэлэгүүд 100 хувь нээлттэй байна. Америкийн засгийн газрын Fulbright, Английн засгийн газрын Chevening гэх мэтчилэн маш олон. Намайг жишээ нь КТМС-д сурч байхад ШУТИС-ийн вэб сайтад Японы Монбушо, Европын холбооны Erasmus гэдэг ч юм уу тэтгэлэгүүд зарлагдаад л байдаг байсан. Боломжууд хаалгыг тогшоод л байна гэсэн үг шүү дээ.  

Гэтэл тэр боломжийг үнэхээр ашиглаад авч чадах юм бол тухай хүний амьдралыг орвонгоор нь өөрчлөх боломж ч байж болно шүү дээ. Гэтэл оюутнууд өө миний гадаад хэл тийм ч сайн биш гээд тэтгэлэгүүдийг оюутны 4 жил өөртөө хаачихдаг. Гэтэл боломжууд хажуугаар нь өнгөрөөд л. 1-р курст муу байж болно. Гэхдээ энэ чинь 3-р курсдээ ч гэсэн муу байна гэсэн үг биш шүү дээ. 3 жилийн дотор ямар ч хүний хэл сайжирна.

Б.Ринчен гуай “Хэлийг зуун хувь төвлөрөөд суувал 45 хоног сурах боломжтой” гэж хэлсэн байдаг. Тиймээс 1-р курст орохдоо тэтгэлэгүүдийг судлаад дараагийн жилүүдэд хаана байхаа зорилго болгох хэрэгтэй. Учир нь Англи хэл боломжийг 2 дахин нэмэгдүүлдэг.  

 

- Хэл сурахад орчин мэдээж давуу тал. Гэхдээ Монголд үүнийг сурах тийм хэцүү юм уу?

- Өглөө сэрэхээс эхлээд орой харих хүртэл байнга Англиар яриад байвал нөлөөлөлгүй яахав. Гэхдээ зардал гэж нэг юм байна.

10,000 доллар буюу хорин тав, зургаан сая төгрөг төлөөд зургаан сар гадагшаа явах тийм боломжтой сегмент хэр их байгаа билээ. Гэтэл магадгүй нэг Академик Англи хэлний сургалт 700 мянга хавьцаа л байгаа биз дээ.

Тэр хүн нэг түвшний сургалтыг хэдэн удаа давтан авч болох уу? 10 гээд бодъё. Гэхдээ 10 удаа авдаг тийм ахиж дэвшдэггүй хүн гэж үгүй шүү дээ. 2 эсвэл 3 авъя л даа. Сайн сурчихна. Дэлхийн боловсролд хэрэглэгддэг хамгийн сүүлийн үеийн ном, стандарт хөтөлбөр гээд бүгд байхад Монголдоо Академик түвшний сургалтаа аваад, хэлний бэлтгэл гэж гадаадад зарцуулдаг илүү их мөнгөө хэмнэх бүрэн боломжтой.

Би ч гэсэн гадагшаа яваад л сураад, сайжирчихсан хүн биш шүү дээ.

- Ном хэр уншдаг вэ? Сүүлд уншсан ч юм уу эсвэл дуртай номынхоо философийг товч дурдахгүй юу?

- Ер нь уншдаг шүү. Хамгийн сүүлд гэхээр киноны скриптүүд бодогдоод \инээв\. Сүүлд Шүүдэрцэцэг зохиолчийн Үүлэн хээтэй орчлон гээд ном уншсан.

Мөн Англи хэл дээр зохиол унших дуртай. Өөр хэл дээр уншина гэдэг өөр сэтгэхүйгээр аялах, аливаад олон талтай хандах гэх зэргээр ертөнцийг үзэх үзлийг тэлдэг гэж боддог. Энд би залуусыг уншаасай гэсэн үүднээс Пауло Коелогийн Алхимич номыг онцолмоор байна.

