Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/17-НД НИЙТЛЭГДСЭН

Apple компани зам дээр жолоочгүй автомашин турших эрхээ авчээ

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 4 сарын 17
IKON.MN
Зураг зураг

Автомат жолоодлоготой автомашин бүтээх өрсөлдөөнд Apple компани албан ёсоор нэгдэн оржээ. Өнгөрсөн Баасан гарагт Калифорни Мужийн Моторт Тээврийн Хэрэгслийн Департмент жолоочгүй автомашиныг нийтийн зам дээр турших зөвшөөрлийг Apple компанид олгосон байна.

Зөвшөөрлийн хүрээнд 2015 оны Lexus RX 450h загварын гурван автомашин, зургаан жолооч туршилтад оролцох эрхтэй болжээ.

Калифорни мужийн хууль ёсоор автомат жолоодлоготой автомашины жолооны ард заавал жолооч сууж, ямар нэг алдаа гарвал жолоодлогыг гартаа авахыг шаарддаг юм.

Apple компанийн хувьд эртнээс жолоочгүй автомашины технологийг сонирхон судалж байгаа нь мэдэгдэж байв. Тус компани одоогийн гол бүтээгдэхүүнүүд болох гар утас, таблет, персонал компьютерийн дараа ямар шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэхээ судалж байгаа юм.

iPhone гар утаснаас хойш Apple хувьсгал хийх бүтээгдэхүүн гаргаагүй байгаа. Зарим хүмүүс Apple-ийн инновацийн хүч талийгаач Стив Жобстой хамт дууссан гэх нь бий.

Apple-аас гадна одоогоор Калифорнид 29 компани автомат жолоодлоготой машины туршилт хийх эрхээ аваад байгаагийн дотор Форд, Женерал Моторс, BMW, Фольксваген, Тесла, Google зэрэг байгууллагууд багтаж байна.

Хэдийгээр бусдаасаа хоцорч энэ салбарт орсон ч Apple компанид $246 тэрбумын бэлэн мөнгө байгаа тул тэргүүний технологийг худалдан авч, түрүүлж гүйцэх чадал байгаа юм. Нэг хэсэг Apple-ийг $50 тэрбумын зах зээлийн үнэлгээтэй Теслаг худалдаж авч магадгүй гэсэн яриа гарч байв.

 

Эх сурвалж: Japan Today