Улсын Их Хурлын чуулганы Лхагва гарагийн нэгдсэн хуралдаан 19.30 цагаас үргэлжилж, Монгол Улсын 2017оны Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 4.6-д “...Хуулиар шийдвэрлэх хугацааг тусгайлан заасан асуудлаар нам, эвслийн бүлэг завсарлага авах бол хуралдаан даргалагч тухайн асуудлыг хуулиар тогтоосон хугацаанд шийдвэрлэхэд саад болохгүй байхаар завсарлагын хугацааг тогтооно...” гэж заасныг үндэслэн Улсын Их Хурал дахь АН-ын бүлэгт гурван цагийн завсарлага өгсний дараа ийнхүү хуралдаан үргэлжилсэн юм.
Хуулийн төслүүдийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгэсэн тухай Төсвийн байнгын хорооны санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн, тус Байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар танилцууллаа.
Тэрээр "Хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын бүх Байнгын хороод, Төсвийн зарлагын хяналтын дэд хороо, Улсын Их Хурал дахь нам, эвслийн бүлгүүд хэлэлцээд, санал дүгнэлтээ Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 25.9.2-т заасны дагуу Төсвийн байнгын хороонд ирүүлсэн байна.
Төсвийн байнгын хорооноос Ажпын хэсэг байгуулж, Улсын Их Хурлын бүх Байнгын хороод, Төсвийн зарлагын хяналтын дэд хорооноос гаргасан санал, дүгнэлтийг судлан үзэж, санал боловсруулан Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлсэн" гэлээ.
Мөн Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуулиар батлагдаагүй боловч төсвийн тодотголын төсөлд шинээр нэмэгдсэн 28.7 тэрбум төгрөгийн 2017 онд санхүүжих дүнтэй, хөрөнгө оруулалтын санхүүжилт бүрэн олгогдсон 0.7 тэрбум төгрөгийн 2017 онд санхүүжих дүнтэй нийт 7 төсөл, арга хэмжээг хөрөнгө оруулалтын жагсаалтаас хасаж, өмнөх жилүүдэд олгосон санхүүжилтийг үндэслэн 9 төсөл, арга хэмжээний 2017 онд санхүүжих дүнг 2.3 тэрбум төгрөгөөр бууруулахаар шийдвэрлэснийг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлж, дэмжсэн байна.
Улсын төсвийн зарлагын өөрчлөлттэй холбоотой саналыг тус Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлж, санал дэмжигдсэнтэй холбоотойгоор Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн орлого, зарлагад өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзсэн болохыг танилцуулгад дурдлаа.
Дараа нь Монгол Улсын 2017 оны Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн талаарх Улсын Их Хурал дахь АН бүлгийн санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн, тус бүлгийн дарга Д.Эрдэнэбат, МАН-ын бүлгийн санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн, тус бүлгийн дарга Д.Хаянхярваа нар танилцуулав.
Ажлын хэсгээс төсвийн зарлагад өөрчлөлт оруулах Монгол Улсын 2017 оны төсвийн туай хуулиар баталсан төсвийн ерөнхийлөн захирагчдын урсгал зардал 2017 оны төсвийн тодотголд нэмэгдэхээр тусгагдсаныг гадаад зээл, тусламжаар санхүүжих, шүүхийн шийдвэрийн дагуу болон валютын ханшийн зөрүүгээс нэмэгдсэн, төсвийн ерөнхийлөн захирагч хооронд, эсвэл тухайн төсвийн ерөнхийлөн захирагчийн багцад зохицуулалт хийгдсэн, өөрийн орлого, эх үүсвэртэйгээ тусгагдсан зардлуудыг нэмэгдсэн дүнгээр нь хэвээр үлдээж, улсын төсвөөс санхүүжүүлэхээр нэмэгдүүлснийг 2017 оны төсвийн тухай хуулийн баталсан түвшингээр тооцож бууруулах саналыг гишүүд 90.6 хувийн саналаар дэмжлээ.
Хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ барилга байгууламжийн жагсаалтад өөрчлөлт оруулах чиглэлээр 2017 оны төсвийн тодотголоор нэмэгдүүлсэн Эрүүл мэнд, боловсролын салбараас бусад салбарын их засварын зардлын дүнг 2017 оны төсвийн тухай хуулийн баталсан түвшинд тооцож бууруулах, төслийн хөрөнгө оруулалтын жагсаалтын Барилга, хот байгуулалтын сайдын багцын дугаар бүхий заалтуудад тусгагдсан төсөл, арга хэмжээг хасах саналуудыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжив.