Ерөнхийдөө өөрийн бахархлаа ойлгож, хувь хүний хөгжил, өөртөө итгэх итгэл, мөрөөдөлдөө хүрэх зэргийг маш сонирхолтой уран сэтгэмжээр гаргасан ном. Магадгүй Англи хэл дээр уншлагаа сайжруулах хүсэлтэй бол яг түүнд тохирсон үг хэллэг, маш энгийн богино өгүүлбэрүүдээр энэ ном бичигдсэн бөгөөд уншсан хүнд үлдэцтэй юм.

Бяцхан зөвлөгөө хэлэхэд үг бүрийг нь толь бичгээс харж шантралгүй ерөнхий утгыг нь ойлгоод гүйлгээд уншаад үзээрэй.

- Сайхан санаа байна. Одоо харин киноны тухай асууя. Дэлхийн кино ертөнц бүх л сэдвийг онгичиж, байж болох хувилбар бүрээр нь хийсээр ирсэн. Магадгүй сүүлийн үеийн энэ их хийсвэр зөгнөлт кинонууд нэг талаараа сэдэв өргөжсөн мэт харагдавч нөгөө талаасаа давхцал санаанаас зугтаж  байгаа мэт. Харин Монголчууд бидэнд, уул ус үүх түүхэнд маш сайхан сэдвүүд унтаа байдалтай байгаа шүү дээ.  Энэ тал дээр ямар нэгэн бодол тээдэг үү?

- Таны ярьж байгааг би бас их боддог. Яагаад гэвэл Холливуудад сүүлийн 100 жилд хийгдсэн кинонуудад маш гайхалтай бүтээлүүд олон боловч сэдвүүд нь хоорондоо эргэлдээд л байдаг нь цөөнөөр тоологддоггүй.

Энэ одоо ингэнэ дээ гээд л үйл явдлыг нь бид мэдчихдэг шүү дээ. Тэгэхээр сүүлийн үед юу ажиглагдаж байна гэхээр байдаг л сэдвүүдийг жижигхэн өөрчлөлт хийгээд гаргадаг байдлаас Америк залхаж байна. Юу сонин байна гэвэл Экстатик зүйлс тэдэнд таалагдаж байна. Хараагүй, үзээгүй сонсоогүй шинэ түүхүүд. Бидэнд энэ бий.

Тиймээс Монголын кино урлаг, Монгол жүжигчин, Монгол контент гэдэг зүйлийн ялгарал, давуу тал нь Монгол гэдэг маань өөрөө юм байна . Бидний түүх соёл, араншин юм байна. Яагаад гэвэл гадны хүний нүдээр энэ маань өвөрмөц болж хувирдаг. Мөн жинхэнэ царай, өвөрмөц байдал Холливуудын сонирхол.

Бид байгалиас дахин давтагдашгүй төрчихсөн. Тиймээс энэ байдлаараа Глобалчлалд үнэ цэнэтэй төрх байх ёстой юм байна гэдгийг ой тойндоо багтаадаг даа.

- Маркетингийн хүний давуу тал харагдаж байна. Монгол гэсэн дүр төрх, түүх, өгөгдөл нь  байгаа учраас ямар нэгэн том төсөл магадгүй ирээдүйд хийх байх гэж итгэж байна.  

- Мэдээж хийнэ. Гэхдээ өөрийгөө сайжруулах шаардлагатай. Мөрөөдлийн төслүүд байгаа. Эдгээр маань бүгд л Монгол гэсэн ерөнхий агуулгаа хадгалж явна.

Бидэнд Дэлхий ертөнцтэй хуваалцах маш олон гайхалтай түүхүүд байгаа. Өөр хэний ч хийгээгүй, оролдоогүй. Тэдгээрийг яагаад бид өөрсдөө хийж болохгүй гэж. Марко Поло, Чингис хааны тухай, Хубилай ч гэдэг юм уу кино хийгээд түүнийг нь хэдэн тэр бум хүн үзэж байна.

Монгол гэдэг гайхалтай оршихуйг харж, харц унагаж байна шүү дээ.  Хэдийгээр түүхийн хувьд бага зэрэг өөрчилсөн, зохиомол хэсгүүд байдаг ч хүмүүсийн анхаарлыг татаж байна. Тэгэхээр бид тэр сонирхолтой контентийг өөрсдөө хийхийн тулд чадахгүй байсан ч сайжирч, оролдох хэрэгтэй гэж боддог.

