Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/09-НД НИЙТЛЭГДСЭН

Хятадын “Шинжлэх ухааны охин тэнгэр” Америкийг сонгожээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 5 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Хятадын топ эрдэмтдийн нэг эх орноо орхиж, АНУ-ын нэр хүндтэй их сургуульд ажиллахаар болсон нь Хятад дахь судалгааны орчин тааруугаас шилдэг эрдэмтдээ гадагшаа алдаж байгаагийн нэг илрэл болжээ.

Америкт сургууль төгссөнийхөө дараа Циньхуа их сургуульд 10 жил ажилласны эцэст Ниэн Ян ирэх намраас Принстоны их сургуульд ажиллах сонголт хийсэн байна. Ян Принстоны их сургуулийн молекулын биологийн тэнхимд профессороор ажиллах болсныг Даваа гарагт Синьхуа агентлаг мэдээлжээ.

Янийг Америкт шилжих болсон тухай сүүлийн хэдэн сар эрдэмтдийн хүрээнд яригдсан юм.

40 настай Яний энэ шийдвэр сүүлийн жилүүдэд Хятадын гадаадад алдаж байгаа эрдэмтдийн нэг том жишээ болж байна. Гадаад биеэ авч явах байдал, судалгааны гарамгай амжилт, улсынхаа эрдэм шинжилгээний орчныг зоригтой шүүмжилдэг нээлттэй зан зэрэг нь түүнийг Хятадын сошиал орчинд “Шинжлэх ухааны охин тэнгэр” гэсэн нэрийг зүүхэд хүргэсэн юм.

 Хятад улс олон жилийн турш гадаадад ажиллаж, амьдарч байгаа эрдэмтдээ татахын тулд санхүүгийн арга хэрэглэхээс гадна эх оронч уриалга гаргасаар ирсэн. Үүний хүчинд 1949 оноос хойш 2.6 сая судлаач эх орондоо эргэж ирсэн гэдэг.

Гэвч сүүлийн жилүүдэд буцааж алдах тохиолдол нэмэгдсэн юм. Тэд төрийн хүнд суртал, судалгаанд бага мөнгө гаргаж байгааг шүүмжилдэг.

Ян 2007 онд Принстоны их сургуульд докторын зэрэг хамгаалсныхаа дараа буюу 30 насандаа Бээжинд ирж, Циньхуа их сургуулийн хамгийн залуу профессор болсон юм.

Янийг ажиллах хугацаанд түүний баг чухал амжилтууд гаргаж байв. 2014 онд тэд хорт хавдар, чихрийн шижин зэрэг олон төрлийн өвчинтэй холбогддог уургийн физик бүтцийг дэлхийд анх удаа нээж байжээ.

Гэвч удалгүй тэрээр хувийн блогтоо засгийн газар хэрхэн түүний судалгааны ажлын санхүүжилтыг гацааж байгааг шүүмжлэн бичиж байв. Үүнээс нэг жилийн дараа тэр дахин бичихдээ засгийн газраас мөн л санхүүжилт авч чадаагүйгээ мэдээлж байжээ. Ян хэдийгээр Принстоны их сургуульд ажиллах ч Циньхуа их сургуулийг олон улсын шугамаар дэмжиж ажиллана гэдгээ саяхан өгсөн ярилцлагадаа хэлсэн байна.

Циньхуагийн өөр нэг судлаач Чай Жиже өнгөрсөн сард Германы Кёльний Их Сургуульд ажиллахаар явсан юм. Энэхүү шилжилт хөдөлгөөнтэй холбоотойгоор Хятадын шинжлэх ухааны хүрээнийхэн авьяастай залуу эрдэмтдийг тогтоох тал дээр засгийн газраа муу ажиллаж байна хэмээн дотооддоо шүүмжлэх болсон тухай эх сурвалжууд мэдээлсэн байна.

2015 онд Бээжингийн Centre for China and Globalization байгууллагын хийсэн судалгаагаар гадаадаас ирсэн эрдэмтдийн 70 орчим хувь нь буцаж гадаад явах сонирхолтой байгаа нь харагджээ.

Тэдний буцах болсон шалтгаанд илүү сайн цалин хангамж авах, ажлын сэтгэл ханамжаас гадна хоол хүнсний аюулгүй байдал, хүүхдийн боловсрол, орон сууцны өндөр үнэ ханш, соёлын үл зохицол зэрэг бэрхшээлүүдийг дурдсан байна. Хамгийн олон нь буюу судалгаанд оролцогчдын 40 хувь нь агаарын бохирдол Хятадаас явах шалтгаан гэжээ.

 

Эх сурвалж: South China Morning Post