Түүнчлэн зохицуулалт хийх дөрвөн саналыг Ажлын хэсгээс гаргасан байна.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын төсвийн багцын өөрийн орлогыг 20.0 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж, үүнээс тус сайдын багцын геологи, хайгуул судалгааны зардалд 3.994.8 сая төгрөг, урсгал зардалд 1.005.2 сая төгрөгийг тус тус нэмж тусгах саналыг хуралдаанд оролцсон гишүүд 88.5 хувийн саналаар дэмжсэн юм.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын багц дахь тусгай зохицуулалтын шилжүүлгээс санхүүждэг "Өнөр бүл" хүүхдийн төвийн 2017 оны батлагдсан төсвөөс 242.0 сая төгрөгийг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын төсөвт шилжүүлэхийг гишүүд 88.3 хувийн саналаар дэмжсэн.
Төслийн хөрөнгө оруулалтын жагсаалтад тусгагдсан “Сумын төвийн шинэчлэл" хөтөлбөрийг хэрэгжүүлэх, соёлын төвийн барилга (Дорноговь, Замын-Үүд сум), хэрэгжих хугацаа 2013-2017 он, төсөвт өртөг 5.844.1 сая төгрөг, 2017 онд санхүүжих дүн 756.6 сая төгрөг” гэсэн төсөл, арга хэмжээг “Сумын төвийн шинэчлэл" хөтөлбөрийг хэрэгжүүлэх, 100 ортой эмнэлэг (Дорноговь, Замын-Үүд сум), төсөвт өртөг 4.506.0 сая төгрөг, 2017 онд санхүүжих дүн 633.0 сая төгрөг” гэж өөрчлөхийг хуралдаанд оролцсон гишүүд 89.8 хувийн саналаар тус тус дэмжлээ.
Үүниий дараа Төсвийн байнгын хорооноос дэмжигдээгүй саналын томъёоллоор санал хураалт явууллаа. Төсвийн байнгын хорооны хуралдаанаар бусад Байнгын хорооны гишүүдээс гаргасан дэмжигдээгүй зарчмын зөрүүтэй 13 санал байсан юм.
Эдгээр 13 саналыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүд мөн дэмжсэнгүй.
Ийнхүү Монгол Улсын 2017 оны Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.
Үргэлжлүүлэн Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай,Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухайхуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн холбогдох бусад хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм.
Хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийн талаархи Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн танилцууллаа.
Байнгын хорооны хуралдаанаар төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийх үед Улсын Их Хурлын гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй санал тус бүрийг хэлэлцэн шийдвэрлэсэн байна.
Тухайлбал, Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй холбогдуулан өмч хувьчлалын орлогыг төсвийн орлого хэсэгт бүртгэхгүй гэсэн төслийн үзэл баримтлалыг дэмжиж байгаа хэдий ч хаана бүртгэх нь тодорхой бус байгаа тул энэ орлогыг төсвийн алдагдлыг санхүүжүүлэх эх үүсвэр талд бүртгэх нь зүйтэй гэсэн саналыг гишүүдийн олонхи дэмжсэн аж.
Мөн “Барих-Шилжүүлэх” нөхцөлтэйгээр хэрэгжих төрийн өмчийн концессийн зүйлийн жагсаалтыг Улсын Их Хурал тухайн жилийн төсвийн тухай хуулийн хавсралтаар баталдаг байх, үүнтэй холбоотой зохицуулалтыг Төсвийн тухай хуульд нэмэх нь зүйтэй гэсэн саналыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжжээ.
Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн төсөлд тусгагдсан зарим татвар нэмэх зохицуулалтыг 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлэхээр байсныг 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс гэж өөрчлөх нь зүйтэй гэсэн саналыг дэмжсэн байна.
Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн зарим татварыг нэмэхээр тусгасан заалтыг 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлэх нь зүйтэй гэсэн саналыг Төсвийн байнгын хороо дэмжсэн.
Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулж тодруулга хийх, асуулт асуух гишүүн байгаагүй тул Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийн талаархи Төсвийн байнгын хороогоор дэмжигдсэн зарчмын зөрүүтэй 5, дэмжигдээгүй 20 саналын томъёолол тус бүрээр санал хураалт явуулсан байна.
Ингээд Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд болон Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлснээр чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөлөө гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!