- “Агаа эгээ” гээд төсөл хэрэгжүүлдэг шүү дээ. Хэдэн хүүхэд агаа эгээтэй болсон бэ? Мөн тэд нараасаа  үлгэрлэж амжилттай яваа сайхан жишээ дурдвал?

- “Агаа эгээ” сүүлийн 5 жил хэрэгжиж байгаа хөтөлбөр. Миний хувьд энэ хөтөлбөртөө их хайртай.

Асрамжийн хүүхдүүд 18 нас хүрээд биеэ дааж амьдрах хэрэгтэй болдог. За одоо ингээд гараад амьдар гэхээр аав ээж, ах эгч, хамаатан садан байхгүй, яаж амьдрах, ямар мэргэжил сонгох гээд ерөнхийдөө нэг төрлийн шоконд ордог. Энэ үед алдаж ч болно шүү дээ. Тиймээс ах эгч болсон хүмүүс маань хичээл нь яасан, хэнтэй нийлж байна ч гэдэг юм уу ерөнхийдөө санаа тавьж үлгэрлэж, зааж зөвлөдөг.

Сэтгэлзүйн хэрэгцээг нь дүүргэх гэж хичээдэг гэх үү дээ. Одоо 150 гаруй хүүхэд ах эгчтэй болсон. Хамгийн анх дүү нь болж оролцож байсан охин одоо эгч болоод Хархоринд агаа эгээ хөтөлбөрийн салбар хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Манай дүү жишээ нь их сургуульд орсон. Удахгүй төгсөх гээд хүсэл зорилго ихтэй байгаа.

Би хүртэл дүүгээ 2 удаа хэлний күрст сургаж байсан. Эндээс хүн нийгэмшээд эерэгээр төлөвших нь бидний хувьд хамгийн сайхан үр дүн юм даа.

 

- Зорилгоо хэрхэн тодорхой байлгадаг вэ? Магадгүй үүнийгээ төлөвлөж бичдэг үү?

- Урт хугацааныхаа зорилгыг хамгийн түрүүнд нь байлгаж, харахыг хичээдэг. Олон улсын прожектуудад Баярцэцэг гэхээсээ илүү Монгол жүжигчин гэж хэлүүлэх гоё биз дээ?

Түүнийгээ 10 жилийн дараах биелэгдсэн мөрөөдөл гэж харвал 5, 3, эсвэл 1 жилийн дотор  дотор ямар болсон байх. Бүр наашлаад энэ сардаа за өнөөдөр мөрөөдлийнхөө төлөө яах ёстой гэх мэтчилэн төлөвлөгөө гаргадаг. Тэгээд дэвтэр дээр дахин дахин сэргээж бичдэг. Ингэснээр хэр ахисан, хаана яваагаа хамгийн тодоор өмнөө хардаг.

Цаасан дээр бичээгүй мөрөөдөл мөрөөдөл хэвээрээ үлддэг гэдэг шүү дээ. Мөн богино хугацааны төлөвлөгөөгөө гүүгл календарь дээр хөтөлдөг. Уулзах хүмүүс хийх зүйлс бичигдсэн байдаг болохоор хэр хэрэгтэй зүйл хийж байна, ихэнх цагаа юунд зарцуулж байна гэдгээ харахад хялбар байдаг.

Заримдаа урсгал дундаа орчихсон явж байгаад календариа хараад өө би чинь юу билээ гээд л цочроо авна аа бас \инээв\.

- Монгол язгуур ахуйгаа таньж мэдэхийн тулд 2 сар хөдөө амьдарч байсан гэх зэргээр Баярцэцэгийн эрэл хайгуулаар баялаг амьдрал олон залууст үргэлж жишээ болох юм шиг . Магадгүй ямар нэгэн цаг хугацааны хэмжилтийн дараа дуулгах сонин сайхан мэдээллээр эргээд уулзах байх. Урилгыг минь хүлээн авч ярилцсанд баярлалаа.

- Баярлалаа. Сайхан мэдээ мэдээллээр уулзахдаа таатай байх болно оо.

Ярилцсан: Д.Чанцал

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.