Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/20-НД НИЙТЛЭГДСЭН

"Байгалийн түүхийн музей"-н ирээдүй солонгосын ШИНЭ ЕРӨНХИЙЛӨГЧӨӨС шалтгаална

Б.Төрбат
2017 оны 4 сарын 20
MorninigNews.mn
Зураг зураг
Байгалийн түүхийн музей

-Уг нь манай талаас аль 2014 онд шинээр барих “Байгалийн түүхийн музей”-н зураг төслөө гаргажээ. Шинэхэн музейтэй болохын тулд 53 сая ам.доллар бус 16 сая ам.доллар л хангалттай гэнэ. Энэ тухайгаа ч төр засгийнханд болон Солонгос улсын талд танилцуулжээ-

Монгол орны байгалийн ховор нандин олдвор, үнэлж боломгүй баримт бичгийг хадгалж байдаг “Байгалийн түүхийн музей”-н барилга үндсэн үүргээ биш үзмэрийн үүрэг гүйцэтгээд хэдэн жилийг үдэж байна. Тус музейн барилгын ашиглалтын хугацаа нь 2013 онд дуусаж, тухайн оны зургаадугаар сард үйл ажиллагааг нь зогсоосон билээ.

Түүнээс хойш өнөөг хүртэл эл барилгын хаалга цоожтой өдөр хоногийг өнгөрүүлсээр эцэстээ музейн барилга нь өөрөө үзмэр болох дөхжээ. Гэтэл цагтаа энэхүү музейгээр жилд гадаад, дотоодын 80 мянга гаруй иргэн үйлчлүүлдэг, тэр хэрээр жуулчдыг татаж, талын Монголоо дэлхийд “сурталчилдаг” байв.

Нөгөөтээгүүр өргөн уудам нутгаар тархсан ан, амьтан, ургамал төдийгүй хэдэн сая жилийн тэртээх түүх дурсгал гээд эх орныхоо тухай ирээдүй хойч маань танин мэдэхэд гол гүүр нь болж өгдөг байлаа. Харамсалтай нь, энэхүү чухал үүргийг гүйцэтгэж байсан “Байгалийн түүхийн музей” хаалгаа бариад удах болов.

Тухайн үед төр, засгийн зүгээс энэхүү музейн үйл ажиллагааг нь зогсоож, барилгыг нь нураах шийдвэрийг гаргахдаа өнөө жил буюу 2017 ондоо багтаж шинэхэн барилгыг нь хүлээлгэн өгч, үйл ажиллагааг нь хэвийн үргэлжлүүлэхээ “амласан” байдаг. Гэсэн ч үйл ажиллагаагаа зогсоосон “Байгалийн түүхийн музей”-н барилга бахь байдгаараа өнөөг хүрэв. Нөгөөтээгүүр өнгөрсөн хугацаанд төр, засгийн зүгээс ч ямар нэгэн дорвитой тайлбарыг хэлсэнгүй.

Н.ЗОРИГТБААТАР: БИД ЗУРАГ ТӨСЛӨӨ ХЭДИЙНЭЭ ГАРГАЧИХСАН

Тиймээс бид “Байгалийн түүхийн музей”-н захирал Н.Зоригтбаатартай утсаар холбогдсон юм.

Тэрбээр “Манай музей 2013 оны зургаадугаар сард үйл ажиллагаагаа зогсоосон. Одоогийн энэхүү музейн барилгын маань ашиглалтынх нь хугацаа дууссан. Уг нь, оронд нь Солонгос улсын соёлын буцалтгүй тусламжаар музейн суурин дээр нь шинэ барилга барьж өгөхөөр болсон юм. Тэд дэлхийн жишигт нийцсэн музейн барилгыг 53 сая ам.долларын хөрөнгөөр барьж өгөхөөр болсон ч эцсийн шийдвэр гараагүй байна. Бид тэдний шийдвэрийг л хүлээж байна” гэх тайлбарыг өглөө.

Уг нь, манай талаас аль 2014 онд шинээр барих “Байгалийн түүхийн музей”-н зураг төслөө хэдийнээ гаргажээ. Шинэхэн музейтэй болохын тулд 53 сая ам.доллар бус 16 сая ам.доллар л хангалттай гэнэ. Энэ тухайгаа ч төр засгийнханд болон Солонгос улсын талд танилцуулжээ. Гэвч нөгөө талаас “Бид нэгэнт л буцалтгүй тусламжаар танай улсад музей барьж өгөхөөр болсон. Тиймээс дэлхийн жишигт нийцсэн, шаардлага хангасан барилга барьж өгөх болно” гээд хүлээж аваагүй байна. Харин манай улс өөрсдийнхөө хөрөнгөөр музей барих боломжгүй тул тэдний шийдвэрийг дагаж, хүлээхээс өөр замгүй болжээ.

