- ДОЛОО ХОНОГИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ТОЙМ -
Азийн зах зээлд уналт өсөлт хосолж байна
Долоо хоногийн эхээр Шанхай, Хонгконгийн зах зээл Хятадын үзүүлэлтүүд сайн гарсантай холбоотойгоор өсчээ. Банкны сектор болон эрчим хүчний салбаруудын компаниудын ашиг өссөн нь зах зээлд өсөлт авчрахад давхар нөлөөлсөн байна. АНУ-ын төв банк бодлогоо өөрчлөөгүй нь Азийн зах зээлд уналт авчиржээ. Өнгөрсөн зунаас хойш Азид сөрөг хүлээлт үүсгээд байсан АНУ-ын төв банк мөнгөний тэлэх бодлогоо бууруулна гэсэн шийдвэр өдгөөг хүртэл гараагүй байна. Хятад ба Японы компаниудын III улирлын ашгийн тухай мэдээлэл 11-р сарын турш цацагдахаар хүлээгдэж байна.
Хятадын мөнгөний зах зээлийн хүү өссөөр байна
Хятадын төв банк анх удаа хоёр долоо хоногийн дотор 13 тэрбум юаныг нээлттэй зах зээлийн арилжаагаар эдийн засагтаа нийлүүлжээ. Уг үйл ажиллагаа нь төв банкыг мөнгөний хатуу бодлого хэрэгжүүлнэ гэсэн хөрөнгө оруулагчдын хүлээлтийг бууруулах зорилготой байсан ч репо хүү өссөн байна. Нэг долоо хоногийн зээлийн хүү гурван сарынхаа дээд хэмжээнд хүрч 4.947%-д хүрлээ. Харин овернайт зээлийн хүү дөрвөн сарынхаа дээд хэмжээнд хүрч 4.446%-д хүрчээ. Сүүлийн хагас жилд Хятадын мөнгөний зах зээлд хүүгийн өсөлт ихээхэн ажиглагдах болсон билээ. Бүр бэлэн мөнгөний дутагдалд орж ATM нь мөнгөгүй болсон ч удаатай.
АНУ-ын төв банк бодлогодоо өөрчлөлт оруулсангүй
АНУ-ын төв банкны хурал өнгөрсөн долоо хоногийн хамгийн чухал үйл явдал байлаа.
Төв банк бодлогодоо өөрчлөлт оруулаагүй нь эдийн засаг хангалттай сайн сэргэж чадаагүй байгааг илэрхийлж байна. Зарим хөрөнгө оруулагчид АНУ-ын засгийн газрын санхүүжилт зогссоны дараа бүс нутгийн эдийн засгийн өсөлтийг буруулах болов уу гэж таамаглаж байсан юм. Үүнтэй зэрэгцэн хүнсний бүтээгдэхүүний буурсан нь бөөний үнэ буурахад нөлөөлжээ. Ийнхүү инфляци бага байгаа нь төв банкныханд эдийн засгийг идэвхжүүлэх мөнгөний тэлэх бодлого явуулах боломжийг олгож байна.
Төв банкны зүгээс “инфляци зорилтот түвшнээс бага байгаа ч урт хугацааны хандлага нь тогтвортой байна. Хэдий тийм ч инфляци хоёр хувиас бага байх нь эдийн засгийн өсөлтөд эрсдэл үүсгэх юм” гэжээ. Харин автомашинаас бусад жижиглэнгийн худалдааны борлуулалт өссөн байна. Энэ нь өрх гэрүүд засгийн газрын түр зогсолтоос үүдсэн сөрөг шокоос гарч хэвийн байдалдаа орж байгааг илэрхийлэх нэг үзүүлэлт болж байгаа юм. Үүнтэй зэрэгцэн хэрэглэгчийн итгэлцэл хоёр жилийн хугацааны хамгийн их дүнгээр буурчээ. Энэ нь АНУ-ын засгийн газрын санхүүжилт зогссонтой холбоотойгоор үүссэн сөрөг хүлээлтийн үр дүн юм. Мөн хөдөлмөрийн зах зээлийн сэргэлт удааширчээ. Ийм нөхцөлд төв банк бонд худалдан авах дүнгээ бууруулах, зогсоох процесс 2014 он хүртэл хойшлохоор байна.
Евро бүсийн инфляцийн түвшин дөрвөн жилийнхээ доод хэмжээнд хүрч, харин ажилгүйдэл дээд хэмжээндээ хүрлээ
Компаниудын санхүүгийн үр дүнгүүд гарч эхэлсэн ба хөрөнгө оруулагчид үүнийг анхаарч эхлээд байна. Хөрөнгийн захын индекс олон жилийнхээ дээд хэмжээнд хүрчээ. Цаашид ч өсөх төлөвтэй байгаа боловч алгуур өснө гэж шинжээчид үзэж байна. Бүс нутгийн инфляци буурч 0.7 хувьд хүрлээ. Төв банкны тавьсан зорилтоос бага байгаа нь эерэг үзүүлэлт болж байна. Харин ажилгүйдэл 12.2 хувьд хүрч өссөн нь сөрөг үзүүлэлт боллоо. Испанид л гэхэд ажилгүйдэл 26.6 хувь байна. Инфляци ба ажилгүйдлийн хувьд хийсэн шинжээчдийн таамаглал бүгд бодит байдлаас зөрж байгаа юм. Европын төв банкнаас “бүс нутаг аажуухнаар сэргэж байна” гэжээ.
Тэгвэл Russell Investments-ийн хөрөнгө оруулалтын стратегич Wouter Sturkenboom хэлэхдээ “төв банкны хэрэгжүүлж буй бодлого болон эерэг бизнесийн мөчлөг 2014 онд бий болох нь зах зээлийг удирдан авч явна. Төв банк тогтвортой бодлого хэрэгжүүлнэ гэж үзэж байна. Энэ нь эдийн засагт эерэг нөлөөтэй ч ашиг, орлого өсч байгааг баталсан бодит тоо бидэнд хэрэгтэй. Шулуухан хэлэхэд, өнөөгийн өсөлтийг цааш нь үргэлжлүүлэх хэмжээний эдийн засгийн таатай орчинд бид байгаа юм шиг харагдахгүй байна" гэжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!