Н.БОЛД: БНСУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИЙГ ХҮЛЭЭЖ БАЙНА

Үнэндээ анх төр засгийн зүгээс энэхүү музейн үйл ажиллагааг нь зогсоохдоо насжилт нь дууссан барилгыг нь нурааж, оронд нь будаг нь ханхалсан шинэхэн музейн барилга барьж өгөхөөр болсон. Ингэхдээ БНСУ-ын буцалтгүй тусламжаар дэлхийн жишигт нийцсэн музейн барилгыг барьж, ашиглалтад хүлээлгэж өгөхөө амласан байна. Гэсэн ч тэрхүү амлалт өнөө хэр нь биеллээ олж, шинэхэн музейн барилга сүндэрлэсэнгүй.

Энэ талаар БСШУСЯ-ны Соёл, урлагийн бодлогын газрын дарга Н.Болдоос тодруулахад “Энэ бол хоёр улсын Засгийн газар хоорондын асуудал. АСЕМ-ын уулзалтын үеэр БНСУ-ын Ерөнхийлөгч асан Пак Кын Хэ Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчид буцалтгүй тусламжаар музей барьж өгөхөө амласан. Гэсэн ч тус улсын Ерөнхийлөгч хэрэгт холбогдож, ял сонссон шүү дээ. Удахгүй БНСУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль болох гэж байна. Шинээр сонгогдох Ерөнхийлөгч нь музей барьж өгөх асуудалд ямар шийдвэр гаргахыг мэдэхгүй. Тиймээс манай тал хүлээлтийн байдалтай байна” гэсэн юм.

Түүнчлэн “Манай улсын эдийн засаг ямар байгаа билээ. Өөрсдийнхөө төсвөөр музей барих ямар ч боломжгүй. Харин ирэх сард манайхан тус улсад очиж уулзалт хийнэ. Тэрнээс ямар үр дүн гарахыг хүлээж байна. Тэр үед нь тодорхой мэдээлэл өгөх боломжтой” гэв.

МУЗЕЙН ҮЗМЭРҮҮДИЙГ ӨРГӨТГӨЛДӨӨ ХАДГАЛЖ БАЙНА

Одоогийн хуучирч, элэгдсэн “Байгалийн түүхийн музей”-н барилгын шавыг анх 1951 онд тавьж, 1953 онд ашиглалтад оруулж байжээ. Түүнээс хойш нэг ч удаа их засвар хийлгүй явсаар ашиглалтын хугацаа нь дууссан байдаг. Өөрөөр хэлбэл, төр засгийн зүгээс насжилт нь дууссан энэхүү музейн барилгыг газар хөдлөлт болон байгалийн гамшигт үзэгдлийг тэсвэрлэхгүй тул үйл ажиллагааг нь зогсоохоор болсон юм.

Ингэхдээ “Байгалийн түүхийн музей”-н олон нийтэд үйлчилдэг хэсгийг нурааж оронд нь музейн шинэ барилга барих шийдвэрийг гаргасан байдаг. Улмаар 2012 оны өвөл хуучнаар Соёл, спорт аялал жуулчлалын сайд өөрийн багцаасаа музейн үзмэрүүдийн баглаа боодолд зориулж 200 сая төгрөг гаргаж өгчээ. Харин “Байгалийн түүхийн музей”-н ажилчид тэрхүү мөнгөөр нь зориулалтын төмөр болон модон хайрцаг, хүндрүүлэгчтэй төмөр шүүгээ, баглаа боодлын материал зэргийг худалдаж авсан байна.

Энэ талаар “Байгалийн түүхийн музей”-н захирал Н.Зоригтбаатар “Нийт 11 мянга гаруй үзмэртэйгээс 7,800 орчим нь үндсэн үзмэрт тооцогддог. Манай музейн өргөтгөл 1989 онд баригдсан. Дөрвөн давхар, үзмэр хадгалах зориулалтын фондтой. Энэ фондын барилгыг Орос технологиор барьсан бөгөөд дахиад 40-50 жилийн хугацаанд ашиглах боломжтой. Үзмэрүүдээ гурав ангилж, гурван өөр төрлийн саванд хадгалсан. Жишээлбэл, жижиг, үнэтэй, алдаж болзошгүй зүйлүүдийг мөнгөний сейфт хадгалж, эвдэрч хэмхэрч магадгүй зүйлсийг төмөр сейфт хийсэн. Ердийн үзмэрүүдийг модон харцаганд хадгалж байна” гэв.

Зураг